Тэд “Монголын ардчиллыг хэвээр үлдээхийн төлөө” хичээж байна гэв
Цөмийн гүрний удирдагч Монголд ирснээр эрчим хүчний хараат бус байдлыг бэлэглэж чадах уу
Францын ерөнхийлөгч Эммануэль Макрон Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн урилгаар манай оронд энэ сарын 21-нд айлчлахаар болсныг мэдээлж эхэллээ.
Францын Ерөнхийлөгч Э.Макроны айлчлал цаг үе, нөхцөл байдлын хувьд ч, Европын холбооны хоёр том локомотивын нэг нь гэдгээрээ ч тун чухал ач холбогдолтойг энд зориуд онцлох нь зүйтэй байх. Энэ оны 4 дүгээр сарын эхээр Еврокомиссийн ерөнхийлөгч Урсула фон дер Лайен, БНФУ-ын Ерөнхийлөгч Э.Макрон нар хамтдаа БНХАУ-д айлчилж Ши Жиньпинтэй улс төр, геополитик, аюулгүй байдлын нэн ээдрээтэй асуудлаар гурван талт хэлэлцээ хийсэн байдаг. Тэрхүү уулзалтыг ажиглагчид дүгнэхдээ “Бээжинд болсон гурван талт уулзалтын ерөнхий уур амьсгалыг харвал Ши Жиньпин Урсула фон дер Лайентай уулзалтын протоколын хүрээнд тун хүйтэн хөндий харилцаж, Тайваний асуудал дээр хатуу байр сууриа батлахын хамт Украины сэдвийг НҮБ-ын дүрмийн хүрээнд нээлттэй орхисон бөгөөд Хятад-Европын холбооны хоорондын харилцааг хөгжүүлэхэд нээлттэй гэдгээ илэрхийллээ” гэсэн нь анхаарал татдаг.
Өмнөд хөршид Европынхны айлчлаад байгаа дарааллыг зураглалаар нь харвал хамгийн түрүүнд Германы канцлер О.Шольц өнгөрсөн оны 11 дүгээр сард айлчилсан. Энэ айлчлалаар тэрбээр Европын хамгийн том үйлдвэрлэгч, экспортлогч орны удирдагч учраас АНУ-ын талаас ямар ч шахалт ирсэн Хятадтай өөрөө уулзах ёстой гэсэн байр сууриа харуулсан. АНУ, БНХАУ-ын харилцаа тааруу байгаа энэ нөхцөлд Европ хүссэн, хүсээгүй АНУ-ын нөлөөнд орсон байгаа үед Герман гадаад бодлогын хувьд бие даасан, өөрийн гэсэн байр суурьтай орон гэдгээ харуулж өөрийнхөө тоглолтыг хийж чаддаг. Дараа нь Э.Макрон Бээжинд очсон. Очихдоо Урсула фон дер Лайентай хамт очсон. Буцаж ирээд Европын холбоондоо “Би Хятадад айлчлаад ирлээ. Бие даасан гадаад бодлоготой, цөмийн гүрний хувьд "бид АНУ-ын дагуул улс мэт байж болохгүй Мөн Америк Хятадын хооронд Үүссэн эдийн засгийн болон улс төрийн маргааны динамикт автаж Хятад улстай харилцаага муутгаж үл итгэлцэлд хүрч болохгүй" гэсэн байдаг. Ингээд Япон улсад зохион байгуулагдах Их 7-гийн уулзалтаас шууд Монгол Улсыг зорин ирж байна. Энэ бол мөн л эртнээс төлөвлөгдсөн айлчлал. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, БНФУ-ын Ерөнхийлөгч Э.Макрон нар өнгөрсөн оны 11 дүгээр сарын 6-нд, Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх НҮБ-ын 27 дугаар бага хурлын (COP27) үеэр Египетийн Шарм Эль-Шейх хотод, дараа нь Английн Цог жавхлант эзэн хаан Чарьлзийг хаан ширээнд залах ёслолын үеэр уулзахдаа Э.Макроны Монголд хийх айлчлалын талаар ярьсаар байсан нь цаанаа учиртай. Сүүлийн уулзалтын үеэр тэрбээр Монголд хийх айлчлалаа харин ч оройтож байна гэсэн агуулгатайгаар яарч байгаагаа илэрхийлсэн байдаг.
