Ухаа худаг. Одоогоос 13 жилийн өмнө. Тухайн үеийн Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Ухаа худагийн бүтээн байгуулалттай танилцаж, урмын үгээр шагнаж ухаангүй магтчихаад явж билээ. Гоё л доо, тийм хэмжээний төсөлтэй танилцах. Огшилгүй яахав. Лав санаж байгаагаар “Ардчилсан нийгмийн үр шим, бизнесийн эрх чөлөө, нээлттэй боломжоо ашиглаад ийм их зүйл хийж чадсанд баярлаж байна” гэсэн юм. Хожим нь бодоход нээрээ “ашигласан” юм билээ. Буруутгаж ухаж байгаа хэрэг биш. Ямар боломжийг ашиглав гэдгийг 13 жилийн дараа ухахад сонин байна. Тухайн үе бол 2012 оны сонгуулийн жил байв. Дээрх “Ухаа худаг дахь Ерөнхийлөгчийн айлчлал”-аас дөрвөн сар гаруйн дараа УИХ-ын сонгуулийн дүн гарлаа.

Тэр сонгуулиар АН-31, МАН-25, Шударга ёс эвсэл-11, ИЗНН-2, бие даагч-3 суудал авч, Монгол Улсын Ерөнхий сайдын тамга Сү.Батболдоос Н.Алтанхуягт шилжсэн. Н.Алтанхуяг 2014 оны 11 дүгээр сарын 5-нд огцорсон ч дараагийн Ерөнхий сайд Ч.Сайханбилэгт 2014 оны 11 дүгээр сарын 21-нд очсон юм. Тавантолгой ордыг хувьчлах оролдого, түүнийг гацаах улс төр яг энэ хооронд өрнөсөн. 2019 онд “Эрдэнэс Тавантолгой” компаниас 1072 хувьцааны ногдол ашиг гэж 87 мянган төгрөг авцгаав. Түүнээс гурван жилийн дараа 104 мянган төгрөг авцгаав. Дараа нь..? Мэдээж үргэлжилсэн. Гэхдээ! Баялгийн хувь гэдэг чинь ердөө л энэ үү? Яагаад бид Тавантолгой ордын 96 хувийг эзэмшээд, 87, 104, 300 мянган төгрөг аваад баярлах ёстой юм бэ? Яагаад тэд тус ордын 4-хөн хувийг эзэмшчихээд олигарх болчихов. Ямар учраас “үлдэгдэл” 4-хөн хувийн зөвхөн нэг ордынх нь өчүүхэн хэсэг буюу 2-хон хувийн хувьцааг арилжсан чинь 84 сая ам.доллар олчихов. Тэгвэл Ухаа худагийн хувьцааны үлдсэн 98 хувь нь хэдэн ам.доллар вэ, цаашдаа хэрхэн өсөх вэ? Гэхчлэн бодно шүү дээ, гурван сая хүн чинь.


Гэтэл яагаад үе үеийн Ерөнхийлөгч, Ерөнхий сайд нараас хэн нь ч Ухаа худагийг яагаад төр авч болохгүй гэж хэмээн бодож, дуугарч байсангүй вэ? Хашааных нь гаднаас шагайгаад, шагайн чинээ шар тос горьдоод байв уу? Эзэн нь юмаа мэддэг юм. “Ер нь наад Ухаа худаг чинь яагаад үүрд та нарынх гэж” гээд дуугарсан Ерөнхийлөгч, Ерөнхий сайд байхгүй шүү дээ. Гэтэл Л.Оюун-Эрдэнэ юу болов? Яагаад “Бид баялаг бүтээгчид!”, “Баялаг бүтээгчдийн эд хөрөнгийг хэн ч өнгийж үл болно” гэсэн хэвшмэл ойлголтыг эвдээд Д.Трамп шиг “галзуурах” болов? Мэдээж буруу гэх байх л даа. Гэхдээ яагаад “Баялаг бүтээгч” гэх багийг хуулж болохгүй гэж? Энэ багны цаана юу ч байгаа юм билээ? Ингээд өнгийгөөд харахаар “Мэдээлэлд ойр байснаараа баялагт хүрсэн арга зам”, Төрийн эрхийг сонгуулийн хандивын аргаар авсан байж болзошгүй” дүр зурагууд дээр дурдсан цаг хугацаанд төрөөс гарсан шийдвэрүүдээс харагдаж байх юм.

