Төрийн өмч, хувийн өмчийн аж ахуйн одоо ба ирээдүй
Хувийн өмчийн нэгжүүдийн ихэнх нь богино, урт хугацааны үйл ажиллагааны бодлого төлөвлөгөөтэй ажилладаг, дэвшилтэй техник технолог сонгох, өртөг зардлыг хямдруулах, бүтээгдэхүүн үйлчилгээнийхээ чанар өрсөлдөх чадварыг дээшлүүлэх, харилцагчдынхаа ашиг сонирхолыг харгалзахад тавих анхаарал илүү байдаг. Авилга, ашиглах гэмт хэргээс сэргийлж чаддаг.
Манай улсад 1990 оныг хүртэл зөвхөн төрийн буюу нийтийн өмч зонхилсон, хувийн өмч хязгаарлагдаж байсан бол 1992 оны шинэ Үндсэн хуулиар хувийн өмчийн хэлбэрийг эрхэмлэх болсон.Монгол Улсын Үндсэн хуульд “Монгол Улс олон хэвшил бүхий эдийн засагтай байна, Өмчийн аливаа хэлбэрийг хүлээн зөвшөөрнө, Өмчлөгчийн эрхийг хуулиар хамгаална“ гэж заасны дагуу хувийн өмчийн аж ахуйн нэгжүүд хөгжлөө. Иргэд өмчтэй боллоо.
Хувийн өмчийн нэгжүүдийн эзлэх байр.
Статистикийн мэдээнээс үзвэл одоо манай улсын дотоодын нийт бүтээгдэхүүнд хувийн өмчийн нэгжүүдийн эзлэх хувь 76 орчим буюу дийлэнх болжээ. Хөдөө аж ахуй, Худалдааны салбарт 100 хувь, Боловсруулах үйлдвэр, Зочид буудал, Нийтийн хоол, Үйлчилгээ зэрэг салбарын 98-99 хувь, Барилгын 96 хувь, Уул уурхай олборлох салбарын 65 орчим хувь нь хувийн өмчийн нэгжид оногдож байна.
Төрийн өмчийн нэгжүүдийн эзлэх байр.
Статистикийн 2018 оны мэдээгээр Төрийн өмчийн нэгжүүдийн эзлэх хувь Цахилгаан эрчим хүчний үйлдвэрлэлд 85,4 хувь, Усан хангамжид 87,5 хувь, Боловсролын салбарт 80 орчим хувь, Эрүүл мэнд ба нийгмийн халамжийн үйл ажиллагаанд 81,2 хувь, Урлагийн салбарт 72,6 хувь байна.
Хувийн ба төрийн өмчийн аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааны онцлогууд:
Хувийн өмчийн нэгжүүдийн ихэнх нь богино, урт хугацааны үйл ажиллагааны бодлого төлөвлөгөөтэй ажилладаг, дэвшилтэй техник технолог сонгох, өртөг зардлыг хямдруулах, бүтээгдэхүүн үйлчилгээнийхээ чанар өрсөлдөх чадварыг дээшлүүлэх, харилцагчдынхаа ашиг сонирхолыг харгалзахад тавих анхаарал илүү байдаг.Авилга, ашиглах гэмт хэргээс сэргийлж чаддаг. Үйлдвэрлэл үйлчилгээний орлого нь зардлаа бүрэн нөхөж ашигтай ажиллах боломжтой салбарыг сонгодог бөгөөд хэрэв алдагдал хүлээх нөхцөл бий болчихвол үйл ажиллагаа явуулахаа зогсоох боломжтой байдаг. Өөрөөр хэлбэл, хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүд зах зээлийн хуулийн дагуу ажиллаж ашигтай бол оршин тогтнож, алдагдалтай бол дампуурч байдаг. Хувийн өмчийн нэгжийг үүсгэн байгуулагч нь тэр нэгжийнхээ эзэн байдаг.
