Тороол
Тороолын мөн чанарыг олон янзаар тодорхойлдог. Хамгийн түгээмэл нь цахим орчинд бусдыг гутаах зорилготой цуурхал тараах, яс хаях, хэрүүл үүсгэхэд чиглэсэн санаатай, зохион байгуулалттай үйл ажиллагааг хэлдэг.
Монголын Цахиагийн ЭЛБЭГДОРЖ
Troll бол цахим орчимд тархсан хэллэг. Тороолын мөн чанарыг олон янзаар тодорхойлдог. Хамгийн түгээмэл нь цахим орчинд бусдыг гутаах зорилготой цуурхал тараах, яс хаях, хэрүүл үүсгэхэд чиглэсэн санаатай, зохион байгуулалттай үйл ажиллагааг хэлдэг. Олны анхаарлыг сарниулах, шууруулах, хөөрөлд автуулах замаар төлөвлөснөө хэрэгжүүлэх арга ч гэж үздэг. Бусдыг муулж, зохиомжилж, түгээж сэтгэл санааны гутралд оруулж, золиосныхоо өвдөлт, хохирол, зовлонгоос таашаал авах үзэгдлийг ч тороол гэж нэрлэх нь давамгай.
Үүсэл нэршлийн тухайд
Тороол бол интернэттэй цуг үүссэн зүйл биш юм. Олны дунд хэрүүл тарих, нийгмийн сэтгэл зүйг үймүүлэх, хордуулах, түүндээ гаршиж ашиг хонжоо хайх бол хүн сүргийн дунд үүссэн эртний үзэгдэл. Үүний хор уршгийн талаар дундад зууны үед хүмүүс ярилцах, жигших болж тэр тухай нэршил үүсч, аман болон бичгийн соёлоор өргөн тархжээ.
Тороол гэдэг үг хэллэгийг Европчууд олон зууны өмнөөс хэрэглэж ирж. Тэдний аман яриа, үлгэр домог, урлагт муу талын дүр, жишээ, биелэл мэтээр дүрслэгддэг. Тороолыг тэд чөтгөр, шулам гэж үздэг. Хүн дүрстэй атлаа эвэртэй, араатан шиг араа шүдтэй, урт гар хөл хумстай, гэнэт харагдаж үзэгдвээс айж цочмоор. Тэр шулам цусаар умдаалж ёдор мод унадаг гэж ярилцдаг.
Орчин цагт тороол гэх ойлголт дэлхийн бусад тив, улс оронд ч түгээмэл болжээ. Тухайлбал манай урд хөрш - Хятад улсад тороолын нэршил, дүрслэл өөр боловч уг чанар нь бусад газрынхтай адил юм. Хятадууд тороолыг “цагаан чивт” гэж нэрлэдэг тухай цахим лавлагаанд бичжээ. Учир мэдэхгүй, дур хүслээ захирах чадваргүй, өөрийн толгойгүй биет байдлаар тодорхойлох аж. Мөн цөцгийг нь цагаа унаж тагласан хүн мэтээр цагаан нүдэт, цагаат гэж бас хэлдэг. Өөрийн гайг харахгүй, бусдын мууд дурлагчийн нэр юм. Мөн Япончууд тороолыг “хог таригч” гэж шууд хаяглажээ.
Латин Америкт тороолын тухай хэвшсэн ойлголт ч бас бий. Тэд тороолтой хэрэлдэхийг цээрлэдэг аж. Тороолтой орооцолдох нь тагтаатай шатар нүүхтэй ижил гэж үздэг. Тагтаа шатрын өргийг тарааж, сангас баасаараа бузарлаад ялагчийн дүрээр нисэн оддог. Тиймээс тэдэнтэй ухаан уралдуулах утгагүй гэж бичжээ. Тороолд хандах иймэрхүү байдал хаа сайгүй түгээмэл болжээ. “Don’t feed trolls”. “Тороолыг бүү хоолло”, гэх нь “Нохойг битгий хоолло” гэсэнтэй утга ижил юм.