Тэд бол баялаг бүтээгчид биш “Баялаг ашиглагчид”. Хоорондоо маш том ялгаатай. Уул уурхайн салбарынхан бол баялаг бүтээгчид биш. Оллоо, ухлаа, ачлаа, зарлаа. Хуулийн дагуу татвараа төлсөн нь нийтийн өмчөөс тэдний олсон ашгийн өчүүхэн хэсэг. Байгаагүй зүйлийг бий болгож бүтээсэн баялаг бүтээгчдээс өөр. Магадгүй тэд хохирогчийн дүрийг уяртал илэрхийлэн Ухаа худагийг төрд өгч ч магад. Гэхдээ Ухаа худагийн үлдсэн нөөц нь ухаад ашиглачихсанаасаа хавьгүй бага байх болов уу, ямартай ч төрд өгөхөд тийм ч гомдолтой үлдэхээргүй нөөц тэнд бий гэж мэргэжлийн хүмүүс хэлж байна. Тэгэхээр баялаг ашиглачихсан.
Энэхүү “ялагдал” хүртэл тэдэнд ашигтай. Яагаад гэвэл Ухаа худагийг төрд өгсөнөөрөө мөн л түлш үйлдвэрлэхэд түүхий эд өгсөн шигээ “байгаль орчны” гэх татвар хураамжуудаас
чөлөөлөгдөнө. Магадгүй уг түлшээс холбоотой эрүүл мэндэд хохирол учруулсан асуудал үүсэхэд тэр хэрэг явдал мөн тэдэнд хамаарахгүй болж хариуцлага хүлээхгүй байх магадлалтай. Өөрөөр хэлбэл, баялаг ашиглагчдад бүх талаар ашигтай зүйл болоод өнгөрдөг. Төрд шургалсан “тэдний” он жилүүдийн хохирол энэ. Үүнийг Л.Оюун-Эрдэнэ цэглэж цэгцэлсэн юм.

Үндсэн хуулийн 6-р зүйлд Баялгийн санд төвлөрүүл гэсэн, Үндсэн хуулийн заалтаар “маргаж” эсвэл “тохиролцож” болдоггүй юм

Харин одоо Баялгийн сангаа ярьцгаая. Үндсэн хуулийн 6 дугаар зүйл бол “зүйр цэцэн үг” биш ээ. Газар, түүний хэвлийн баялаг гагцхүү ард түмний мэдэл, төрийн хамгаалалтад байна. Иргэдэд өмчлүүлснээс бусад газар, түүний баялаг төрийн нийтийн өмч. Байгалийн баялгаа ашиглах төрийн бодлогод иргэн бүрд газрын хэвлийн баялгийн үр өгөөжийнг Үндэсний баялгийн санд төвлөрүүлж, тэгш, шударга хүртээхэд чиглэнэ. Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордыг ашиглахдаа байгалийн баялаг ард түмний мэдэлд байх зарчим нийцүүлж, дийлэнх нь ард түмэнд ногдож байх эрх зүйн үндсэн хуулиар тогтооно. Эдгээр үгс Үндсэн хуулийн заалт болохоос Л.Оюун-Эрдэнийн бодол биш байхгүй юу даа, Ард түмээн!

