Бид Берлинд Тегел нисэх онгоцны буудалд ням гарагийн өдөр 12 цагийн үед бид газардлаа.

Болд бид хоёроос гадна арван тав дахь удаагийн Герман Монголын форумд Монголын анхны ерөнхийлөгч асан, Монгол-Германы чуулганы ерөнхийлөгч доктор, профессор  П.Очирбат, De Facto ярилцлагын хөтлөгч, хараат бус сэтгүүлч Д.Жаргалсайхан, Монгол телевизийн сэтгүүлч, мэдээний албаны ерөнхий продюсер  Э.Лхагва болон Конрад Аденаурын сангийн хэдэн нөхөд бас хамт явж буйг би буух үедээ л мэдэв.

Конрад Аденаурын сан Монголд үйл ажиллагаа явуулаад 25 жил болж байгаа бөгөөд ирэх жил ойгоо тэмдэглэх тухай замдаа олж сонслоо. Ардчилсан хувьсгалаас хойш манай улсад хамгийн ихээр тусалсан хоёр орон байдаг нь  Япон, Герман хоёр бөлгөө. 

Монголчууд зүүн Германы үеэс олон мянган оюутан энд сургаж байсан бөгөөд эдүгээ Германаар ярьдаг энд төгссөн гэх мэт 32 мянган хүн байдаг гэсэн мэдээлэл байдаг.

Болд ч гэсэн 1976 оноос Герман улсад үйлдвэрчний эвлэлийн дээд сургуульд сурч төгссөн хүн бөгөөд тэгээд ч энэ бүлгийг “ Made in Germany” хэмээн нэрийдсэн билээ.

Сүүлийн үед Британийн засгийн газрын зөвлөх Саймон Анхольт ҮНДЭСТНИЙГ БРЭНДЧИЛЭХ НЬ  /Nation Branding/ гэдэг өгүүлэлдээ ямарч бүтээгдэхүүний ард тэр улсын нэр хүнд тэр орны чанар, нэр  агуулагдаж байдаг тухай бичих болсон нь  дэлхий даяар хурдацтай тархаж байна. Тэрээр бичихдээ; 

          … Брэнд хэрэглэгчдийн ухамсарт нөлөөлдөг өөр нэгэн чухал шинэ чанар нь тухайн брэндийн гарал үүсэл юм. Өөрөөр хэлбэл брэндийг бий болгосон улс, үндэстний нэр хүнд юм. Бодит жишээ: “Америкт үйлдвэрлэв” гэдэг нь Coke, Levi’s, Nike болон Pepsi брэндүүдийн амжилтын үндэс мөн. Тийм болохоор тэдгээрийг үйлдвэрлэгчид зар сурталчилгаандаа “цэвэр Америк брэнд” гэдэг тодотголыг байнга зүүдэг билээ…хэмээн нухацтайгаар тайлбарласан олон бүтээл гаргасан байдаг. 

Герман бол мөн л үндэсний брэндингээр нягт нямбай, хатуу чанд,   маш сайн чанартай үйлдвэрлэлтэй орон гэгдэх бөгөөд Мерседес бэнц, BMW …гэх мэт алдартай машинаар герман машин гэсэн үндэсний брэндтэй гэх мэт олон зүйл жишээлж болно. Германд суралцаж тэнд төгссөн хүмүүсийг ч бид арай өөр , цаг барьдаг, цэвэрч, нягт нямбай  гэж харсаар ирсэн байдаг.

Лу.Болд германы бүтээгдэхүүн бөгөөд одоо оролцохоор явж буй уулзалтыг анхнаас нь зохион байгуулсан төдийгүй 15 удаа болоход нэгийг ч орхилгүй оролцсоор ирсэн нэгэн ажээ. 

Энэ удаад гурван сэтгүүлч хамт явж байгаа ч учиртай. Маргааш эхлэх Монгол – Германы  форумд Хэвлэл мэдээллийн салбар дөрөв дэх засаглал болох нь,Олон нийтийн радио телевизийн ардчилалд гүйцэтгэх үүрэг, Эрэн сурвалжлах сэтгүүл зүй ба сэтгүүлчдийн аюулгүй байдал ... зэрэг асуудлаар хэлэлцүүлэг явуулах бөгөөд илтгэгчид дотор Конрад Аденаур сангийн Монгол дахь суурин төлөөлөгч Даниэл Шмукинг болон ХБНГУ ын Бундестагын гишүүн Манфред Грунд,Танкред Шимпанский, Марк Хауфман зэрэг нэр хүндтэй хүмүүс оролцох ажээ.