Төрийн өмчийн аж ахуйн нэгжүүд нь урт хугацааны үйл ажиллагааны бодлого төлөвлөгөөтэй ажиллах эсэх нь засгийн газрын бодлогоос хамаарна. Нэгжийнхээ үйл ажиллагааг өргөтгөх буюу боловсронгуй болгож өөрчлөх, дэвшилтэй техник технолог нэвтрүүлэх төсөл санал боловсруулж болох боловч өөрийн чөлөөт ашиг болон зээлийн эх үүсвэрийг ашиглах эрх нь хязгаарлагддаг шалтгаанаар бүрэн хэрэгжүүлж чаддаггүй. Төрийн өмчийн аж ахуйн нэгжүүдийг эрх мэдэлтнүүдийн шахалт дарамт, авилга ашиглалын зөрчилөөс ангид байлгах төгөлдөр арга, хууль зүйн орчин хараахан бий болоогүй байгаа.Статистикийн төв газрын мэдээнээс үзхэд төрийн өмчит нэгжүүдийн ихэнх нь улсын төсвөөс санхүүждэг, ашгийн бус байгууллагууд юм.Аж ахуйн тооцооны үндсэн дээр орлогоороо зардал өртгөө нөхөж ашигтай ажиллах боломжтой аж ахуйн нэгжүүд нь цөөхөн, тухайлбал уул уурхайн цөөн үйлдвэр, цахилгаан эрчим хүчний үйлдвэрүүд байна.
Үйлдвэрлэл үйлчилгээний хэмжээ, үр ашгийн төлөвлөгөөний талаар дээд удирдлагаас ямар үүрэг даалгавар өгөхийг хүлээдэг, тэдгээрийн биелэлтээр хүлээх хариуцлага сул буюу хариуцлагын хамгийн дээд шийтгэл нь ажлаа өгөх байдаг. Өөрөөр хэлбэл, төрийн өмчийн зарим аж ахуйн нэгжийн дарга нар жинхэнэ эзэн шиг сэтгэлээр биш, түр үүрэг гүйцэтгэгч шиг ажилладаг.Ийм учраас шахаанд, барьцаанд өртөж төр нийгэмд хохирол учруулдаг.Ийм зөрчил дутагдлыг төр засаг арилгах ёстой.
Хийж болох дүгнэлт, дэвшүүлж болох санал:
Монгол Улсын Үндсэн хуулийн дагуу төрийн болон хувийн хэвшлийнхний хариуцан эрхэлж байгаа үйлдвэрлэл үйлчилгээний нэгэнт бүрдээд байгаа төрлүүдийг үндсэнд нь хадгалж, чанартай үйлчилгээг иргэдэд хүргэж байх, өндөр үр ашигтай үйлдвэрлэлийг өргөжүүлж байх бодлого хэрэгжих нь зүйтэй юм.Өмчийн энэ хоёр хэлбэрт, ялангуяа хувийн өмчийн аж ахуйн эрхэлбэл зохих үйлдвэрлэл үйлчилгээний нэр төрлийг захиргааны аргаар тогтоох боломжгүй. Харин төрийн өмчийн болон хувийн өмчийн үйлдвэрлэл үйлчилгээний байгууллагуудын хооронд чанар, чадварын ухаалаг өрсөлдөөнийг өрнүүлж байх нь зүйтэй юм.
Дараах арга хэмжээнд анхаарах санал байдаг:
1. Боловсролын салбарт: Ерөнхий боловсролын сургууль, их дээд болон техник мэрэгжлийн сургуулийн ихэнх нь төрийн өмчийн, бага хэсэг нь хувийн өмчийнх. Төр бол иргэддээ боловсрол олгох үүрэгтэй учраас улсынхаа төсвийн ихээхэн \17 орчим хувь\ хэсгийг энэ салбарын санхүүжүүлэлтэд зориулдаг. Харин хувийн хэвшил бол ашиг олох боломжтой гэж үзвэл энэ салбарт хөрөнгө оруулдаг.Сурагч, оюутнаас авдаг төлбөр нь хувийн өмчийн сургууль, ялангуяа гадаадын нэртэй сургуульд төрийн өмчийн сургуулийнхаас их байдаг.Сургалтын агуулга чанар, багш нарын чадвар, шавь нартайгаа харилцах урлаг, сургуулийн байр орчины тохижилт, хичээлийн хэрэгсэлийн хангалт зэрэг нь илүү учраас иргэд хувийн өмчийн сургуулийг сонирхдог. Ийм учраас төрийн зүгээс төрийн өмчийн бүх шатны сургуулийн сургалтын чанарыг хувийн өмчийн сургуультай өрсөлдөж чадах хүртэл сайжруулах бодлоготой байхаас өөр аргагүй. Хувийн өмчийн сургуулийн сайн туршлагаас сурах хэрэгтэй юм.