Тороол ба Монгол
Монголчуудын хувьд “Тороол” гэж нэрлээгүй ч тороол маягийн муу үйл, түүний хор уршгийг цээрлэсээр иржээ. Ялангуяа чөтгөр шулам, буг, муу шүглэлээс өөрийгөө болон ойр тойрноо хамгаалах арга, жаягтай байж. Чөтгөр шулам сониуч учир - шатрыг өрөгтэй нь, шагайг орхиод үлдээх гэх мэт. Тэр муу зүгийн юмнууд шагай, шатрын дүрс сонирхон сатаардаг гэж үздэг. Энэ тухай ээж минь намайг бага байхад ярьж “Шагай, шатрыг өрөөстэй хонуулах нь гэмгүй” гэдэгсэн. Тэгээд үүр цайхаар нөгөө сүнс, чөтгөрүүд алга болдог тухай ч домог бий. Хамгийн түгээмэл нь монголчууд малын толгойны ясны ухархай, сүүжний нүхийг сэтэлж хаядаг. Тэнд муу юм шүгэлж үлдэнэ гэж үздэг.
Монгол түмний машид эрхэмлэдэг эрдэнэ нь үр хүүхэд, нялхас өтгөс нь билээ. Тэднийг муу санаатан айж цочоох бий, бодол сэтгэл, биед нь муу юм шингэх, шүглэх бий гэж ихэд болгоомжилдог. Шуламыг “Бушхүүгийн үлгэр”-т хэрхэн дүрсэлснийг хүмүүс мэднэ. Манайхны шулам чөтгөрт хандах хандлага “Тороол” хэмээх цахим үзэгдэлтэй холбогдох нь хол мэт санагдаж болох. Гэвч цахим шуламын тухай болгоомжилсон яриа, түүнийг жигшсэн хандлага, тийм дуу хоолой өдрөөс өдөрт нэмэгдсээр байна.
Монголчууд хар хэл амыг машид цээрлэдэг. Тийм зүйл нь хүний сүлд хийморь, амжилт бүтээлийг доройтуулдаг гэж үздэг. Зарим нэг муу амтай, хараал хэрүүл тарьж явдаг хүнийг “Хар хэл”-тэй гэж ярьцгаадаг. Иймээс ч манайд муу хэл амнаас ангид байх, түүнийг хариулах, засал хийх зэрэг зан үйл ихэд дэлгэрсэн. Энгийнээр бол сэтгэлийн дархлаагаа хамгаалах, сэргээх, эмчлэх гэсэн арга юм.
Гэтэл энэ цээрлэл хүлээх муу үйл нь манай улсад маш олон хүний ажил амьдралын хэм хэмжээ болоод зогсохгүй, явцуу зорилго бүхий үйлдвэрлэл үйлчилгээ болон хүрээгээ тэлж байна. Тороолын аюулд өртөөгүй бүтэн сайн нэртэн, сайхан үйлстэн бараг байхгүй болжээ. Энэхүү шуламын хорлол, тороолын сүлжээ нь манай ихэнх байгууллага, айл гэрийг эзэлжээ.
Монголын төрийг ч хулгайлахаас сийхгүй болжээ. Монголд зарим орон шиг мөрдөстүүд биш “лалар”-ын арми эргэлт хийхэд ойрхон болсон мэт. Монголчууд төрийнхөө сүлдэнд залбирч ирсэн ард түмэн. Бидний сүлдэндээ залбирах утга нь түүний нийтлэг чанарт, ариун нандин, шулуун шударгуу, эрхэм нийгүүлсэлд байдаг. Төрийн сүлдэнд муу юм халдах, шүглэх учиргүй.
Төр бол бидний хувьд эрхэм ойлголт. Монголын төрийн эзэд нь Монголын ард түмэн юм. Ард түмэн гэдэгт өвгөд өтгөсөөс авахуулаад нялх балчирууд хүртэл Монгол улсын иргэн бүр орно. Ард түмэн гэдэгт төрийн албан хаагчид ч орно, хувийн хэвшлийнхэн ч орно. Цэрэг нь ч орно, дарга нь ч орно. Ажилтай нь ч орно, ажилгүй нь ч орно. Бүгдийг төлөөлөх чадвар бол төрийн эрхэм чанар юм.
Харин тороол бол үүний эсрэг, Монголын төрд харш үзэгдэл. Тороолын халдвар Монголын төрд ноёрхох учиргүй. Нэгийг нь нөгөөгөөр үзэн ядуулах, тийм үйл ажиллагааг зохион байгуулах нь Монгол төрийн ажил биш. Энэ үзэгдлийг бусад улс орон ард түмэн ч жигшиж байна. Иймээс тороолыг, тороолдохыг “аюултай зэвсэг”-ийн тоонд оруулан тооцож байна. Энэ логсуу, жигшим байдлыг хэрхэн хазаарлах, хязгаарлах тухай ярилцаж, судалж байна.
