Монголчууд скүүтер, суррон гэдэг тээврийн хэрэгсэлтэй болоод нэлээд хэдэн жилийн нүүр үзлээ. Ялангуяа сүүлийн таван жилд хэрэглээ эрс нэмэгдэж, эдгээр шинэ тээврийн хэрэгслийн улмаас гарсан осол, гэмтлийн тоо 600 дөхжээ. Тэр тусмаа сүүлийн хоёрхон жилийн доторх осол, гэмтлийн тоо өмнөх жилүүдийнхээсээ 4-5 дахин өслөө. Энэ байдал нь шинэ тээврийн хэрэгслүүдээ зохицуулах хуулиа хурдан батлахыг шаардаж байна.

Дэлхийн бусад оронд эдгээр шинэ тээврийн хэрэгслийг зохицуулсан хууль, журмуудыг судлахад эрүүл, аюулгүй орчин гэдэг талаас нь голлон анхаарахаас гадна хүний эрхийг дээдэлсэн байдаг. Манайд ч мөн энэ жишгийн дагуу хуульд тусгаж оруулахаас өөр гарцгүй.

Одоогоор манайд Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль мөрдөгдөж байна. Арван жилийн өмнө буюу 2015 онд Г.Батхүү агсан үүнийг санаачилж, батлуулсан бөгөөд сайн хууль болсон гэдэг. Энэ хуульд “Замын хөдөлгөөний нэгдсэн журмыг Засгийн газрын тогтоолоор баталсан Замын хөдөлгөөний дүрмээр зохицуулна” гэж заасан байдаг. Дараа нь 2018 онд Замын хөдөлгөөний дүрмийг шинэчилж баталсан. Монгол Улсад өдгөө мөрдөж буй хууль, Замын хөдөлгөөний дүрэмд мопед, мотоцикл хоёрыг л багтаасан байдаг. Өнөөх улам нэмэгдээд буй сурроныг мотоцикл, скүүтерийг мопед гэж үзээд байгаа юм. Өнгөрсөн хоёрдугаар сард “Авто тээврийн хэрэгслийн ангилал” гэдэг стандартыг шинэчлэн батлахдаа мопед гэдгийн ард хаалтан дотор цахилгаан скүүтерийг багтаасан. Эдгээр хууль, дүрэм, журам нь бодит байдал дээр шаардлага хангахгүй байна.

Тээврийн цагдаагийнхан энэхүү хууль, журмыг боловсруулахаар замын хөдөлгөөнд оролцогчдын эрх ашиг, бодит хэрэглээнд нийцэхгүй байна. Учир нь одоогийн нөхцөл болон цаашид өсөн нэмэгдэнэ гэсэн судалгааны үр дүнд тулгуурлахын оронд яавал торгох вэ, хориглох вэ гэсэн эрмэлзэл давамгайлж харагддаг. Гэтэл бодит байдалд нэг сая гаруй хүн амтай, метро байхгүй, түгжрэл ихтэй энэ хотод цаашид суррон, скүүтер хэрэглэгчийн тоо улам нэмэгдэхээр байна. Үүнийг хориглох аргагүй. Тийм учраас одоогийн нөхцөл байдлаа өнөөдрийн болон ирээдүйн түвшинд зөв тодорхойлж, суррон, скүүтер улам нэмэгдсэн тохиолдолд хүн амаа хэрхэн эрүүл, аюулгүй, тав тухтай, хамгийн гол нь хүний эрхийг зөрчихгүйгээр зорчуулж, түгжрэлийг даван туулах зөв менежментийг бий болгох вэ гэдэг нь энэ хуулийн зорилт юм.

Сүүлийн үед энэ талаар дүүрэг тус бүр өөр өөрийн журам боловсруулж эхэллээ. “99 ханлиг”, “14 хот” гэдэг шиг дүүрэг бүр суррон, скүүтерийн журамтай болж мэдэх нь. Гэхдээ тэр нь олон нийтэд аль болох таалагдахуйц байхыг эрмэлзсэн, суррон, скүүтерээр зорчигчдын эрхийг хаасан, хориглосон агуулгатай байх болов. УИХ-ын даргын хэлээд байгаачлан “хуулиасаа давсан журам” улам нэмэгдэх нь. Энэ нь ийм хууль гаргах гэж буй гол үндэслэл. Ингээд хууль “хаана явааг” хайж үзлээ.

Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Хууль тогтоомжийн тухай хуульд заасан журмын дагуу боловсруулаад байгаа аж. Мөн УИХ-ын даргын захирамжаар 2024 оны есдүгээр сарын 5-нд ажлын хэсэг байгуулжээ. Ажлын хэсгийнхэн өнөөдрийг хүртэл хэд хэдэн удаа хуралдаж, ХЗДХЯ, ЗТЯ, ЦЕГ-ын Тээврийн цагдаагийн алба, “Замын хөдөлгөөний удирдлагын төв” ОНӨТҮГ болон цахилгаан дугуй (суррон) худалдан борлуулагч “Суррон Монголиа”, цахилгаан скүүтерийн түрээсийн үйлчилгээ эрхэлдэг “Жэт шаринг”, “Ви Эм Си”, “Эко баяк” ХХК зэрэг аж ахуйн нэгжийн удирдлагуудыг оролцуулан мэдээлэл, санал солилцжээ.

Мөн Европын Холбооны 27 орны эрх зүйн зохицуулалт, 4-5 орны хуулийг харьцуулан судалсан байна. Нийтлэг тал нь тулгамдсан асуудлаа ойлгочихсон, тэрхүү бодит байдалдаа үндэслэн зохицуулалт хийжээ.  Эдгээрээс хамгийн ойр, ижил төстэй гэгдэх Казахстаныг судалж үзэхэд тус улс 2023 оны зургаадугаар сард хуулиа батлаад 2024 оны эхний өдрөөс хэрэгжүүлж эхэлсэн байна. Наад зах нь хуульдаа маш энгийн тодорхойлжээ. Жишээ нь, “цахилгаан скүүтер гэж нэг хүн тээвэрлэх зориулалттай, суудалгүй, 25 км/цагаас ихгүй хурдтай байх” гэж заасан байна. Гэтэл манайд давхарлаж зорчдог, хурд тохируулдаггүйгээс болж осол, гэмтэлд өртөх эрсдэл түгээмэл. Тэгээд явган хүний зам дээр таван км/цагаас ихгүй хурдтай байхыг зөвшөөрнө гэжээ. Манайд одоогийн байдлаар гурван компани цахилгаан дугуй, скүүтер импортолж байна. Жишээ нь, “Жет шаринг” л гэхэд Казахстаны франчайз бөгөөд тухайн улс орондоо боломжийн нэр хүндтэй, одоогоор “стан”-ы хэдэн орондоо өөрөөр хэлбэл энэ талаар эрх зүйн зохицуулалтгүй орнуудад нийлүүлээд байгаа бололтой юм.

Шинэчлэх гэж буй хуулийн төсөлд ямар зохицуулалтууд оруулах вэ гэхээр юуны өмнө шинэ төрлийн бичил тээврийн хэрэгслүүдээ тодорхой ангилалтайгаар тусгах юм. Тухайлбал, “цахилгаан скүүтер”, “цахилгаан дугуй”, “хувь хүний бичил цахилгаан тээврийн хэрэгсэл” гэсэн ангиллуудыг шинээр тусгаж, эдгээрийн хурдны дээд, доод хэмжээ, жин, тээврийн хэрэгслийн тоноглол зэргийг агуулсан техникийн шаардлага, зорчих зам, жолоодож болох насны хязгаар, жолоочийн үүрэг, хориглох зүйлсийг тодорхой зааж хуульчлах гэнэ. Мөн нийтийн хэрэглээний цахилгаан дугуй, цахилгаан скүүтерийн үйлчилгээ үзүүлэгчийн эрх, үүрэг, тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлага зэрэг замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангахтай холбоотой цогц асуудлыг тусгах аж.

2024 оны эхний долоодугаар сарын байдлаар (сүүлийн таван жилийн хугацаанд) Гэмтэл согог судлалын үндэсний төв, Цагдаагийн ерөнхий газар, Тээврийн цагдаагийн албанаас өгсөн мэдээллээс харахад цахилгаан скүүтер, сурронтой холбоотой осол, гэмтлийн тоо 584 бүртгэгджээ. Насны бүлгээр нь харахад, 10-19 насныхан илүү өртсөн байгаа юм. Сүүлийн хоёр жилд энэ тоо эрс өсөж байна. Жишээ нь, гэмтэл, ослын тоо 2021 онд 20, 2022 онд 50, 2023 онд 274-д хүрч 4-5 дахин өссөн бол 2024 онд 170 бүртгэгджээ.