Лу.Болд форумд Монгол –Германы өнөөгийн харилцаа сэдвээр илтгэл тавих бөгөөд бас өөр нэг чухал зүйлийг надад үзүүлэх таниулах гэж буй нь Германы ариоспэйс центэр буюу сансар судлалын төвийн оптикал сэнсор системийг хариуцсан доктор, профессор Хайнц –Вельгелм Хуберс гэх эрхэмтэй уулзаж Монголдоо сансрын дуранг үйлдвэрлэх төслийн тухай ярилцах гэх мэт номонд орууштай зүйлсийг надад ойлгуулах гэж яваа билээ.

Герман Монголын харилцааны тухай ярихын өмнө Конрад Аденаур хэмээгч Герман улсын Холбооны канцлераар 1949 оноос  - 1963 он хүртэл ажилласан эрхмийн тухай товч мэдээллээр эхлэх нь зүйтэй юм. Тэрээр 1949 оны 9 дүгээр сараас 1963 оны 10 дугаар сар хүртэл Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Холбооны Канцлер буюу манайхаар ерөнхий сайд хийсэн хүн бөгөөд дэлхийн хоёрдугаар дайнд сүйдсэн Герман улсыг энэ хугацаанд танигдахгүй болтол өөрчилсөн эрхэм билээ. Анх түүнийг ерөнхий канцлер болох үед «Der Alte»-буюу хуучин хөгшин хүн гэж хочилж байсан ч тэрээр канцлер болоод Герман улсыг дахин хүчирхэгжүүлсэн нэгэн ажээ.

Конрад Аденауэрер 1950-1966 онд Христийн Ардчилсан Холбооны анхны дарга (CDU) байв. Түүний бодлогын хэрэгсэл болох CDU / CSU намуудын улс төрийн эвслийг үүсгэснээр Герман улсын эдийн засгийн тогтвортой хөгжлийг хангасан гэж үздэг.


КОНРАД-АДЕНАУЭР-САНГИЙН МОНГОЛ ДАХЬ ҮЙЛ АЖИЛЛАГАА

КАС нь 1993 оноос эхлэн Монголдөөрийн суурин төлөөлөгчөө томилон ажиллуулж байгаа цорын ганц улс төрийн сан юм.

Зорилго нь ардчилсан төрийн болон нийгмийн байгууллыг хөгжүүлэх, шилжилтийн үйл явцыг нийгмийн баримжаат зах зээлийн эдийн засгийн тогтолцоо хүртэл даган ажиглаж, тусалж дэмжих явдал гэж тэд үздэг байна.

Улс төрийн намуудтай (гол төлөв Ардчилсан намтай) болон бусад байгууллагуудтай хамтран ажиллахдаа залуу боловсон хүчинг хөгжүүлэх, орон нутгийн намын байгууллагын бүтцийн өөрчлөлтийг дэмжих гэсэн ажлууд нэн түрүүнд хийдэг бөгөөд  тэр дундаа хэвлэл мэдээллийн салбарт шинэ эхлэл тавих хэвлэлийн нэгдсэн сүлжээ бий болгох ажлаа улам гүнзгийрүүлэн ажилдаг сан юм. КАСангийн бүх үйл ажиллагаануудын бас нэг зорилго нь эмэгтэйчүүд болон залуу боловсон хүчнүүдийг онцгойлон дэмжиж, хөгжүүлэх явдал билээ. Өөрсдөө дангаараа болон 1995 оноос хамтран ажиллаж байгаа УТБА-тай хамтдаа Нутгийн өөрийн удирдах байгууллага, төвлөрлийг сааруулах гэсэн сэдвүүдээр цаашид үргэлжлүүлэн ажиллах болно.