Troll-ыг монголоор юу гэж нэрлэх вэ? Миний эхний сонголт бол дуудлагаар нь монголчлох юм. Troll-ыг тороол гэж хэлж, дуудаж, бичиж хэвших. Тросс гэдэг үгийг тороос гэж хэлдэгтэй ижил. Troll-ыг нийтлэг хандлагаар нь “цахим шулам” гэж орчуулж болно. Нэг үгийг хоёр үгээр, бүр холын хоёр өөр ойлголтоор төлөөлүүлэх нь тийм ч оновчтой биш. Тиймээс цахимын “Ц”-г авч, шуламын “Ш”-ийг хасч нэг үг болговол утга агуулгын хувьд тун ойр нэр үг, бас үйл үг үүсч болохоор байгаа юм. Миний сонголт бол “Цахим шулам”-ыг “Цулам” гэж нэрлэх. Үүнээс цааш миний бие цулам гэж бичиг, яриандаа хэрэглэх болно.
Цуламын аюул ба хөөрсөн цөс
Энэ бол өнөөгийн соёлт хүн төрөлхтний шуугиж байгаа нэг гол сэдэв юм. Томоор ярьвал энэ тухай НҮБ, Европын Холбоо, Дэлхийн эдийн засгийн чуулганы түвшинд, нарийвчилж харвал улс үндэстэн бүрийн аюулгүй байдал, нийгмийн сайн сайхныг эрхэмлэх бүтэцүүд, цаашлаад хэвлэл мэдээлэл, технологи, сошиал ертөнцийн чиг хандлагыг тодорхойлогчид… гээд үргэлжилнэ. Цахим ертөнц доторх муу муухай, хүнээс ил бараг гарахаа больсон авир үйлдэл, дэмийрэл зэрлэгшил нь ертөнцийг бүрхсэн тахал боллоо гэж үзэж байна.
Интернетийг анх үүсэж, олны хүртээл болон хурдтай тархаж байгааг ихэнх нь “холыг ойртуулж, хоёрыг уулзуулсан” гайхалтай ололт гэж хүлээж авсан. Гэтэл “Тэр ололт зөвхөн хашаандаа л гайхамшиг болон үлджээ. Тэр хашаанаас гадуурхи нь харгислал хүчирхийлэл, гэмт хэрэгтнүүд, санаа муутуудын жаргадаг газар, үүр уурхай боллоо” гэж цулам судлаач Мэтю гэх эрхэм халаглаж байв. Би сүүлийн үед дээрхи асуудлаар олон хурал зөвлөлгөөн, илтгэл хэлэлцүүлэгт оролцож, судалгаа шүүмж үзэж сонслоо. Ингээд цуламын талаархи зарим дүгнэлтийг танилцуулъя.
- Цахим сүлжээ өөрөө аюултай зүйл биш юм. Харин түүнийг бохир зорилгод ашиглах нь аюул дагуулдаг. Цуламын нэг аюул бол асуудлыг бүтээлчээр шийдэх аргагүйд хүргэдэг. Тухайн үйл явц цулам маллагчийн хүсэл зорилго биелэхэд чиглэдэг учраас. Нийгэмд эрүүл мэтгэлцээн, бодлогын, үзэл бодлын эрүүл уралдаан утгагүй болдог. Хэрүүл, үзэн ядалт давамгайлдаг.
- Цахим шуламын хорлол нь нийгмийн эрүүл эд эс, эрхэм чанарыг гэмтээдэг. Цулам үзэгдэл нь хөгжил дэвшил, нийтийн сайн сайхан, эрхэмсэг оршихуйг бусниулдаг. Учир нь цулмууд тэдгээрийг шатааж таашаал авдаг.
- Цуламдахыг хүний үзэл бодлоо илэрхийлэх эрхтэй андуурах нь бий. Цахим сүлжээ бол хувь хүний гэхээс нийгмийн шинж чанарыг давуу агуулдаг. Тэнд ёс зүй, хариуцлага, бусдын эрх бас хамаардаг болоод тэр. Гэвч мөнхүү хямралд төгс хариу одоогоор алга. Үүний хамгийн үр дүнтэй шийдэл бол нээлттэй байдал. Энэ нь тэднийг таньж мэдэхэд, илчлэхэд тустай юм.
