Германы Конрад Аденауэр Сангийн оролцоотой, бидний хэдэн судлаачдын
гар нийлсэн хамтын шинэ бүтээл – номын хэсгээс


ОДКБ гэх цэрэг-улс төрийн эвслийг ШХАБ-тай холбон Афганистаны аюулгүй байдлын асуудлаар дээд хэмжээний уулзалт анх удаа Душанбед зохион байгуулсaн. «ШХАБ-ОДКБ» гэсэн геополитикийн холбоос үүссэн. Монгол Улс нь ШХАБ-ын ажиглагч гишүүн, хоёр хөршөөсөө жинхлэх урилга байнга авч байдгийн хувьд би ШХАБ-ыг өмнө нь гаргаж бичлээ.Тэгээд ч 6 гишүүн бүхий ОДКБ-г 9 жинхэнэ гишүүн, 3 ажиглагч гишүүн, яриа хэлэлцээний түнш 9 улс бүхий ШХАБ-тай харьцуулмааргүй.

«ШХАБ-ОДКБ» форматаар болсон тэрхүү дээд хэмжээний уулзалт дээр юу яригдсан бэ? Эшлэе. “Глобал бүс нутгийн аюулгүй байдлын салбарт нааштай өөрчлөлт байхгүйг би харж байна. Хэрэг дээрээ ОДКБ-гийн гишүүн улсуудын хил бүх үзүүлэлтээрээ түгшүүртэй хэвээрээ байна.Тажик-Афганы хил дээр байдал хурцадвал Тажикистаны аюулгүй байдлыг хангахын тулд хамтаараа практик арга хэмжээ авна, үүний тулд 2021 ондоо багтаан ОДКБ-гийн хамтарсан хүчний «Поиск-2021», «Эшелон-2021», «Взаимодействие-2021», «Кобальт-2021» гэх цуврал хээрийн сургууль хийнэ. Афганистантай хамгийн урт буюу 1344 км хиллэдэг, тэгээд хилийн шугам нь бартаа уул хад саад ихтэй тул тажик-афганы хилийг бэхжүүлэх улс хоорондын бүхэл цогц программ авч хэрэгжүүлэх талаар ОДКБ шургуу ажиллахаар боллоо. «Талибан» маш эрчимтэйгээр Афганистаны нутаг дэвсгэрийг эзлээд тэр улсад засгийн эрх гэнэт солигдсон нь Төв Азийн бүс нутгийн байдалд ноцтой нөлөөлж, маш ихээр түгшээлээ. Ийм учраас ОДКБ эвслийн хамтарсан цэргийн оперативын бүлгийг Төв Азид байрлуулах төлөвлөгөөг  батлан мөрдөнө. Энэ нь тусгай зориулалтын цэрэг (КСОР) байх болно” гэдгийг ОДКБ-гийн ЕНБД Станислав Зась мэдэгджээ. Армен, Беларусь, Казахстан, Кыргызстан, Орос, Тажикистаны хамтын цэргийн хүч Төв Азийн аюулгүй байдлын манаанд энэ цаг үеэс эхлэн ийнхүү зогсох боллоо.

Тэрхүү «ШХАБ-ОДКБ» уулзалт дээр Тажикистаны Ерөнхийлөгч Эмомали Рахмон Афганистаны одоогийн байдлыг «сүйрлийн» хэмээн тодорхойлсон ба энэ хөрш улс нь хүмүүнлэгийн сүйрэлд автсаныг анхааруулжээ. ОДКБ-гийн Тунхаглал гэдгийг зөвлөлийн чуулганаас гаргасан байх бөгөөд Душанбейн уулзалт дээр гишүүн орнууд нь Афганистаны дүрвэгсдийг хүлээн авч байрлуулахгүй хэмээн албан ёсоор зарласан. Гэтэл Афганистаны дүрвэгсдийг хүлээн авахгүй ба АНУ, НАТО-гийн цэргийн объектыг нутаг дэвсгэртээ байрлуулахгүй хэмээн санал нэгтэй мэдэгдсэн мэтээр оросын хэвлэл мэдээллийн хэрэгслээр яаран зарласан нь нөгөө  АНУ-тай заяаны хонзонтой, “АНУ нь Төв Азиас хэнийг нь очоод элсүүлчих бол” гэсэн оросын хардлага явж байгаа нь тэр юм.