УТБА-ийн 6 салбаруудаар дамжуулан Нутгийн өөрөө удирдах байгууллагын тухай сургалтын арга хэмжээнүүдэд хөдөө орон нутгийн хүн амыг өргөн хамруулах юм. Энэ талаараа КАС нь Монголд байгаа цорын ганц байгууллага хэмээн өөрийн цахим хуудсандаа тэмдэглэсэн байх ажээ.


Берлинд болсон яриа

Бид Берлинд очсон өдрөө социализмын үед улс төрийн хэрэгт холбогдуулан шалгаж хэрэг хүлээлгэдэг байсан асар том шоронд очиж үзлээ. 

Stasi музей нь Зүүн Герман улсын улс төрийн тогтолцооны талаарх судалгааны дурсгалт төв одоо болсон бөгөөд Берлиний Лихтенберг хэсэгт  байрлах Stasi хэмээх мөрдөн байцаах төв агаад социализмын үед Герман улс даяар ийм 17 шорон байсан байдаг.

Тус музей нь 1990 онд Берлин хотод байсан мөрдөн шалгах газрыг "Зүүн Германтай холбоотой нотлох баримт, судалгааны материал цуглуулах, хадгалах, баримтжуулах, сэргээн засварлах зориулалтаар хуучин байсан тэр янзаар нь хадгалан үлдээсэн газар бөгөөд тэр үед байсан чигээр нь өнөөг хүртэл хадгалан үлдэж шинэ үеийн хүмүүс хийгээд сургуулийн сурагчдад үзүүлдэг байна.

Энэ мүзэйг үзсэн орой Болд бид хоёр хамтдаа буудалдаа ирлээ. Бидний буусан Берлин зочид буудал нь 4 одтой зочид буудал бөгөөд Германы хамгийн том зочид буудлуудын нэг юм. Энэхүү барилга 1958 онд баригдсан бөгөөд дайны дараа дахин шинэчлэн зочид буудал болгосон юм байна гэдгийг танилцуулгаас харж амжив.

-Саяны үздэг шорон ид ажиллаж байхад л чи энд сурч байж дээ?

-Яг тэр үед л гадуур нь өнгөрч хичээлдээ байлаа даа. Улс төрийн тэгээд ийм том шорон байгаа гэж тэр үед огт мэдэгдэхгүй шүү дээ. Та гурван сэтгүүлч тэр үед энд амьдарч байсан бол тэнд л байх байж дээ. Сэтгүүлчид маш ихээр хоригдсон шүү дээ. Шпийгель дээр нэг материал гарчхангуут л сэтгүүлчдээ тагнаж эхэлнэ. Зүүн Герман энэ тал дээр маш хатуу байсныг чи сая харлаа шүү дээ. Эдний НАХЯам тагнуул хийхдээ гарамгай байсан гэдэг.

- Сая нэг сонин юм дууллаа. Тэр бидний үзээд байсан даргын өрөө…тэр дарга одоо яг тэр шоронтойгоо маш ойрхон нэг блокын цаана  амьдардаг гэх шиг болсон.

- Тийм гэсэн. Тэр үед тэгээд дээрээс тушаал биелүүлж байсан гээд нэг ч хүнийг шийтгээгүй юм билээ. Тэр дарга ч түүнд хамрагдаа биз. Бас нэг сонин зүйл гэвэл одоо тэр шоронд ажиллаж байгаа тайлбарлагч энэ тэр албаны хүмүүс тэнд хоригдож зовж байсан хүмүүсийн үр хүүхэд хамаатангуут голдуу байдаг юм гэсэн.

- Тэнд орсон хүмүүсийн 90 хувь нь хэргээ хүлээдэг байсан гэх шив. Манайх ч бас  харьцангуй гайгүй л юм байна. Ганц худаг …тэгээд ч улс төрийн хэргээр шоронд орсон хүн цөөн шүү дээ.

