Туршилт, Ухаарал.


Монголчууд бид түүхэнд тэмдэглэгдэж болох хоёр том туршилт хийсэн.

Монгол улсад хорь дугаар зуунд феодализмаас капитализмыг алгасч социализм байгуулах нэг дэх туршилт хийгдсэн. Капитализмыг алгасах бодлогоо эхлээд иргэд хувийн өмчтэй байхыг хязгаарлан, хөрөнгөлөг буюу хөрөнгө бүтээх чадвартай иргэдээ, хөрөнгөтний үзэл бодол цухуйлгасан нам төрийн толгойлогчоо хүртэл хэлмэгдүүлэх ажлаар хэрэгжүүлж эхэлсэн гашуун түүх бий.Туршилтын 70 шахам жилд бүгдийг адил тэгш болгох оролдлого хийгдэж хэт баян, хэт ядуу хүнгүй, бүх иргэд жигд ядуувтар амьдардаг болсон байлаа.

Монгол улсад хорьдугаар зууны эцэс, шинэ зууны эхэнд социализмаас капитализмд орох хоёр дахь туршилт хийгдэж байна. Капитализмд шилжих бодлогоо төрийн өмчийг хувьчилах, иргэдийг үзэл бодол үйл ажлын эрх чөлөөтэй болгох ажлаар эхлүүлсэн. Хоёр дахь туршилтын энэхүү 30 орчим жилд иргэдийн дотор баян ядуугийн ялгаа бий болжээ.

Нэг дэх туршилтыг мэрэгжлийн нэг зураач монгол морьтой хүн хар зураас дээгүүр дүүлж байгаа зураг зурж дүрсэлсэн байдаг бол хоёр дахь туршилтыг модон морьтой соёмбо хар зураас руу эргэн шумбаж байгаа зургаар дүрслэж магад.

Монгол улсын 1992 оны шинэ Үндсэн хуульд – Улсын тусгаар тогтнолыг бататган бэхжүүлэх, - Эрх чөлөө, шудрага ёс, эв нэгдэлийг дээдлэх, - Хүмүүнлэг ардчилсан нийгэм цогцлоох, Төрт ёс, түүх, соёл иргэншлийн ололтыг хүндэтгэн үзэж байхыг эрхэм зорилго болгон тунхаглахсан байдаг.

Одоо бид социализмын 70, капитализмын 30 жилийн туршилтын хугацааны түүх, нийгэм, эдийн засагт гарсан гол ололт өөрчлөлтийг зэрэгцүүлж, дүгнэх ухаарах оролдлого хийх нь зөв юм. 