- Цулам бол бодлын хулгайч юм. Тэдний хохирогч нь гол төлөв төлөвшөөгүй эмзэг ариун санаа, уян зөөлөн цагаан сэтгэл байдаг. Мөн хүний хамгийн чухал эрхтэн зүрх тархийг онилж, сэтгэл хөдлөлийг ашигладаг. Хүний нас залуужих, эвдрэлийн түвшин нь бага байх тусам эдгээр цахим савартуудын учруулах өвдөлт нь ихэсдэг. Иймээс бидний хүүхэд, залуу үе тэдний хорлолд илүү өртөмтгий байдаг. Цулам зорилгодоо хүрэхийн тулд юуны ч дүрд хувирч чаддаг. Тэмээ бол тэмээ. Ямаа бол ямаа болдог. Хүн бол хүн, шулам бол шулам, заримдаа үнэн шударгын туйл болж үзэгддэг. Тэднийг сулаачид “Bad clowns” – муу алиалагч гэж нэрлэдэг.
- Цуламуудын амьдрах орчин бол үзэн ядалт. Үзэн ядсан үг яриа, доромжлол, зандалчлал бол тэдний хэл юм. Өөрөөсөө бусдыг үзэн ядуулахад ажлынх нь зорилго оршдог. Үнэн худлыг ялгах нь тэдэнд чухал биш. Тэд үнэнийг, шударгыг өөрийнхөөрөө ойлгодог, тайлбарладаг, тулгадаг. Цуламын амьдрах хөрс бол нийгмийн дэвшил биш нийгмийн доройтол юм. Олон түмний эв нэгдэл бус дайсагнал талцал юм.
- Цуламдах нь бусдыг сэтгэл санааны гутралд оруулахаас эхлээд амиа хорлоход хүргэдэг. Тэдний үйл ажиллагаа, үзэн ядалт нь аллагад хөтөлдөг. Тэд сэтгүүлчийн ч, тэмцэгчийн ч аминд хүрдэг. Тэдний ажлаас болж гэмгүй хүүхэд амиа хорлож, нийгмийн зүтгэлтэн ч хутгалуулж байна. Ийм жишээ иргэншсэн, соёлжсон зүгээр л хүний нийгэм бүрийг цочроох боллоо.
- Одоохондоо цуламын хорлолыг цаг хугацаа л, тэдний бузар үйлдэл өөрөө илрүүлэн илчилж байна. Тэдний мэдээлэл утгагүй. Дүгнэлт нь өрөөсгөл. Үр дүн нь эмгэнэл дагуулсаар байна. Тэдний амжилт ололт нь ядуурал өнчрөл, бослого тэмцэл, цуснаас улаан, нулимснаас гашуун сургамж болон үлдэж байна. Атаархал хорсол, явцуу зорилго, үзэн ядалт сайн зүйлд хэзээ ч хүргэхгүй. Хүний хөөрсөн цөс агшихдаа өвддөг. Ийм л юм болж байна.
Дээрхээр цуламын хэв шинжийн тухай яриагаа түр азная. Харин цулам болон улс төрийн симбиозын тухай цухас дурдсуу. Зөв бодлого цуламаас ангид байхыг эрхэмлэдэг. Харин буруу улс төрийг өнөөдөр цуламын оролцоогүйгээр төсөөлөх аргагүй юм. Тийм улс төр цуламын тээгч үү, эсвэл цулам нь тэр явцуу зорилго бүхий бодлогыг тээгч үү! Нэг бол тэдний “эрхэм” хослол уу! Энэ бол ухаж ойлгоход төвөгтэй, чивэлт үйл.
Явцуу зорилго бол ухаанд биш голдуу зөнд тулгуурладаг. Тэд маш энгийн байдлаар сэдвээ сонгож, энгийн дүрмээр тоглодог. Олон түмэн юунд дургүй байна, бас юунд автамхай байна. Түүнийг л хардаг бас олдог. Тэд энэ аргаараа амьд хүнийг ална, хээр хэвтэх хүүрийг ч босгоно. Тэд хэзээ ч нийгмийн оюун санааны түүчээ болж чаддаггүй. Учир нь тэдний бузар санаа цагийн хөөс л байдаг. Тэд хүний зовлонгоор тоглодог. Тэд ажлыг бүтээж биш нурааж ашиг хийдэг. Цулам, цулам үйлдвэрлэгчийн хорлол нь Монголыг зовоож байна. Энэ тухай ул суурьтай бодох, ярилцах цаг иржээ.
