Сонгууль сонин болж өнгөрлөө. Ийм аймар арчина (арчуулна) гэж хэн ч мэдэх билээ. Нийслэлд хүртэл шүү. Гэхдээ гомдол байхгүй ээ. Хуулиа өөрснөө баталж, тойргоо ч өөрснөө зурсан. Хар машинаа ч өөрснөө авчирсан билээ.

Хундаам

Монголын парламентад янз бүрийн л хүмүүс байв. Гомог шинжлэх ухааны үндэслэлээр тайлбарлачихдаг. Малайзын онгоцыг ганцхан хараагаад сөнөөчихдөг. Туяа нэрийг Хуяг болгоод ерөнхий сайд болсныг баталж чаддаг. Аа тэр Ерөнхий сайд нь “та нар яасан их хуулиа барьдын!” гэж загнадаг. Ууланд төөрчдөг. За ном бичих яахав гэхэд тэрийгээ бэстсэллэр гээд зарлачдаг. Хятадтай тэмцэгч гишүүнтэй, Архи тамхитай тэмцэгч согтуу тамхичин гишүүн эмэгтэй камер үнсэж бариад л...

Ард түмэн чинь өөрсдийг нь илүү мэдлэг, чадал, хийморьтой хүнийг хүсдэг болохоос өөрсдөөс нь дор, өөрсдөөс нь бүтэлгүй, инээдтэй амьтдыг хараад урам хугараад салахын түүс болох нь хэр шдээ.

Тэгснээ Ерөнхийлөгч нь “бар жилийн явдлыг хонь жил ярихаа л больчих л доо” гэж мэгнэ. Хурлын дарга нь үг чинь таалагдахгүй байна гэж мик хаах төдийгүй цэцэрлэгийн хүүхэд шиг нутгийн аялгаар нь нэгнээ шоолдог.

Ард түмэн чинь өөрсдийг нь сэмбийтэл дагуулаад явах, туг барин манлайлах, хүнээс харамлаж өмөөрөх хүнд дуртай болохоос дарладаг хүмүүст яаж дуртай байхав дээ.

Эрх баригчид хоорондоо тамтаггүй дайтлаа. Яаж эрх мэдэл булаалдаж, унасан нь хэрхэн өширхөж, унагаасан нь гүйцэд дарах гэж яаж цамнав. Хажууд нь сонгууль сургуулийн хүүхдийн туг булаацалддаг тоглоомын дайтай юм болох жишээний.

Ард түмэн чинь төр гэдэг найдвартай дээвэртэй ажин түжин амьдрах дуртай болохоор хэзээ дэлбэ үсрэх нь мэдэгдэхгүй хэнгэрэг шиг дээврээ засахыг хэн чиг л бодышд.

Ерөнхий хундаам нь бол нэг иймэрхүү хүн айлгаж, хүүхэд ичээсэн л хүмүүс төрд байлаа даа. Ядуурч, ажилгүй болж, авран хамгаалагч хайсан монголчууд хотынхныг хүртэл түлхээд унагаачихсан. Одоо ялсан нам нь яаж хямралаас гаргахын байгаан. Гэхдээ тэр тухай бодох сөгөөгүй халаа сэлгээ рүүгээ шаагаа биз...

Пиар

“Ахиулан хийх ажил байна” гэдэг үгийн сонголт хүмүүст тийм ч сайн буухгүй байгаа нь ажиглагдаж, сонсогдож байлаа. Монголчууд ахиулан гэдэг үгийг гүзээний ам боох, эсвэл ор хөнжлийн явдалд түлхүү хэрэглэдэг нь нөлөөлсөн юм болов уу. Харин МАН-ын уриа “Бид зүтгэнэ, хамтдаа хөгжинө”. Бас л ямар ч тодорхой зүйлгүй, яах нь мэдэгдэхгүй. Гэхдээ дөрвөн жилийн дараа, “хүн шиг амьдруулна гэсэн чинь яасан бэ!” гэж амаа асуулгахгүй сайхан уриа.

АН-ын төв штаб гэж дуулдсангүй, төв штабаас тэглээ ингэлээ гэсэн юм ч гарсангүй. Нийслэлийн АН-ынхаа үзүүлбэр дээр байсаар дуусчих шиг боллоо. Тактикийн хувьд шатласан алхам ажиглагдаагүй. “Ахиулан хийсээр” байгаад дууссан. МАН-ын гаргаж ирсэн контентуудын хариуг барьсаар байгаад таарав уу даа. Стилийн хувьд тэд зовлон, гуниг дурсахгүй, баяр наадмын байдалтайгаар хүн бүрийг сэтгэл дүүрэн байдалтай байлгаж байгаад дугуйлуулчий гэж бодсон байх. Гэвч даравч дардайх хямрал, булавч бултайх компаниудын дампуурал зүгээр байлгасангүй.

МАН үүнийг ашиглаж эхний үедээ нэлээн харлуулах байдлаар явж байснаа сүүлийн 3-4 хоногт бүх юм сайхан болно гэсэн мэссэжээр төгсгөж байна лээ. Мөн жүжигчин Амараагийн гурван хэсэг видео шторк сонгуулийн хамгийн их үзэлттэй контент болсон байх.

