Тэнгэрийг хүндэлж, хүнийг хайрлаж яваарай
Амьдрал бол кино. Ердийн киноноос ялгаатай нь та энэ киноны зохиогч нь, бас гол дүрийн тоглогч нь. Өөр нэг ялгаа нь амьдрал гэдэг кино ганцхан удаа л гардаг бол ердийн киног хэд ч давтан үзэж болно.
Амьдрал бол кино. Ердийн киноноос ялгаатай нь та энэ киноны зохиогч нь, бас гол дүрийн тоглогч нь. Өөр нэг ялгаа нь амьдрал гэдэг кино ганцхан удаа л гардаг бол ердийн киног хэд ч давтан үзэж болно.
Та нар өнөөдөр киноныхоо анхны бүлгийг дуусган дунд сургуулиа төгсөж, цоо шинэ бүлгээ эхлүүлэх гэж байна. Өнөөг хүртэлх бүлгүүдийг зохиоход чинь эх эцэг, ах дүү, анд нөхөд ихээхэн нөлөөлж ирсэн бол маргаашнаас та биеэ даан зохиолоо бичих юм.
Энэхүү эхлэл, төгсгөл давхацсан бэлгэт өдрийг тохиолдуулан дүү нартаа баяр хүргэе. Мөн яавал амжилттай, аз жаргалтай амьдарч, эрүүл энх, урт наслах тухай мэдлэгээсээ хуваалцахаар би танай төгсөгчдийн баярт ирсэн юм.
Амьдрал боломжоор үргэлж дүүрэн байдаг. Гэхдээ боломж хаалгыг чинь тун зөөлөн тогшдог учир зарим хүн сонсдоггүй, анзаардаггүй. Дараачийн автобус зогсоолдоо заавал ирдэг шиг боломжууд бас л ээлж дараалан тохиодог юм. Автобус ирэхээр хаашаа, яах гэж яваагаа мэдэж буй хүмүүс л суудаг. Та хаашаа явахаа шийдсэн үү? Зорилго, шалтгаанаа бүрэн тодорхойлсон хүн л боломжийг ашиглаж, амжилтад хүрдэг. Амьдрал гэдэг киноныхоо зохиолыг эрт бичих тусмаа та зорилго, шалтгаанаа бүрэн ухамсарлаж чадна. Зохиолоо бичээгүй хүн бусдын зохиолын туслах дүрд тоглохоос өөр сонголтгүй болдог.
ЗОРИЛГО
Амжилтад хүрсэн бүх хүнд өөрийн зорилго бий. Тэд киноны зохиолоо эхнээс нь сайн бичээд, гол дүрдээ амжилттай тоглож, хүсэл мөрөөдлөө биелүүлдэг. Тэдний олонх нь хувь тавиланд бус, зөвхөн өөртөө итгэдэг. Хувь тавиланд итгэдэг хүмүүс би яаж ч хичээсэн надаас юу ч хамаарахгүй, хувь тавилан намайг хөтөлнө гэж үздэг буюу зорилгогүй болдог. Хувь заяагаа чагнаж, эсвэл түүнтэй байлдаж суухын оронд бодол санаагаа цэгцэлж, оюун ухаанаа хөгжүүлэхийг хичээх нь илүү үр дүнтэй.
Залуу хүн олон том мөрөөдөл, оргилуун хүсэл тэмүүлэл, оломгүй их эрч хүчтэй байдаг. Гэхдээ тэр их мөрөөдлийг биелүүлэхийн тулд өдөр тутмын уйгагүй хөдөлмөр, хичээнгүй зүтгэл хэрэгтэйг хүн бүр төдийлөн ойлгодоггүй. Үр шимийг нь үтэр түргэн хүртэх гэж, боломжоос боломж руу үсчин, бусдаас хурдан “од шүүрэх”-ийг оролдож, өндөр амжилтад хүрэхийг олон залуус мэрийдэг.
Зорилгоо тодорхойлсны дараа л хүн замд гардаг. Зорилго өөд хурдлан аваачдаг “нисдэг хивс” зөвхөн үлгэрт л бий. Амьдрал дээр та зорилго өөдөө зөвхөн хоёр хөлөөрөө явна. Хүн нэг агшинд нэг л алхана. Мянган бээрийн аялал нэг алхмаас эхэлдэг ч гэдэг. Хэрэв та тууштай, сахилга баттай, тасралтгүй явсан бол таны туулсан замын урт нь алхмуудын нийлбэртэй биш, үржвэртэй нь тэнцдэг. Нэг агшинд нэг алхам гэдэг нь хийж буй тухайн ажил нэг бүрт бүх хүчээ төвлөрүүл гэсэн үг.
АМЖИЛТЫН ТОМЪЁО
Хорин жилийн өмнө би Японы менежментийн домог Казүо Инамори гуайн номноос амжилтын томъёоны нууцыг мэдэж билээ. Тэр томъёог амьдралдаа хэрэгжүүлэхийг би хичээж ирсэн бөгөөд энэхүү алдартай хүнтэй уулзах боломж ноднингийн гуравдугаар сард тохион би Киото хотод очсон юм.
