Өчигдөр Улаанбаатарын цагаар 19:00 цагт Филиппиний Баколод хотын Панаад цэнгэлдэх хүрээлэнд Филиппин – Монголын хөлбөмбөгийн үндэсний шигшээ багуудын тоглолт боллоо. Энэхүү тоглолт хоёр жил тутам болдог Азийн чансаа доогуур багуудын дунд зохиогддог тэмцээн (Asian Challenge cup - 2012) бөгөөд манай шигшээ багийн хувьд анх удаагаа урьдчилсан шатны тоглолтонд оролцож байгаа нь энэ юм.

    Манай шигшээ баг энд УБДС-ын биеийн тамирын зааланд бэлтгэл хийж байгаад 1 сарын 29-д БНХАУ-ын зорьж 10 хоног бэлтгэл хийж байгаад Филиппин руу хөдөлсөн. Гуанжоуд очсон 10 хоног манай тамирчдын хувьд сайхан бэлтгэл болж эхний тоглолтонд урд хөршийн Б лигт тоглодог Гуанжоу хотын багтай тоглож 3-1-ээр хожигдсон бөгөөд Г.Төгсбаяр гоол оруулсан бол дараагийн тоглолтоо Гуанжоу хотын залуучуудын багтай хийж 2-1-ээр хожигдсон юм. Э.Ганзориг нэг гоол оруулсан.

     Харин албан ёсны тоглолтын өмнө Филиппинчууд улс орноороо анхаарал тавьж Монголын “Хөх чононууд” (blue wolves) –тай хийх тоглолт гээд реклам зар сурталчилгаа тогтмол явж байлаа. Өөрсдийгөө Азкалс гэх бөгөөд энэ нь зөвхөн Филиппинд байдаг нохойны нэр гэнэ лээ.Тамирчид нь ч од юм. Гарын үсэг авах гэсэн хөгжөөн дэмжигчдийнхээ хүсэлтэнд дарагдсан байгаа зураг ч харагдав. Хаалгач Нэйл Этэриж нь Английн Фүлхэм клубын дөрөвдэх хаалгачаар бүртгэгдэг бөгөөд одоогоор Литэрхид багт зээлээр тоглож буй 20 настай залуу байв. Мөн Английн 16-аас доош насны шигшээд дуудагдаж байсныг бодоход тийм муу тоглогч биш.

   Тоглолт эхлэлээ. Шигшээ багийн дасгалжуулагч С.Эрдэнэбат 4-5-1 хувилбарыг сонгожээ.  

                                                     1.Ганбаяр (УБДС)

                                    3.Лүмбэнгарав (УБДС)   5.Гарьдмагнай (Мазаалай)
  8.Энхжаргал (Эрчим)                                                                                   2.Очбаяр (УБДС)


                                      7.Баттулга (Эрчим)                  10.Чинзориг (УБДС) 

9.Алтантулга (УБДС)                       13.Түмэнжаргал (УБДС)                   11.Цэдэнбал (УБДС)  


                                                          12.Төгсбаяр (Сэлэнгэ Пресс)  

       Тоглолт эхлээд Филиппиний баг бөмбөгийг илүүтэй эзэмшин тоглож байсан бөгөөд тоглолт ерөнхийдөө манай талбай дээр болж байлаа. Тоглолт эхлээд эхний довтолгооны Филиппинчүүд хийж ахлагч Д.Лүмбэнгарав мөргөж холдуулсан юм. 15 дахь минутанд баруун хагас хамгаалагч П.Алтантулга алдаа гаргаж шар хуудсаар торгуулж улмаар 25 дахь минутанд хоёр дахь шар хуудсаа авч талбайг чөлөөллөө. Филиппиний шигшээ чөлөөт цохилтыг гүйцэтгэх үедээ 2 тамирчин бөмбөгөнд хүрэлгүй гүйж байх үед Үндэсний Лигийн шилдэг тоглогч П.Алтантулга 9 метрийн зайнаас илт ойртсон учир шүүгч  хоёр дахь шар хуудсыг өгөв. Манай тамирчдын онолын мэдлэг дутагдалтай байгаа нь харагдсан юм. Хөлбөмбөгийн спорт өөрөө ямар нэгэн хэмжээт стандартад бага баригддаг спорт ч гэсэн манай тамирчин дэндүү ойртож очсон байв. Харин бага зэрэг ойртох бол байдаг л асуудал болох байв. Ийнхүү бид нэг хүн дутуу тоглосон ч тун сайн хамгаалж байлаа. Филиппиний тайлбарлагчид Монголын багийн хамгаалалт муугуй байна шүү гэж хүртэл хэлж байв. Эхний үед манай баг 2 эвгүй довтолгоон хийж Б.Гарьдмагнайгийн маш гоё дамжуулалтаар шигшээгийн бүх цаг үеийн мэргэн бууч Г.Төгсбаяр сөрөг довтолгоонд орж баруунаараа дарж солгой хөлөөрөө цохисон боловч сулхан байлаа. Дараа нь Г.Төгсбаярын баруун жигүүрээс хаясан дамжуулалт Ц.Түмэнжаргалд маш гоё ирсэн боловч залуу тамирчин маань боломжоо ашиглаж чадсангүй. Гэвч эхний үеийн 43 дахь минутанд Эмэлио Калигдонг Ц.Энхжаргалын дээгүүр нь давуулан хуурч хаалга руу шууд цохисон нь хаалгач Ц.Ганбаярын хоёр хөлний дундуур орж гоол болсон. Энэ үед 15 000 хүний суудалтай Панаад цэнгэлдэх хүрээлэнд камер чичиртэл үзэгчид орилж байв.