Бие даагчид

Энэ үнэхээр сэдэв болж чадлаа. Бадарчийн Одсүрэн, Хассуурийн Ганхуяг, Өөлдийн Мөнхбат зэрэг нэрс хүмүүсийн ой тойнд үлдсэн. Дарийн утаа анх үнэртэж байгаа ч тэд хүчтэй байв. Б.Одсүрэн гэхэд Ц.Нямдоржтой, Х.Ганхуяг З.Энхболдтой хүч үзжээ. Халдвал хар халзанд нь гэж. Сонгуулийн өмнөх прогнозоор гол нэр дэвшигчдийг сүүл даран хөөж яваа дүр зураг байнга гарч байсан. Гэвч тэс өөр салхи гарч МАН-ын нэр дээрээс хэн ч байсан ялгуусан туг мандуулахаар байжээ.

Хүчирхэг “хувиараа нэр дэвшигчид” бүгдээрээ шахуу ХҮН намын угшилтай хүмүүс. Энэ намаараа сонгуульд орсон бол АН-аас залхсан сонгогчид бүлэг байгуулах төдийгөөс ч илүү итгэл хүлээлгэж магадгүй байсныг бид харлаа. Өөр итгэчихмээр гурав дахь хүч гэж байгаагүй. Энэ залуус нэгдэж чадвал, дөрвөн жилийн хугацаанд хэрүүл уруул хийлгүй төвхнөж чадвал заавал ХҮН ч гэлтгүй бүтэц байгуулахад ирэх сонгуульд магнайлж магадгүй л шижгэр харагдаж байна.

Өөр сонин сайхан?

Янз бүрийн улсууд байж байгаад буусан нь аз боловч бас л янзан бүрийн улсууд орж байгаа нь дамжиггүй. Ирэх дөрвөн жилд бид юу үзэж, юу туулахыг яриад ч яахав. Одоохондоо бол ч үхэр тэрэг хөтөлсөөр гайхамшиг бүтээж чадсан Жавхлангийн зэс л цухуйгаад байна. Арай гэж хотын төрх орж буй Нийслэлийг мориор дүүргэсэн тэрээр хөөрөлд автаад хөдөлдөг эмгэгтэй байх вий дээ. Монголын парламент хэсэг галзуугаасаа салж бас нэг хэсэг галзуутай болж байгаа нь энэ. Концертод тавтай морил үзэгчид ээ!

Харин хүч тэнцүү өрсөлдөөн бишгүй өрнөлөө. Хөтлөгч Анужин –дуучин Жавхлан, хөтлөгч Оюунчимэг -гишүүн Гарьдхүү, Маха үзэлт Төмөрчулуун -гишүүн Батзандан, гишүүн Эрдэнэчимэг –доктор Учрал, гишүүн Эрдэнэ –ногоон малгай Амгалан гэх мэт. Хэн нь ч байсан онцын ялгаагүй энэ мэт тойргуудаас гадна хүн баярлам тойргууд гэвэл босоо Гамбаа, Уянга, Магнай нарт итгэл үзүүлээгүй газрууд байлаа. Юу ч хамаагүй хэлдэг, хэлснээ хариуцдаггүй улсууд бидэнд хэрэггүй. Эрдэнэтэд Баасанхүү сюрприз барьлаа. Тэнэг тариачны төмс том гэж. Гэхдээ энэ зүгээр зүйр үг тул зүйрлүүлсэн л юм шүү, тэхээс Баасанхүү гишүүнийг тэнэг гээгүй, тэгээд ч тэр тариачин биш байх, төмснийх нь том жижгийг ч мэдэхгүй юм.

Нэр дэвшигчдийн уриа үгний хувьд хамгийн баавартай нь хэний ч билээ “Би ирлээ” байлаа. Зурагаа томоор тавиад ийм үг бичсэн самбараас гарсан хамгийн том эффект нь “энэ хэн юм?” гэсэн хүмүүсийн асуулт байв. Харин хамгийн эв хавгүй нь Баянсэлэнгэ гишүүний “Би танай гэр бүлийн гишүүн” гэсэн уриа. Энэ нь сонгогчдыг тийм гэр бүлийн гишүүнтэй байх эсэхээ бодож саналаа өгөхөд хүргэсэн болов уу. Бас нэгэн өвөрмөц уриа нь ”Өөрчилбөл өөрчилсөн шиг өөрчлөе”. Энэ хэнийх байсныг нь мартжээ. Гэхдээ нүдэнд ч шүдэнд ч мохоо хөрөө шиг тажигнах энэ өгүүлбэр Сампил гэдэг хэрүүлч залуугийн дүрийг шууд санагдуулж байв.

Дашрамд энэ жилийн сонгуулийн дүн судлаачдыг бут ниргэв. “Баабарын прогноз” ч далийв. Хэн ч энэ үр дүнг барин тавин шиншилж, албан ёсоор гаргаж тавьж чадсангүй.