  • Хүн ам: Социализмын 70 жилд \ 650,0 – 2150,0 \ 1,5 сая хүнээр буюу 3,3 дахин, үүний дотор 1960- 1990 оны 30 жилд \ 970,0 – 2150,0 \ 1,18 сая хүнээр буюу 2,2 дахин нэмэгдсэн. Капитализмын 1990 - 2020 оны 30 жилийн хугацаанд \2150,0 – 3300\ 1,15 сая хүнээр буюу 1,5 дахин нэмэгджээ. Хүн амын өсөлтийн хурд саарчээ.
  • 1990 онд 84 Их дээд сургууль, коллеж, мэрэгжлийн сургалт үйлвэрлэлийн төвд 16,7 мянган залуучуудыг үнэ төлбөргүй суралцуулж, бүгдийг эзэмшсэн мэрэгжлээр нь ажиллуулж байсан бол 2020 онд 290 орчим Их дээд сургууль,коллеж, сургалт үйлдвэрлэлийн төвд 55 гаруй мянган залуучууд төлбөртэй суралцаж мэрэгжил эзэмшсэн үнэмлэх авсан боловч бүгдийг мэрэгжлээр нь ажиллуулах нөхцөл бүрдүүлээгүй байна.
  • 1990 онд мянган хүнд оногдох эмнэлгийн ор 7-8 байсан нь 2020 онд хэвээр хадгалагдсан. Харин нэг их эмчид оногдох хүний тоо 6180 байсан бол 10 мянга гаруй болжээ.
  • Нийгмийн нийт бүтээгдэхүүн социализмын 1960-1990 оны 30 жилд \3,58 – 17,75 тэрбум төг.\14,18 тэрбум төгрөгөөр буюу 4,95 дахин өсч байсан бол Капитализмын 30 жилд \17,75 – 32,0\ барагцаалбал 1,8 дахин өссөн.
  • Гадаад худалдааны нийт эргэлт буюу экспорт импорт 1990 онд 1,6 орчим тэрбум ам доллар байсан бол 2017 оны гүйцэтгэлээр 10,5 тэрбум, 2020 онд барагцаалбал 12 тэрбум ам доллар хүртэл өсөх бололтой.
  • Монгол улс 1990 оны үед гадаад улсуудад 10 гаруй тэрбум ам долларын өр байсаныг тэглүүлж гадаад өргүй болсон байсан. Харин одоо 30 шахамт тэрбум ам долларын өртэй болсон мэдээ байгаа.
  • Хүн амын амжиргаанд их өөрчлөлт гарсан. Хүн амын дундаж наслалт 1990 онд 63,4 жил байсан бол 2020 онд 70 орчим жил болсон. Сансрын холбооны ухаалаг гар утасны тоо монголын бүх гэр бүлийн тооноос илүү гарч, Хүн амын гуравны нэгтэй тэнцэх тооны авто машин хэрэглэгддэг болсон. Хэрэглэгч иргэдийн өрх өссөөн боловч өрх бүр бүтээгч болж чадаагүй байгаа.
  • 1990 онд гурван аймгийнхаа төвийг нийслэлтэй хатуу хучилттай авто замаар холбож амжсан байсан бол одоо бүх аймгийн төв тийм замаар холбогдсон. Аймаг сумын төвүүдийн 50 орчим хувь төвийн цахилгаан эрчим хүч хэрэглэдэг байсан бол одоо бүх аймаг сумын төв цахилгаан эрчим хүчний 24 цагийн тасралтгүй хангалттай болсон.Дэд бүтэцийн энэхүү хоёр салбарт гаргасан өөрчлөлтийн үр дүнд улс орон даяар жижиг дунд үйлдвэрлэл хөгжүүлэх, ахуйн нөхцөлийг сайжруулах, хот хөдөөгийн ялгааг багасгах, хэт төвлөрлийг багасгах зэрэг чухал асуудлуудыг шийдэх нөхцөл бүрдсэн байгаа.

Социализмын ба капитализмын гэх үеийн амьдралын чанарын зарим үзүүлэлтийн дээрх харьцуулалт зөв эсэх, ямар дүгнэлт байхыг сайн мэдэхгүй байна.Миний сайн мэдэж байгаа зүйл бол социализмын үед бид хөгжлийн бодлого төлөвлөгөөтэй байсан. Харин капитализмын гэх гучаад жилд бид Нийгэм эдийн засгийг хөгжүүлэх тодорхой төсөл арга хэмжээг төлөвлөсөн бодлогогүй, энэ чухал ажлыг хариуцаж ажиллах төрийн захиргааны төв байгууллагагүй байв.

Улс нийгмийн хөгжил гэдэг бол: иргэдийн амьдралын чанарыг нэмэгдүүлэх, тэдэнд өөрийгөө илэрхийлэх эрх чөлөөг эдлүүлэх, өргөн сонголттой байлгах буюу эдийн засаг нийгэмийн хөгжил, хүний сэтгэл ханамжийг багтаасан тасралтгүй үргэлжлэх процесс гэж үздэг байна.

