Мо Янь гэдэг нь таны жинхэнэ нэр биш. Чимээгүй бай гэсэн утгатай үг шүү дээ. Тэгэхээр та ийм нэртэй учраас тэр болгон ярилцлага өгөхөөс цааргалдаг юм аа даа?

Би ер нь улс төрийн тухай ярих дургүй л дээ. Зохиол бүтээлээ удаан хугацаанд бодож боловсруулж явдаг ч богино хугацаанд бичиж дуусгадаг. Олны өмнө үг хэлснийхээ дараа би ер нь зөв юм хэлэв үү гэж бодох нь олонтаа. Гэхдээ л миний үзэл бодол тодорхой. Миний уран бүтээлд туссан бий.

Таныг Нобелийн шагнал авсны дараа Мэлхий хэмээх романыг тань олон хэлнээ хөрвүүлсэн. Энэ романд Хятад гэр бүл нэг хүүхэдтэй байх ёстой гэсэн нөхөн үржихүйн бодлогын тухай гардаг. Та энэ бодлогын тухай юу гэж боддог вэ?

Эцэг хүний хувьд би хүн болгон хэдэн хүүхэдтэй болохыг хүснэ төдий тооны хүүхэдтэй болох эрхтэй гэж үздэг. Гэхдээ төрийн албаны хүний хувьд хууль журмаа дагаж мөрдөх ёстой. Ер нь Хятадын хүн амын асуудлыг тийм ч амархан шийдэх боломжгүй л дээ. Хамгийн гол нь хэдэн хүүхэдтэй болохыг нь хуульчилж зааж болохгүй гэж л санадаг юм.

Мэлхий романд яг энэ асуудлыг хөнддөг шүү дээ. Та өөрийнхөө үзэл бодлыг романдаа тусгасан уу?

Энэ романд миний нагац эгчийн амьдрал тусгалаа олсон юм. Эгч маань миний төрж өссөн Гаоми сууринд насаараа эх барих эмчээр ажиллахдаа элдвийг л үзсэн гэдэг. Тэгээд би тэр бүхнийг нь буулгах ёстой юм гэж бодсон доо.

Романы гол баатар Ван эмч нэг бодлын аймшигтай хүн шиг санагддаг. Эгч тань энэ романыг уншаад юу гэж хэлсэн бэ?

Эгч маань уншаагүй. Би унших хэрэггүй гэдгийг түүнд ойлгуулсан л даа. Түүнээс гадна романд бичсэн бүхэн эгчид минь тохиолдсон үйл явдал биш. Миний сонсож дуулсан зүйлс бас орсон.

Таны ном зохиолд хэлэхээс ч зүрхшээмээр үйл явдлууд өрнөдөг. Жишээ нь, Сармисны түүх-энд дуншиж буй хөл хүнд эмэгтэй өөрийгөө дүүжилдэг. Мэлхий роман таны бичсэн хамгийн дүнсгэр роман шиг санагддаг. Та энэ романаа хэдий хугацаанд бичиж дуусгасан бэ?

Ер нь богино хугацаанд бичсэн шүү. Гэхдээ санааг нь их удаан тээсэн. Романаа бичиж суухдаа ч дарамтанд орсон мэт эвгүй санагдаж байлаа. Энэ романаараа би өөрийгөө шүүмжлэх гэж бас оролдсон юм.

Өөрийгөө шүүмжилнэ гэж яг яаж шүүмжилнэ гэсэн үг вэ?

Хятад улс сүүлийн хэдэн арван жил маш их өөрчлөгдсөн. Иймдээ ч бидний үеийнхэн өөрсдийгөө золиос болжээ гэж ярих нь элбэг. Зарим хүмүүс энэ бүхэнд би буруутай юу гэж асуудаг л даа. Би Мэлхий романаараа дамжуулж үүнд хариу өгөх гэж оролдсон. Хэдийгээр би тухайн үед 11 настай сурагч байсан ч улаан цэрэг буюу хунбин-д нэгдэж багшийгаа шүүмжилж явлаа. Бусдын амжилт бүтээлд атаархаж явсан үе ч бий. Өөрийнхөө ирээдүйн төлөө эхнэрээ үр хөндүүлж байсан нүгэлтэй хүн. Тэгэхээр би буруутай л гэж хэлэх байна.

Таны ном зохиолыг уншихад Хятадын нийгмийн ялзрал, болж бүтэхгүй бүхэн нүднээ ил болдог. Ингэж бодоход улс орон, ард иргэд тань ерөөс өсөн дэвжих хүсэлгүй мэт санагддаг.

Зохиолч хүний хувьд намайг хятад зохиолч гэж хэлэхэд хэцүү л дээ. Хятад зохиолуудын дийлэнх нь аз жаргалтайгаар төгсдөг. Гэтэл миний зохиолууд эмгэнэлтэйгээр өндөрлөдөг шүү дээ. Гэлээ ч үүний цаана итгэл найдвар, эрч хүч бий шүү гэсэн үзэл санааг агуулдаг.

