Германы Конрад Аденауэр Сангийн оролцоотой, бидний хэдэн судлаачдын гар нийлсэн хамтын шинэ бүтээл – номын хэсгээс


Орос-Энэтхэг-Хятадын гурвалжингийн хүрээнд нэгдсэн бодлого нь цэгцрээгүй, ам тунхаг голлосон, ачир дээрээ Энэтхэг, Хятад хоёр нь далдуур дайсагнасан өөр харилцаа үүсгэж байгаад бодитой үнэн хариултыг хэн ч өгч зүрхлэхгүй байна. ШХАБ-ын бүрэн эрхт гишүүн Энэтхэг нөгөө талд («дайсны тал») гарчихаад явааг Москвад ч, Бээжинд ч ус балгасан аятай таг чиг? Quadrilateral Security Dialogue буюу Аюулгүй байдлын асуудлаархи дөрвөн талт яриа хэлэлцээ–2007 онд Японы Ерөнхий сайд Ш.Абэ санаачилсан, Орос, Хятадын хувьд «Азийн НАТО» гэж тооцогдсон олон улсын механизм. Гишүүд нь Япон, АНУ, Австрали, Энэтхэг ажээ. 

Үүнд хэн нь ч тайлбар өгч зориглодоггүй. ШХАБ-ын энэ үйл явц руу Энэтхэг нэмэгдэж орж ирэх мөртлөөнөө цаад хоёроосоо (ШХАБ-ын хоёр локомотив) зөвшөөрөл авалгүй, хэлэлцэн тохиролцолгүйгээр QUAD-д («Азийн НАТО») нэгдчихсэн нь геополитикийн шинжлэх ухааны шал өмнөө, ухаалаг, уян хатан тайлбар тавихыг Москва, Бээжингээс битүүхэн шаардсаар буй. 

Геополитикийн гурвалжингаа цэгцэлж нэг чигт нэг мөр болгож аваагүй байтал 2021 оноос шал өмнөө өөр нэг гурвалжингийн үндсийг тавьчихлаа. Геополитикийн дөрвөлжин үүснэ гэж одоогоор төсөөлөгдөхгүй байна.ШХАБ-д жинхлэх урилга авсан Иран зохих процедурыг дамжин хоёр жилийн дараа жинхэнэ гишүүн нь болно. Энэ нь цаашаа даян дэлхийд Орос-Хятад-Иран гэх шинэ «тэнхлэг» төлөвшиж бүрдэх эхлэл болох магадлалтай. Логик утгаар тэгж ойлгогдож байна.

ШХАБ-д бүл нэмэх асуудлаар нь «хоёр гол локомотив»-ын хооронд санал зөрөлдөөн байснаа Иран дээр ам хэлээ ололцсон нь ч бүрэн тайлагдаагүй, нэг ёсны оньсого аятай байна. Хятад-Ираны хооронд 25 жилийн хугацаатай стратегийн түншлэл тогтоомогц Ираныг ШХАБ-д жинхлүүлэх Оросын олон жилийн далд бодлогыг Хятад илээр дэмжээд санал нэгдчихлээ. Энэ нь Оросын лобби гэхээсээ Хятад-Ираны хоёр талын харилцааны чармайлт, Хятадын байр суурь гэнэт зөөлөрсөнтэй нь холбоотой болов уу.

ШХАБ-ыг өргөжүүлээд байх Оросын хүсэл, Хятадын гэдийлт нэг зүйл хэлээд байх шиг. Хятадын өнцгөөс ШХАБ ийнхүү ихээр тэлэх нь хүсүүштэй алхам биш, гэхдээ компромисс хийж болно. Учир нь ШХАБ бол Хятадын барагдахгүй их эдийн засгийн туршилтын талбар, олон талт тэр талбайд чөлөөтэй тоглолт хийхэд Хятадад дутагдах гачигдах зүйл (хүний нөөц, олон төсөл, Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банк, цаашлаад “Бүс ба Зам” гээд олон зэвсэг Хятадад байна) гэж нэгээхэн ч байхгүй. Харин одоо Хятад нь ганцаараа тоглогч биш. Төв Азид Бээжин, Москва хоёр хамтарсан хяналтаа тогтоох нэг ёсны тогтолцоог ШХАБ буй болгох учиртай. Харин Кремлийнхэн Төв Азид хоёул хослон ажиллахыг нэг их өөдрөгөөр хардаггүйг Хятад мэднэ. Хятадын чөлөөт худалдаа, банк Төв Ази руу орж ирээд бэхжчихвэл Орост хохиролтой. Тэгэхлээр нь Хятад нь хоёр талын харилцаандаа тулгуурлаад Оросгүйгээр бодлогоо явуулаад байдаг. Харин Орост цэрэг-стратегийн элдэв хөшүүрэг хангалттай байна. Дээр нь Энэтхэгээр нэг ёсны бамбай хийчихнэ хэмээн оросын эрдэмтэн Александр Габуев бичжээ.