Цулам, нийгмийн зовлонгоор хөрөнгө зоорио бүтээгчид, амжилтад хүрэгчид бол цахим орчин, мэдээллийн ертөнцийн вирус, тахал тараагчид юм. Гэхдээ авууштай нь соёлт ертөнцийн ололт бүр үргэлж эрүүлжих тийшээ явдаг. Ирээдүй бас эрх чөлөөнд ч тийм хандлага давамгайлдаг. Цахим ертөнц нээлттэй байх тусмаа өвчнөө анагаах увьдас нь өсдөг. Түүнийг хуулиар, хүчирхийллээр, ялаар бүрэн эмчлэх аргагүй. Мэдээлэл, мэдлэгийн сайныг, эерэгийг түгээн дэлгэрүүлэх, мууг даган дуурайх гэж оролдох биш. Харин түүнийг жигших түүнээс сургамж авах, сургамжаа дэвшил болгож ашиглах нь оновчтой.
Цуламыг таних, ангилах нь
Цулам заавал хүний муу байх албагүй. Энгийн цулам бол бусдын хүсэл, програм тээгч юм. Үйлдэл бодлынх нь удирдлага өөр хүний гарт, толгойд, өөр сандал дээр байгааг өөрөө ч мэддэггүй. Өөрийн эрхгүй хэн нэгнийг үзэн ядна. Өөрийн эрхгүй хараал, гүтгэлэг, зандалчлалыг түгээгч болно. Энэ бол түгээгч түвшин. Цаашлаад зохиогч түвшинд дэвшинэ.
Танай гэрт ийм цулам байдаг бол танайд албан ёсоор цахим шулам шүглэлээ гэсэн үг. Танайх албан ёсны цуламтай айл болж, гэр орноос тань хэрүүл тэмцэл, талцал турхиралт салахаа байна. Цуламын дээд түвшин бол цулмаар амьдрагч юм. Цулмаар дамжиж нэр төр олно, бас зорилгоо хангана. Энэ бол малаар бол эцэг мал, шулмаар бол эх шулам гэсэн үг. Та цулам хээлтүүлэгч, тээгч төрүүлэгч, өсгөн бойжуулагч боллоо.
Хүнд заавал бурханлиг чанар эсвэл чөтгөрлөг чанар тусдаа орших албагүй гэдэг. Хүний дотор бурхан ч оршдог, чөтгөр ч оршдог. Нэг хүний дотор муу хүн, сайн хүн хоёулаа орших боломжтой гэсэн үг. Хүнд цагаан тал ч бий, бараан тал ч бий. Бурханаа тэжээх үү, чөтгөрөө тэжээх үү! Энэ бол таны сонголт. Алинаа тэжээнэ тэр чинь сэрнэ, томорно. Мэдээж цулам, цуламаар амьдрагч бол чөтгөрөө тэжээсэн, томруулсан гэсэн үг.
Цулам судалсан хүмүүс, мөн мэргэжилтнүүд цуламын хэв шинжийн тухай янз янзаар бичсэн байдаг. Алхаа нь хурдассан, нүд нь сөлийсөн, шүд зуусан, аатгануур, хөмхий зангидсан, анхаарал нь тогтохгүй байх гээд. Зарим нь гурван минутаас илүү төвлөрөх, мэдээлэл унших, үзэх чадваргүй ч гэдэг. Цахим шуламуудын 90 хувь нь таны бүтэн цаг хийсэн лайваас нэг удаа тогтож үзэхдээ 3 минут хүрэхтэй үгүйтэйг зарцуулсан байдаг.
Тэдэнд хараал, занал бичих бусад цуламуудынхаа хийж зүхэж байгаагаас таашаал авах, тэдгээрийг түгээх нь чухал. Тухайн мэдээллийн ач холбогдол, бодит агуулга тэдэнд огтхон ч сонин биш. Тэд эхний минут, хормоос харааж эхэлдэг. “Юуг нь үздэг юм”, “юуг нь уншдаг юм” гэж л ханддаг. Тэдэнд хүсэлд нь нийцэх ил захидал шиг эвлүүлэг, зураг, дүрс л хангалттай. Иймээс цуламтай хэрэлдэхийг цагийн баруул, эрүүл мэндийн гарз гэж хүнхтэй ихэнх хүмүүс үздэг.
