Цаасан малгай өмсгөсөн ах дүү намуудын баярын мэндчилгээ
Тахин шүтэх өвчтэй коммунист нийгмийн үеийн зусардлыг буруутгах сэтгэлд хөтлөгдсөнгүй, хамгийн гол нь бидний үеийнхэн түүхээ мартаж үл болох, бидний хойч үеийнхэн эх түүхээ мэдэх үүрэгтэй, тэгээд ч ямар ертөнцөөс салж, ямар руу нь явж буйг мэдрүүлэх үүднээс XXI зууны энэ шинэ цаг үед бол хэн ч үнэмшмээргүй
Тахин шүтэх өвчтэй коммунист нийгмийн үеийн зусардлыг буруутгах сэтгэлд хөтлөгдсөнгүй, хамгийн гол нь бидний үеийнхэн түүхээ мартаж үл болох, бидний хойч үеийнхэн эх түүхээ мэдэх үүрэгтэй, тэгээд ч ямар ертөнцөөс салж, ямар руу нь явж буйг мэдрүүлэх үүднээс XXI зууны энэ шинэ цаг үед бол хэн ч үнэмшмээргүй, дэндүү хэнээтэй, инээдтэй, бас эмгэнэлтэй гэмээр ах дүү гадаад коммунист нөхдийн эшлэлээс дор дурдах болно. Тэртээ 1981 оны 5 дугаар сарын 26-30-нд МАХН-ын XVIII их хурал хуралдаж, Монголд социализмын материал-техникийн бааз байгуулах нэг үе шатны зорилтыг тал бүрээс нь хэлэлцэхдээ тэр үеийн нам-төрийн удирдагч Ю.Цэдэнбалыг мандуулах, тахин шүтэх социалист маягийн зусардлын туйл болж, бараг л амьд бурхны хэмжээнд хөөргөсөн ба гуравхан жилийн дараа түүнийг буулган Москвад цөлж шившиглэсэн билээ.
ЗХУКН-ын төлөөлөгчдийн тэргүүн М.С.Горбачев (хожмын ардчилагч) баяр хүргэхээр индэрт гарчээ. Түүний хувьд тахин шүтэх бус, жижиг дагуул улсынхаа жижиг лидерт цаасан малгай өмсгөх санаагаар “Монголын коммунистуудын хүч чадал нь марксизм-ленинизм, пролетарийн интернационализмд чин үнэнч бөгөөд хөдөлмөрчин олон түмэнтэй салшгүй нэгдэлтай байгаад оршино. Үүнийг Монголын одоо үеийн нийгэмд МАХН-ын роль өсөн нэмэгдэж байгаа болон намын улс төрийн зөв чиг бодлого, Монголын ард түмний алдарт хүү, олон улсын коммунист, ажилчны хөдөлгөөний нэрт зүтгэлтэн, тууштай интернационалч нөхөр Юмжаагийн Цэдэнбал тэргүүтэй түүний Төв Хорооны улс төрийн үйл ажиллагаа маш тодорхой нотолж байна” гэж хэлсэн нь гуравхан жилийн дараахи үйл явдлаар ор тас үгүйсгэгдсэнийг эргэн санах хэрэгтэй. Ю.Цэдэнбалын эрүүл мэнд, ухаан санааг эргэлзээтэй хэмээн 1984 онд нотлуулж, Москвад цөлж шившиглэхэд М.С.Горбачев оройлон оролцсоныг энд хэлж байна.
Болгарын коммунистуудыг төлөөлж Гриша Филипов: Болгар улс, болгарын ард түмний дотны анд, олон улсын коммунист, ажилчны хөдөлгөөний нэрт зүтгэлтэн нөхөр Юмжаагийн Цэдэнбал тэргүүтэй МАХН-ын удирдлагаар монголын ажилчин анги, БНМАУ-ын нийт хөдөлмөрчид их хурлаасаа гарах шийдвэрийг амьдралд хэрэгжүүлнэ гэдэгт бид итгэж байна (Алга ташив), Болгар-Монголын хамтын ажиллагааг хөгжүүлж, ЗХУ-тай бат зузаан, ариун сайхан найрамдлаа бэхжүүлэхийн тулд өнөөдөр манай хоёр намын удирдагч нөхөр Тодор Живков, Юмжаагийн Цэдэнбал нар цуцалтгүй ажиллаж байгаа бөгөөд Георгий Димитров, Васил Коларов, Сүхбаатар, Чайбалсан нарын тогтоосон манай хоёр нам, ард түмний уламжлалт хэлхээ холбоог залгамжлан хөгжүүлж байна (Алга ташив).