Капитализмын гучаад жилд үргэлжилж байгаа Ардчилсан тогтолцоо, Зах зээлийн эдийн засагтай болох оролдлогын зорилго бол Монгол Улсын нийгэм эдийн засгийг өндөр хурдацаар хөгжүүлэх нөхцөл бүрдүүлэх.Хурдтай хөгжлийн замд орох нөхцөл бүрдүүлэхийн тулд цаг алдахгүй шийдэх шаардлагатай тулгамдсан асуудлуудаас дараах зүйлийг онцолмоор санагддаг:

1.Монгол улсын эдийн засаг нийгмийн хөгжлийн урт хугацааны бодлоготой, тэр бодлогыг ажил хэрэг болгох тодорхой төсөл арга хэмжээг тусгасан дунд, богино хугацааны төлөвлөгөө боловсруулж хэрэгжүүлдэг болох. Хөгжлийн бодлого төлөвлөгөөг боловсруулах хэрэгжүүлэх ажлыг хариуцсан төрийн захиргааны төв байгууллагыг Засгийн газрын бүтцэд бий болгон, тэнд мэрэгжлийн чадварлаг хүмүүсийг сонгон авч тогтвортой ажиллуулах асуудлыг яаралтай шийдэх ёстой.

Капитализмын гучаад жилд миний мэдэхээр гурван ч удаа улс нийгмийн урт хугацааны хөгжлийн үзэл баримтлал гэдэг баримт бичиг гаргасан бөгөөд тэдгээрийг төлөвлөх ажлын мэрэгжил туршлагагүй, ажлын чанар ба хэрэгжүүлэлтээр хариуцлага хүлээхгүй зарим хүмүүсээр мөнгө өгч бичүүлсэн, боловсрогдсон гэх төсөл төлөвлөгөөг ард иргэд мэдээгүй, тэдний эрхэмлэх зорилго болоогүй, хэрэгжилтийг дүгнэж үзээгүй өнгөрсөн. Монголын нэг хүнд оногдох нийгмийн нийт бүтээгдэхүүнийг Нэг дүгээр үзэл баримтлалд 2020 онд 15 мянган долларт хүргэх, Хоёр дугаар үзэл баримтлалд 2030 онд 17 мянган долларт хүргэх зорилт дэвшүүлсэн байдаг. Одоо 2050 онд 15 мянган долларт хүргэх зорилттой алсын хараа гэсэн бримт бичгийг хэсэг эрдэмтэд бичиж өгч байгаа сурагтай.

Хөгжил гэдэг тасралтгүй үргэлжилдэг процесс учраас хөгжлийн бодлого төлөвлөгөөг тасралтгүй боловсруулж боловсронгуй болгож, хэрэгжүүлэлтийг нь хариуцаж дүгнэж байх үүрэгтэй төрийн захиргааны төв байгууллага байх ёстой. Монгол улсын хөгжлийн бодлого төлөвлөлтийн асуудал хариуцсан яам байгуулж энэ ажлыг хариуцуулаагүй нөхцөлд Монгол улс ухаалаг бодлогоор тогтвортой хөгжихгүй. Алсын хараа гэж нэрлэсэн Хөгжлийн бодлого төлөвлөгөөг захиалсан сайд, бичсэн эрдэмтэд санаачлага гаргаж ажилласан нь сайн боловч, эдгээр нөхөд монгол төрийн бодлогыг зөв боловсруулж хэрэгжүүлсэн эсэхээ 2030 онд, 2040онд, 2050 онд дүгнүүлж сайн муугийн хариуцлагыг хүлээхгүй өнгөрнө.

Тийм учраас Хөгжлийн бодлого төлөвлөгөө хариуцах яамыг нь байгуулж, тэр яамнаас хариуцан боловсруулсан төслийг Засгийн газар ард түмнээр хэлэлцүүлэн санал авсан төсөл болгоод оруулж ирвэл УИХ-д авч хэлэлцэх баталж хэрэгжүүлэх хэрэгтэй. 


