Төсвийг тодотгох хууль ёсны шалтгаан олдохгүй байгааг улстөржилт гэх үү
Экспортыг эрчимжүүлэх Ажлын хэсгийн эхний үр дүн гарч гадаад валютын нөөц 5 тэрбум ам.долларт хүрэх нь
Монгол Улсын эдийн засаг, төсөв, санхүү хэр хүндэрсэн бэ? Яг бодитой баримтуудыг улстөржсөн, утаатай мэдээллээс хэрхэн ялгаж хэрэглэх вэ гэдгийг улстөрчид байтугай иргэд, хувийн хэвшлийнхэн ч ойлгоход бэрх болоод байна. Эдийн засагчид хүртэл толгой сэгсрэн гаслаад эхлэхээр үнэхээр нөхцөл байдал хүндэрчээ гэж үзээд эрсдлийг нөөцөөр даван туулах гажуудал үүсэх гээд байдаг талтай. Хэт гоёчилж, улстөрчдийн томъёоллоор “ягаан нүдний шилээр” харах гэвэл нэг л өдөр дефольт зарлахад хүрэх нь ч бий. Тиймээс статистик тоо баримтдаа тулгуурлахаас өөр аргагүй.
Юуны өмнө төсвийн тодотгол хийх үү гэдэг асуулт гарч ирсэн. Хуулиар нэрлэсэн таван тохиолдолд төсвийн тодотгол хийдэг, үүнээс зөвхөн төсвийн орлоготой холбоотой талаас нь харвал Төсвийн тухай хуулийн 34.1.3-т түүхий эдийн үнийн индексээс үүдсэн, орлоготой холбоотой алдагдал нь ДНБ-ий гурван хувиас давбал төсөвт тодотгол хийхээр заасан. Хуулийн энэ хязгаарыг давсан нөхцөл үүссэн үү гэдгийг харахад оны эхний нэг, хоёрдугаар сарын орлогын гүйцэтгэл 95 хувьтай, гуравдугаар сарынх үүнээс өндөр гарахаар байна. Тэгэхээр орлого дутсан гэх шалтгаанаар төсвийг тодотгох шаардлага одоогоор үүсээгүй гэж Сангийн яамныхны хэлээд байгааг үгүйсгэх аргагүй юм.
Тэгвэл дээрх ДНБ-ий гурван хувь гэдэг ямар учиртай тоо вэ? Одоогоор манай улсын ДНБ-ий хэмжээ 95 их наяд төгрөгт хүрээд байна. Үүний гурван хувь гэдэг нь гурван их наяд төгрөг болно. Төсвийн орлого бүрдүүлэхэд түүхий эдийн экспортын хэмжээ чухал. Гэтэл түүхий эдийн экспортын орлого дотроо хамгийн өндөр нөлөөлөл үзүүлдэг нь нүүрсний экспортын хэмжээ. Хэрэв нүүрсний өнөөдрийн ханшаар буюу дунджаар 70 ам.доллароор тооцоод бүтэн жил явна гэж тооцоход хамгийн өндрөөр хэмжээгээр бодоход 1.8 их наяд төгрөгийн орлого дутахаар байна. Тэгвэл оны эцэст гурван их наядын алдагдалд хүрэхгүйгээр нөхцөл байдал сайжрах горьдлого ч, боломж ч бий. Тиймээс орлогын дутагдал гурван их наяд төгрөгт хүрвэл гэдэг шалтгаанаар төсөвт тодотгол хийхгүй гэж үзэж байгаа юм байна.
Хэдийгээр нүүрсний үнэ цаашид унаж болох ч өнгөрсөн зургаан сарын хугацаанд унасан шиг хэмжээгээр унахгүй. Гол эрсдэл нь, одоогийн уналтын хугацаа хэр удаан үргэлжлэх вэ гэдэгт байгаа юм. Шинжээчдийн үзэж байгаагаар, хоёрдугаар улиралд нүүрсний ханш тогтворжино, улмаар өсөх хандлага ч ажиглагдаж байна.
Эрсдлээс сэргийлэх гол арга зам бол нөөц. Сайн мэдээ дуулгахад энэ долоо хоногийн Засгийн газрын хуралдааны үеэр дээрх нөөцийг таван тэрбум ам.доллар болж нэмэгдсэн гэж зарлах нөхцөл бололцоо бүрдсэн гэдгийг эх сурвалж баталж байна. Монгол Улсын гадаад валютын нөөц түүхэндээ хоёр дахь удаагаа таван тэрбум ам.доллар болж байгаа нь энэ. Энэ бол Экспортыг эрчимжүүлж, валютын нөөцийг нэмэгдүүлэх ажлын хэсгийн эхний том үр дүн гэж хэлж болно.