2. Эрүүлийг хамгаалах салбарт: төрийн өмчийн эмнэлгүүдийг шинэчлэх, шаарлагатай тоног төхөөрөмжөөр хангах, эмч нарын мэрэгжлийг дээшлүүлж буйн ачаар олон төрлийн өвчнийг эх орондоо эмчилдэг болж байгаа зэрэг амжилт гарч байна. Энэ салбарт бас л төрийн өмчийн эмнэлгийн газруудын үйлчилгээний чанар хувийн өмчийн эмнэлгийн газруудынхаас дутуу байгаа нь ажиглагддаг. Ашиглаж байгаа тоног төхөөрөмж адилбар боловч хувийн өмчийн эмнэлгийн газруудад үйлчилгээ илүү байдгийн шалтгаан нь хаалгачаас эхлээд бүх эмч сувилагч нар нь иргэнд чин сэтгэлээр, эелдэг соёлтой харилцдагт байгаа санагддаг. Бас л хувийн өмчийнхнөөсөө суралцах хэрэгтэй юм. Асуудал ганц мөнгөнд биш сэтгэлд байгаа.
3. Хөдөө аж ахуй, худалдаа үйлчилгээний салбар 100 хувь хувийн хэвшилд байгаа, цаашид ч байх биз. Тэгэхдээ энэ салбарт, ялангуяа хөдөө аж ахуйн салбарт боловсруулах үйлдвэр хөгжүүлэх эрхэм зорилтыг төрийн бодлого дэмжлэгээр шийдэх зайлшгүй шаардлагатай. Миний бодлоор юуны өмнө малын гаралтай түүхий эдийг, тухайлбал ноолуур, арьс шир, махыг гүнзгий боловсруулж, өрсөлдөх чанартай бүтээгдэхүүн үйлдвэрлэж экспортын орлогыг эрс нэмэгдүүлэх бололцоо нөөц байгааг ашиглахад төр анхаарах хэрэгтэй. Өөрөөр хэлбэл, хувийн хэвшлийнхэн зах зээлийн хуулийн дагуу шийдэх биз гэж орхиж болохгүй. Миний баримжаа тооцоогоор:
- Ямааны ноолуурыг 100 хувь боловсруулж ээрсэн утас үйлдвэрлэдэг болчихвол түүгээр үйлдвэрлэх сүлжмэл, нэхмэл бүтээгдэхүүний экспортоос 2-2,5 тэрбум ам. долларын орлого олно. Энэ бол 30 сая тонн нүүрсний экспортын орлоготой тэнцэх валютыг 4 мянга гаруй тонн ноолуурын ээрсэн утсаар хийсэн бүтээгдэхүүнээр олно гэсэн үг. Ямааны ноолуур, сарлагийн хөөвөр боловсруулж 4-4,5 мянган тонн ээрсэн утас үйлдвэрлэх төрийн болон хувийн өмчийн үйлдвэрүүдийг яаралтай байгуулмаар байна.
- Малын тоо бэлчээрийн даацаас хэтрээд байгааг засахын тулд юуны өмнө жилд бойжуулж байгаа 20 гаруй сая төлийн тоотой тэнцэх малыг зарлагадаж байх шаардлагатай.Ийм тооны малыг төхөөрхөд дотоодын хэрэгцээнээс илүү гаргах 250-300 мянган тонн махны нөөц байх бөгөөд түүний экспортоос 1 тэрбум хүртэл долларын орлого олно. Энэ зорилгоор гурван сумын дунд нэг байхаар тооцож мал төхөөрч мах боловсруулах орчин үеийн технологитой 100 үйлдвэрийг сумдад барьж малчдад хувьчилах хэрэгтэй. Мал төхөөрөх, мах боловсруулах үйлдвэрийг заавал сумдад барьж малчдад хувьчилах санал бол хөдөөгийн хөгжилд тус болох ач холбогдолтой.
- Жилд 20 сая ширхэг арьс шир боловсруулах үйлдвэрүүдтэй байвал экспортын орлогыг мөн 1 тэрбумаас доошгүй ам. доллараар нэмэгдүүлнэ. Дарханд барих үйлдвэрээс гадна Өвөрхангай аймагт төр ба хувийн өмчийн шинэ үйлдвэр барих шаардлага гарах байх.