Үндсэн хуулийг яах ёстой вэ? Түүний заалтаар “маргаж, тэмцэж, тохиролцож” болдоггүй юм. Тэгэхээр Үндсэн хуулийн 6 дугаар заалтыг биелүүлэх гэж Үндэсний баялгийн сандаа хөрөнгө авах тухай яриа үүсчихээд маргаад байгаа юм. Анх удаа Үндсэн хуулийн энэ заалт шууд утгаараа зөв хэрэгжих гээд байгаа, үүнийг хэрэгжүүлэх гэсэн хүн нь Л.Оюун-Эрдэнэ байтал түүнийг муулаад байх шаардлага байна уу. Эсвэл Үндсэн хуулиа эдгээр заалтын эсрэгээр нь засчих л даа. Тэгээд хэрэгжүүлцгээе.

Баялаг гэдэг дээрээ маргаж байна. Газар, өмч хувьчлал дээр мөн өөр өөрийнхөөрөө тайлбарлаж байна. Тэгвэл газрын эзэн гэж хэн бэ? Манайх Англи зэрэг орон шиг нэг нь газар өмчлөөд, хэдэн үе залгамжилж өмчлөөд байсан улс мөн үү? Аль эсвэл тусгай зөвшөөрөл эзэмшээд, түүнийхээ дагуу хайгуул, олборлолт, экспорт хийж түүнээсээ татварууд төлөх байдлаар эзэмшдгээ газрын эзэн, баялгийн эзэн гэж ойлгоод байна уу гэдгээ эргээд харах хэрэгтэй бололтой.
Энэ талаас нь харахаар хэн газрын эзэн бэ? Хэний өмч вэ? Тэд тусгай зөвшөөрлүүдийг  ямар замаар олж авав? Өмч хувьчлал хэрхэн явагдав? Энэ бүхэн хэрхэн “зохион байгуулалттай” өрнөж байсан нь тодорхой харагдана. Энэ багийг л Л.Оюун-Эрдэнэ хуулсан юм. Д.Трампыг дуурайсан гэх гээгүй шүү, түүнийг сонгогдоогүй үед л эхэлсэн, одоо тохиолдлоор зуузай холбож яваа нь сонирхолтой харагдаж буйг нуух юун. Магадгүй үүний дүнд “ариун дагшин”, “халдаж болшгүй дархан цаазат мэт” баялаг бүтээгчдийн маань баг хууларч унаад буйг яалтай билээ.

Дахиад сануулъя, “Энержи ресурс” компани Тавантолгойн орд газрыг эзэмшиж байхдаа лицензийн төлбөрт төлж байсан мөнгө нь 851,8 мянган ам.долларт хүрч, тэр өрөндөө 400 гаруй сая тоннын нөөцтэй Ухаа худагийн ордыг  авчихсан. УИХ-аас 2007 онд 27 дугаар тогтоолоор баталсан стратегийн ордуудын жагсаалтад “Энержи ресурс”, “Ухаа худаг” орсон. Энэ тогтоолын 4-р заалтад “Оюутолгой, Тавантолгой зэрэг стратегийн орд газруудад төрийн эзэмших хувь хэмжээг эхний ээлжинд тогтоохыг Засгийн газарт үүрэг болгосон. Гэтэл өнөөдрийг хүртэл “Ухаа худаг”-ийн 50 хувийг төрийн мэдэлд аваагүй 18 жилийн нүүр үзэж байна. Хангалттай хэрэглүүллээ. Энэ талаар удахгүй хэлэлцээрийн ширээний ард найрсгаар суух хангалттай ухамсар дээрх “хүчирхэг” группт бий гэж найдаж байна.  
Өнөөдөр Засгийн газраас ипотекийн зээлийн санхүүжилтэд зориулж өнгөрсөн онд 1.3 их наяд төгрөгийн санхүүжилт гаргаснаа үргэлжлүүлэн өнөө жил мөн ийм хэмжээний санхүүжилт олгохоор төлөвлөжээ. Үүнд, хуримтлалын сангаас 500 тэрбум төгрөг, Төв банк болон арилжааны банкуудаас 800 орчим тэрбум төгрөгийн ипотекийн зээл гаргахаар болсон аж. Үүгээрээ хэдүүлээ утаагүй болчихъё, ядуурлаа багасгая.

