ХХ-ХХI зууны зааг үеийн Монголын утга зохиолын томоохон төлөөлөгч Цэндийн Доржготовын уран бүтээлийн түүвэр цоморлогийг уншигч танд барьж байна.
Хүний төрөлх мөн чанар, ёс суртахууны сэдвийг хөндөж, нийгмийн байгуулал, цаг үеийнх нь үзэл санаатай сөргөлдүүлэн тавьдаг нь түүний уран бүтээлийн гол онцлог юм.
Социалист урлагийн гол арга барил нь “Манай талын цагаан бурхад ба дайсны талын хар чөтгөр” хоёрыг мөргөлдүүлэх зарчим байсан. Гэтэл Ц.Доржготов энэ зарчмаар өөрөөр нь тоглож хар толботой цагаантан, цагаан гэгээтэй хар баатрыг өөрийн арга барилаар дүрслэн зурж иржээ. Өрөвдөж болмоор дайсны тал ба үзэн ядуулах юмтай манай талынхны дүрийг монголчууд анх түүний бүтээлээс олж харсан гэж ч болно.
Социалист реализмын явцуу арга, ганц үзэл суртлын хатуу чанд дарамт, хэвлэл хянах газрын нарийн шалгуур дундуур нэвтрэн уран бүтээлээ нэвтрүүлэн гаргаж чадсан нь зохиогчийн уран чадварын нууц гэлтэй.
Ардчилсан хувьсгалын дараагаар монголын социалист реализм өндөрлөж, урлахуйн арга барилын хямрал нүүрлэсэн юм. Ихэнх нь зохиолчид хар цагаан баатруудынхаа байрыг солих замаар уран бүтээлийн арга зүйгээ аврахын хичээж эхэлсэн. Харин Ц.Доржготов зохиолч яг л гэмтэй атлаа ариун, гэгээтэй боловч толботой амьд баатруудаа улам чамбай урласаар үлдсэн юм.
Нэрт зохиолчийн 80 насны ойд зориулсан эл цоморлог түүвэрт түүний роман туужуудаас гадна сэтгүүл зүйл бүтээлийг ботилон багтаалаа. Зохиолч Ц.Доржготов нэртэй шог зураач, номын шилдэг зураг чимэглэлийн автор гэдгийг дурдан зарим бүтээлийг нь хавсаргав.
Ташрамд дурдахад, НЭПКО хэвлэлийн газраас Монголын утга зохиол, туурвил зүйн мастеруудын шилдэг бүтээлийн цоморлогийг олон ботиор багцлан гаргаж эхлээд байна. Билгүүн номч Б.Ринчен гуайн утга зохиол, орчуулгын бүтээлийн таван боть үүний өмнө гарсан билээ. Шинэ шинэ цоморлогууд маань удахгүй таны гар дээр очих болно.

НЭПКО хэвлэлийн газар


Далийн цэцэг ба сохор бурхан
Хөмөрсөн тогооны дотор тал шиг хүнхэр агаад аварга том, хав харанхуй шөнийн тэнгэрийн хормойг үүрийн гэгээ зугуухан сөхөж шаргалтуулахад энд тэнд эрвэн сэрвэн сарьдгуудын ноёлох оргилууд сүүтэлзэн өндөлзөж өглөөний нартай түрүүлж золгохоор тэмүүлэв. Үүр цайхыг хүлээсэн их уулс аниргүй атлаа сүрдэм.
Булган уулын хадан элгэнд хярж хэвтсэн бяцхан туулай хав харанхуйгаар үргэн босож хэрдээ сүрхий чимээ дэгдээгээд нэгэн тийш дүүлэн хурдлав. Эргэн тойрон чив чимээгүй учир өчүүхэн анир содон. Харанхуйд давчуу цээжтэй хүний амьсгаадах чимээ хяхатнан, туулайн сэмхэн хөлөнд хөндөгдөж нурсан жижиг чулууд хаа нэгэнтээ уулын огцом энгэрийн хавтгай ханан хад руу саргин асгарлаа. Булган уулын хадан элэг өөд нэгэн бараан дүрс, сүнс сүүдэр мэт чив чимээгүй зүтгэлнэ. Тас хар хүний дүрс уул өөд мацах бөгөөд цагаан сахал нь харанхуйд анзаарагдах төдий цайвалзана. Цагаан сахалтай хар дүрс хад өөд дөрвөн хөллөн авирч заримдаа халтирч чулуу нураах бүрт хаднаас зуурч тогтоод мэнгэртэй уушгиа хэржигнүүлэн амьсгаадна. Эрүү өвдөг нийлэх шахсан өвгөн хар өглөөгүүр хадан уулын эгц өөд мацах нь хэний боловч гайхлыг төрүүлэх буй заа. Өвгөн пинтүү маягийн халимагтай бөгөөд хавар намрын хуучирсан пальто өмсжээ.