Ноолуур, Арьс шир, мах боловсруулах үйлдвэр хөгжүүлэх дээрх саналаа, хөдөөгийн хөгжилд үзүүлэх ач холбогдлын тухай товч тайлбарын хамт ХХААХҮ-ийн сайдад бичиж хүргүүлсэн. Анхаарч байгаа болов уу.
4. Уул уурхайн олборлох салбарын үйлдвэрлэлд одоогоор хувийн өмчийн аж ахуйн нэгжүүд 60, төрийн өмчийн аж ахуйн нэгжүүд 40 орчим хувийг эзэлж байгаа мэдээ байна.Төрийн болон хувийн өмчийн аж ахуйн нэгжид аль алинд нь ашигт малтмалын орд ашиглахыг цаашид зөвшөөрдөг байх нь тодорхой. Тэгэхдээ Монгол Улсын Үндсэн хуульд 2019 онд нэмэлт оруулсан заалтаас үзвэл ашигт малтмалын ордын ашиглалтын үр өгөөжийг хуваарилдаг журмыг өөрчлөх хууль гарах юм билээ.Түүнээс шалтгаалж төрийн ба хувийн хэвшлийн энэ салбарт эзлэх байрт өөрчлөлт гарч болзошгүй.
Монгол Улсын Үндсэн хуулийн зургадугаар зүйлд “Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордыг ашиглахдаа байгалын баялаг ард түмний мэдэлд байх зарчимд нийцүүлэн түүний үр өгөөжийн дийлэнх нь ард түмэнд ногдож байх эрх зүйн үндсийг хуулиар тогтооно” гэж заасан байгаа.Үндсэн хуулийн энэ шинэ заалтыг хэрэгжүүлэхтэй холбогдсон дараах асуудлыг анхаарах хэрэгтэй:
а\ Төрийн өмчийн аж ахуйн нэгжид ашигт малтмалын ордын ашиглалтаар буй болсон татварын дараах чөлөөт ашгийг төр мэдэлдээ авч байх боломж байдаг.Өөрөөр хэлбэл төрийн өмчийн аж ахуйн нэгжид ашигт малтмалын орд ашиглалтаас олж байгаа татварын ба татварын бус бүх өгөөж төрийн мэдэлд төвлөрдөг учраас улсын төсвөөр дамжиж ард түмэнд хүртанхны хөрөнгө оруулалтын зардлыг нөхсөний дарааэж байх зорилт хэрэгжинэ.Зөвхөн бүтээгдэхүүний өртөг, борлуулалтын орлого, ашиг хуримтлал ба түүний хуваарилалтад тавих хяналт сайн байхад анхаарах ёстой.
б\ Хувийн өмчийн аж ахуйн нэгж бол олборлох салбарт хөрөнгө оруулж буй болгосон ашгийнхаа татвар хураамж төлсний дараах чөлөөт хэсгийг хөрөнгө оруулалтын зардлаа нөхөх болон үйлдвэрлэлээ өргөтгөх, техник технологоо боловсронгуй болгох, нийгмийн асуудлаа шийдэхэд ашиглах эрхтэй байдаг.Ийм эрхийг эдлүүлэхгүй бол хувийн хэвшил байхгүй болох эрсдэлтэй.
Харин хувийн хэвшилд ашигт малтмалын орд ашиглах зөвшөөрөл олгохдоо зарим болзол тавьдаг байж болох юм. Жишээлбэл:
- Ашигт малтмалын ордын ашиглалтаас олсон татварын дараах чөлөөт ашгаа Монгол улсын нутаг дэвсгэрт шинэ ажлын байр бий болгох, үйлдвэрлэлээ өргөтгөх, нийгмийн хөгжилд ачтай обьект барих хөрөнгө оруулалтад зориулахыг урамшуулдаг байх.
-Ашигт малтмалын орд газрыг бусдад худалдахыг зөвшөөрдөггүй, хэрэв худалдаалсан байвал түүний орлогыг улс шууд хурааж авах,
- Олборлох үйлдвэрлэлээс олсон орлогыг гадаад улс оронд байршуулахыг хориглох.