Таны зарим зохиолыг уншихад кино үзэж байгаа шиг сэтгэгдэл төрдөг. Та зохиолын баатрынхаа сэтгэл рүү хэт их өнгийхөөс зайлсхийдэг шиг санагдах юм. Жишээ нь, Ван эмч намын бодлого буруу гэдгийг сайн мэдэх атлаа түүнийг баримталсаар байдаг шүү дээ.

Ерөөсөө миний үеийнхэн бүгд тийм. Зарим хүмүүс соёлын хувьсгал алдаа байсныг ойлгосны зэрэгцээ нам үүнийг засаж залруулсныг ч бас ухаарсан юм.

Хятадын зохиолч Ляо Иу-д Германы номын шагнал гардуулахад тэрээр манай сэтгүүлд таныг шүүмжилж, улстөржсөн зохиолч гэж нэрлэсэн.

Би тэр тухай уншсан. Шагналаа гардаад хэлсэн үгийг нь ч сонссон. Тэр хүн Хятад үндэстнийг задлахад уриална билээ. Би түүнтэй санаа нийлж чадахгүй нь. Түүний төрсөн нутаг Сычуанийнхан ч мужаа Хятадаас тусгаарлуулахыг дэмжихгүй биз. Эцэг эх нь ч түүнтэй санал нийлэх нь юу бол. Ний нуугүй хэлэхэд тэр өөрөө ч ийм үзэл санаатай эвлэрч чадахгүй л яваа болов уу. Тэр надад атаархдагийг би мэднэ ээ. Миний хувьд түүний хэлсэн шүүмж байндаа оносонгүй дээ л гэж бодож байна.

Үүнээс гадна таныг 1942 онд Мао Зэдүний тогтоосон уран зохиолын үзэл суртлын тухай өгүүлсэн номыг бичихэд оролцсон гэж шүүмжилдэг.

Тийм ээ. Үнэнийг хэлэхэд би тэр төсөлд өгсөн мөнгөнд нь болж оролцсон юм. Уг номыг гаргах гэж байсан хэвлэлийн газрынхан зуугаад зохиолчтой тохиролцож, хурал хийсэн л дээ. Би ч тэр хуралд нь оролцоод эднээс дутахгүй юм шүү гэсэндээ ном бичихэд нь оролцсон.

Өөрийнхөө оргил бүтээл гэгддэг Амьдралын хүрдэнд зүдэгсэд романы тухай ярина уу?

Аливаа амьтан амьсгал хураагаад эргэж төрөл авдаг гэдэгт хятадууд итгэдэг. Хэн нэгэн нас барах мөчид хонь төллөвөл талийгчийн үнс хурганд шингэсэн гэж үздэг. Би ч үүнд итгэдэг байлаа. Тосгоныхон бүгд л итгэдэг. Манай тосгон наяад оны эх хүртэл гэрэл цахилгаангүй байсан. Ес өнгөрөөд тас харанхуй болно. Харанхуйд хаа сайгүй л сүг сүнс тэнүүчилдэг шиг санагдана даа.

Энэ романаа та гараар бичсэн.

Тийм ээ. Компьютер дээр ханз үсгийг дуудлагаар нь шивдэг болохоор зарим ханз олдохгүй зовоох нь бий. Тийм ч учраас би энэ романаа гараар бичихээр шийдсэн. Үүнээс гадна алдартай хүмүүсийн гар бичмэл алсдаа үнэд хүрдгийг мэдэхийн хувьд охиндоо өвлүүлье гэж бодсон юм. Наяад оныг Хятадын уран зохиолын алтан үе гэж үздэг. Тэр үед гарсан тууж өгүүллэгийг ч болов улсаараа хэлэлцдэг байлаа. Харин ерээд оноос мөнгөний эрин эхэлсэн. Хятадад интернэт дэлгэрснээс хойш залуус ихэнх цагаа сүлжээнд өнгөрөөдөг болж, уран зохиол унших нь эрс цөөрсөн юм. Тэгээд ч өдгөө юм бичих өргөн боломжтой, олон ч хүн юм бичдэг болжээ. Америк, Европтой төстэй болж байна. Залуус бүтээлээ сүлжээнд тавьж байна. Хятадад 300 сая хүн блог хөтөлж байна. Сайн бичдэг залуус олон байна.

Амьдралын хүрдэнд зүдэгсэд-ийг Зуун жилийн ганцаардал-тай зүйрлэх нь бий. Энэ талаар та юу хэлэх вэ?