Энэтхэгээр бамбай хийж Хятадын оролцоог зөөлрүүлнэ гэдгийн эсрэг Энэтхэг ажиллаж байгаа нь 2019 онд бидний хэсэг эрдэмтэд, судлаачид, дипломатчид Энэтхэгт эрдмийн ажлаар хагас сар зочлоход нүднээ илт харагдаж байв. Энэтхэг нь ямар нэгэн интеграц, хамтын ажиллагаа, тэр дундаа “Бүс ба Зам” сонгож ШХАБ-джинхлээгүй, стратегийн газар зүйн байршлаа олж авах гэж, Төв Ази руу гарц гаргах гэж, Төв Азид Орос, Хятад хоёр хэт давуу байгааг тэнцвэржүүлэх гэж ШХАБ-ыг сонгосон гэж ярьцгааж байв. Энэтхэгчүүдийн түүхэн гарал нь Төв Азиас, Төв Азиас Энэтхэгт ислам нэвтэрсэн, тэр утгаар Төв Азид Энэтхэг эргэж хүчтэй нэвтрэх, Төв Азийн орнуудтай нягт харилцахад ШХАБ том боломж болно, харин Монгол Улс ШХАБ-д жинхлээд Энэтхэгийн холбоотон болж (ШХАБ-д хоёулхнаа ардчилсан дэглэмтэй!) Төв Ази дахь Орос, Хятадын давуу байдлыг эвдэхэд туслах хэрэгтэй гэхчлэн ятган байв. 

Энэтхэг эрдэмтэн Ража Моханы үзсэнээр, СССР гүрэн задран унаж, оронд нь олон улсын харилцаанд ганц туйл хэт давамгайлж, тэр ганц туйлыг тэнцвэржүүлэхийн тулд ШХАБ-ыг тус улс сонгосон ба тэгэхдээ Өвөр Ази дахь түүхэн ойр дотно улс орнуудтайгаа хэлхээ холбоогоо эргээж сэргээнэ, тэр утгаар олон туйлт дэлхийг хүссэн тэр үеийн Москва, Бээжинтэй ойртоход Энэтхэг арга буюу хүрсэн гэжээ. Гэтэл 20 жил өнгөрлөө, Хятад маш хүчтэй болж ирлээ,Москва, Бээжингийн хооронд стратегийн түншлэл гүнзгийрлээ, дагалдаад Энэтхэг-Америкийн харилцаа шинэ дүр төрхөө оллоо, тэр нь ШХАБ дахь Энэтхэгийн ач холбогдлыг өсгөлөө, Хятадын нөлөө өссөөр Энэтхэгийн Өмнөд Ази, Энэтхэгийн далайд чөлөөтэй маневрлах эрх чөлөөг нь боогдууллаа, Москвагаас Бээжинг сөргүүлж Нью-Делид туслах хүслээр тааруу байна, ШХАБ нь Энэтхэгийн стратегийн чухал асуудлыг шийдсэнгүй гэжээ. 

Биднийг Делид очоод байхад энэтхэгийн дипломатчид, цэргийн жанжидтай уулзах үед нэг асуудал байнга давтагдсан. Энэтхэг нь Төв Азид бэхжихийн сацуу олон улсын терроризмтэй тэмцэнэ гэсэн зорилгоор ШХАБ-ын сонгосон байтал тэрхүү терроризмын хөрс нь энэтхэгийн хөрш, ШХАБ-ын гишүүн Пакистанд байгаад байдаг, үүнд нь ШХАБ туслаж чаддаггүй, Хятад нь пакистаны армитай гүн бат найрамдалтай, гэтэл Исламабад нь Москватай харилцаагаа сайжруулаад байдаг, харин ч Кашмирын асуудлаар Пакистантай хэлэлцээ хийхэд ШХАБ-ын формат нь Энэтхэгт нэг ёсны дарамт шахалт болдог, Энэтхэгийг Төв ба Өвөр Азийн орнуудтай нягт харилцаатай байлгая гэтэл Пакистан дургүйцдэг, транзит тээвэрт нутаг дэвсгэрээ ашиглуулдаггүй, ШХАБ-аас Энэтхэг онцын ашиг хүртэж чадахгүй байна, Энэтхэг цөхрөхдөө Хятадын СААРК-д элсэх гэсэн хүслийг л бойкотолж байна, Кашмирын маргааныг шийдэхгүйгээр Өмнөд Азид терроризмтэй тэмцэнэ гэж үлгэр гэхчлэн ярьцгааж байв. 