    Хоёрдугаар үе эхлэхэд Филиппиний довтолгоон улам ширүүсч хэд хэдэн шон онов. Хаалгач Ц.Ганбаяр тун сайн тоглож олон ч аюултай довтолгооны зогсоож байлаа. Эсрэг багийн хаалгач хүртэл манай шонг онож үзэв. Улмаар минут болгон довтолгоо зохион байгуулж байсан Филиппинчууд 90+3 минутанд Н.Цэдэнбал, Б.Анар нарын ойлголцоогүй дундаа үлдээсэн бөмбөгийг Филип Янгхасбанд ашиглаж 2-0-ээр болгож хожсон юм.

   Солилцооны хувьд 64 дэх минутанд З.Баттулга оронд Хоромхоны Ж.Цацрал, 82 дахь минутанд Түмэнжаргалын оронд Эрчимийн Б.Анар, 90 дэх минутанд О.Очбаярын оронд УБДС-ын Б.Ганбат нар орж ирэв.

    Тоглолтын хувьд манайх тун давгүй байж тамирчдын үндсэн техник сайжирч, Вьетнам, Индонезтэй ойрхон тоглодог багт ердөө 2-хон гоол алдсан. Харин тоглолтын зохион байгуулалтын хувьд тун тааруу гэж дүн тавихаар байв. Манай хөлбөмбөгт юу дутагдаж байгаа талаар товч хэлэхэд: Хөлбөмбөгийг тоглодог хүн гэхээсээ илүү яаж тоглохыг мэддэг хүн байхгүй учраас тактик байхгүй зүгээр л 4-5-1 гэсэн байрлалаар гарч зогсоод байна. Филиппинчүүд булангийн цохилт хийх гээд 2 хүн очиход манайхан мэдэхгүй бүгдээрээ 16 дотроо зогсож байгаа гэх мэт. Сөрөг довтолгоо гэхээсээ илүү замбараагүй цөлөлт их байсан. Сөрөг  довтолгоо гэдэг чинь мөн л үүрэг даалгаврын хуваарьтай байх ёстой. Хамгаалж байгаад урагш нь цөлөхийг сөрөг довтолгоо гэдэггүй. Ядаж сөрөг довтолгооны энгийн хувилбар хаалгач бөмбөг бариад тоглолт яаж эхлүүлэх вэ гэдэг зүйлийг ч дасгалжуулагч бэлдээгүй байна. Юм юмаар илүү багтай тоглож байж ийм л юм бэлдэх ёстой баймаар... Хөлбөмбөгийн хамгаалалт хагас хамгаалагчид дээр их төвлөрдөг бөгөөд энэ нь хамаагүй аюул багатай байдаг. Гэтэл яг л хуучнаараа хамгаалагч нар бүгдийг хийж байна. Ямарч хувилбараар гарч зогссон тухайн байрлалаа алдахгүй байх ёстой. Гэтэл Филиппиний илт довтолгооны хувилбар манай байрлалыг ийш тийш нь бутаргаж байсан гэхээс илүү бид өөрсдөө байрлалаа алдаж байв. Яг ямар хувилбараар тоглоод байгааг ялгахад тун хүнд байлаа. Манайх шиг чансаа муутай багууд яаж багаар, бүлгээр хамгаалах, яаж давхар (дабл) хамгаалалт хийх тал илүү түлхүү ажилдаг. Сүүлд Макао манайд ирээд тоглоход дээрх зүйлс ажиглагдсан. Манай довтолгоон тоглолтын явцад бүлгээр хамгаалсан тоглолтыг сэтэлж чадахгүй байсан бөгөөд чөлөөт цохилтуудаас гоол оруулж байсан. Макаогийн тун чиг адилхан сөрөг довтолгооны нэг явсаар гоол болсон. Бид сайн үзэгчид ч, багийн спортыг яаж тоглохыг мэдэх болоогүй байна.

