Чи шин гэдэг мастер хааны азарган тахиаг тулаанд сургажээ. Шувуу тэмцээнд ороход бэлэн эсэхийг хаан асуухад Чи шин:

- Болоогүй ээ. Тэр гал дөлөөр дүүрч. Өөр шувууг хармагцаа өдөж тулалдахад бэлэн, омог бардам байна гэжээ.

Арван өдрийн дараа:

- Тахиа гооглох дуунаар өрвөлзсөөр байна. Жаахан хугацаа хэрэгтэй гэжээ. 

Дахин арав хоносон хойно:

- Арай л болоогүй. Ууртай хардаг хэвээрээ байна гэв. 

Улмаар арван өдрийн дараа сургагч:

- За, бараг болчихлоо. Одоо өөр шувуу дуугарсан ч нүдээ хөдөлгөхгүй модон тахиа шиг зогсдог болж. Эрийн цээнд хүрсэн тулаанч болжээ. Бусад шувуу түүнийг хармагцаа далдирч зугтах вий гэжээ.


Эго, Бурхан хоёр зэрэг байх боломжгүй. Бодь хайр байтугай жирийн амраглал дунд ч бууж өгч, өөрийгөө алдах ёстой хором бий. Тэгж байж бүх бие цогц шинэ эрчим долгисоор бялхдаг. Ердийн дур тавилт бол оргазм – хайлан биш. Хайлан бол дотоод сүнслэг үзэгдэл. Уярал хайланг амсаж чадахгүйдээ хүмүүсийн 99% нь сэтгэцийн ил, далд эмгэг дунд амьд үхдэл болж явна. Бурханд ойртох хамгийн дөхөм үүдээ мартсан хэрэг. Байгалиас заяамал үүдээр Бүхэлтэй хэдхэн хором ч атугай холбогдох аваас цоо шинэ эрчим хүчээр цэнэглэгдэнэ. Даанч эгогоос болж энэ завшаанаа эдэлж чадахгүйд хүрчээ. Амраглал, залбирал, бясалгал гээд аль ч хэмжээсэнд уг асуудал нь ижил. Чи бууж өгч, уусч хайлах учиртай. 

Байгаль өөрийгөө үргэлж сэлбэж байдаг энергийн шавхагдашгүй эх булаг. Эго бол байгалийн хэсэг биш. Нэг мод гундавч өөр мод нахиална. Түүнчлэн чиний дотоод мөн чанар байгаль оршихуйтай амь нэг. Хооллохгүй бол бие чинь гурван сарын дотор үхэх байх. Амьсгалахгүй бол гурван минутын дотор мажийна. Бие махбод мөнх бусын үзэгдэл учраас түүнд үргэлж түлш шатахуун хэрэгтэй. Харин ухамсар – сүнсэнд түлш хэрэггүй. Энэ бие чинь үхэхэд ухамсар өөр биед шилжинэ. Түүнд эхлэл, төгсгөл үгүй. Үхэшгүй мөнх эх сурвалжаа таньсан цагт айдас замхарна. Эгогийн хувьд үхэл мөхөл үргэлж заналхийлдэг тул бүгдээс айж сэжиглэж, тэрхүү айдсын далай дундаа “эр зориг”-ийн арал бүтээж аргацаах гэдэг. 

Мулла Насрэдин хуримаа хийчихээд бал сараа аглагт тэмдэглэхээр явжээ. Эхний шөнө хэн нэгэн хаалга тогшив. Үүдээ нээтэл гар буутай дээрэмчин орж ирлээ. Муллагийн гэргий залуухан гоо бүсгүйг хараад мань дээрэмчин үндсэн ажлаа мартаж орхив. 