Уялдаа холбоогүй зүйл гэж үгүй. Польш ч, Франц ч Монголд очно гэдгээ Европын холбоондоо мэдэгдсэн л байгаа, аль нь ямар чиглэлээр хамтрахаа ч товлоод л ирж байгаа нь ярьж буй сэдвээс ойлгомжтой, салбарууд руу ч давхцаж орохгүй байна. Европын холбоо нь
Одоогоос хорь гаруйхан хоногийн өмнө Польшийн ерөнхийлөгч А.Дуда манай улсад төрийн айлчлал хийсэн. Тэрбээр “Аливаа улсын, тэр дундаа Монголын сонголтыг гүнээ хүндэтгэнэ” гэсэн хэдий ч Украины эсрэг Оросын түрэмгийллийн талаарх Польшийн байр суурийг танилцуулсан, ЭСЯ-аа нээх, Эрдэнэт үйлдвэр дээр ажиллаж байсан туршлагаа түүхээ сануулж хамтран ажиллах, газрын ховор элементийн чиглэлээр сонирхлоо илэрхийлж, боловсрол, эдийн засгийн харилцаа, хамтын ажиллагаагаа өргөжүүлэх талаар яриа хэлэлцээ өрнүүлээд мордсон.
Үүний дараа энэ сарын 4-нд УИХ-ын дарга Г.Занданшатарын урилгаар Унгар Улсын Үндэсний Ассамблейн дарга Көвер Ласло хүрэлцэн ирж албан ёсны айлчлал хийхдээ хоёр талын харилцаа, парламент хоорондын хамтын ажиллагаанаас гадна шүүх, хуулийн болон авлигын эсрэг байгууллагын хамтын ажиллагаа зэрэг сэдвээр ярилцсан боловч НҮБ, олон улсын түвшин дэх харилцаа, хамтын ажиллагаа, ялангуяа хүнсний боловсруулалтын салбарыг сонирхож байгаагаа илэрхийлж тодорхой хэлцэлд хүрсэн байдаг. Энэ хоёроос ялгаатай нь Франц бол том дүр төдийгүй ардчилсан улс, геополитикийн хувьд байсгээд “хайчинд” ороод байдаг гэдгээрээ мөнхийн сорилттой тулгардгаараа ижилсэж болохуйц маш сонирхолтой орон юм.
Дээрх орнууд Ковидын дараа, үргэлжлүүлээд Орос, Украины дайны дараах хямралаа сөрж ядан эдийн засгийн сэргэлтэд тэмүүлж, улмаар өнөөдрийн байдлаар зээлжих зэрэглэлээрээ “B” буюу тогтвортой үнэлгээтэй байгаагаа ахиулахаар хичээж яваа Монгол Улсыг “тэврэхээр” дараалан ирээд байгаа нь бидэнд аз тохиосон хэрэг биш гэж үү. Олон улсын харилцааны яриа хэлэлцээрүүд өмнөх он жилүүдийн адил “харилцаагаа цэцэглүүлэн хөгжүүлэх” агаарын зүйл ярихаа больж илүү бодитой үр дүнг ярьж шийдэл олдог харьцангуй прагматик болсныг дээрх айлчлалууд харуулж байна.
Европ Монголыг сонирхох нь арваад жилийн өмнөх эдийн засгийн өсөлтийн шалтгааныг сануулж байна
Монгол бол Ардчилсан орон. Гадаад бодлогын бие даасан байр суурьтай гэдгээ харуулах, улам хараат байдалд орох эрсдэлээс зайлсхийх зарим эмзэг цэг дээр маань хүч өгнө. Үүн дээр л гадаад харилцаа ургаж, эсвэл устаж байдаг шүү дээ. Энэ талаар зарим жишээг дурдъя.
Та бүхэн санаж байгаа бол Сү.Батболдын Засгийн газрын үед яг ийм boom болж байв. Тэр үед манай эдийн засгийн өсөлт 17.3 хувьтай, 2008-2009 оны эдийн засгийн хямралын дараах үед гэхэд үнэхээр гайхалтай үе байлаа.