“Алтан өргөө” кинон дээрх Мэргэн ардын авдар шиг Иргэдийн өв сан гэдэг дансны хуулгыг энэ Засгийн газар анх удаа 100 хувь мөнгөжүүлж өнөөдрийн үлдэгдэл нь 4,025.1 тэрбум төгрөг, америк доллараар 1164.9 сая доллар болсон байна. Анх 1.3 их наядын дансны хуулга л хүлээж авч байсан. Яагаад үүнд баярлахгүй гэж? Энэхүү 4 их наяд төгрөгийг бусад төсөв рүү татаж авах боломжгүй. Одоогийн байдлаар Баялгийн сангаас ингэж тэгж зарцуулна гэсэн заалт энэ оны төлөвлөлтөд байхгүй.

Монгол Улсын хөгжлийн модель нь наанадаж 50 жил уул уурхайгаа түшиглэхээр төлөвлөгдсөн. Гэтэл бид Засгийн газар нь тавхан компанитай “хэрэлдэж” улстөржөөд бүх иргэнээ орон сууцжуулж чадахгүй байгаагаас утаа, түүнээс үүдэлтэй өвчлөл, ядуурал, эрүүл мэнд, боловсролын үйлчилгээний чанар, төлбөрийг ярьсаар 30 жил боллоо. Цаашид дээрх таван компани хэд болж нэмэгдэх вэ, Баялгийн сан дахь иргэний миний данс ирэх дөрвөн жилд хэр өсөх вэ? Ингэж уул уурхайн хөгжил бүхэн иргэн бүрт шууд хамааралтай болно. Ирэх сонгуулиар сонгогчид нэр дэвшигчдээс дээрх проблемуудыг яаж шийдэхийг бус “Та сонгогдвол Баялгийн сангаар дамжуулж надад хэдийг өгөх юм бэ” л гэж асуудаг болно. Эдийн засаг өсөх үү, цалин, тэтгэврийг яаж нэмэх юм бэ гэхчлэн асуух шаардлагагүй. Бид ийм асуултдаа үнэн зөв хариулт авч, биелэлтийг нь үзэж байсан удаагүй. Иргэд, сонгогчдод үүнээс өөр юу чухал байх вэ. Гэхдээ Баялгийн сангаас олгож байгаа хувийг зөвхөн эрүүл мэнд, ипотект л зарцуулж болно. Хүсвэл хөрөнгийн бирж дээр хувьцаанд хөрөнгө оруулж болно. Хэрэв ирээдүйд хэрэглэхээр хуримтлал болгож байгаа бол бүх орлого чинь татваргүй. Ийм л зураглалтай.

Иргэн бүрийн данс руу хийчихвэл дундаас нь хэн ч хулгайлж чадахгүй гэж сэтгэсэн Л.Оюун-Эрдэнийн буруу юу