- Чи тэр буланд зогсож бай! гэж Муллад тушаагаад гадуур нь тойрог зурж,

- Энэ тойргоос нэг л алхам давбал толгойд чинь сум зооно шүү гэснээ бүсгүйг тэвэрч үнсэж үнгэж гарчээ. Шавай нь ханасан дээрэмчнийг гарч одсон хойно эхнэр нь:

- Чи эр хүн мөн үү? гэхэд бүгдийг харж зогссон Мулла:

- Би тийм хулчгар биш шүү! Цаашаа харахад нь тойргийн гадаа гишгэсэн. Нэг биш, гурван удаа! гэж омогджээ. 

Та нарын эр зориг гээч нь айдсаа нуух халхавч төдий. Наполеон, Гитлер, Александрууд чинь тойргоос гадна хөлөө цухуйлгагчид болохоос дотор гүндээ ав адил дагжин чичрэгчид. Өө сэвээ өнгө будаг, өмсгөл зүүсгэлээр халхалдаг шиг, мулгуу тэнэгээ уран цэцэрхлээр далдалдаг аятай. Будда, Жуанз, Есүс тэргүүтэн хулчгар биш учраас эр зоригтон ч биш. Тойрог дотор зогсож байж л тойргоос хөлөө цухуйлгана шүү дээ. Үхэшгүй мөн чанараа таньсан хүн тодорхойлолт бүхнээс хальдаг. Түүнийг гэмтэн ч, гэгээнтэн ч гэх аргагүй. Тэнэг ч, цэцэн ч гэж нэрлэшгүй. За, одоо Жуанзын ёгт түүхийн дээжтэй танилцъя. 

Чи Шин тахиа сургагч байв. Тэрээр Шуан хааны азарган тахиаг тулаанд сургажээ.

Чи Шин жирийн нэг шувуу сургагч биш, Дао-д нэвтэрсэн хүн байжээ. Хятад, Япон, дорно дахинд егүзэрүүд илд сэлэм, нум сум, зураг бичиг гээд л бүх зүйлийг бясалгалын хөлөг болгон ашигладаг байв. Хааны урилгаар Чи Шин түүний тахиаг дасгалжуулжээ. Тулаанд шимтэж, ялалтанд хорхойсох нь эгогийн араншин. Тахиа шувуугаар хүртэл бидний эго тэмцэлддэг. Бүх зүйлийг эгодоо ашигладаг. Тоглоом наадмыг хүртэл түүгээрээ гутаана. Жаахан хүүхэд наадамдаа баясдаг. Амьдрал чинь тийм цагаахан наадам байвал сайхан хэрэг. Эгогийн хувьд наадамд биш, үр дүнд төвлөрдөг. Яаж ялах вэ гэж чичрээд эхэлмэгц наадам биш, бизнес болж хувирна. Хаан, Чи Шин хоёрын сонирхол ондоо гэдгийг анхнаас нь санаарай. Хаан тулаанд шимтэж байсан бол Чи Шин өөр зүйлд анхаарчээ. 

Шувуу тэмцээнд ороход бэлэн эсэхийг хаан асуухад Чи Шин:

- Болоогүй ээ. Тэр гал дөлөөр дүүрч. Өөр шувууг хармагцаа өдөж тулалдахад бэлэн, омог бардам байна гэж хэлжээ.