Вьетнамын коммунистуудын төлөөлөгч Во Чи Конг: Эрхэм нөхөд өө! Монголын ард түмний гарамгай удирдагч, олон улсын коммунист, ажилчны хөдөлгөөний идэвхтэй зүтгэлтэн, Вьетнамын их анд нөхөр Ю.Цэдэнбалын утга төгөлдөр илтгэлийг ВКН-ын төлөөлөгчид нэн анхааралтай сонслоо. Монголын ард түмэн хүндэт нөхөр Ю.Цэдэнбал тэргүүтэй Намын Төв Хорооны зөв мэргэн удирдлагаар гэхчлэн магтан мандуулжээ.
Ардчилсан Германы коммунистуудыг төлөөлж Эрих Мюккенбергер: Манай анд нөхөр Цэдэнбалын тавьсан танай Намын Төв Хорооны тайлан илтгэлээс БНМАУ-ын хөгжлийн сэтгэл хөдлөм их амжилт, танай намын марксист-ленинист бодлого, зохион байгуулах хүч чадал тод томруун харагдаж байна. МАХН В.И.Лениний сургаалыг удирдлага болгож, монголын ард түмний аугаа их хүү Сүхбаатар, Чойбалсан нарын хийгээд сүүлийн хэдэн арван жилийн турш манай анд нөхөр, бадрангуй интернационалч Юмжаагийн Цэдэнбалын шалгарсан удирдлагаар явж, монголын ард түмнийг колонийн дарлал, эдийн засгийн туйлын хоцрогдмол байдлаас ангижруулж, социалист нийгмийг байгуулах замаар амжилттай удирдан жолоодсон юм.
Кубын төлөөлөгч Хорхе Рискет Валдес үг хэлэхдээ: Монголын ард түмний гарамгай удирдагч, Кубын ард түмний дотны анд нөхөр Ю.Цэдэнбалаас тус их хуралд тавьсан Намын Төв Хорооны тайлан илтгэлийг бид сэтгэл хөдлөн ихэд сонирхож сонслоо. Энэ сайхан илтгэл тавьсанд болон монголын ард түмэн, түүний марксист-ленинист манлай – Намын Төв Хороог 40 гаруй жилийн туршид туйлбартай зөв мэргэн удирдаж байгаад тань дарга нөхөр Ю.Цэдэнбал Танд чин сэтгэлийн баяр хүргэе (Алга ташив) хэмээн хөөргөөд үгийнхээ төгсгөлд “Нөхөр Ю.Цэдэнбал мандтугай!” (Алга ташив) хэмээн магтуулагчийн нэр дээр уриа хашгирсан нь тахин шүтлэгийн цоо шинэ хэлбэр байлаа.
Польш, Румын, Унгар, Чехословак, Югослав, БНАСАУ-ын төлөөлөгчид “олон улсын коммунист, ажилчны хөдөлгөөний гарамгай зүтгэлтэн” гэж ганц нэг нь дурдсан байх боловч шууд Цэдэнбал руу хандуулсан, хөөргөж дэвэргэсэн уриа хэлсэнгүй, харин Лаосын төлөөлөгч Сисомфон Ловансай: Монголын ард түмэн аугаа их Лениний заасан замаар замнаж, нөхөр Юмжаагийн Цэдэнбал тэргүүтэй МАХН-ын мэргэн удирдлагын дор өөрийн эдийн засгийг хөгжүүлэх программын үндсэн зорилтыг хэрэгжүүлэх үйлсдээ олсон их амжилтыг болон Бээжингийн эрх баригчдын их гүрний жанжлах явууллагад цохилт өгч, энх тайвны төлөө, социалист хамтын нөхөрлөлийн орнуудын нэгдмэл ажиллагаа, улс түмний эрх чөлөө, тусгаар тогтнолын төлөө хийсэн тэмцлийн замыг МАХН-ын Төв Хорооны тайлан илтгэлд гүнзгий нэгтгэн дүгнэжээ хэмээн магтаалын сонин үгс хэлжээ.
Афганистаны Ардын Ардчилсан Намын төлөөлөгч Нур Ахмед Нур: Капиталист хөгжлийн шатыг алгасан феодализмаас социализмд шилжин орсон анхдагч пионер Хувьсгалын Монголын капиталист бус хөгжлийн үнэт туршлага нь Афганистаны хувьсгалчид бидэнд онцгой ач холбогдолтой. МАХН-ын XVIII их хуралд тавьсан Төв Хорооны тайлан илтгэлд Афганистаны хувьсгалыг хамгаалах тухай чин сэтгэлийн сайхан үг хэлсэн явдалд эрхэм хүндэт нөхөр Юмжаагийн Цэдэнбал Танд бид гүнээ талархаж байна (Алга ташив).