Бид энэ ажлын дөнгөж гараан дээр эхэлж байна. Гэхдээ л эхэлсэн нь чухал. Яагаад ийм зураглалаар эхлэх болов? Бусад улс оронд ийм сангууд яаж ажилладаг юм бэ. Манай онцлог юу байв гэдэг тун сонин.
Яагаад гэвэл гол санааг нь мөн л Л.Оюун-Эрдэнэтэй холбоотой. Юу гэвэл хуулийг нь батлуулаад санг байгуулж иргэдийн данстай холбочихлоо. Бид жишээ нь 2030 он хүртэл гар хүрэхгүй гэдэг байсан Ирээдүйн өв сангийн мөнгийг ковидын үед гөвүүлчихлээ шүү дээ. Одоо Баялгийн санг хэн, яаж “дээрэмдэх” юм бэ? “Алив буцаагаад цуглуулж байгаад өөр зүйлд зарцуулах гэсэн юм” гээд данс эзэмшигч иргэн нэг бүрээс буцаагаад өгчих гэж гуйх уу? Ийм боломжгүй замыг сонгож чадсан. Яг ингэж баялгийг, улсын төсвөөр дамжуулахгүйгээр иргэдийнхээ дансанд шууд хийдэг сан бол Монголд л байнаөв,  Бид Бусад улсын баялгийн сангийн мөнгө шууд иргэддээ очдоггүй. Жишээ нь Норвегийн баялгийн сан гэхэд л сандаа хуримтлуулж байгаад төсвийн хэрэгцээнд зарцуулдаг. Заримдаа Засгийн газартаа зээлүүлнэ, ихэвчлэн буцалтгүй тусламж маягаар төсөвтөө оруулчихдаг. Сингапурын хөгжлийн сангийн менежмент нь Засгийн газрын аливаа эрсдлийг хаахад зориулагддаг. Гэхдээ Засгийн газар гэдэг нь төсвийн зардал талдаа нийгмийн маш олон арга хэмжээг санхүүжүүлдэг. Тэгэхээр шууд бусаар төсвөөр дамжуулж нийгмийн асуудлыг шийдвэрлэдэг байх нь. Манайд бол иргэн бүр нэрийн дансандаа хүлээн авч, хэн хэрхэн нэмэгдэхийг нь хянаж байна. Одоо бүгдээрээ хуульд өөрчлөлт оруулдаг хүмүүсийг, УИХ-ыг анхааралтай хянана. УИХ-ын 126 гишүүн төсвөө батлахдаа хэдэн хувь нь төсөв рүү орох хувь хэмжээн дээр “кнопдож” тоншоод байх магадлалтай шүү.  

Ингэж урт хугацааны уул уурхайн салбарын хөгжил иргэдийн данс хоёроо шууд уях ёстой гэдэг байр суурь дээр хатуу зогсож чадсанд нь бол Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд талархах учиртай. Ийм байлгахын тулд өөрийнх нь шоолуулж буйгаар “амаргүй зам”-ыг туулж, “минажуулсан талбайгаар туучиж яваа мэт төсөөлөхийн аргагүй дарамтыг үзэж яваа юм.

Тэрбээр, өнөөдөр Ухаа худагийг “зувчуулсан” тухай яагаад яриад байгаа нь баялгийн хувийг Үндсэн хуульд зааснаар хүртэе, лиценз эзэмшигчид хэр хэмжээгээ хэтрүүлсэн байна л гэсэн юм. Үүнийг “MCS”-тэй дайтаад байгаа мэтээр дөвийлгөж иргэдийн, бизнес эрхлэгчдийн дургүйг хүргэх нь яг тэдэн шиг аргаар орд эзэмшсэн, лицензит талбай олж авсан, түүнээсээ 34 хувийг өгөх дургүй байгаа хүмүүсийн сүүлчийн арга ядсан л оролдлого юм. Түүнээс биш Л.Оюун-Эрдэнийг бус Үндсэн хуулийн 6 дугаар заалтаа мөрдөөд л ажиллаж амьдрахад өөр хоорондоо тэмцэлдээд байх ямар ч шалтгаан алга. Баялгийн хувь, Баялгийн сангийн талаар цаашид зөв ойлголттойгоор уул уурхайн хөгжлийн шинэ цаг тооллыг эхлүүлцгээе. Хэдхэн жилийн дараа эргээд харахад жаахан л будилсан харагдах болохоос, гарцаагүй хийх л байсан зүйлийг л энэ Ерөнхий сайд хийж байсныг ойлгох болно. Ямартай ч хүрд эргэсэн. Зөв эргэж буй хүрдийг зогсоох аргагүй билээ. Эцэст нь Ухаа худагаар дамжуулж улстөржсөн уурхайн баялгийг ч, багийг ч хуулсанд баярлалаа.

                                                                                                                                                       /2025-02-24/