Ерөнхий сайдын БНХАУ-д хийсэн айлчлалтай холбогдуулан “Өдрийн сонин”-д өгсөн ярилцлагаа анхны бүрэн эхээр нь толилуулъя.


-Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнгөрсөн өдрүүдэд БНХАУ-д айлчиллаа. Түүний айлчлалын онцлог, ач холбогдол юу байв. Ямар ганзагатай ирэв?

Монгол-Хятадын харилцаа бүрэн сайжралыг олсон сүүлийн 30 гаруй жилийн хугацаанд тохиосон олон удаагийн дээд хэмжээний айлчлалуудын нэгэн адил гэгээ татуулсан сайн мэдээ дагуулсан айлчлал боллоо хэмээн үзэж дүгнэж байна. Айлчлалын дүнгээр гаргасан Засгийн Газар хоорондын хамтарсан мэдэгдэлд Танай асуултуудад тов тодорхой хариулсан байна билээ. Ер нь аливаа дээд өндөр түвшний айлчлалын дүнгээр гаргадаг албан ёсны баримт бичигт айлчлалын явц, ялангуяа яриа хэлэлцээнд хөндсөн үндсэн сэдэв, тэрхүү сэдвийн талаархи хоёр талын албан ёсны байр суурь, хэрэв байр суурь хоёр талаасаа нийлж байгаа бол тэр тухай заалт, хэлэлцсэн сэдвийн дагуу цаашид хамтран ажилллах чиглэл, хоёр талаасаа авч хэрэгжүүлэх алхмуудыг нэгд нэгэнгүй заасан байдаг шүү дээ. Монгол-Хятадын харилцаанд ч, Монгол ба өөр аль нэг улсын харилцаанд ч улс төрийн айлчлалууд онц ач холбогдолтой. Улс төрийн айлчлалаар хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааны үндсэн зарчмуудыг тодорхойлж, харилцааны үндсийг бэхжүүлэх баримт бичиг байгуулж, харилцааны нарийн ширийнийг илэн далангүй ярилцдаг. Тэр өнцгөөс л саяын айлчлалыг харах учиртай. Монгол, Хятад нь иж бүрэн стратегийн түншлэлд хүрчихсэн, харилцан бүрэн итгэлцсэн түнш улсууд, улс төрийн харилцаа маань хүрэх хамгийн дээд түвшиндээ хүрчихсэн, иймээс тэр өндөр түвшинг эдийн засаг-худалдаа, хөрөнгө оруулалтын хамтын ажиллагаагаар баяжуулах тухай л ярих ёстой болов уу.

-Манай Ерөнхий сайдыг БНХАУ-ын дарга Си Жиньпин хүлээн авч уулзлаа. Мөн Төрийн Зөвлөлийн Ерөнхий сайд Ли Көчянтай албан ёсны уулзалт хийж, хамтарсан мэдэгдэл гаргасан. Хоёр улсын харилцааг эрчимжүүлэхэд тэдний яриа голлосон. Энэ уулзалтын үр дүнг та судлаач хүний хувьд хэрхэн харж байна вэ?

Үр дүнг нь дээр дурдчихлаа. БНХАУ-ын дарга Си Жиньпинд бараалхах үед ярилцсан шинэлэг гэх зүйл бол Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг шинэ түвшинд гаргаж, дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн жишиг харилцаа болгон хөгжүүлэх, хоёр улсын Засгийн газрын хооронд хэрэгжих хөгжлийн төсөл хөтөлбөрүүдийг эрчимжүүлэх, бодлогын баримт бичгүүдийг уялдуулах, хоёр намын харилцаа, хамтын ажиллагааг бэхжүүлэх зэрэг өргөн хүрээтэй асуудлаар санал солилцов. Талууд хамтран Монгол, Хятадын Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг шинэ түвшинд гаргахаар санал нэгдэв гээд албан ёсны мэдээнд явж байна билээ. Энд миний олж харсан, бүр уухайлах, монголчууддаа уриалах нь дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн жишиг харилцаа болгон хөгжүүлэх гэсэн заалт болов уу. Жишиг харилцаа гэж зүгээр ч нэг уриа төдий хэлээгүй, дэлхийн тэргүүлэх нэг гүрэн хөрш зэргэлдээ хөгжиж буй жижиг Монголтойгоо хэрхэн эе эвтэй, харилцан ашигтай ажиллаж болдогийг дэлхий дахинд харуулаач ээ гэсэн уриа шүү дээ.

-Монгол, Хятадын Ерөнхий сайд нарын уулзалтаар хоёр улсын боомтуудыг холбох төмөр замын төслүүд анхаарал таталаа. Ерөнхий сайдын айлчлалын үеэр бүтээн байгуулалтын ямар ажлуудыг өрнүүлэхээр  талууд тохиролцов?