2.Улс төрийн намуудын хариуцлагыг өндөржүүлэх хэрэгтэй байна. Манай улсад одоо 35 орчим улс төрийн нам бий болжээ. Үүний оронд төр засгийн эрхийг барьж, улс нийгмийг зохистой бодлогоор хөгжүүлэх ажлыг хариуцаж ажиллах чадвартай, иргэдийн итгэлийг хүлээх нэр хүндтэй удирдагчидтай цөөн тооны улс төрийн нам байвал зохистой. Одоо байгаа олон жижиг намуудын зарим нь зөвхөн УИХ-д хэдэн гишүүдтэй болох зорилгоор УИХ-ын сонгуульд нэгдэж оролцдог. Үүний оронд 30-33 жижиг намууд нэгдэж нэг хүчирхэг чадвартай улс төрийн жинхэнэ нам байгуулж болдоггүй юм болов уу?

Улс төрийн намын тухай хуульд өөрчлөлт оруулж зөвхөн дараах шаардлагыг хангасан Улс төрийн намд үйл ажиллагаа явуулахыг зөвшөөрдөг болох хэрэгтэй:

- Монгол улсын нийгэм эдийн засгийг хөгжүүлэх бодлого төлөвлөгөөг хамгийн үр ашигтайгаар богино хугацаанд хэрэгжүүлэхийг эрхэм зорилго болгон ажиллах,

- Намынхаа төв аппаратад нийгмийн, эдийн засгийн хөгжлийн асуудал хариуцсан орон тооны зохих мэрэгжлийн албан тушаалтан ажиллуулдаг,

- Бүх аймаг хот, сум дүүрэгт салбартай,

- Хүний эрх эрх чөлөөг хүндэтгэхийн зэрэгцээ сахилга дэг журмыг эрхэмлэж ажиллах дүрэмтэй,

- Төрийн бүх шатны байгууллагад мэргэжил чадвартай, шударга, туршлагатай хүмүүсийг намын харьяалал харгалзахгүй авч ажиллуулж байх бодлоготой,

- Өөрийн бүтээлч хөдөлмөрөөр баялаг бүтээж, ажлын байр бий болгож байдаг үндэсний хөрөнгөтөн нарыг дэмжиж, авилга ашиглалтай тууштай тэмцэх үзэл баримтлалтай.

3. Монгол улсын Үндсэн хуульд оруулсан өөрчлөлтийг улам төгөлдөржүүлж Парламентийг хоёр танхимтай болгон Хууль тогтоох танхим, Гүйцэтгэх засаглал буюу Засгийн газар, Шүүх засаглалын байгууллагын ажилд тавих ард түмний хяналтыг бий болгох асуудлыг шийдэх.

4. Улсын валютын өрийг багасгаж, төсвийн орлогыг эрс нэмэгдүүлж байж иргэдээ ядуурлаас гаргах, амьдралын чанарыг дээшлүүлэх, нийгмийг хөгжүүлэх бололцоотой болно. Энэ асуудлыг зөвхөн үр ашигтай үйлдвэрлэл хөгжүүлэх замаар шийднэ. Тийм учраас уул уурхайн үйлдвэрийн болон мал аж ахуйн үйлдвэрийн түүхий эдийг боловсруулах үйлдвэрүүд, үүний дотор мал аж ахуйн түүхий эд, тухайлбал мах, ноос ноолуур, арьс ширийн бүх нөөцийг сайн технологоор бүрэн боловсруулах үйлдвэр байгуулах ажлыг алгуурлахгүй шийдмээр байна. Зөвхөн ямааны ноолуурыг 100 хувь ээрсэн утас болгоход гарах 4 мянган тонн ээрсэн утсаар үйлдвэрлэсэн бүтээгдэхүүний борлуулалтаас олох орлого 30 сая тонн нүүрс экспортод гаргасан орлоготой тэнцэнэ гэсэн тооцоо хийгдсэн байдаг.

Зуун жилийн амьдралаа сайн шинжвэл, хөгжлийн бодлого зорилтоо амжилттай шийдэхэд илүү мэдлэг ухаан шаардагдаж байна. 


Думаагийн Содном. 2020 – 02 – 14