У.Хүрэлсүх, С.Амарсайхан нарт уучлал гуйх “эр зориг” алга уу!
У.Хүрэлсүх, С.Амарсайхан нарт уучлал гуйх “эр зориг” алга уу!
Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн ажлаа авмагцаа “туг” болгосон ажил нь Төв цэвэрлэх байгууламж байв. Энэ “туг” нь дөрвөн сайхан залуугийн халуун аминд хүрчихлээ. Мэдээж осол мөн. Гарахгүй байж болох осол. Байгалийн давагдашгүй хүчин зүйл огт биш. Ажлын хариуцлага, хөдөлмөрийн аюулгүй байдалтай яах аргагүй холбоотой. Энэ тохиолдолд энэ ажилд гол ач холбогдол өгсөн Ерөнхий сайд биш юмаа гэхэд Хотын дарга яаралтай уучлал гуйх ёстой. Хүлээлээ. Яасан их уддаг юм бэ. “Соёлт хүн төрөлхтний хамгийн яаралтай хийх ажил бол уучлал гуйх, талархал илэрхийлэх явдал” гэдэг нь наргиад хэлчихсэн үг биш юм л даа. Уг нь С.Амарсайхан баярлаж мэддэг юм байна лээ. Саяхан Сингапурын казиногоос ёндоорсон Кёкүшюзан Д.Батбаярт “Нийслэлийн иргэний үүргээ биелүүлж гал түймэр унтраахад идэвхтэй оролцсонд нь баяр хүргэж байгаа”-гаа сошиалаар мэдэгдсэн.
Бас харамсал илэрхийлж ч мэдэж байна билээ. Парисын алдарт Нотр Дамын сүм шатсанд харамсч байгаагаа илэрхийлж уйлах шахна билээ. Түүнийг цахим хуудсаар эмгэнэсний маргааш нь Төв цэвэрлэх байгууламжид ажиллаж байсан дөрвөн сайхан залуу амиа алдав. С.Амарсайхан таг чиг. Энэ уй гашуутай ослын төлөө Нийслэлийн Засаг даргын орлогч, Ажлын хэсгийн ахлагч Ж.Батбаясгалан л уучлал гуйж Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч, Ажлын хэсгийн ахлагчийн хувиар тэрбээр Улаанбаатар хотын ерөнхий менежер бөгөөд захирагчийн албаны дарга Т.Гантөмөр, УСУГ-ын дарга Ц.Төрхүү байлцлаа. Хотын ерөнхий менежер ямар хэмжээний ямба эрхтэйнхээ хэрээр үүрэг хариуцлага хүлээж чаддаггүй юм байна. УСУГ-ын дарга Ц.Төрхүү боломжийн боловсролтой залуу. Газрын албаар дагначихаад Усны газар ирээд хүнээ байчихаагүй л бол ядаж хүн чанар гаргаж ажлаа өгөх ёстой. Хариуцлагагүй байна. Ерөнхий сайдыг харахаараа нахилзаж бөхөлзөөд, хэвлэлийнхэнд томроод байдаг шигээ “Том бай л даа”.
Хамгийн гол нь насаараа гамшиг ослоор дарга сайд хийсэн, Ерөнхий сайд У.Хүрэлсүх, “Босоо хөх Монголын” нэг төлөөлөгчтэй бургас хядсан газрын наймаанд санаа зовинож , эсвэл хаа холын Нотр Дамд гашуудаж, түймэр гарахад сельфичин илгээчихээд явж байдаг хотын дарга С.Амарсайхан нар энэ осол гарахаас дөрөвхөн хоногийн өмнө Төв цэвэрлэх байгууламж дээр очсон. “Төлөвлөсөн хугацаанд нь дуусгах” л тэдний хувьд хамгийн чухал байсан. “Ажлаа эрчимжүүл” л гэж захьсан.
Ер нь бусад орны жишээнээс харахад гамшиг ослын үед Хотын дарга л ард иргэдийнхээ өмнө гарч ирж уучлал гуйж толгой бөхийдөг. Манай хотын дарга хэзээ ч амралтаараа албаны машин унаад огцорсон Токио хотын дарга Ёиши Масузое, намынхаа дэмжигчидтэй ресторанд хооллоод албаны картаар тооцоо хийгээд огцорсон Ром хотын захирагч Игназио Марино шиг хариуцлага хүлээх хүн биш. Харин дөрвөн хүн халуун амины өмнө ажлаа өгдөггүй юм аа гэхэд өөрийн биеэр уучлал гуйх улс төрийн эр зоригтой байх ёстой. Түүнд алга. Тэр ам ангайвал ажлын хариуцлага, сахилга бат алдвал хална, хөөнө гэдэг. Энэ нь зүгээр анекдот эсвэл мэгзэм бололтой.
Ерөнхий сайд У.Хүрэлсүх 2017 оны аравдугаар сарын 24-нд Төв цэвэрлэх байгууламжийн ажилтай танилцсан. Хариуцлагыг Барилга, хот байгуулалтын сайд Х.Баделханы хар толгойд үүрүүлнэ гэсэн. Би тэгэхэд сайдын хэвлэлийн төлөөлөгчөөр дагаж явсан. Ерөнхий сайд амны хаалт зүүсэн ч лагны үнэрт байж ядаж байсан. “Ийм үнэр гэрээс чинь үнэртвэл яах вэ” гэж сайдаас, албаны хүмүүсээс асууж байсан. Бид амны хаалтгүйгээр ч лагийн үнэрт тэсч байсан. Ажилчид тэсдэг байхгүй юу. Амиа алдсан дөрвөн залуу тэр дунд цаг үргэлж ажиллаж амьдралаа авч явсан гээд бод доо. Монголчуудын төлөө, нийслэлчүүдийн төлөө амиа алдсан тэр залууст ялгадсаа гаргадаг, ус уудаг монгол хүн бүр эмгэнэн гашуудаж ар гэрийнхэнд нь хүндэтгэл үзүүлж хандив өргөсөн ч болохгүй юмгүй. Ерөнхий сайд тэр өдөр Төв цэвэрлэх байгууламж дээр ажиллахдаа “Ажилд хайхрамжгүй хандсан албан тушаалтан хүмүүст хариуцлага тооцно” гэдгээ хатуу анхааруулсан. Одоо хамгийн эхлээд Хотын дарга С.Амарсайханд, Хотын Ерөнхий менежер Т.Гантөмөртэй, УСУГ-ын дарга Ц.Төрхүүтэй хариуцлага тооцохыг хармаар байна. Амиа алдсан дөрвөн залуугийн оронд ажлын хариуцлага, ёс зүйн хариуцлага хүлээх нь жаргалтай шийтгэл шүү. Уг нь Ерөнхий сайд ч гэсэн өөрөө хар толгойгоороо л хариуцаж байсан хүний нэг. Түүнийг ард иргэдээсээ, талийгаачийн ар гэрийнхнээс уучлал гуйх болов уу гэж хүлээж л байна. Улс төрийн эр зориг эндээс эхэлдэг. Ес зүй, хариуцлага, сахилга бат лоозон биш гэдгийг хармаар л байна. Ямбыг нь эдэлж чадсан шигээ ялыг өөртөө авч сур! Улс төрийн эр зориг хямд биш шүү!