Маркесийг анх уншаад би балмагдсан, цочирдсон, уур хүрсэн. Яагаад гэвэл би ч ингэж бичиж чадна, ингэж бичдэг шүү дээ гэж бодсон. Гэлээ ч Маркесийн ачаар би уран бүтээлдээ олон зүйлийг эргэж харсан. Маркес байгаагүй бол Хятад өөрийн гэсэн Маркестэй болох байлаа. Гэвч харамсалтай нь тэр түрүүлсэн. Хятадын уран зохиол дэлхийн уран зохиолтой салшгүй холбоотой. Маркесийн надад үзүүлсэн нөлөөг хятад ба гадаад зохиолчийн сэхээлэг харилцан яриа гэж харж болно. 1987 онд би Маркес, Фолкнэр хоёр хятад зохиолчдод хэрхэн яаж нөлөөлсөн тухай эсээ бичиж билээ. Энэ хоёр миний уран бүтээлд маш их нөлөөлсөн. Энэ хоёрын ачаар би зохиол гэдгийг чинь ингэж бичиж болдог юм байна гэж ойлгосон. Энэ хоёр дэлбэрч байгаа галт уултай л ижил. Хэтэрхий ойртвол мөхнө. Тийм болохоор өөрийгөө алдахгүйн тулд аль болох нөлөөнд нь автахгүйг хичээсэн.

Амьдралын хүрдэнд зүдэгсэд романы нэг баатар Маогийн зурагтай энгэрийн тэмдгээ жорлонд санамсаргүй унагачихдаг, Өөрчлөлт-өд та Маогийн цээж баримлаар хархнуудыг устгадаг. Та зохиолдоо ийм шийдэмгий үйл явдлын тухай бичих атлаа өөрөө бол тэгтлээ шийдэмгий үг хэллэг хэрэглэхгүй юм.

Би хэлэх үгэндээ анхаарал болгоомжтой ханддаг байсан бол ярилцлага өгөхгүй л байлаа. Би чинь зохиолч хүн шүү дээ. Гэлээ гээд бусдын бичээгүйг бичье, тогтсон журмыг зөрчье гэж санасангүй. Хүмүүс зохиол бүтээлийг минь уншаад Мао чинь бурхан биш, бидэнтэй л ижил хүн байж гэж санавал болж дээ гэж бодох юм. Гэхдээ би бага байхдаа Маог бурхан л гэж бодож өссөн нь үнэн. Уран зохиол хүссэн хүсээгүй улс төрийн цензурт өртдөг. Жишээлбэл уран зохиолд хөндөхөд дэндүү хурц, эмзэг, зохиолчдын хувьд тойрч гардаг нөхцөл байдал бодит амьдралд бий. Ийм байдалд зохиолч тухайн нөхцөлийг төсөөллөөр баяжуулж бодит байдлаас холдуулан дүрслэх боломжтой. Эсвэл эсрэгээр нь нөхцөл байдлыг дэвэргэж, илүү хурц, илүү мэдрэг, илүү тод болгож уншигчдад хүргэж болно. Ерөнхийдөө миний хувьд ийм цензур уран зохиолд эерэгээр нөлөөлдөг гэж үздэг дээ.

Өнөөдөр та Хятадын зохиолчдын эвлэлийн дэд даргын албан тушаалыг хашиж буй. Тийм болохоор төр засгийн нөлөөнд автдаг гэж үзэх хүн бишгүй л байна.

Энэ бол их хариуцлагатай албан тушаал. Намайг Нобелийн шагнал авахаас өмнө энэ мэтийн шүүмжлэл сонсогддоггүй байсан л даа. Түүнээс гадна төр засагтай зөрчилдсөн хүнд л Нобелийн шагналыг өгөх ёстой гэж үздэг хүмүүс ч бий. Гэтэл миний ойлгосноор энэ хүндтэй шагналыг уран бүтээлд л өгдөг гэж бодох юм. 

Германы зохиолч Мартин Вальзэр таныг их магтдаг шүү дээ. Таны романуудыг гоо сайхан, харгис хэрцгий байдлыг яв цав дүрсэлсэн суут бүтээлүүд гэж хэлдэг.

Би Вальзэрийн бүтээлүүдийг уншсан. Надад таалагдсан шүү. Дэлхийн хоёрдугаар дайны дараах герман хүмүүсийн сэтгэл санааг маш оновчтой дүрсэлсэн байна лээ. Нобель авах хамгийн их магадлалтай герман зохиолч гэвэл тэр. Түүнээс гадна Нобелийн шагналт Гюнтер Грассын уран бүтээлд ч би дуртай.

Грасс танаас ялгаатай нь улс төртэй хутгалдах дуртай хүн дээ.

Тийм ээ. Олон нийттэй мэтгэлцэж сурсан хүмүүсийг би хүндэлдэг юм. Харамсалтай нь надад тийм авьяас заяасангүй. Олны өмнө гарах дургүй хүн шүү дээ, би чинь.

Тэгэхээр та Стокгольмд болсон ёслолын үеэр жаахан эвгүйрхжээ дээ.

Тийм шүү. Жижигхэн модон тоглоом оролдонгоо лекцээ уншиж дуусгасан. 

Ярилцсанд баярлалаа.