   Дээр нь дасгалжуулагчийн асуудал. Яг адилхан баахан дасгалжуулагчтай. Шигшээг удирдаж байгаа хэн ч лигийн муу биш юм аа гэхэд дундаж багийг удирдаад аварга болгож чадахгүй учраас гаднаас хүн урьж болдоггүй юм уу? Бид өөрсдийнхөө дутагдалыг өөрсдөө л харахгүй бол хэн ч бидэнд хараад хэлж өгөхгүй.

   Дараагийн тоглолтын үр дүнгээс хамааралгүй ямарч тохиолдолд манай чансаа урагшилах нь ойлгомжтой. Би өмнө энэ талаар дэлгэрэнгүй бичиж байсан. 160-аас хойш чансаатай улсууд 2 жилдээ “нэг” тоглодог бөгөөд хожвол 20 байр, хожигдвол 10 орчим байр урагшилдаг. Тоглоогүй байх хугацаанд нь бусад улсууд нь тоглолтоо хийгээд урагшлаад байдаг шалтгаан энэ. 1998 онд Бангкокийн Азийн наадамд 11-0, 15-0-ээр хожигдсон ч 1 байр урагшилсан түүх бидэнд бий.

   Миний бие энэ тоглолтыг интэрнэтээр үзлээ. Гацаж, жирэлзэж, хурд хүрэхгүй байсан ч гэсэн шигшээ багаа үзнэ гэдэг туйлын сайхан мэдрэмж. Юун тэр Ливэрпүүл, Чэлси, Барсэлона, Англи, Бразил. Төрийн дуулал, манай тамирчид (харамсалтай нь сонирхогчид сайн мэдэхгүй байх), Монголын хөлбөмбөг. Гайхамшигтай. Макаог 3-1-ээр хожиход, Хойд Солонгост оруулсан С.Одхүүгийн ард түмний гоол бол амьралдаа хэзээ ч амталж байгаагүй мэдрэмж, хайр, бахархал. Ямар олон хүн уйлсан гээч. Ахиж үүнийг манай хөлбөмбөгчид бидэнд мэдрүүлнэ гэдэгт итгэж байна. 3-р сарын 15-д болох Монгол – Филиппин-ий тоглолтыг бүгдээрээ очиж дэмжээрэй. Бидний туслаж чадах зүйл бол энэ. 12 дахь тоглогчийн үүргийг чи, би, бид бүгдээрээ гүйцэтгэх ёстой. Гол нь Хөлбөмбөгийн холбоо минь сайн зохион байгуулаарай. Бид томоохон тоглолтыг үзэх туршлагагуй, тамирчдаа алдаа гаргахад нь хараал хэлдэг гэдгийг битгий мартаарай. Чангахан дуугардаг микрофон олж тавиарай. Тоглолтын өмнө тамирчдаа сайн сурталчилаарай. Үзэгчид таньдаг болог. Билетээ 15 000-аас хямдруулж тус болоорой. Нэг өнгийн хямдхан футболка билэтэнд нь дагалдуулж өгөөрэй. Өнгөөрөө ч болтугай нэгдэе. Цаашдаа ч дурсгалтай. Далбаанийхаа өнгөтэй адил улаан, цэнхэр, улаан болвол бүр гоё байх. Үзэгчдийн дунд хөтлөгч оруулж зохион байгуулалттай дуулуулаарай. Ямар байрлалаар тоглохоо үзэгчиддээ телевизээр тайлбарлаж өгөөрэй. Шигшээ багийн өмсгөл, бэлэг, дурсгалын зүйлс зараарай. Хожигдоно гэж айлгүй өөрсдөдөө итгэлтэй байгаарай. Хожил шаардахгүй, гоол шаардахгүй, зүгээр л Монголын шигшээ багийнхаа тоглолтыг үзэх өөрөө зүйрлэшгүй гоё.

Монголын хөлбөмбөгийн шигшээ баг минь урагшаа!!!

Хөлбөмбөгт бүхий л сэтгэл зүрхээ зориулж буй хөлбөмбөгчид минь урагшаа!!!