Хэн нэгэнд хариуцлага тооцох гэхээр тээврийн хэрэгслийн ангилал нь Монгол Улсын ямар ч хууль, дүрэмд тусгагдаагүй. Замын хөдөлгөөний дүрэмд ийм ангилал байхгүй учраас мопед гэдэгтээ хамааруулчихсан. Гэтэл мопед гэдэг нь 50 км/цагаас ихгүй хурдтайг хэлнэ. Ер нь манай тээврийн хэрэгслүүдийн ангиллын хамгийн гол үзүүлэлт нь хурдны хязгаарлалт байдаг. Мотоцикл нь мопедоос илүү хурдтай буюу 50 км/цагаас дээш хурдтай байж таарч байна. Мотоциклыг 18 нас хүрсэн, тухайн ангиллын жолооны үнэмлэхтэй хүн унаж болдог. Гэтэл скүүтер нь бусад улсын хуульчилснаар, ангилал тодорхой болоод байгаагаар бол 25 км/цагаас ихгүй хурдтай байх гэсэн тодорхойлолттой. Манайд яаж 50 км/цагийн хурдтай скутерийг мопед шиг тооцон оруулж явган хүний замаар явуулах вэ дээ. Тиймээс бусад улс орон 25 км/цаг гэж хязгаарласан. Хуулийн төсөлд “скүүтер”, “цахилгаан дугуй” гэдгийг шинээр тодорхойлж байгаа юм. Ингээд одоо мөрдөж буй хуульд тэдгээр бичил тээврийн хэрэгслийн ангиллын тухай огт байхгүй учраас сурроныг зогсоож, хурааж аваад байгаа нь бусдын өмчид халдсан, хүний эрхийг зөрчсөн ноцтой үйлдэл болж таарч байна. Өмчлөгчийн эрхийг хуульд заасан зүйл, заалтаар хязгаарладаг. Торгууль тавих бол захиргааны арга хэмжээ. Тэгэхээр хуульд огт заагаагүй байхад бусдын өмчийг хурааж, торгоод, хүний эрх, өмчийн эрхэд халдаад байж болохгүй биз дээ.
Хуульд хориглож заагаагүй эд зүйлийг хэн нэгэнд хохирол учруулахгүйгээр хэрэглэсэн иргэд буруугүй. Нийтийн эрх зүйн онолоор хориглоогүй л бол зөвшөөрсөн гэсэн үг. Зөвшөөрснөөс бусдыг хориглодог нь хувийн эрх зүйн зарчим.

Тэгэхээр уг хуулийн төсөлд юуны өмнө эдгээр шинэ төрлийн тээврийн хэрэгсэлд ангилал байхгүй байгааг яаралтай засах шаардлагатай. Ангиллыг хуульд заагаагүйд хэрэглэгч, зорчигч иргэд буруугүй. Импортлон нийлүүлж буй аж ахуйн нэгж, иргэд ч буруугүй. Сурронтой зорчигчийг яагаад явган хүний замаар яваад байна вэ гэж буруутгах, шаардлага тавих эрх цагдаагийнханд алга. Торгох зүйл, заалт ч алга. Дээр дурдсан осол, гэмтлийг хязгаарлах, жил бүр хэдэн мянгаар нийлүүлж буй, дэлхий нийтийн хэрэглээ болсон скүүтер, суррон, бусад шинэ төрлийн бичил тээврийн хэрэгслийг замын хөдөлгөөнд оролцуулахад ч, оролцуулахгүй байхад ч хууль л хэрэгтэй. Энэ хуулийг яаралтай батлах шаардлагатай тул 2024 оны гуравдугаар сарын 24-ний өдөр төслийг нь  хэлэлцээд, иргэд, олон нийтээс санал авахаар d.parliament.mn сайтад байршуулаад байна. Үүнтэй танилцаж нийслэлийн иргэд, зорчигчид, хэрэглэгчид та, бид саналаа өгөх боломжтой. Энэ удаад уг хуулийг яагаад яаралтай батлуулах шаардлагатай талаар товчхон өгүүллээ.

Дараагийн нийтлэлүүдээрээ Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахдаа чухам ямар заалтуудыг, ямар учир шалтгаан, үндэслэл, тооцоололд үндэслэн тусгасныг иргэддээ цувралаар танилцуулах болно.