Шинэ номын шигтгээ үгс
Арвантаван Засгийн газар солигдон ажиллахад энэ 30 жил солигдоод өнгөрчээ. Ганц л дүгнэлт байна. Энэ 30 жилд, 15 удаа Засгийн газар солигдон цөхрөлтгүй ажилласан байхад Монголын ард түмний аж амьдрал, аж төрөл уг нь прогрессоор урагшлан дэвшиж ямар нэгэн өндөрлөгт хүрчихсэн баймаарсан.
(Тэрслүү үгс)
Одоогоос 13 жилийн тэртээ 2007 онд “Бид ингэхэд хэн юм бэ?” хэмээх номоо би уншигчдад хүргэсэн. Oдoo “Бид ингэхэд хэн юм бэ? (2)”номоо толилуулж байна. Арвангурван жилийн тэртээ бичсэн номынхоо үргэлжлэл болгож II дэвтэр маягтай энэ номоо бичээд уншигчиддаа өргөн барилаа.
Бичигдсэн сэдэв, сэдэл, агуулга, доторхи үйл явдал нь тэр үеийнхээс ямар ялгаатай вэ гэдгийг өнөөгийн Монголтой харьцуулж гаргаж тавихыг зохиогч би хатуу зориогүй. Гэхдээ хар ухаанаар бодоод үзэхүл 2007 оны Монголоос өнөөгийн 2020 оны Монголд ялгаа гарч уу, дэвшил байна уу, эсвэл хэвэндээ юү, дордсон уу гэдэгт уншигчид хариулт, дүгнэлтээ өгчихөд нэг их түвэг учрахгүй.
Бичигдсэн сэдэв ба сэдэл гэлээ. Үүнийг тайлбарласан улс төрийн дүгнэлтээ хуваалцая. Ардчиллын 30 жилээр авч үзвэл:
- Д.Бямбасүрэнгээс эхлээд У.Хүрэлсүхийг хүртэл 15 Засгийн газар;
- Р.Гончигдоржоос эхлээд Г.Занданшатарыг хүртэл 11 спикер (8 парламент);
- П.Очирбатаас эхлээд Х.Баттулгыг хүртэл тавын таван Ерөнхийлөгчийн яруу алдрын түүх өрнөжээ.
Арвантаван Засгийн газар солигдон ажиллахад энэ 30 жил солигдоод өнгөрчээ. Ганц л дүгнэлт байна. Энэ 30 жилд, 15 удаа Засгийн газар солигдон цөхрөлтгүй ажилласан байхад Монголын ард түмний аж амьдрал, аж төрөл уг нь прогрессоор урагшлан дэвшиж ямар нэгэн өндөрлөгт хүрчихсэн баймаарсан. Гэтэл прогресс биш урвуу дэвшил явагдаад ямагт гуриатаж доройтож, ядууралдаа дарлуулж, мөнгөний гачаалд орж ирсэн байх юм.
Арвантаван Засгийн газрын өнгөн дээр Засгийн газар нь (нөгөө 8 УИХ, 5 Ерөнхийлөгчид бас хамаатай) ямагт ялагдсан буюу хийхийг зүрхлээгүй нийгмийн 4 гамшиг ярайж байна. Гамшиг гэхээс аргагүй. Монголын нийгмийг ямагт дотроос нь мэрж хэмлэж сулруулж, хэтдээ сүйрүүлж мэдэхээр байгаа тул би тэгж хүндрүүлж хэлж байна. Оройтдогоо оройтчихоод аюулын харанга дэлдэж байгаа учраас би бүр ч хилэнтэйгээр чангаар хэлж байна, “Та нар чадаагүй ээ!” гэж. Тэр дөрөв бол:
- Ядууралтай яаж ч тэмцээд 25-29 хувьдээр л бариад байна, нийгмийн халамж үзүүлэхгүй бол хүн амын бараг тал нь ядуурахад ямагт бэлэн явж иржээ;
- Ард түмнээрээ ажил хийлгэж чадсан ганц ч Засгийн газрыг монголчууд олж үзсэнгүй. Ажилгүйдэл мөнхөд байгаастай, бас ажлын байрууд мөнхөд нээлттэй;
- Архидалт ба архичдыг энэ олон Засгийн газрууд ёстой яаж ч хүчирсэнгүй;
- Зах зээлийн шуурганд уруудсаар сөхөрч унасан, гэхдээ ихэнхи нь өөрсдөөс нь болсон золбин тэнэмэл, нийгэмшээгүй хүн сүргийнхээ өмнө Монголын төр-засаг гараа өргөн бууж өгснөөс зайлахгүй болжээ.
Би яг ингэж дүгнэж үзээд, өр өвдөөд, байж суух газраа олж ядаад энэ номдоо тэр 4 гамшгийн цаад учир шалтгаан, тэмцээд ялах аргачиллыг санал болгох санаатай олон талаас нь мэдлэгээ шавхан байж хариулт өгөхийг хичээсэн. Уншаад үзээрэй.
Арвангурван жилийн тэртээх номынхоо өмнөх үгэнд би ингэж бичиж байжээ. Ардчиллын ололтууд тасралтгүй 17 жил ямагт прогрессоор яваад ирснийг үгүйсгэх санаа надад байхгүй. Гэтэл Монголын ард түмний олонхи нь ардчиллын үр шимийг аж амьдрал дээрээ үзэхгүй, талаас нь илүү нь хувхайртлаа ядуураад, ядуурах тийшээ яваад байгаа нь юуных вэ? Эрх чөлөө нь аврал биш хараал болсон өнөөгийн Монголд одоо яах вэ гэдэг асуулт олон хүний өдөр шөнийн бодол зүүд боллоо. Төр ч, засаг ч, лидерүүд нь ч, гадаадын түншүүд ч, ер нь эдний хэн нь ч 100 хувийн бурууг үүрэхгүй. Буруугийн, муугийн магадгүй дийлэнхи хувийг “МОНГОЛ ХҮН” Та өөрөө үүрэх ёстой, учир нь “Чиний амьдралыг Чи л авч явна. Чиний амьдралыг чамаас өөр хэн ч авч явахгүй!” гэсэн логик л энэ номыг надаар бичүүлж дөнгөлөө гэсэн юм. Яг түүнийгээ энэ удаа давтан учирлаж шинэ номоо босголоо шүү.