Энэ бүхэн монголын үндэсний хувийн хэвшлийн аж ахуйн нэгжид хамаарна.Эдгээр асуудлыг уул уурхайн салбарт хөрөнгө оруулж байгаа үндэснийхээ аж ахуйн нэгжүүдтэй зөвшилцөж байж шийддэг байх нь зүйтэй.
в\ Гадаад улсын хуулийн этгээдэд Монгол Улсын нутагт ашигт малтмалын орд хайх ашиглахад хөрөнгө оруулах зөвшөөрөл олгоход байгуулдаг гэрээ, түүний нөхцөлийг боловсронгуй болгох шаардлагатай байна.Гадаад улсын зарим хөрөнгө оруулагч ашигт малтмалын ордыг ашиглах зөвшөөрөл аваад, үр өгөөжийг мэхлэж болон гэрээний шударга биш нөхцөлөөр завшдаг, тэр талаартуршлагажсан байдаг бололтой.Тийм учраас гадаадын хөрөнгө оруулагчийг Монгол Улс өөрийн ашиг сонирхолыг хангасан нөхцөлтэй гэрээгээр ажиллуулах чадвартай байх ёстой.Үүнтэй холбогдуулж дараах арга хэмжээг хэрэгжүүлмээр байна:
- Монгол Улсын Үндсэн хуульд 2019 онд оруулсан өөрчлөлтийн орд газрын ашиглалтын үр өгөөжийн дийлэнх нь Монголын ард түмэнд ногдож байх заалтыг гадаадын хөрөнгө оруулагчтай байгуулах гэрээний ямар нөхцөлөөр хэрхэн хэрэгжүүлэхийг шинээр гаргах хуульдаа тодорхой тусгах.Үүнийг УИХ онц анхаарч, Үндсэн хуулийнхаа заалтыг хэрэгжүүлэх.
- Монгол Улсын ашигт малтмалын ордыг ашиглах зөвшөөрлийг Гадаадын хөрөнгө оруулагчид олгох, гэрээ байгуулах асуудлыг төрийн захиргааны тодорхой төв байгууллагад хариуцуулах.Тухайлбал, ойрын үед байгуулна гэж байгаа ХӨГЖЛИЙН БОДЛОГО ТӨЛӨВЛӨЛТИЙН асуудал хариуцах ЯАМАНД энэ асуудлыг хариуцуулая.Энэ нөхцөлд мэрэгжил туршлагагүй, хариуцлага хүлээх чадвар үүрэггүй сайдын үүрэг түр хугацаанд гүйцэтгэж байгаа хүнд ийм чухал асуудлаар хэлэлцээр хийх, гэрээнд гарын үсэг зурах эрх олгож байсан алдаа засагдана.
- Гадаадын хөрөнгө оруулагчид ашигт малтмалын орд ашиглах зөвшөөрөл олгосон гэрээнд Монголын ашиг сонирхолыг хамгаалсан ямар нөхцөлүүд байвал зохихыг боловсруулж хэрэгжүүлэх ажлыг хариуцсан эдийн засагч, санхүүч, мэрэгжлийн нягтлан бодогч, хуульч нараас бүрдсэн тусгай албыг дээр дурьдсан яаманд ажиллуулах.
- Гадаадын хөрөнгө оруулагчтай байгуулах гэрээгээр шийдэх ёстой асуудал бол хамгийн энгийн ойлголтоор хэлбэл Ашигт малтмалыг олборлосон өртөг, Түүнийг борлуулж олсон орлого хоёрыг бодитой тодорхойлоод зөрүүгээр нь гарах үр өгөөжийг хэрхэн хуваарилахыг тохирох юм.Өөрөөр хэлбэл хөрөнгө оруулалтын гэрээний нөхцөлийг тохиролцох хэлэлцээрт нягтлан бодох бүртгэл, санхүү, эдийн засгийн мэрэгжилтэй, өртөг орлого үр өгөөжийг тодорхойлох ажлын туршлагатай хүмүүсээ оролцуулдаг, саналыг нь үндэс болгодог байх хэрэгтэй.