Тэр үед ч мөн УИХ Цөмийн энергийн тухай, Цөмийн энергийн тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулиа баталсан. Засгийн газрын 2010 оны 175 дугаар тогтоолоор “Цацраг идэвхт ашигт малтмал болон цөмийн энергийн салбарт гадаад орнуудтай хамтран ажиллах хөтөлбөр”-ийг батлан, стратегийн хөрөнгө оруулагчаар ОХУ, Япон Улс, БНЭУ, БНХАУ, БНФУ, АНУ, БНСУ-ыг сонгож, идэвхтэй хамтран ажиллаж байлаа. Энэ тухайгаа тухайн орнууд, ялангуяа Франц дурсан санах дуртай байдаг.
Бас нэг жишээ дурдахад Сү.Батболд Үйлдвэр, худалдааны сайдаар ажиллаж байхдаа буюу 2005 оны хавар Брюссельд ажлын айлчлал хийх үеэрээ “Монгол Улсад Европын холбооноос олгож байгаа “ердийн хөнгөлөлт” нь харьцангуй өндөр байгаа тул Европын холбооны GSP+ гаалийн хөнгөлөлтийн системд хамрагдах хүсэлтээ илэрхийлсэн байдаг. Ингээд тухайн жилийн 7 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн Монголд үйлдвэрлэсэн 7200 нэр төрлийн барааг Европын зах зээлд гаалийн татваргүй нийлүүлэх эрх зүйн орчин бүрдсэн билээ. Улмаар Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа буюу 2012 онд Монголын бизнес эрхлэгчдийн хүсэлтийг харгалзан үзэж Европын Комиссоос хөнгөлөлтийг 2023 он хүртэл сунгуулсан байдаг. Одоо ч энэхүү хөнгөлөлтөд оёмол, сүлжмэл бүх төрлийн бүтээгдэхүүн, арьс ширэн бүтээгдэхүүн, үслэг эдлэл, мал амьтны гаралтай ноос ноолуур, ундаа, архи, модон эдлэл, электрон бараа, гутал, хивс, зэс зэрэг манай улсын экспортын ач холбогдол бүхий бараа, бүтээгдэхүүн хамрагдаж байна. Тэгэхээр тэртээх 2005 онд хүссэн “зөв хүсэлт” биелснээр өнөөг хүртэл 18 жил татварын хөнгөлөлт эдэлсээр байна гэдэг “том ашиг” мөн биз? Ийм урт хугацааны зөв шийдвэрийг Монголыг сонирхож байгаа тухайн цаг мөчид л зөв хүсэлт болгон тавьж улс орондоо ашиг авчрах нь хамгийн чухлыг энэ жишээ харуулна. Европ бидний ийм л хөрш.
Сүүлийн үеийн нэг жишээг дурдахад Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өнгөрсөн оны 8 дугаар сард БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И-тэй, 9-р сард АИХ-ын дарга Ли Жан Шунь тэргүүтэй төлөөлөгчидтэй, 10 дугаар сард ШХАБ-ын гурван талт уулзалтын үеэр БНХАУ-ын дарга Ши Жиньпинтэй гэхчлэн дараалсан уулзалтуудыг хийх үеэр нүүрсний экспортоо л ярьсаар байсан. Ингээд өнгөрсөн оны 6 дугаар сард төсвийн тодотголыг хэлэлцэхэд 18 сая тонн нүүрс гаргаж чадна гэсэн нь төсөв батлах үеэр 23 сая тонн болж, хагас жилийн байдлаар 18 сая тонн, оны төгсгөлд 31.5 сая тонн нүүрс экспортолж мөн нүүрс, зэсийн экспортын орлого ч хамгийн өндөр үзүүлэлт болох 12.5 тэрбум ам.долларт хүрсэн. Энэ бол дээрх дараалсан уулзалтуудын үр дүн байсан. Ковидын аюул багасч Хятад улс хилээ нээлээ. Тус улс 14 оронтой хил залгаа байтал Монголд хамгийн түрүүнд хилээ нээсэн. Хоёр орны худалдааны эргэлт 2018 онд 10 тэрбум ам.доллараар яригдаж байсан бол эдүгээ 20 тэрбум ам.долларт хүрч, энэ онд нүүрсний экспортыг 40 сая тоннд хүргэхээр болсон. Цаашид энэ тоо 70 сая тоннд хүрэх тухай ч албан бус яриа байдаг. Энэ бүхэн нь гоё улаан хивсэн дээр алхахын цаана ямар үр ашиг тухайн улс оронд авчирдгийг, хамгийн гол нь тэр таатай үр дүн ямар хугацааны дараа бодит биеллэлээ олдог талаар нэгийг бодогдуулж нөгөөг батламжлах биз ээ. Ямартай ч яг өнөөдрийн байдлаар бол бид төсөөлснөөс дээгүүр эдийн засгийн өсөлттэй, экспортын орлоготой, ам.долларын ханш харьцангуй тогтворжиж, зээлжих зэрэглэлээ “В” буюу тогтвортойгоор тогтоолгосон эрүүл саруул эдийн засагтайгаар төр засаг бодлогоо хэрэгжүүлж болохуйц суурь нөхцөлтэй болсон байна. Энэ бүхэн гадаад харилцаатай холбоотой.