Нар тусмагц Булган уулын анхилуун үнэр дэгдэн хөөрч, тал хөндийг ариулдаг. Хөх цэнхэр хаднаас нь хүртэл хамар цоргисон хүж шавгийн үнэр ханхалж, түүнд өвгөн Тувааны самсаа шархирч нулимс хурж, хавантай бүлцэн нүднээс нь хацрыг дагаж, цагаан хужир татуулсан шорвог урсана. Шөнөдөө хүйтэн хар чийгэнд дарагдсан уул усны үнэр өглөөний нар үзүүт хөөрөн дэгдэж, газар дэлхийгээр тархан ханхалдаг ажээ. Энгэртээ Зонхов богдын дүрийг сахиус болгон залсан энэ сайхан хангайгаас өглөө бүр бурхан ширээний үнэр ханхлах шиг болдог юм. Энэ өглөө Туваан өвгөнд мөн л тэгж санагдлаа. Шар тосонд нэвчиж, утаанд борлосон бурхан тахилын аль дивангаравын үнэр насан өндөр болсон Туваан даргын нармайнаас эдүгээ тавин жилийн дараа гэхэд ул мөргүй болтлоо арилаагүй нь сонин. Гайхмаар ч юм шиг, аймаар ч юм шиг.
Тувааныг мацсаар явтал Булган уулын шовх шовх торгон оройд нарны улаан шар өтгөн туяа гүн харанхуйд алтны хайлш адил гялалзан асгарлаа. Өнөө өглөөний нар гойд хурц шар өтгөн ажээ. Байц оргилын торгон үзүүрт туссан нарны өтгөн улаан туяа уулын элэг бэл рүү тарах тусмаа хурц өнгөө зугуухан алдсаар ухаа хонгортоно. Хангай дэлхийг гийгүүлэхээр эзлэн авч буй нарны тэр хонгор гэрлээс Туваан дарга өрсөж, богд Зонховтой уулзах гэсэн мэт улам яарч, хаддын эрвэн сэрвэнгээс тамиргүй гараараа зуурч чангаасаар бөглөрч унатлаа зүтгэв. Уг нь Туваан Булган хайрхны хормойноос харанхуй шөнөөр шахам авирсан юмсанж. Тэрбээр даанч удаан ахиж байлаа. Аргагүй л хөгширч дээ, Туваан дарга.
Түүнийг Зонхов богдын хөлд хүрмэгц нар тэнд дөнгөж бууж ирэв. Нарнаас хоцролгүй бурхны хөлд амжиж очсондоо Туваан туйлаас олзуурхав. Нарнаас хожимдвол тэрбээр их алдана гэж бодож байлаа. Өтөл өвгөн хад түшин зогсож, оволзсон амьсгалаа жаахан дараад бурхны баруун талаар хороолон тогтсон хадыг түшиж, өөдөө мацамшаа аядлаа. Авирч явахдаа Туваан Зонхов богдын балархай дүрсийг айсан нүдээр ширтэж, өчүүхэн төдий чимээ гаргахгүйг хичээж чармайх нь дөнгөж амьсгал хураасан хүний хөрч амжаагүй шарилын дэргэдүүр яваа мэт айдас хүйдэст автжээ. Туваан зүтгэсээр бурхны баруун мөрний дээх нь хадны завсраас ургасан хоёрхон өндөр бутны дэргэд очоод хуучирсан пальтогоо тайлж, нямбайлан эвхэж, хадан дээр тавив. Тэгээд ийш тийш сэрэмжлэн харснаа хоёр бутны хооронд шурган орж нуугдлаа. Бутны оройд хэдхэн турьхан ягаан цэцэг өглөөний нар тосон дэлбээгээ зугуухан дэлгэж байна. Туваан орчин үеийн эмч нарын зөвлөдгөөр Булган уулын ариун дагшин агаарыг хамраараа шунаг сорж, бүхий л өмхий уушгиа цэвэрлээд амаараа бузар хийгээ гадагш шахаж эхлэв. Хоёр бутны хооронд ганцхан хүн сууж багтах төдий зайтай бөгөөд эндээс бурхны зүг хэрэв харвал Зонхов богдын гэмтэж сохорсон зүүн мэлмий ажиглагдана. Дөрөв таван зуун хонь уужуухан хотлуулчихаар уулын энгэр лүү асгарч тогтсон хавтгай налуу ханан хадан дээр Зонхов богдыг дүрсэлжээ.