“Шүдгүй арслангуудын нулимс” буюу Шүүх хэний мэдэлд байна вэ?
-Шүүхээр “улс төр хийж” болдог юм уу?-
Шүүхэд итгэх итгэл суларсаар, “сулласаар” байна. Баахан “Шүдгүй арслан” гэж хашхирсан “удирдагчид”? Бид шүүхээ яачихав? Хэрэв та ардчилалд хайртай л бол шүүхэд итгэхээс өөр гарцгүй. Ингэж хэлэхээр “Шүүхийнхээ байж байгаа царайг хар” гэх байх. Тэгье, шүүхийнхээ байж байгаа царайг харцгаая.
Шүүгчдийг өнөөдөр хэн томилж байна вэ? УИХ 2021 оны 1 дүгээр сарын 15-ны өдөр Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгыг баталсан. Энэ нь 1992 онд, ардчилсан, шинэ Үндсэн хуулиа баталснаас хойшх Шүүхийн тухай хуульд 3 дахь удаагаа “гар хүрсэн” хэрэг. Тухайлбал, Шинэ Үндсэн хууль батлагдсанаас хойш УИХ 1993 оны 02 дугаар сарын 04-ний өдөр Шүүхийн тухай хуулийг баталсан бөгөөд уг хуулийг 2002 оны 07 дугаар сарын 04-ний өдөр шинэчлэн найруулж баталсан. Үүний дараа 2012 оны 03 дугаар сарын 07-ны өдөр Монгол Улсын шүүхийн тухай, Шүүгчийн эрх зүйн байдлын тухай, Шүүхийн захиргааны тухай, Шүүхийн иргэдийн төлөөлөгчийн эрх зүйн байдлын тухай зэрэг шүүхийн багц хуулийг баталсан байдаг.
Өнөөдөр Улсын Дээд шүүхэд ажиллаж буй 22 шүүгчийн 1 нь Н.Энхбаяр, 3 нь Х.Баттулга, 3 нь У.Хүрэлсүх, 15 шүүгч нь Ц.Элбэгдорж Ерөнхийлөгчийн зарлигаар тус тус томилогджээ.
Та бүхэн санаж байгаа бол, Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхээс 2021 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр Е/04 дүгээр албан бичгээр Үндсэн хуулийн Цэцэд хандан Ерөнхийлөгч Х.Баттулгын үеийн буюу “Монгол Улсын Ерөнхийлөгчийн хувьд 2021 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн Е/11 дүгээр Монгол Улсын шүүхийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/ бүхэлдээ Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2, Дөчин есдүгээр зүйлийн 3, 5, 6 дахь хэсэг, Хорьдугаар зүйл, Хорин тавдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 4, 6 дахь заалт, Гучдугаар зүйлийн 1, Тавин нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэг болон Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийг дагаж мөрдөхөд шилжих журмын тухай хуулийг зөрчсөн талаарх хүсэлт” гэгчээс бүхэлд нь татгалзсан юм. “2021 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр” шүү. Үүний дараа буюу хамгийн сүүлд 2019 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр батлагдсан Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн чухал хэсэг нь шүүх эрх мэдэлтэй холбоотой байв.
Уг нэмэлт, өөрчлөлтөөр шүүх дэх төвлөрсөн эрх мэдлийг задлах, шүүхийн бие даасан, шүүгчийн хараат бус байдлын зэрэгцээ хариуцлагатай байдлыг баталгаажуулахыг зорьсон. Энэ хүрээнд шүүхийн бие даасан, шүүгчийн хараат бус байдлыг хангах, хуульчдаас шүүгчийг шилж олох, шүүгчдийн эрх ашгийг хамгаалах чиг үүрэг бүхий Шүүхийн ерөнхий зөвлөлийн бүрэлдэхүүнийг 10 байхаар тогтоож, тэдгээрийн 5-ыг шүүгчид дундаасаа, 5-ыг нээлттэй, ил тодоор нэр дэвшүүлж томилох, хуульд заасан үндэслэл, журмын дагуу шүүгчийг албан тушаалаас нь түдгэлзүүлэх, огцруулах болон сахилгын бусад шийтгэл ногдуулах чиг үүрэг бүхий Шүүхийн сахилгын хороо бие даан ажиллах эрх зүйн үндсийг тогтоов. Энэ мөч хүртэл Шүүх дэх төвлөрсөн эрх мэдэл гэдэг нь чухамдаа Ерөнхийлөгчийн оролцоо, нөлөөлөл гэж ойлгодог байсан. Энэ ойлголт одоо ч олон нийтийн дунд хэвээрээ байгаа бололтой. Ялангуяа улстөрчид нь, зарим эрх баригчид нь “ТОГТОЛЦООГОО ОЙЛГООГҮЙ” мэт авирлаж мэдэн будилж, шоудах болсон нь харамсалтай.
Жишээ нь тэд “Засгийн газар Хөгжлийн банкны хулгай луйвар, Нүүрсний хулгайн хэргийг шалгууллаа, илрүүллээ, одоо Шүүх л шийднэ” гэж байна. Тэр ч байтугай энэ үгээ олон нийтэд хэлэхдээ санаатай, эсвэл санаандгүйгээр Ерөнхийлөгч рүү чиглүүлчихэж байгааг мэдээллийн хэрэгслүүд нийтэлсэн. Шинээр “хийсэн” тогтолцооны өөрчлөлтөө мэдсээр байж, иргэдийн дунд байдаг уламжлалт, буруу, хуучин ойлголтыг залруулахгүйгээр, тайлбарлан таниулахгүйгээр ингэж “сумаа тавиад нумаа нуух” хэрэг юун? Үүнийг улс төр гэх үү? Шүүхээр “улс төр хийж” болдог юм уу?
Тэгэхээр “Шүдгүй арслан болох уралдаан” буюу улс төрийн шоугаа эцэслэн өөрсдийнхөө бий болгосон “Тогтолцоотойгоо танилцах” шаардлагатай байна. Эсвэл УИХ-аар баталдаг хуульд огт хайхрамжгүй оролцдогоо хүлээн зөвшөөр. УИХ-аар 2021 оны 1 дүгээр сарын 15-нд баталсан Шүүхийн тухай хуулиа унш! Эцэст нь хэлэхэд “Шүүх”-ийг хүчгүйдүүлсэн, нэр хүндийг нь унагаасан улс төрийн шоуны золиос нь, хохирогч нь Ардчилал, ард иргэд л байх болно. Шүүхийн бүрэлдэхүүн “таалагдахгүй” бол хуульд заасан байгууллагад ханд, шалгуул, нотлуул, өөрчлүүл! Хуулиа л дагацгаая!