Кампучийн Улс үндсээ аврах Нэгдмэл Фронтын төлөөлөгч Чан Вен: Кампучийн Улс үндсээ аврах Нэгдмэл Фронт, Ардын Хувьсгалт Зөвлөл, Кампучийн ард түмний нэрийн өмнөөс эрхэм хайрт нөхөр Ю.Цэдэнбал танд болон их хурлын тэргүүлэгчид, МАХН-ын XVIII их хуралд оролцож байгаа төлөөлөгч бүх нөхдөд ах дүү ёсны чин сэтгэлийн хувьсгалч цогтой халуун мэндчилгээг өргөн дэвшүүлье (Алга ташив).
“Нөхөр Ю.Цэдэнбал аа!” гэж эхэлсэн Никарагуагийн Үндсээ чөлөөлөх Сандиногийн Фронтын Үндэсний Ассамблейн төлөөлөгч Хасинто Суарес Эспиноса гэгчийн үг цаасан малгай өмсгөлтийн оргил нь гэмээр. – Нөхөр Цэдэнбал Танд болон дэлхийн хоёр дахь социалист хувьсгалыг хийсэн Танай намд манай далбааны тэмцэл ялалтын өнгө, “хар-улаан” мэндчилгээ дэвшүүлэхийг Сандиногийн нэрэмжит үндэсний чөлөөлөх фронтын удирдлага даалгасныг уламжилж байна. Энэ мэндчилгээг бид ганцхан ах дүү нартаа л дэвшүүлдэг юм (Алга ташив). Монгол орон 60 жилийн тэртээ аугаа их гавьяат үйлсийн замыг сонгож, феодалын орныг хөгжил дэвшлийн нутаг, социализмын бат цайз болгон хувиргаж, социализмын их сүр хүч, амьдрах чадварыг амьдрал дээр батлан харуулсан билээ.
Эдүгээ Гренада хэмээх улсыг газрын зурагт олж заах монгол хүн бараг үгүй. Гэвч тийм дотно ах дүүс 1981 онд байсан байнаа. Гренадын хувьсгалын манлай Шинэ хөдөлгөөн Намын Улс төрийн Товчооны гишүүн, Төрийн сайд Аудсан Аутин гэгч баяр хүргэхээр индэрт гарахдаа: Гренадын хувьсгалын манлай ЖУЭЛ Шинэ хөдөлгөөн Намын Төв Хороо, Улс төрийн Товчоо, мөн манай удирдагч нөхөр Морис Бишопын нэрийн өмнөөс МАХН, түүний удирдагч нөхөр Ю.Цэдэнбал, монголын ард түмэнд танай намын XVIII их хурлын энэ түүхт үеийг тохиолдуулан ах дүүгийн хувьсгалч мэндчилгээ дэвшүүлье (Алга ташив) гээд БНМАУ-тай тогтоосон сэтгэл санааны болон эд материалын хамтын ажиллагаа цаашид ч хөгжин гүнзгийрнэ (Монгол-Гренадын хооронд яг тийм хамтын ажиллагаа байлаа гэж үү?-Зох) гэхчлэн монголчуудын олж сонсоогүй сонин юм яриад “Ирэх 5 жилдээ амжилт олохыг монголын ард түмэн, нөхөр Ю.Цэдэнбал, танай манлай намд хүсэн ерөөе!” гэснийг их хурал алга нижигнүүлэн хүлээн авчээ.
Монголчууд ба монголын коммунистуудад хайртай бас нэгэн ах дүү Латин Америкаас 1981 онд төрсөн нь (энэ улсыг газрын зурагт олж заах монгол хүн бас байхгүй-Зох) Гайаны Ардын Дэвшилт Намын төлөөлөгч Харри Персод Нокта болж, “Гайаны ард түмэн, Гайаны Ардын Дэвшилт Намын нэрийн өмнөөс баатарлаг МАХН-ын XVIII их хуралд болон олон улсын коммунист хөдөлгөөний нэрт удирдагчийн нэг дарга нөхөр Цэдэнбал танд ах дүүгийн халуун дотно мэндчилгээг өргөн дэвшүүлье” (Алга ташив) гээд үгийнхээ эхэнд шахуу баахан мандтугай ерөөсний дотор БНМАУ-ын маршал Ю.Цэдэнбал мандтугай! (Алга ташив) гэжээ.