Э.Макроны айлчлалаас бид юу хүлээж байна вэ?
Нэгдүгээрт, улс төрийн ач холбогдол. Түншийн харилцаагаа Стратегийн түншлэлийн харилцаа болгож түвшнээ ахиулах. Улс төрийн өнөөгийн өнгөнд Европын холбооны хоёр гол гишүүн орны нэг, тэр тусмаа атомын бөмбөгтэй цөмийн гүрэнтэй стратегийн түншлэлийн харилцаатай болох нь улс төр, олон улсын харилцаа, олон улсын эрх зүйн талаасаа ач холбогдолтой. Товчхондоо улс төрийн хүрээнд Европын холбооны гишүүн орнуудын удирдагчид Монголын Төрийн тэргүүнтэй уулзаад ярихдаа “Танайхыг бид яаж ардчилсан хэвээр нь үлдээх вэ” гэдэг л хүрээнд ярилцаад байгаа шүү дээ. Ардчилсан хэвээрээ үлдэхийн тулд ард иргэд нь эрх чөлөөтэй, хангалуун амьдрах ёстой, хамгийн гол нь стратегийн бүтээгдэхүүнээр дутагддаггүй байх ёстой. Үүн дээр Ерөнхийлөгч болон Засгийн газрын гурван гол бодлого болох Ногоон хөгжил буюу эрүүл амьдрах орчин, өнөөх “Тэрбум мод” хөтөлбөр хамаатай. Энэ бол зөвхөн мод тарих бус ногоон сэтгэхүйтэй болох, эрүүл аюулгүй орчинд амьдрах тухай хөтөлбөр юм. Эрүүл монгол хүн, эмийн аюулгүй байдалд анхаарах. Хүнсний хангамж, аюулгүй байдал, хамгийн гол нь хүнс боловсруулалтынх нь хувьд хараат бус байлгах бодлогыг гол чиглэл болгож байна. Эдгээрт харилцан ашигтай хамтран ажиллаж, хөрөнгө оруулалт хийж, хараат бус болгохын төлөө хүч нэмэрлэе гэдэг энэ байр суурь хамгийн гоё харилцаа, хамтын ажиллагаа биш гэж үү?
Хоёрдугаарт, Эрчим хүчний салбарт сэргэлт авчрах ач холбогдолтой. Ногоон эдийн засаг хөгжихийн хэрээр сэргээгдэх эрчим хүч, цөмийн эрчим хүчний нөөцийн асуудал, эрэлт хэрэгцээ ихэсч ялангуяа цэвэр эрчим хүч буюу clean energy-ийн асуудал хамгийн ихээр анхаарал татаж байна. Шар нунтаг авъя гэдэг саналаа ч тэд “уламжлал ёсоор” тавих л болно. Хийн хоолойн адил маргаантай сэдэв. Манай ашиг юу юм бэ? Манайх нүүрсээ түлээд л, Оросынхоо турбиныг өндөр үнээр аваад л, цахилгаан станц засварлах хэлэлцээр хийгээд л байж байх ёстой юу? Бид ямар нэг зоригтой, шийдвэртэй алхам хийх л ёстой. Гэхдээ Атомын цахилгаан станц барьтлаа хаа ч байсан юм бэ? Харин Франц улстай эрчим хүчний салбарт, магадгүй Цэвэр эрчим хүчний салбарт хамтарч ажиллах агуулгатай хөрөнгө оруулалтын гэрээ бол хийх байх гэсэн хүлээлттэй байна. Энэ бол Монгол Улсыг эрчим хүчний хараат байдлаас гарахад нөлөөлөх том нөлөө болох учиртай. Хэдийгээр бид өөр эх үүсвэртэй болохыг хичээж, БНСУ-ын Засгийн газрын зээлээр 9 аймагт ДЦС байгуулж байгаа ч хараат байдлаас гарах бидний оролдлогууд хөршүүдэд хэзээ ч таалагдаж байгаагүй. Энэ тал дээр дээрх гэрээ маш том түлхэц болж мэднэ гэсэн хүлээлт бий болоод байна.