Ингэхэд Энэтхэг, Пакистан хоёрыг ШХАБ-д жинхлүүлэх хүсэл Оросыг хааш нь хөтлөв гэдэгт оросын эрдэмтэн Дмитрий Тренин голыг нь олж хариулсан байгаа юм. Их Евразийн геополитикийн өнцгөөс Москва хандсан, Оросын стратегийн зорилго нь Хятадыг ганц талын тоглолт хийлгэхгүй байх, найрамдалд гэрээ хэлэлцээрийнхээ системд Хятадыг уях торгоох, тэр утгаар эдүгээ ШХАБ-ын бүтцэд гурван том гүрэн зэрэгцэн байгаа нь Хятадын хэт давуу байдлыг эерүүлнэ гэжээ. Пакистан ШХАБ-ын гишүүн байх нь Оросын хувьд ямар хэрэгтэй вэ гэдэгт ингэж хариулжээ. Юу гэвэл Азийн эх тивийн үндсэн гүрнүүд ШХАБ-д орчихсон байх нь хэрэгтэй, тэгэх тусмаа Афганистаны асуудлаар бүс нутгийн хамтын ажиллагаа хөгжүүлэхэд нэг чухал боломж болно. Иран жинхлэх нь ч Оросын хувьд эдийн засгийн сул доройгоо нөхвөрлөх дипломатын амжилт, Ойрхи Дорнод, Сирид Оросын явуулж байгаа бодлогыг нотлох бас нэг баталгаа болно гэжээ. 

Евразийн эх тивээс АНУ-ыг шахаж гаргах, Өрнөд Европыг Европын баруун хэсэгт нь хаших тухай Оросын номлол прагматик Хятадад бүрэн дэмжлэг авах нь хэр вэ? Чухам л ШХАБ-ын зорилго нь энэ гэсэн мэт ОХУ ажилладаг. Евразид том альянс буй болбол АНУ-д аюул учруулна хэмээн олон жилийн тэртээ америкийн нэрт эрдэмтэн онолч Збигнев Бжезинский «Шатрын их хөлөг»-төө бичиж байсныг яг дагуулаад Орос тийм том альянсын эрэлд мордоод байх шиг. 2018 онд ОХУ-ын Гадаад хэргийн сайд ноён С.В.Лавров нэгэн шинэ механизмын тухай анх удаа тодорхой ярьсан. Тэр нь ОХУ-ын геополитикийн дараагийн томхон тоглолт буюу «Их Евразийн түншлэл»-ийн орон зайд хамтран ажиллах тухай сэдэв байв. Тэр орон зай нь гурван том эвсэл-механизмын нийлбэр талбар. Энэ бол ЕАЭС+ШХАБ+АСЕАН (Зүүн өмнөд Азийн орнуудын холбоо) гэж мэдэгдэж байсан бол гурван жилийн дараа СНГ, ОДКБ-г нэмж нэрлэжээ. Ноён С.Лавровын НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 2021 оны намрын ээлжит чуулганы ерөнхий санал шүүмжлэлд хэлсэн үгийн Еврази гэх хэсгийн үндсэн санаа: СНГ, ЕАЭС, ОДКБ, ШХАБ-ын хүрээнд интеграцын үйл явцыг хөгжүүлэх замаар харилцан нөхсөн сүлжээ альянсаа бэхжүүлнэ, АСЕАН-ыг өөртөө багтаасан Их Евразийн түншлэл төлөвшүүлэх тухай В.В.Путины санаачилга дэвшил авчирна, Их Евразийн түншлэл нь Ази-Номхон далайн бүс нутагт баримтлах норм хэм хэмжээ тогтооход голлох үүрэг гүйцэтгэнэ гэжээ.

Их Евразийн түншлэл нь Евразиас АНУ, Өрнөдийг шахаж гаргах хүртэл томорно гэдэг дээр ирээдүй цаг дээр л ярьж болох сэдэв. Бас ШХАБ, түүний дотор Орост 100 хувийн дэмжлэг Хятад, Энэтхэг хоёр үзүүлэх болов уу? Тэгэх тусмаа АСЕАН-ыг Оросын геополитикийн шүхэр дор оруулна, QUAD буюу АНУ, Япон, Австрали, Энэтхэгийн шинэ альянсыг амархан номхруулчихна гэдэг амаргүйг Бээжинд тооцоолно. ШХАБ ба БРИКС дэх нэг ёсны холбоотон Энэтхэг нь «Азийн НАТО»-д орчихоод өөрсөдтэй харшилдах байгааг юу гэж үзэх вэ? Энэтхэгээ «Азийн НАТО»-гоос нь гаргаж байж, дахин зүглүүлэхгүй болгож байж тэр «дайсан»-тайгаа үзэлцэнэ. 

Их Еврази гэх Оросын үзэл санаа биелэгдэх хэтийн төлөвт АСЕАН орж болно. Одоо бол АСЕАН-ы орнууд АНУ-тай эвсээд Өмнөд Хятадын тэнгист Хятадын цэргийн идэвхжлийн эсрэг зогсож буй, хэтдээ тэр бүс нутагт Хятад ба АСЕАН-ы зарим улсуудын хооронд цэргийн мөргөлдөөн дэгдэх магадлал өндөр байгаа, QUAD Хятадыг сөрөн эсрэгцсэн гэж үзвэл Их Еврази дахь АСЕАН нэг хэсэгт мөрөөдлөөс хэтрэхгүй үлдэнэ...


- Үргэлжлэл бий