Өнгөрсөн долоо хоногт тус ажлын хэсэг зургаа хоногийн дотор нийт экспортын хэмжээ есөн хувиар өсөж 268 сая ам.долларт хүрснийг мэдэгдсэн. Өсөлтийн шалтгаан нь нүүрс, зэсийн баяжмал, төмрийн хүдрийн экспорт л юм. Тиймээс ч Засгийн газраас дээрх экспортыг хариуцаж буй “Эрдэнэт”, “Дарханы төмөрлөгийн үйлдвэр”, “Эрдэнэс Тавантолгой”, “Критикал минералс” компаниуд нийлээд 500 сая ам.долларын экспорт хийхээр төлөвлөсөн байсныг нэг тэрбум ам.доллар болгон нэмэгдүүлэх “шахалт” үзүүлж бүтэн жилийн турш ийм боломжийг эрэлхийлж дайчилж ажиллахыг шаардсан. Харин экспортын ачаа хил дээр гацаад овоолго үүсээд байгаа саадыг арилгах нь дотоодоос үл шалтгаалах хүндрэл мөн. Үүнийг уг ажлын хэсгийнхэн болох Сангийн сайд Б.Жавхлан, Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайхан, Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Туваан, Засгийн газрын гишүүн, Боомтын үндэсний хорооны дарга Б.Тулга сайд нар үүнд голлон ажиллаж экспортыг нэмэгдүүлэх, тээвэрлэлт, нэвтрэн өнгөрөх урсгалыг нэмэгдүүлэх, боомтын талбайд үүссэн нүүрсний нөөцийг хэрхэх талаар яаралтай шийдвэрүүдийг гаргаж эхлээд байна.
Өнөөдрийн байдлаар Шивээхүрэн, Гашуунсухайт, Булган, Хангийн боомтод нийт 9.5 сая тонн нүүрсний овоолго үүсчихээд байна. Үүнийг хөдөлгөхөөс нааш бирж дээр арилжаа үргэлжлэх боломжгүй боллоо. Овоолго үүссэн шалтгаан нь юу байв? Өнгөрсөн оны сүүлийн хагас жилд болон энэ оны эхээр, хил хүртэл хүргэж өгөх үүрэг хүлээсэн 50-иад гэрээ бий. Үүнээс хойш буюу өнгөрсөн намраас хойш нүүрсний үнэ 40-өөд хувиар буурсан учраас худалдан авагч тал татан авалт хийхгүй байгаа юм билээ. Түүнээс биш, Хятадад эрэлт буурснаас шалтгаалсан үнийн уналт биш юм гэж Сангийн сайд тайлбарлаж буй.
Тэрбээр мөн л “БНХАУ бараг дөрвөн тэрбум тонн нүүрсний хэрэгцээтэй. Бид энэ жил 100 сая тонн ч хүрэхгүй хэмжээний нүүрс экспортолно. Хятадын талын эрэлт буурлаа гэхэд таван хувь л буурна уу гэхээс 40 хувиар үнэ унатал буурахгүй. Одоо бид овоолгын саадыг зохицуулах гарц болгож, үнийн хэлбэлзлийг уялдуулж, уян хатан болгох биржийн зохицуулалтыг хуулийн хүрээнд хийж эхэллээ хэмээсэн. Түүний хэлсэн зохицуулалт нь Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн хуульд өөрчлөлт орох хүртэл мөрдөх уул уурхайн бүтээгдэхүүний биржийн арилжааны журам, нүүрсний спот, форвард гэрээний стандартыг тогтоох, мөрдүүлэх журам болон Зэсийн баяжмалын Төмрийн хүдэр баяжмалын, Хайлуур жоншны хүдэр, баяжмалын арилжааны гэрээний арилжааны гэрээний стандарт тогтоох, мөрдүүлэх журмуудыг шинэчилсэн явдал бөгөөд бараг нэг шөнийн дотор Хөрөнгийн биржийн захирал, ажлын хэсгийнхэн сууж боловсруулаад Засгийн газрын хуралдаанаар батлуулаад мөрдөж эхэлсэн билээ.
Төсвийн орлого буурлаа, дутагдана гэдэг айдсаар зэвсэглээд хөгжихгүй нь тодорхой учраас Засгийн газар орлого нэмэхийн төлөө ажиллах шаардлагатай. Орлого талдаа алтны хайгуул, олборлолт, экспорт, татвар хураалтаас гадна зардал талдаа Засгийн газар, тэр тусмаа Сангийн сайдын эрх мэдэлд байдаг зардлын хуваарилалт, тохиргооны чиглэлээр зөв бодлого, төлөвлөлт хийх болж байна. Төсвийн тодотгол хийхгүй байгаагийн нэг шалтгаан нь энэ мөн. Өөрөөр хэлбэл, ямар хэмжээний орлого орж ирнэ, түүндээ тааруулж зарлагадна. Төсвийн хуульд “алдагдалгүй байна” гэж баталчихаад, давуулж алдагдал үүсгэх эрх байхгүй. Орлого дутсан ч зарлагыг нь баланслуулж барих нь Засгийн газрын үүрэг.
Гэхдээ төсвийн хүндрэл алс хол байна гэсэн үг биш. Жишээ нь, 2025-2026 онд төлөх ёстой хугацаатай өрийн хэмжээ 1.3 тэрбум ам.доллар байсанаас 300 сая ам.долларыг төлөөд, нэг тэрбум ам.долларын төлөлтийн хугацааг хойшлуулсан. Тэгэхээр энэ онд болон ирэх онд төлөхөөр тулчихсан гадаад өр байхгүй. Хэрэв энэ өрийг урьдчилан мэдэрч, тохиргоо хийгээгүй бол шууд дефольт зарлах байсан гэдэгтэй хэн ч маргахгүй биз ээ.