Ямар ч л гэсэн «ШХАБ-ОДКБ» гэсэн геополитикийн холбоос Төв Азид буй болж, тэр нь Оросын чин хүслийг тээсэн алхам боллоо. 2021-2022 онд ОДКБ-г даргалах эрх Арменд шилжиж, дараагийн саммит Ереванд тохионо. Азербайжантай түмэн асуудал дагуулчихсан, дайтчихсан, тэгсэн хэрнээ Армен, Азербайжан нь хоёулаа ШХАБ-ын яриа хэлэлцээний түнш улсууд. Азербайжаных нь цаана ШХАБ-ын яриа хэлэлцээний өөр нэг түнш Турк байж байдаг, Туркээр дамжаад НАТО-АНУ цаанаас нь ивгээгч гэж үзвэл ОДКБ, НАТО хоёр халз тулах, ШХАБ дунд нь нээнтэглэгдэх магадлал бүр ч ойртох шиг.

Бас нэг сэжим байна. Явж явж нэг хөрш гүрэн маань (ШХАБ-ын нэг гол локомотив) дэлхийн III дайны голомт болчих магадлалтайг америкийн нэгэн хэвлэлд дүрслээд таамаглаад биччихсэн байсныг эшлэе. Дэлхийн шинэ дайн дэгдэж мэдэх газруудыг The Sun гэх сонинд жагсаажээ. Тайвань (заавал авна гэсэн Хятадын санаархлаас үүдэлтэй), Кашмир (Хятад-Энэтхэгийн хоорондын маргаантай бүс нутаг), Ормузын хоолой (Иран ба и АНЭУ-ын мэдлийн арлууд), мөн Хойд Солонгос, АНУ хоёр пуужингаар харилцан цохилт өгвөл дэлхийд глобал түвшний цэргийн мөргөлдөөн дэгдэнэ гэжээ. Эдгээрээс гадна III дайн өдөөгдөж болох газар бол Турк-Сирийн хоорондын мөргөлдөөн, Иран-Израилийн хоорондын цөмийн дайн байх магадлалтай аж. Тэгэхдээ хамгийн ноцтой цэргийн мөргөлдөөн Тайваниас болж АНУ, Хятад хоёр дайтвал хэрэг бишдэх ба глобал сөргөлдөөн болж хувирна гэжээ.

Хятадыг нэрлэсэн хоёр голомт, тэр дундаа ШХАБ-ын ба БРИКС-ийн хоёр гол түнш улс хоорондоо дайтна гэсэн сэрэмжлүүлэг тун ноцтой юм. Турк-Сирийн мөргөлдөөнд ОХУ дам бус бүр шууд утгаар татагдан орох магадлалтай. ШХАБ-д жинхлэх урилгаа авчихсан Иран бас дэлхийн III дайны хоёр ч голомтоор нэрлэгдэж байгаа нь бас анхаарал татна.

Их Евразиас «Өрнөд»-ийг хөөж гаргана хэмээн Оросын хөнөглөх нь дэлхийн III дайн дэгдэх  магадлалд ордоггүй юм байна. Энэ бол зүгээр л Оросын хүсэл мөрөөдөл учраас тэр гэж ойлгох уу?