“Болоогүй ээ. Тэр гал дөлөөр дүүрч...” Хаан энэ хариултыг сонсоод гайхсан нь лавтай. Хэнтэй ч тулалдахад бэлэн гал дөл ноцсон үедээ тулаанд оролтой биш үү? Удаан хүлээвэл ноцсон гал унтарчих ч юм бил үү. Энэ бол ердийн ухаан. Харин билиг ухааны хувьд эсрэгээр хэлнэ: Үргэлж тулалдахад бэлэн асаалттай бол болоогүйн шинж. Чи аймхай хэвээрээ байна. Уур омгоор айдсаа халхавчилж байна. Аймхай хулчгарууд л эр зоригтон гэж өөрийгөө харуулахыг хүсдэг. Мулгуу тэнэгүүд л ухаантны дүр эсгэж жүжиглэдэг. Мэргэн ухаантан мэргэнээ нотлох далим хайдаггүй. Чинхүү хайрлагч хүн хайраа нотлох гэж хүчилдэггүй. Нялуун үг, бэлэг сэлтээр өнгөлөвч та нарын хайр жүжиг байдаг. Дэйл Карнэги тэргүүтний зөвлөгөө ёсоор өдөр бүхэн хайрын үгийг тоть шиг давтавч дотоод гүндээ улам цөлийх. Үнэхээр хайраар бялхаж байвал үг яриа шаардлагагүй. Бүх оршихуй чинь түүнийг илэрхийлэх хойно. Хайр бол нууж хаахын аргагүй амьд үзэгдэл. Зүрхэнд зул бадарч, бүх биеэр долгион сэвэлзэж, анхилга түгж, гудамжаар алхаж байхдаа ч бүжиглэх мэт санагдана. Амраг хайрт чинь байтугай танихгүй хүн ч чамайг хайранд умбаж явааг анзаарна. Буй байдал нь хүнийг хэн бэ гэдгийг аяндаа илэрхийлнэ. Сүр үзүүлж, дүр эсгэх тусам худлаа байдаг.

Арван өдрийн дараа:

- Өөр тахиа гооглох дуунаар өрвөлзсөөр байна. Жаахан хугацаа хэрэгтэй гэжээ.

Тэмцээнд ялах гэсэн хааны сэтгэл адгаж байжээ. Ахиад арван өдөр хүлээсэн хойно уг хариултыг сонсоод сургагчдаа эргэлзсэн биз. Гэвч Даогийн хүн өөрөөр харж байв: “Тахиа гооглох дуунаар өрвөлзсөөр байна... Энэ бол айдсаас ангижраагүйн шинж.” Айдастны хувьд бүх ертөнц дайсан мэт санагддаг. Алхам бүрт, хором тутамд өрвөлзөх шалтаг мундахгүй. Аймшиггүй зүрхтэний хувьд бүх ертөнц элгэмсүү санагдана. Хаа ч байсан тэрээр орон гэртээ налгархан байна. 

Дахин арав хоносон хойно:

- Арай л болоогүй. Ууртай хардаг хэвээрээ байна гэв.

Тахиа өсч хөгжсөөр. Гэвч эрийн цээнд хараахан хүрээгүй. Гадна талдаа нам тайван ч дотор гүндээ уур хилэн, тэмцэл тулаан агуулсаар байж. 

Улмаар арван өдрийн дараа сургагч:

- За, бараг болчихлоо. Одоо өөр шувуу дуугарсан ч нүдээ хөдөлгөхгүй модон тахиа шиг зогсдог болж. Эрийн цээнд хүрсэн тулаанч болжээ. Бусад шувуу түүнийг хармагцаа далдирч зугтах вий гэжээ.

Жинхэнэ тулаанч болсон цагт тулалдах шаардлага гарахгүй. Аймшиггүй түүнтэй хэн тулалдаж зүрхлэх вэ. Бусад тахиа уур омгоор дүүрэн өрвөлзөн гарч ирээд өмнөө зогсох шувууг өдөж сөдөж, үсэрч гуагчиж өрвөгнүүлэх гэж оролдовч нүдээн ч үл хөдөлгөх. Энэ ертөнцөд үл харъяалагдах Будда шиг тайван зогсоно. Аймхай хулчгар, адал зоригтны аль нь ч биш түүнээс өөрийн эрхгүй эмээн чичирч, далдирч зугтахад хүрнэ. 

Энэ бол Зэн дайчин самурайг сургууль. Тэрээр уур омоггүй тулалдах ёстой. Та нар уур омогтой амраглаж хүртэл чадах. Харин уур омоггүй дайтна гэдэг амаргүй. Нууц нь эгогүй тулалдах. Тэмцэл тулаан бол эгогийн ноён оргил. Хэрэв эгогүй тулалдаж чадах юм бол бүх зүйлийг эгогүй хийх боломжтой... 


- Ошо “Өвс өөрөө ургана”

(АГНИСТЫН ГЭГЭЭ цуврал-18)