БНХАУ-ын дарга Си Жиньпинд бараалхах үед ярилцсан, хоёр улсын Ерөнхий сайд нар яриа хэлэлцээний үед хөндөж ярьсан чухал сэдэв. Манай улсын “Алсын хараа-2050” урт хугацааны хөгжлийн бодлого, Засгийн газрын “Шинэ сэргэлтийн бодлого”-ыг Хятадын “Даян дэлхийн хөгжлийн санаачилга”, “Бүс ба Зам” санаачилгатай уялдуулах тухай юм. Ер нь дээрхи бүх асуудлыг Хамтарсан мэдэгдлийн 5-р заалт “Талууд харилцан ашигтай, хамтдаа хожих үзэл санааны дагуу хөгжлийн хамтын ажиллагааг бүхий л талаар бэхжүүлэхээр санал нэгдэв” гэдэгт маш тодорхой заачихсан байгаа. Худалдаа, хөрөнгө оруулалт, санхүү, эрдэс баялаг, эрчим хүч, харилцаа холбоо, дэд бүтцийн бүтээн байгуулалт, цахим эдийн засаг болон ногоон хөгжил зэрэг салбарын хамтын ажиллагааг өргөжүүлнэ гээд хамтран ажиллах салбаруудаа хүртэл нэрлэчихсэн байна.

“Монголбанк, Хятадын Ардын Банк хооронд байгуулсан Үндэсний мөнгөн тэмдэгт солилцох своп хэлцлийн гэрээ”-ний хугацааг 2026 он хүртэл гурван жилээр сунгахаар боллоо. Уг хэлцлийн талаар сонирхуулахгүй юу?
Энэ талаар Сангийн яам, Монголбанкнаас бодитой хариулт авсан нь дээр болов уу. Сайд дарга нар нь Ерөнхий сайдыг дагалдан БНХАУ-д айлчилсан, тэд л бодитой, хэрэгтэй мэдээлэл өгнө.

-Монгол Хятадын гадаад худалдааны эргэлт хил гааль хаагдсантай холбоотой яаж өөрчлөгдөв. Саяын айлчлалын үеэр Замын-Үүд-Эрээн боомтын үйл ажиллагааг хэвийн горимд оруулахад айлын тал ямар амлалт өгсөн бэ?

Айлчлалын үеэр мэдээж манай экспорт, түүний голлох бүтээгдэхүүн–зэс, коксжсон нүүрсний экспорт яригдлаа. Экспортын 50 гаруй хувийг дангаараа гаргадаг  Гашуунсухайт-Ганцмод боомт болон Шивээхүрэн-Сэхээ, Бичигт-Зүүнхатавч боомтуудын төмөр замын хилийн шугам дайран өнгөрөх цэгийг эцэслэн тохиролцсон нь онц ач холбогдолтой үйл явдал боллоо. Гашуунсухайтын төмөр зам ашиглалтад орсноор нүүрсний экспорт гацаанаас гарна. Тэр талаар хоёр тал зориг шулуудаж байгаа нь хамгийн чухал юм. Царигийн асуудал эцэслэгдэх, хэрэгжээд үр дүнгээ өгөх эсэх нь Хятадын талаас гэхээсээ Монголын талын дотооддоо эв зүйгээ олоод, зөв, олон санаагүй тууштай ажиллах асуудал болов уу гэж би боддог. Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр замын бүтээн байгуулалтыг шуурхай эхлүүлж, богино хугацаанд ашиглалтад оруулахад Монгол Улсын Засгийн газраас анхаарч буйг мэдэгдэв гэсэн байна билээ. Албан мэдээнд. Энэ чинь 14 жил гацаасан төмөр замаа ашиглалтад оруулж, хамтын ажиллагаагаа зөв зам руу нь эргүүлнэ хэмээн манай тал Хятадын талын өмнө амлалт өгчихөөд ирлээ гэж би үзэж байна. Амлалтаа л хэрэгжүүлэх үлдлээ.  

-Автозамтай холбоотой нэлээд олон төслүүд хэрэгжүүлэх талаар талууд ярилцжээ. Энэ тухай дэлгэрүүлэхгүй юу. Ер нь хэзээнээс хэрэгжих бол?