-Энд араггүй л дээ Баруун Герман дэргэд нь байхад …Манайхаас Оршихын Цэдэндорж л гэж нэг хүн төрийн эсрэг ном бичээд хэлмэгдсэн, Чойном байна даа. Шүлэг бичсэн гэж гэхдээ бас мөнгөтэй холбож шийтгэсэн байх шүү… Хоёулаа нөгөөдөр Германы сансар судлалын төв орно. Маргааш хэдэн чухал хүмүүстэй уулзнаа. Форум дээр ирнэ. Манфред Грунд гэж одоо манайхаар Лүндээжанцан эд нар шиг 1990 оноос хойш одоо болтол сонгогдоод байгаа Бундестагийн нэг гишүүн ирнэ. Монголд маш элэгтэй түүний хүчээр ч Монголыг анхаардаг болсон гэхэд буруудахгүй. Өөр бас хэд хэдэн бундестагийн гишүүдээс бас яриа авчхаарай. Марк Хауфман гэж ердөө 33 настай ЦДУ гийн нэг залуу гишүүн ирнэ. Тэр алсдаа Азийг хариуцах хүн болох байх. Маш ирээдүйтэй улс төрч гэж үнэлэгддэг нөхөр. Бас манайд элчингээр сууж байсан Петер Шаллерээс яриа авахад тун гэмгүй. Өөрөө одоо дурдатгалын номоо бичиж байгаа гэсэн. Та хоёр бол яриа нийлнэ дээ. Бүгд англиар ярина…

-Тэгнээ… Гэхдээ хоёулаа зав гарахаар дотоод юмаа ярьж баймаар байнаа.


Монгол Германы 15 дахь удаагийн чуулган

Маргааш өглөө нь бид Конрад Аденаурын сангийн байранд болсон Монгол-Германы XV Чуулган “Хэвлэл мэдээллийн ардчилал дахь үүрэг оролцоо”сэдэвт чуулганд оролцлоо.

Чуулганыг Др. Грегор Рюссел – Конрад-Аденауэр-Сангийн Монгол Улсыг хариуцсан эрхлэгч нээж “Монгол-Германы өнөөгийн харилцаа” сэдвээр Лу. Болд илтгэл тавьж “Хэвлэл мэдээллийн салбар дөрөв дэх засаглал болох нь” хэлэлцүүлгийг Д. Жаргалсайхан - "De Facto" ТВ-ийн ярилцлага хөтлөгч, эдийн засагч, хараат бус нийтлэлч хөтлөн Олаф Штенфадт– “Хил хязгааргүй сэтгүүлчид” байгууллага сэдвээр „Олон нийтийн радио, телевизийн ардчилалд гүйцэтгэх үүрэг“ панел хэлэлцүүлгийг  Б. Дөлгөөн хөтлөн  М. Мөнхмандах Хэвлэлийн Хүрээлэнгийн Гүйцэтгэх захирал хөтлөн илтгэлийг  Танкред Шипански – ХБНГУ-ын Бундестагийн гишүүн бөгөөд Бундестагийн Цахим асуудал хариуцсан хорооны гишүүн тавьсан бөгөөд “Эрэн сурвалжлах сэтгүүлзүй ба сэтгүүлчдийн аюулгүй байдал“ панел хэлэлцүүлгийн илтгэлийг Э.Лхагва - Монгол ТВ-ийн мэдээний албаны Ерөнхий продюсер тавьж чөлөөт хэлэлцүүлэг боллоо.

Энэ үеэр чуулганд оролцож буй Бундестагийн гишүүн манайтай олон жил хамтран ажилласан Манфред Грундтэй уулзаж яриа авсан билээ.

-Та юуны өмнө Лу.Болдын тухай ярина уу? Герман улстай болон тантай хорин жил хамтарч ажилласан болохоор та энэ хүний тухай сайн мэдэж байгаа байх?

-Юуны өмнө маш их нөхөрсөг хүн гэдгийг онцлох ёстой байх. Аль ч улс орны ямар ч харилцаа эхлээд найрсаг байдал, нөхөрсөг харилцаан  дээр л үүсэж бий болдог. Хорин жил хамтран ажиллахад түүний нөхөрсөг, зарчимч, ажил хэрэгч зан дээр эдийн засгийн өндөр мэдлэг нь манай хоёр орны харилцаанд голлох үүргийг гүйцэтгэсэн гэж цохон хэлэх ёстой хүмүүсийн нэг юм даа.

-Анх та хоёр хэдэн жилийн өмнө яаж танилцсан юм бэ?