Шударга, зоримог, эх орончийн арьсаар цуламнууд гоёдог. Тэр нь нэг маажилт даахгүй ховхорно. Үнэн чанартаа тэд маш эмзэг дэлбээнүүд аж. Цуламууд бусдыг сэлмээр балбах атлаа, өөрсдийг нь чүдэнзээр хатгахад эвхрэн унадаг. Тэд цахимбарынхаа араас, дэлгэцийн цаанаас бас гар утаснаасаа өөрөөсөө өөр үзэлтнүүдийг, ажил хэрэгч хүмүүсийг, эмэгтэйчүүдийг, тэднийг үл тоогчдыг, тэдэнтэй зарга заальхай болдоггүй нэгнийг гутаах доромжлохыг гаргуун хийдэг. Цахим хүчирхийлэлд өртөгсдийн 95 хувь нь дээрхи ангилалд хамаарагчид гэнэ. Цуламын хохирогч олны танил байх тусам түүнийг бүр галзууруулдаг. Хар дэлэнч шиг тойрч шавдаг, зовоодог. Сүрэглэн дайрч шүлсддэг, хатгадаг. Тэдний зэс хошуу хүний санаа сэтгэлийг шархлуулж өвчлүүлдэг.
Цулмууд өөр өөрийн онилсон байтай байдаг. Бай нь өгөөжтэй, мөлжүүртэй байх тусам улайрдаг. Тэд хүний шаналал, өвдөлт, нулимсанд баясана. Арга ядсан золиос нь хорь зоос, хөрөнгө мөнгөний санал тавьбал улайх ч үгүй шүүрнэ. Тийм хэлцэл, олзны дараа хэмлэлтээ хэсэг завсарлах боловч өдөр хоногоор үмхсэн өгөөшдөө бүр амташдаг. Өмнөхөөсөө илүүг нэхдэг, илүүтэй зулгаадаг.
Цулам өөрийн байтайн адил мөн өөрийн тэтгэгч тэжээгч, хөөргөн дэвэргэгчтэй байдаг. Тэжээл нь тасарвал эзнээсээ урвах гэж үзнэ. Эзнээ ч айлгана, эргэж заримдаа ноцно. Эсхүл эзнийхээ занг зүрхэнд нь орсон юм шиг мэдэх тул өстөнг нь илүү зэрлэгээр элдэвлэдэг. Үнэнчээ үзүүлж байгаа нь тэр. Эзэндээ шинэ, ноцтой баримтаар бэлэг барихыг үргэлж хичээнэ. Энэ зорилгоор шулам ордон өргөө ч хэснэ, шорон ч өнгийнө, тив тэнгис ч гаталж ниснэ.
Харин эзнийхээ чөтгөр атаархам нүгэл, луйврыг хичнээн харавч, мэдэвч, сонсовч тэр тухай ган хийхгүй. Бүүр хулгай худлынх нь хамтрагч, далдлагч, угаагч болдог. Эзнийхээ буруу гарын угаадас гишгэдсийн албан ёсны цэвэрлэгч болон мэргэшдэг. Нээлттэй орчинд цулмыг хүмүүс ядах юмгүй таньцгаадаг. Бас тэр хэрээр хэрсүүждэг.
Архаг цулмуудын донтолт нь бүр эсийн түвшиндээ хүртэл даамжирдаг бололтой. Энэ бол бараг эдгэшгүй өвчин гэсэн үг. Тэд нохой шуугиулахгүй, тийм шуугианд оролцохгүй, нэг үгээр хэлвэл сенсаацгүй бол байж суухаа олохгүйд хүрдэг. Итгэл үнэмшилээ биш сэдэв дагадаг. Цуламын цаламд орсон олонхи шуугиан, сенсаац дагаж согтдог. Жилд 1 гардаг байсан тэмцэл, шуугиан сар бүр гардаг болж, сарынх нь 7 хоногт, долоо хоногийнх нь өдөр бүрт шилжсэн байх тухай зарим судлаач өгүүлж байсан. Энэ үзэгдэл өөрийн чинь эргэн тойронд, амьдарч байгаа нийгэмд тань байвал цулмууд тэнд цаг агаарыг тодорхойлж байна гэсэн үг.
