Олон сайд нэг салбарыг “уралдаж” удирдахын зовлонг УБТЗ-ын Төв эмнэлгийн хамт олон үзэж байна. Дал гаруй жилийн түүхтэй УБТЗ-ын Төв эмнэлэгийг 2024 оны 10 дугаар сард даргын үүрэг гүйцэтгэгчээр томилогдон ирсэн Б.Доржмягмар гэх IT мэргэжилтэй ЭМХТөвд мэдээлэл технологийн албанд ажиллаж байсан эмч бус, мэргэжлийн бус хүн удирдаж ажилласаар дөрвөн сарын нүүр үзэхдээ хангалттай бужигнуулж, уруудуулж доройтуулаад зогсохгүй хамт олныг хагалан бутаргаж амжлаа. Дэндүү харамсалтай. Байгууллага дотор байдаг л асуудал гэж үзэж болохгүй онцлог шалтгаан энэ том эмнэлэгт байлгүй яах вэ. Чадварлаг сайн эмч нараасаа чадал муутайдаа ичиж шахаж хавчсаар халахыг нь халж, тэтгэвэрт нь үдэхийг үдэж ялан дийлсээр байсан Б.Доржмягмар эцэстээ үнэнд ялагдаж, мэргэжилдээ хайртай эмч, ажилчдынхаа эсэргүүцлийн гарын үсэгтэй бичигт дарагдаж суух болжээ. 

УБТЗ ХНН наад зах нь 16 мянган ажилтантай. Сүхбаатар өртөөнөөс Замын-Үүд өртөө хүртэл төмөр зам дагуух өртөө, салбар зам, зангилааны үйлдвэр аж ахуйн байгууллагууд, тэдгээрийн харьяа нэгжүүд гээд нийт үйлчлэх хүрээ нь 26.5 мянган хүнд эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлдэг улсын хэмжээний нэгдсэн эмнэлгийн тусламж үйлчилгээний тусгай зөвшөөрөлтэй. Гэтэл бүтэн дөрвөн сарын турш мэргэжлийн бус, хувийн зан араншин нь эмнэлгийн хамт олныг удирдаж ажиллуулахад тохиромжгүй хүнээр үүрэг гүйцэтгэгч цол зүүж “тоглуулсны” үр дүнд өнөөдөр ямар байдалд хүрсэн гээч?

Магадлан итгэмжлэлд орсон шалгууруудаас нь доошлуулж доройтуулан, эрчимт эмчилгээ, гемодиализ гэх мэт чухал тасгуудаа хааж ЭМДЕГ-тай хийсэн гэрээгээ цуцалж болзошгүй нөхцөл байдалд хүрээд байна. Энэхүү нөхөр Б.Доржмягмарыг томилсон сайд нь тус эмнэлгийн эмч, ажилчдынхаа эсэргүүцлийг анхаарч, мэргэжлийн бус даргыгаа эргүүлэн татахгүй бол УБТЗ-ын Төв эмнэлгийн үйлчилгээний хамаарах хүрээний 26 мянган үйлчлүүлэгчдийн амь нас, эрүүл мэндийн өмнө хариуцлагаа хүлээнэ шүү!

УБТЗ-ын Үйлдвэрчний эвлэл бол тулгамдсан асуудлыг нөлөөлөхүйц хөндөж, шийдвэрлүүлж чаддаг, ажилтан ажилчдынхаа эрх ашгийг хамгаалах талаар үлгэр жишээ  нэгдэл байж чаддаг. Гэтэл тус Үйлдвэрчний эвлэлийн удаа дараагийн, 200 гаруй хүний гарын үсэгтэй эсэргүүцсэн бичгийг яагаад энэ эмнэлгийн даргын үүрэг гүйцэтгэгч хүлээж авч шийдвэрлэдэггүй юм бэ? Яагаад эмч, эмнэлгийн ажилтнуудын сэтгэл зүйд нөлөөлж, хов жив хөөцөлдөх зав гаргаад томилгооны асуудлаар улстөржөөд, хувийн байдал, өмч хөрөнгөөр нь ялгаварлан бүртгэж, эмнэлгийн ажилтнуудыг талцуулаад сууж байдаг юм бэ?  