-Анх би хорин жилийн өмнө Конрад Аденаурын сангийн ажлаар очихдоо өдрийн хоолон дээр танилцсан юм. Германд сурч байсан герман хэлтэй болоод их амархан дотно болцгоосон. Тэхэд Болд уул уурхай хариуцсан ажилтай байсан бөгөөд байгаль орчны бохирдол нөхөн сэргээлтийн талаар их сайхан яриа нийлснээр бидний харилцаа эхэлсэн түүхтэй юм даа. Үүнээс хойш маш олон уулзаж олон ажил хамтран хийсэн гишүүн дээ.

-Конрад Аденаурын сан бол манайд хамгийн их бодот ажил хийсэн улс төрийн цорын ганц сан. Мөн манай улсад тусалсан орнуудын тэргүүнд Герман, Япон хоёр улс байнга явдаг. Ирээдүйд энэ сан ямар төлөвлөгөөтэй байгаа вэ? Мөн сая таны ярианд Монгол улс Хятадын эдийн засгийн нөлөөнд бараг ерэн хувь орчихлоо гэж гарлаа л даа...

-Тийм ээ. Танай улс өмнөд хөршөөсөө эдийн засгийн хувьд маш их хараат болсон тухай Болд гишүүн өмнө нь ч ярьж танилцуулж байсан. Тэгээд ч бид Бундестагын хүрээнд Монголд эдийн засгийн талаар өмнөд хөрштэй өрсөлдөхүйц хэмжээгээр туслах тухай яг одоо яригдаж байгаа.

-Жишээ нь манай шинэ ерөнхийлөгчийн хийсэн Майдар хот гэж дагавар хотын том төсөл байгаа. Тэгээд ч энэ төсөл дээр танай Герман мэргэжилтнүүд оролцож архитекторын шийдэл, техник эдийн засгийн үндэслэлийг хийснийг би мэдэх юм. Ийм бодтой төслийг та бүхэн дэмжих болов уу? Яагаад гэвэл нэгд эко хот байгуулагдсанаар утаа гэх мэт их олон асуудлыг шийднэ. Мөн Конрад Аденаурын сан жилдээ 100мянга  хол давсан еврог манайд зориулдаг юм билээ. Мөн түрүүн хэлэлцүүлэг дээр гарч байсан тогтвортой байдлын тухайд бол шинэ ерөнхийлөгч 4 жил огт хөдөлгөөнгүй болохоор л цохож асууж байна л даа?

-Би энэ төслийн талаар анх удаа танаас сонсож байна. Маш анхаармаар төсөл юм байна. Бид одоогоор Дархан хотод төмөрлөгийн болон нүүрсний үйлдвэрийн төсөл дээр анхаарч байгаа. Ирэх жил 5 сард би Монголд айлчилна энэ үеэр наад төслийг чинь анхаарч харах хэрэгтэй юм байна.

-Сүүлийн асуулт. Үндэсний брэндинг гэх сэдвээр бол манай улсыг спорт  хоёроор таниулж болмоор санагддаг. Энэ салбаруудад хамтрах сонирхол хир байдаг бол?

-Би бол яг энэ чиглэлийг хариуцдаг хүн биш  л дээ. Гэхдээ киноны тухайд таны киног сонссон мөн манайхантай хамтарсан “Ингэн нулимс” гэж кино нэг хэсэг их шуугиулаад одоо харин яагаад ч юм таг зогссон байх юм. Олон салбарт хамтран ажиллаж болноо. Би дээр хэлсэн одоо танай зүгээс тодорхой санал төсөл өөрсдөө идэвх гарган хөдөлгөх хэрэгтэй гэдгийг л дахин тэмдэглэмээр байна даа.



ҮНЭН САНСРЫН ЯРИА

Маргааш нь Болд бид хоёрт нэг хувийн чанартай ч гэх үү албан бус уулзалт байсан нь Германы сансар судлалын төвийн дуран авиа зүйн төвийн захирал доктор Хайнц Вильхеот Хүберстэй уулзах ёстой байлаа.

Машинд би ойлгож ядаад байгаа зүйлээ эхлээд лавлаж асуухаар шийдээд их холуур эхлэв.