Нүүр тулсан хэрүүл маргаанаас илүүтэй, цахим шуламын далдаас хүнд учруулах хорлол илүү ноцтой. Маш харгис болж ирдэг аж. Судлаачид цуламыг гол төлөв хүн зовоож бахаа хангагч, хүчирхийлэгч, сэтгэцийн өвчтөн, яргачин, зандалчин, анархист мөн тийм санаа үйлдлийг илэрхийлэгч гэж үздэг. Тэдний дайралтад өртөгсөдийн элэг, зүрх, тархи гэмтэх хандлага ажиглагдсан гэж бичжээ. Энэ үзэгдлийг “Time” сэтгүүл орчин цагийн гамшиг гэж онцолсон юм. - Мэдлэг мэдээлэл солилцох нээлттэй орчноо үзэн ядалтын гамшигт алдлаа, гэж бичжээ. Хүний дургүй хүргэхээс эхлээд энэ байдал даамжирсаар хүний аминд, эрүүл нийгмийг сүйрэлд хүргэх гай болж хувирч байгаа гэнээ.
Энгийн хараалаас дайны талбар болтлоо даамжирдаг хийрхэл, солиорол аж. Харин ихэнх цахим шулам энэ үйлдлээ зүгээр л зугаа марзаганал, өөрсдийнхөө амьдрах хэв маяг, улс төр гэж хөнгөнөөр боддог ажээ. Гэтэл тэдний мөн чанар нь бирд юм. Өөрсдөө хүний дүрснээс гарч бирд шиг дэлхий даахгүй болтлоо цүндийхгүй ч тэд хүрсэн бүхнээ томруулахыг, үлээхийг хичээдэг. Цулмууд мэдээллийн эх булаг болж олны сэтгэл зүйг эзэмдэхийг хүсдэг.
Хэрхэн сэргийлэх вэ!
- Юуны өмнө цуламын аюул, хор хохирол түүний сөрөг үр дагаврын талаар хамт олон, гэр бүл, эргэн тойрондоо хэлэлцэх;
- Энэ тухай хамгийн үр дүнтэй яриа судалгааг их дээд сургуулиуд, оюутнууд, судлаачид хийдэг. Оюутнууд дипломын ажлаа дээрхи сэдвээр хамгаалах, сургууль бүр цулам судлалыг дэмжиж, “Case study” – жишиг судалгаа хийж, сургалтдаа ашиглах;
- Хүүхдийг цэцэрлэг, сургуулийн наснаас нь цахим хүчирхийллээс хамгаалах, тэр тухай ойлгуулах, багаас нь дархлаажуулах, сэтгэлийн хатыг нь дэмжих;
- Эцэг эхийн үүрэг энд онцгой. Цуламын аюул бол хүний сэтгэл санааг хордуулж, бодол үйлдлийг өөрчилдөг, тодорхойлдог. Таны хүүхэд ямар хүн болж төлөвшихөд цахим орчны нөлөө улам бүр нэмэгдэж байгаатай хэн хэнгүй санал нэгдэх байх. Авсан ханиа зовоогч, шодор госч – популист, луйварчин хүчирхийлэгч байх уу! Бусдын хүндэтгэлийг хүлээсэн, бүтээлч идэвхтэй, эерэг сайн хүн байх уу!
- Цуламын аюулыг хар тамхины аюултай жишиж салхин доогуур нь гарахгүй,айл бүр хаяа хатавчнаасаа хол байлгах; Насанд хүрэгчид энэ аванхайт үзэгдлээс өөрсдийгөө татах, хязгаарлах, өөрсдөө донтохгүй байх нь чухал юм.
- Хэвлэлийн болон олон нийтийн оюун санааны манлайлагчдын үүрэг оролцоог энд орхиж болохгүй. Цахим орчин өөрийн цуламтай адил бас сайнд үлгэрлэн дагуулагчтай байдаг.
- Цахим орчны өвчтөнүүдийг илчлэх, тэмдэглэх арга бол чухал үүрэгтэй. Тамгатай нэг цуламын муу үйлдлээс төрсөн олны жигшдэс бол түмэн цулмыг дайжуулах увидастай юм. Нэг хархыг авлахад бусад нь дайждаг гэсэн яриа бий.
Олны сэтгэлийг зовоож байгаа уг асуудалд интернэт үйлчилгээ үзүүлэгчид мөн Facebook, Twitter, Instagram… гээд сүлжээний аваргууд онцгой анхаарч эхэлж байна. Хууль тогтоогчид, ард олны элч төлөөлөгчид, нийгмийн зүтгэлтэнүүд ч хараагаа ийш чиглүүлжээ. Тэд дээрхийн муу үр дагаврыг сонсож мэдэж, ухуулж ойлгуулж, цуламын хар давалгаанаас нийгмээ цэвэрлэх сайн үйлсэд нэгдсээр байна.