Индонезийн Коммунист Намын төлөөлөгч Томас Синурай гэгч бас ийм цаасан малгай өмсгөгчийн тоонд орно. Тэрээр “Олон улсын коммунист хөдөлгөөний нэрт зүтгэлтэн, маш элэгсэг, тусархуу, коммунизмын үйл хэрэгт чин үнэнч зүтгэгч гэж Индонезийн коммунистууд бидний гүнээ хүндэтгэдэг нөхөр Ю.Цэдэнбал тэргүүтэй МАХН, түүний Төв Хорооны зөв мэргэн удирдлагын ачаар ийм их ололт амжилтад хүрчээ” гэж манайхныг уаяруулжээ.
Люксембургийн Коммунист Намын дэд дарга Фернанд Хюбш: ЛКН, МАХН хоёр марксизм-ленинизмийн нэгдмэл үзэл санаагаар бат гагнагдсан юм” (Алга ташив).
Парагвайн Коммунист Намын төлөөлөгч: Парагвай-Монголын нам, ард түмнүүдийн мөнхийн найрамдал мандтугай!”
Харин монгол төлөөлөгчдийн яруу найраг шиг уянгалуулсан магтаалыг эшлэе гэвч нэг сэтгүүлийн зай хүрэлцэхгүй. Ерөнхийлбөөс дараахи үгс маш олон давтагдсан байдаг. “Монголын ард түмний үнэнч хүү, энх тайван, найрамдал, социализмын үйл хэргийн ялалтын төлөө цогтой тэмцэгч”, “Олон улсын коммунист, ажилчны хөдөлгөөний нэрт зүтгэлтэн”, “Манай нам, ард түмний хайрт удирдагч”, “Монголын ард түмний алдарт хүү”, “тууштай интернационалч”, “манай ажилчин анги, нийт хөдөлмөрчдийн хайрт удирдагч”, “Хүндэт удирдагч Ю.Цэдэнбал дарга Тандаа”, “бадрангуй интернационалч”, “Монголын хөдөлмөрчдийн гарамгай удирдагч, социалист Монголыг цэцэглүүлэн хөгжүүлэхийн төлөө мятаршгүй тэмцэгч”, “Манай нам, төрийн болон Зэвсэгт хүчний шалгарсан удирдагч, БНМАУ-ын маршал”, “манай бүх коммунистын нийтийн хайр хүндэтгэл, хүсэл зоригийг илэрхийлсэн”, “Ажилсаг, зарчимч, хүнлэг чанар, ард олон түмэнтэйгээ ямагт ойр дотно байдаг”, “манай хүндэт удирдагч”, “Бид бүхний эрхэм хүндэт нөхөр”, “эцэж цуцахыг мэдэлгүй асар их хүч хөдөлмөр, зохион байгуулах гарамгай авьяас чадвар, бүтээлч оюун билгээ зориулж”, “маш элэгсэг, тусархуу, коммунизмын үйл хэрэгт чин үнэнч зүтгэгч”, “Манай өсвөрийн залуу үеийг халамжлан хүмүүжүүлэгч”, “Манай энрхий хайрт намыг 40 жилийн турш удирдаж байгаа хайрт удирдагч”, “хүүхэд залуучууд бидний эрхэм хүндэт халамжлан хүмүүжүүлэгч”, “Цэдэнбалын нөр хичээнгүй хөдөлмөр, бүтээлч үйл ажиллагаатай салшгүй холбоотой”, “эцэг ёсны халуун дотно”, “бид бүхний гүн хүндэтгэлийг хүлээсэн мэргэн удирдагч нөхөр”, “олон улсын коммунист хөдөлгөөний нэрт удирдагчийн нэг” гэхчлэн.
МАХН-ын XVIII их хурал бол Цэдэнбалыг тахин шүтэх төрийн албан ёсны бодлогын шинэ, эцсийн дээд үе шат болон түүхнээ мөнхөрсөн ба их хурлын хавсралт илтгэл ба хэлсэн үгнүүдэд хэрэглэсэн үг хэллэг чухамдаа тухайн цаг үедээ бол Ким Ир Сенд зориулж хэлж байсан, өмнө нь түүхнээ Сталин, Чойбалсан нар тэгж хэлүүлж байсан, орчин цагт бол Ким Чен Унд зориулан хэлж байгаа тахин шүтлэгийн монгол хуулбар байсан нь илэрхий харагддаг юм.
Зочин
unen unen