-Би нэг юм ойлгохгүй юм. Чи анх саран дээр буусан одоо ганц амьд байгаа Базз Олдринг Монголд авчирсан гэдэг яах гэж тэрэв? Манайх Америкчуудтай сансарт ниснэ гэж байх уу?

-Одоо ер гарчихсан хүн шүү дээ. Хаашаа ч явуулдаггүй төрийн хамгаалалтад байдаг хүн. Саран дээр бааз байгуулаад тэндээсээ Ангараг гараг уруу нисэж газрын баялаг олборлох том төслийн гол хүн шүү дээ.

-За за одоо бүр Марсаас алт ухах нуу?

-Хамгийн сонирхолтой нь би энэ хүнтэй хэд хэд очиж уулзаж байж арай гэж Хятдад нэг айлчлах үед нь нааш нь аваад ирсэн юм шүү дээ. Монгол хүний бие бялдар ухаан, за тэгээд нүүдэлчин хүний нэг төрхөл зан байнаа даа юугч өөрөө аргалаад хийчихдэг юм юманд авьяастай тэр зан сансрын нисэгчид хамгийн сайн тохирдог гэж энэ эрдэмтэн үзээд байгаа юм даа.

- Хө хө одоо бүр Солонгосруу нүүдгээ болиод сансар луу нүүх нь …

-Төрөө тоглоом биш. Бас тэдний институт одоо НАСА ш дээ ангараг дээр тариа ногоо ургуулах туршилт хийгээд тэр нь маш амжилттай хэрэгжиж байгаа юм аа. Манай улсын чинь нэг хувьд л тариалан эрхэлдэг орон шүү дээ. Ангараг дээр ургуулахаар тариалж байгаа үр тариа манайд хаана л бол хаана ургана биз дээ.

-Ёстой сансрын яриа байна даа… Одоо тэгээд очиж уулзах гэж байгаа төв ямар учиртай юм?

-Энэ хардаа зүүн Германы нутагт ийм том сансар судлалын төв барьсан юм. Одоо чи бид хоёрын очих төв бол сансрын дуран хийдэг тасаг. Ер нь герман дурангаар алдартай шүү дээ.

- Тийм “Сони” хүртэл “Карл Цайс” ын дуранг тогтмол хэрэлдэг юм билээ 17 р зууны үеэс уламжлалтай компани.

- Одоо очих газрын хийж байгаа сансрын дуран 500 мянган кмээс хүний шляпыг харна шүү дээ. Хиймэл дагуулд тавиад ажиглалт хийдэг камер. НАСА ч энд захиалж хийлгэдэг юм….

-Тэгээд эд нартай хамтраад сансрын дуран хийх бодолтой яваа болж таарч байна уу?

-Яг тийм . Чи өөрөө одоо уулзаад итгэнэ. Хятад гэхэд л сансарт дуран тавиад өөрийнхөө нутаг доор юу байгааг харчихсан орон. Өвөр- Монгол гэхэд газрын доороо дэлхийн ховор элементийн 80 хувь байгааг тогтоосон. Манайд ч байгаа . Бид л судлаагүй болохоос. Яг хил гараад манайд зургаахан орд бүртгэгдсэн байж таарахгүй биз дээ.

-Тэгээд маш үнэтэй бүтнэ биз дээ?

-Гайгүй хөөе. Эд нар хорь орчим саяар хийж байгаа гэхээр манайхаас хэдэн залуу сургаад энд суулгаад хийлгэхэд хямд гарна. Бараг 10 саяд болчих болов уу. Тэгээд аль нэг хиймэл дагуулд байрлуулчихна. Бас өөр улсад түрээсэлж болно…гэж ярилцаж явсаар асар том улаан тоосго шил хоёроор бүтсэн хоёр гурван давхраас өндөргүй барилуудтай их дээд сургуулийн кампусыг санагдуулмаар газарт хүрч ирж хоёул машинаас буулаа. 

Бид хоёр Германы сансрын төвийн дурангийн институтын тэргүүн захирал профессор Хайнц Вильхелм Хүберстэй уулзахаар явж буй нь энэ бөлгөө.

“Түмний нэг”хөрөг цувралын “Амин насны урсгал” номын хэсгээс