Олон нийтийн мэдээ мэдээллийн түүчээ компаниуд үйлчлүүлэгчдээсээ ёс зүй, хариуцлагыг шаардах болжээ. Энэ орчинд түгсэн мууг хязгаарлах, арилгах аргууд нь улам боловсронгуй болж байна. Сайхан зорилго, сайн үйлсийг нь өвчин, гамшиг болгож хувиргасанд тэд буруугүй ч уг бурангуй байдлыг засах өөрчлөх гэж оролдсоор байна. “Оролдлого сайт оройд нь” гэж тэдний ажилд монголчууд бид ч туслах ёстой.
Бас тухайн улс орон, нийгэм, олон нийт, хувь хүн ч энэ асуудалд ихээхэн анхаардаг болжээ. Аль ч нийгэмд ухаалаг, зөв, шударгуу хүмүүс олонхи нь байдаг. Тэд өмнөх ажлаа хийгээд, өөрийгөө, гэр орноо хүний дайтай, сайхан аваад л явдаг. Хүмүүс хараал тэмцлээс хол хөндий байхыг хүсдэг. Гэхдээ хүн эх орноосо, нийгмээсээ тасарч амьдрах боломжгүй. Хогоо хамт л цэвэрлэхгүй бол утаа, бохироос бүгд хорддогтой адил юм.
Буруу үйлдэл нь буруу бодлын үр дагавар байдаг. Буруу бодол бол өөрөө бурууг дагасны, дуурайсны, бурууг шүүлтүүргүй авсны уршиг л юм. Бурууг үзсэний, уншсаны, бурууд автсаны тусгал ч гэдэг. Иймээс аливаа хүний аврал, эсвэл доройтол хүн Та өөрөө.
Хүн та өөрөө энэ тухай бодож, ухаарч өөрийн үйлдэл, орчноо эрүүлжүүлэхгүй бол ямар ч эм, ид шидтэн энд бүрэн тус болохгүй. Хүний адгууснаас ялгаатай нь засрал авдагтаа, өөрөө өөрийгөө өөрчилж чаддагт байдаг. Ингэж л хувь хүн, олны амьдралд гавиур гарч, өөдөлж урагшилдаг гэж бодном.
2019.02.18
daagii
аэхаэ
Neeree
Mash unen.
Зочин
Би
ганбаа
Энхээ
Зочин
Зочин
zochin
Дэмжиж байна
Иргэн
Зочин
Зочин
Aagii
Уншигч
Zoshin
Тж.Сүрэн
Тж.Сүрэн
Зочин
Zoshin
Zoshin
Уншигч
Баяр
Зочин
Ган
Зочин
Zochin
Зочин
Таны буруу ч бий
Ижил нэртэйдээ гутарч явдаг хүн
Зочин
Б.Батболд
Б.Батболд
Зочин
lodon
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зөв өнцөг
222
Батням
Зочин
Зочин
Зочин
toroi
Уншигч
Газар доор ямар ч баялаг байхгүй
Mongol Alna
Зочин
зочин
Gan
Батаа
Баяр
Уншигчын сэтгэгдэл
Газар доор баялаг байхгүй!
Элбэгдорж бол шударга хүн.
Элбэгдоржийн популизм
Иргэн хүн
Элбэгдоржийн популизм
Зочин
Элбэгдоржийн популизм
Газар доор баялаг байхгүй
Zorig
Зочин
Уншдаг
Зочин
ганаа
Irgen
Зочин
Зочин
Жаргал
Жаргал
Жаргал
Жаргал
Зочин
Зочин
Ariunaa
Зочин
Bi
Зочин
Зочин
Зочин
Уншигч
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
kokk
Зориг
Troll uud orosoos garaltai
Odhuu
Зочин
demjij bna
Зочин
Зочин
Зочин
Цогтбаатар
nka
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Zaya
Zaya
Demjij bna
Зочин
Зочин
Зочин
Зочин
Tuya
mundag niitlell boljee argagui l zov heljeee
Одсайхан
Зочин
Энхтөр
Бат
Зочин
Зочин
Зочин
zochin
цэцэг