ШХАБ цаашдаа яах бол гэдэгт бас нэг эшлэл татаж сонирхоё. АНУ-ын ТТГ-аас захиалж орос эрдэмтдээр бичүүлсэн 2030 он хүртлэх таамаглал номд Орос-Хятадын өнөөгийн хамтын ажиллагааг “Хятадын талд ашигтай тактикийн хэдхэн төслөөр хязгаарлагдаж байна, харин Орос нь «глобал ач холбогдолтой түншлэл»-ийн үзэл баримтлалаа мөрдөх гэдэг, гэтэл Хятад тэгж хязгаарлаж буй” мэтээр дүгнэжээ.  ШХАБ-тай ШХАБ-гүй Орос нь Хятадын хавсрага болоод дуусах юм биш үү, энэ эшлэлээс үзвэл?

ШХАБ-ын хоёр том локомотив нь Америк ба Өрнөдийг хамтран сөрж болдог юм байж гэе. Гэтэл тэдгээр нь өвөр хоорондоо далд зөрчил бугшуулж байгааг өрнөдийнхөн олж харах, онож хэлэхдээ бас гаргуун. “Хятадын нөлөө өргөжих тусам Орост асуудал үүснэ, одоогийн шатанд энэ хоёр гүрэн өрсөлдөөнөө нэг тийш нь болгоно, гэвч хэтдээ Оросын эрх баригчдын хувьд Хятадтай харилцаа нь түвэгтэй болно. Орос өмнө нь давуу эрхтэй байсан бүс нутагт Хятадын нөлөө хэрхэн өсч тэлж байгааг Москва ажигласаар байна. Орос өгч чадахгүй байгаа мөнгө, дэд бүтцээ Хятад тийш нь оруулна. Тийм бүс нутаг нь Газар дундын тэнгисийн хавь, Төв Ази, Вьетнам байх болно” хэмээн АНУ-ын Тагнуулын үндэсний зөвлөлийн төлөөлөгч Кристофер Борт ярьжээ. Бас л нөгөө ШХАБ ба Их Евразийн талбарыг нь нэрлэчихэж. Орос хүчгүй, Хятад хүчтэй гэчихсэн юм биш үү?

АНУ-ын ТТГ-ын нэг прогнозод ингэж бичжээ:–Орос-Хятадын стратегийн түншлэлд Орос өндөр ач холбогдол өгдөг боловч геополитикийн асуудлаар тэрхүү түншлэл нь Оросын хүслийг хангахгүй байна.  2008, 2014 онд Кремль Хятадаас маш их итгэл найдвар горьдсон боловч талаар өнгөрсөн. Юу гэвэл Хятад нь Өмнөд  Осет,  Абхазын “тусгаар тогтнол”-ыг хүлээн зөвшөөрөөд, Крымыг ОХУ-д нэгтгэснийг дэмжих ёстой байжээ. Гэтэл Бээжингээс Гүрж, Украины нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг дахинтаа нотлоод тэр хоёр улстай хамтын ажиллагаагаа үргэлжлүүлсэн. Постсовет Төв Азид Хятадын байр суурь бэхжиж байгаа нь Оросыг улам хүчтэй түгшээнэ гэжээ.

ШХАБ гэхгүйгээр глобал түвшинд өөр олон өнцгийн үнэлэлт дүгнэлт эшлэж болно. Гэхдээ хязгаарлая. Хятадад Орос нэн хэрэгтэй байгаа энэ цаг үеийн тухайд өөр өнцгийн тайлбар ч байна. «Ухрах газаргүй болсон, ард зөвхөн Бээжин л бий» гэх логик Хятад-Оросын стратегийн түншлэлийг нөхцөлдүүлжээ. Дональд Трампын өнгөн дээр Хятадыг тогтоон барихын тулд элдвээр дарамталдаг байсан бол Байдены өнгөн дээр бүрэн хэмжээний бүслэлтийн бодлого явуулж, бүх холбоотноо татан оруулахыг зорьж буй. Хятад одоо л сэрж байна. Сэрэх сэрэхдээ Орост туслахаар босч өндийж байна...

- Үргэлжлэл бий