Гуравдугаарт, Хүнс, хөдөө аж ахуйн салбар. “Эрүүл Монгол хүн”, “Хүнсний хувьсгал” хөдөлгөөний хүрээнд Франц улстай хамтарвал яагаад ач холбогдолтой вэ гэхээр Европын холбооны дотор Германтай өрсөлддөг цорын ганц хөдөө аж ахуйн үйлдвэрлэгч. Герман, Францын “зодооны” хамгийн том сэдэв нь ХАА. Зөвхөн үр тариа төдийгүй мах, сүү, бяслаг, рапс, бордоо. Германы хувьд хүчтэй том лоббитой, стандарттай, эрүүл хүнстэй. Франц тэднийхтэй яаж өрсөлддөг вэ гэхээр “жижиг сажиг” lux produkt, disigner food, LV food гэхчлэн гаргадгаараа хол илүүрхдэг.
Дөрөвдүгээрт, эрүүл мэндийн салбар. Хавдрын эсрэг эмчилгээнд цөмийн бүтээгдэхүүнийг ашиглах туяа эмчилгээ, Хавдар судлалын чиглэлээр тэргүүлдэг энэ оронтой хавдар өвчлөлөөр тэргүүлэх болсноороо санаа зовинож явах болсон Монгол Улс хамтрах нь хамгийн чухал биз дээ. Хавдар судлаач мэргэжилтэй, УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн Монгол-Францын парламентын бүлгэмийг ахалж ажилладаг. Тэрбээр Засгийн газрын түвшинд томоохон төслийг хэрэгжүүлж Хавдар судлалын үндэсний төвийг шинээр барих том зорилго тээж хэрэгжүүлж эхлээд байгаа юм билээ.
Энэ дашрамд дурдахад Хятад-Төв, Зүүн Европын орнуудын амьтан ургамлын эрүүл ахуй, хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлын ажлын хурал энэ сарын 16-ндХятадын Жэжян мужийн Нинбо хотод боллоо. Хятад-Төв, зүүн Европын орнуудын хамтын ажиллагааны механизм 2012 оноос хэрэгжиж, өнөөдрийг хүртэл хоёр талт худалдаа нэмэгдэж, Хятад-Төв, зүүн Европын орнуудын худалдаа жил бүр 8.1 хувиар өсч, Хятад улсын импорт 9.2 хувиар нэмэгджээ. Ялангуяа ХАА-н хүнсний бүтээгдэхүүний салбарт энэ оны эхний дөрвөн сард Хятад улс Төв, зүүн Европын орнуудаас 720 сая ам.долларын бүтээгдэхүүн импортолсон нь 2022 оны мөн үеэс 34 хувиар өсч, хүнсний худалдаа нь Хятад-Төв, зүүн Европын худалдааны хамтын ажиллагааны чухал салбар болоод байна. Үүний “халдвар” тун удахгүй Монголд ч бас ирнэ гэдэгт найдаж байна. Ингээд Францын ерөнхийлөгч Э.Макроны айлчлалын сонин хачныг тэсэн ядан хүлээхийн ялдамд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх гадаад бодлогын байр сууриа илэрхийлэхдээ “Монгол Улс гуйдаг улс байхыг биш, харилцан ашигтай хамтран ажилладаг улс орон байхыг хүсч байна” гэдгээ тодорхой хэлснийг дахин сануулъя.