Алтанбулаг–Замын-Үүд чиглэлийн хурдны замын төсөл зэрэг томхон төслүүдэд онцгойлон анхаарал хандуулахаар зориг шулуудлаа хэмээн би айлчлалын явцаас дүгнэсэн. ОХУ, БНХАУ болон Европын Холбоо, БНХАУ-ын худалдааны эргэлт дээд хэмжээнд хүрч байгаа цаг үед БНХАУ-ын “Бүс ба Зам” санаачилгад дэвшүүлсэн Монгол-Орос-Хятадын эдийн засгийн коридорын бүтээн байгуулалтын ажлуудыг эрчимжүүлэх хүрээнд олон жилийн хугацаанд яригдсан Алтанбулаг-Замын-Үүд чиглэлийн 987 километр хурдны зам барих төслийг эрчимжүүлэх талаар санал солилцов гээд албан мэдээнд нь заасан байна билээ. Олон жил яригдсан, дуншсан, Монголд дотооддоо эв зүйгээ олохгүй будлиулсан асуудал нэг тийшээ шийдэгдэж Монголыг транзит улс болгох томхон төсөл хэрэгжих замдаа орлоо хэмээн үзэж байна. Олон жилийн өмнөөс энэ төслийн судалгааг хийж, санхүү-мөнгийг босгох гэж ажиллаж байгаа монголын компани байгаа шүү дээ. Бүх зүйл нь цаасан дээрээ бэлэн болчихсон. Хятадын талаас ч тэд бас түншээ олоод авсан гэж би ойлгосон. Тэр компаниа төр-засаг нь дэмжээд хурдны замын бүтээн байгуулалтаа хэрүүл тэмцэлгүй яаралтай эхлүүлээсэй гэж бодож байна. Цаг алдаж ханалаа, одоо хүлээх, хэрэлдэх, мөчөөрхөлцөх цаг монголчуудад байхгүй. Манай хурдны зам бол дэд бүтэц гэхээсээ хоёр тивийг холбох, хоёр гүрнийг холбох геополитикийн маш том холболтын эхлэл болно. Би тэр өнцгөөс их томоор харж ач холбогдол өгч байна.

-ОХУ-аас Монгол Улсын нутаг дэвсгэрээр дамжуулан БНХАУ руу тавих хийн хоолойн төслийн ТЭЗҮ батлагдсан. Олон жил яригдсан энэ төслийг эрчимжүүлэхээр хоёр улсын Ерөнхий сайд нар тохиролцсон байна. Төслийн үр өгөөжийн талаар та ямар бодолтой байдаг вэ?

Энэ тухайд ёстой загатнасан газар майжих шиг л баярлууштай мэдээ түгсэнд баяртай байна.  Монгол-Орос хоёр тохиролцсон, энэ талаар ажиллаж байгаа. Хятад яадаг бол, хүлээн авдаг болов уу, яадаг бол гэсэн ерөнхий хардлага, зарим талаар айдас монголчуудад байсан. Энэ бол нууц биш. Харин энэ талаар цэг тавилаа гэж үзэж байна. Монголоор дамжуулах хийг БНХАУ авах юм байна, иймд гурвалсан хамтын ажиллагаа болж өргөжих юм байна, тэр талаар Монгол, Хятад хоёр чармайн ажиллах юм байна гэдэг зураглал л бууж байна. Гэхдээ манайхан олон санаа гаргахгүй, нэгдсэн нэг цонхны бодлогоор л энэ хамтын ажиллагааг хэрэгжүүлнэ. Монголчуудаас их зүйл шалтгаална гэдгээ ямагт санаж яваасай. Нөгөө талаасаа ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин БНХАУ-тай Даргатай хэлэлцээ хийхдээ энэ асуудлыг ярилцсан нь бүр ч том дэвшил юм. Ирэх 25 жилд Орос нь Хятадад хий нийлүүлнэ. Тэр хүрээндээ Монголоор дамжуулан нийлүүлэх асуудал яригдлаа хэмээн оросын мэдээнд явж байсныг бид бүр ч олзуурхмаар байгаа юм.

-Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга А.Гутеррештэй уулзсан байна. Тэдний уулзалтаас ямар үр дүн хүлээж болох вэ?

Энэ талаар ГХЯ-ны Олон талт хамтын ажиллагааны газраас тодруулсан нь зүйтэй болов уу.

-Ерөнхий сайд, МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ Хятадын Коммунист Намын Төв хорооны Гадаад харилцааны газрын дарга Сун Тао-тай уулзаж, хоёр намын харилцаа, хамтын ажиллагааны асуудлаар санал солилцжээ. Анхаарал татсан ямар эшлэлүүд онцлов, тэд?

Энэ талаар МАН-ын Гадаад харилцааны албанаас тодорхой мэдээлэл авсан нь зөв байх аа. Миний мэдэж байгаагаар хоёр нам 2021 онд ойролцоохон 100 жилийнхээ ойг тэмдэглэсэн. Засгийн эрхийг хамгийн удаан хугацаанд барьж байгаа нам гэвэл МАН-ыг нэрлэнэ. 1949 оноос хойш БНХАУ-ын улс төрийн цөм яваа, улс орноо удирдан жолоодоод хөгжлийн өндөрлөгт хүргэсэн гэвэл ХКН-ыг нэрлэх байх.