Түүний дарамтад орсон чадварлаг эмч, ажилтнууд эхнээсээ ажлаа өгөхөөс аргагүйд хүрч нулимстай өргөдөл бичээд эмнэлгээ орхиод явж байна. Үүний үр дүнд хэн хохирох вэ?  Яагаад хариуцсан ажлаа нэр төртэй гүйцэтгэсээр өнөөдрийг хүрсэн төмөр замын салбарынхны, тус эмнэлгээр үйлчлүүлэгчдийн төлөөлөл болсон хүмүүс хэвлэл мэдээллийн хэрэгсэл руу гомдол барин ирэх болов? Тэр эмч, эмнэлгийн ажилтнуудаар Төмөр замын төв эмнэлэг, түүний үйлчлүүлэгчид дутах учраас олон нийтэд мэдээлж өгөөч, салбар хариуцсан сайд дарга нарын сонорт хүргэж өгөөч гэж хүсэлт ирүүлж байна.

Эмнэлгийн даргын үүрэг гүйцэтгэгч Б.Доржмягмар та эмч биш бол тэр IT-ийнхаа мэргэжлийн ажлыг хийх хэрэгтэй. Тэр мэргэжлээ далимдуулж эмч, ажилчдын дунд нууцаар дуу, дүрс бичлэг хийлгүүлж, гүйцэтгэх ажлын эрхгүй байж мөрдөх ажил хийх, ажилтнуудын ар гэр рүү утасдаж дарамтлах, ажлаа өгөхийг тулган шаардахдаа доромжилж гүтгэх, мэргэжлийн алдар хүндэд халдах гэхчлэн хууль бус ажиллагаа хийхээ зогсоо. Эдгээр хууль бус ажиллагаа тань хэрээс хэтэрсэн учраас хуулийн байгууллагад хандаж эхлээд байгаа эхний албан бичгүүд танд хүрсэн байх учиртай. Яагаад гэвэл танай хамт олон байгууллага дотроо алдааг тань залруулж болох бүх хэлбэрээр хичээгээд үл тоосон байдлыг тэвчихээ болиод олон нийтийн сонорт ийнхүү хүргэж байна. 

Энэ чинь хуультай улс. Эмнэлгийн салбарт “хаан” байдаггүй юм. Тэр тусмаа мэргэжлийн бус “хаан”-ыг дураар нь дургиулах цаг хугацаа, боломж нөхцөл огт байхгүй. Хамгийн тэвчих аргагүй нь эмнэлгийн амин чухал хэсэг болох эрчимт эмчилгээний тасгийг дур мэдэн хаачихсан байх юм!

Яахаараа 26 мянган хүний амь нас, эрүүл мэндийг сахин хамгаалдаг Төв эмнэлгийн Эрчимт эмчилгээний тасгийг дур мэдэн хаачихдаг юм бэ? Та ямар хувиараа ажиллуулдаг найман нэрийн барааны дэлгүүрийнхээ нэг тасгийг хааж байгаа биш дээ. Бас яагаад Гемодиализын тасгаа хаачихаад, тэр байранд нь өөрийнхөө ашиг сонирхол нэгт хүмүүстээ түрээслүүлэх болов? Хангалттай баримт цугларлаа. 70 гаруй жилийн түүхтэй УБТЗ-ын Төв эмнэлэг сарын 100 мянган төгрөгөөр булан тохойгоо түрээслүүлэхгүй бол “турж үхэх гээд” байна уу? Гемодиализын тасгаас илүү үнэтэй ямар хүмүүс тэр байрыг түрээсээр эзэмшээд байна вэ?

Энд хэд хэдэн хуулийн зөрчил харагдаж байгаа биз? Зөвхөн эрүүгийн хууль зөрчсөн асуудлуудыг дээр дурдлаа. Зөрчлийн хэрэг, ёс зүйн зөрчил, ёс суртахууны доголдол гэвэл бүр ч олон асуудал байна. Жишээ нь, УБТЗ ХНН-ийн Замын даргын тушаалаар олгогддог 13 дахь сарын цалинг өөрийн үзэмжээрээ зарим эмчээс хасаж, гомдол гаргахад нь хэл амаар доромжилж, өөдөөс нь эд зүйл шидэж, биед нь халдах оролдлого хийсэн байна. 

Энэ үүрэг гүйцэтгэгчдээ яаралтай арга хэмжээ авахгүй бол нэг өдөр Төмөр замын Төв эмнэлгийг тараачихаад “Би мэдэж байна” гээд сууж мэдэх нь гэдгийг УБТЗ ХНН-ийн удирдлагууд, Зам, тээврийн салбарын удирдлагуудад уламжилж олон нийтийн сонорт хүргэж байна.