Том асуудал болоод байгаа Оюу Толгойн хөрөнгө оруулалтын гэрээний талаар гарч байгаа яриаг сонсож байхад бүртгэл, санхүү, эдийн засгийн мэрэгжлийн хүмүүсийг гэрээ байгуулахад ч, засаж сайжруулах ажилд ч оролцуулахгүй байх шиг байна.Жишээлбэл: Эрдэнэт үйлдвэрт ажиллаж байгаа нягтлан бодогч, эдийн засагч нар зэсийн баяжмалын өртөгт ямар зардал хамаарах ёстой, энэ талаар Монгол Улсад ямар хууль байдгийг хэлж өгнө, Менежментийн зардал гэдэг зүйл өртөгт тусгагдах биш ноодол ашгаас нөхөгддөг байх ёстойг хэлж өгнө, Монгол Улсад үндсэн хөрөнгийн элэгдлийг ямар хувиар бодож өртөгт тусгадаг хуультайг болон байгуулагдсан элэгдлийн сангийн дийлэнх хэсэг хөрөнгө оруулагчдын шийдвэрээр үндсэн хөрөнгийг шинэчлэх сэргээхэд зориулагдах ёстойг хэлж өгнө.Баяжмалын өртөгийг зэсийнх, алтных, мөнгөнийх, ренийнх гэж хуваарилдаггүй, тийм учраас зэсээс бусад ашигт малтмалын борлуулалтын орлогыг бүхэлд нь ашигт тооцох боломжтойг хэлнэ.Энэ мэт олон асуудлаар үндэслэлтэй санал зөвлөмж хэлж өртөг хийсвэр өсгөж, ашгийг буруулж, манай талд хохирол учруулж болох үйлдэлд тооцоо үндэслэлтэй няцаалт өгөхөд тус болохсон.
- Ер нь Оюу Толгойтойн хөрөнгө оруулалтын гэрээний нөхцөлийг өөрчлөх хэрэгтэй бөгөөд өртөг, орлого, ашгийг бодитой тодорхойлохыг хүсдэггүй хамтрагчтай гэрээний шударга нөхцөлийг тохиролцох аргагүй юм байна. Ийм учраас хөрөнгө оруулалтын анхны гэрээ байгуулахад үндэс болгосон Техник эдийн засгийн үндэслэлд тусгагдаж байсан өртөг, орлого, үр өгөөжийн дүн, тэдгээрийн үндсэн дээр Монголын талд төлөгдөх ёстой гэж тооцож байсан нөөц ашигласны төлбөр, орлогын татвар, ноогдол ашгийн дүнг тэр ТЭЗҮ-д тусгагдаж байсан борлуулалтын орлогын дүнд харьцуулсан хувийг гаргаад, дээр гурван төрлийн ашгийг борлуулалтын орлогоос тэр хувиар нь шууд авдаг байх тохиролцоо хийх нь зүйтэй юм.Энэ нөхцөлийг ашигт малтмалын ордыг гадаадын хөрөнгө оруулагчид ашиглуулах нөхцөлд хэрэглэдэг байхад тохиромжтой.
Төрийн өмч, хувийн өмчийн нэгжүүдтэй байхын ач холбогдол, тэдгээрийн ирээдүй болон шийдэх шаардлагатай гэж боддог зүйлээ, мөн гадаадын хөрөнгө оруулагчидтай хийдэг хөрөнгө оруулалтын гэрээний нөхцөлийг сайжруулах асуудлаархи санал бодлоо товч бичлээ. Засаг төрийн удирдагчид, шийдвэр гаргах эрх мэдэлтэй нөхөд анхаарч зөв бурууг дэнсэлж, зөвийг ашиглавал улс орны хөгжилд хэрэг болохсон.
Дүгнэж хэлэхэд, монголчууд зах зээлийн эдийн засагт шилжиж өмчийн олон хэлбэрийг хөгжүүлэх чухал ажилд онож алдаж, ололтыг бататгаж, алдаанаас сургамж авч засаж байх амьдралын их сургуульд сурцгааж байна. Ямар боловч бүтээн байгуулалтад саад хийдэггүй, бүтээснийг хамгаалж хадгалдаг заншилтай, туршлагагүйгээс алдсаныгаа хэлмэгдүүлдэггүй эвтэй хүчтэй, баялаг бүтээгч иргэд байцгаах л эрхэм юм.
Ерөнхий сайд асан
АлтанЧой овогт Думаагийн Содном
2021 – 03 – 08