Амьдралын тань амжилтыг чадвар, зүтгэл болон хандлагын үржвэр бий болгодог гэдгийг энэ томъёогоор илэрхийлдэг. Нийлбэр биш үржвэр гэдэг нь дундаж чадвартай хүн өндөр авьяастнаас илүү амжилт гаргах боломжтой гэсэн үг. Таны чадварын үндэс суурь болсон бие, царай, эрүүл мэнд, авьяас бараг бүхэлдээ өөрийн тань гавьяа гэхээсээ илүү эх, эцгээс чинь гарал үүсэлтэйг хэзээ ч бүү март. Харин таны гавьяа бол таны амжилт.
Та зорилгодоо хүрэхийг аль хэр их хүсэж буйгаас л зүтгэл тань хамаардаг. Зорилго, чин үүргээ (mission) ойлгосон хүн амжилтаа тодоор төсөөлж, улмаар өөрийн бүх хүчээ тултал нь дайчилдаг. Чадвар ба зүтгэлийг тэгээс зуу хүртэл оноогоор илэрхийлдэг бол хандлага нь хасах зуугаас нэмэх зуу хүртэлх оноо юм. Хүнд үргэлж атаархдаг, гомддог, эсвэл үзэн яддаг хүмүүсийн хандлага нь сөрөг байдаг тул амжилт нь тун бага, харин юманд эерэг ханддаг хүн илүү амжилтад хүрдэг аж.
Та энэ томъёогоор өөрийгөө нэг үнэлээд үзээрэй, тэгээд хэдэн жил тутам дахин шалгаад яваарай. Миний энэ олон жил уншсан, өөрийнх нь алдарт номын эхний хуудсан дээр Инамори сан “Тэнгэрийг хүндэл, хүнийг хайрла” гэж ханзаар бичиж өгсөн юм.
PERSONA
Хүн аз жаргалтай, урт наслахын тулд яах ёстойг Скандинавын алдарт эмч, цээжний хөндийн мэс засалчтай уулзахдаа ойлгож мэдрэх сайхан боломж саяхан тохиов. Өнгөрсөн сард Шведийн Мальмо хотоос холгүй орших Иголеса амьдрах ухааны төвд очиж, доктор Стиг Стинтэй уулзсан юм. Энэ тухай дэлгэрэнгүй нийтлэл бичиж хэвлүүлсэн билээ. Хүн юуны түрүүнд амьдралын зорилгоо (purpose) тодорхойлсон байх, биеийн хөдөлгөөн сайн хийх (exercise), бусадтай сайн харилцаатай (relations) байх, хангалттай сайн унтах (sleep), муу зуршлаас, ялангуяа тамхи татахаас татгалзах (omission), сайн чанартай, зөв хоол идэх (nutrition), хандлагаа (attitude) эерэг болгох зэрэг зарчмаар ажиллахыг тэр зөвлөсөн юм.
Эдгээр үгсийг нэгтгэвэл PERSONA гэсэн үг ба per (дамжуулах гэсэн латин үг), sona (дуу авиа гэсэн латин үг) буюу хэл яриагаараа дамжуулах, харилцах гэсэн утгатай ажээ. Хүмүүс хэл яриагаараа л ойлголцож, бие биенээ хайрладаг, тийм харилцаанаас амьдралын аз жаргалыг мэдэрдэг гэдгийг хорвоогоос одохдоо олон хүн хэлдэг нь энэ эмчийн сэтгэл зүрхэнд бүрэн хоногшжээ. Ер нь бусдыг ойлгож, хайрладаг хүн л харанхуйг гэрэлтүүлэгч болж, уулзсан хүн бүрээс ах дүүгээ олж хардаг гэнэ.
К.Инамори гуайн томъёоны талаар харвал PERSONA-гийн эхний үсэг нь зорилгыг зүтгэлтэй холбож, эцсийн үсэг А нь өөрөө хандлага учир, үлдсэн ERSON-ий үг тус бүр нь чадварыг сайжруулан, хөгжүүлэхтэй холбоотой гэж хэлж бас болно.
Ямар ч гэлээ аз жаргал гэдэг нь хүний үйл нь үгтэйгээ давхцах буюу Далай ламын хэлснээр гадаад ертөнц нь дотоод ертөнцтэйгөө нийцэн, амар амгалан оршихыг хэлдэг аж. Далай ламтай хоёр жилийн өмнө уулзаж “Дефакто” нэвтрүүлэгтээ ярилцлага авсныг та бүхэн www.jargaldefacto.com цахим хуудаснаас үзэж болно.
Аз жаргал бол чамайг ойлгохыг, том аз жаргал бол чамайг хайрлахыг, харин жинхэнэ аз жаргал бол чи өөрөө хайрлахыг хэлдэг гэж аугаа мэргэн Күнз сургажээ. Аз жаргал, амжилт дүүрэн амьдралын тухай өөрийнхөө киноны зохиолоо аль болох эртхэн бичээрэй. Амжилтын зам хэзээ ч дардан биш, дандаа л засвартай байдгийг тооцоорой. Харин амьдралын замын аль ч хэсэгт явахдаа хэзээ ч гэсэн “тэнгэрийг хүндэлж, хүнийг хайрлаж” байгаарай.
(Өнгөрсөн бямба гаригт “Монгол тэмүүлэл” дунд сургуулийн төгсөгчдийн баярын нээлтийн үеэр хэлсэн үгнээс товчлов)
????
Oyunlag erhem
Зочин
Ok, unique