Шинэ 30 жил
Хамгийн их бухимдмаар, бүх зүйл тодорхойгүй байгаа нь нүүдэлчдийн хувьд “default settings”, харин хөл хорио бол нүүдэлчдийн хувьд тэвчимгүй зүйл. Нийтээрээ ковидоос гэхээсээ хөл хорионоос илүү айцгааж байна /яг үүнийг бичиж байхад +437 илрэв/.
Монголд хамгийн их муулуулж, олны уур бухимдал авч буй нь эмч нар, цагдаа нар, онцгойгийнхон, таксины жолооч, Хаан банкныхан, Моби Юнивижн нар дээр нэмэгдээд мэдээж “онцгой” муулуулж буй Улсын онцгой комисынхон орно. Гэхдээ зөвхөн эд нар л сэтгэлгүй, чадваргүй, зохион байгуулалтгүй ажиллаад бусад нь ажлыг шижигнүүлээд байсан ч юмгүй л дээ үнэндээ бол. Муу гэвэл монголын 3 сая хүн бүгдээрээ л муу байгаа. Хамаг ажил нь олны нүдэнд ил байдаг нь л энэ хэд юм. Харин ч хамгийн их муулуулж шүүмжлүүлсэн салбарынхан ковидын дараа гэхэд хамгийн сайн шинэчлэгдсэн, ахиж дэвшсэн байж таарах вий. Түрүү жил яагаад сүржигнээд хамаг юмаа хаасан бэ гэж үү? Угаасаа ард түмний 80-90 хувь нь түрүү жил өөрсдөө сүржигнэж, хамаг сургуулиудаа хаа, хөл хорио тогтоо гэж төр засгаас өөрсдөө шаардсан шүү дээ. Одоо л нээх нийтээрээ ухаараад "түрүү жил шал дэмий сүржигнэсэн юм" гэж онгирцгоох болж дээ.
Жил хагасын уур бухимдалтай амьдралыг ганц монголчууд ч биш дэлхий нийтээрээ туулж байна. Харин нэг авууштай нь ковид-19 үргэлжилсэн жил хагасын хугацаанд эрүүл мэндийн систем бүрэн шинэчлэгдээд авах шиг боллоо. Цагдаа, онцгойгийнхон ч ур чадвар, зохион байгуулалт нэг шат дээшлэв. Багш нар ч хөөрхөн цахимжаад авлаа. Ер нь нийтээрээ л онлайнаар ажиллах боломжийг эрж хайж, илүү дэмий ажилд цаг мөнгө үрэх хэрэггүйгээ ойлгоод авав. Улс төр, шүүх, прокурор бузар булайгаа сайхан дэлгэцгээлээ. Вакцинжуулалтын хурд дэлхийд эхний 20-д жагсахаар дажгүй явж байна. Вакцин олж авах нь санхүүгийн гэхээсээ цэвэр улс төрийн асуудал болсон ийм цаг үед гадаад улс төрийн ажил гайгүй л явж байна.
Хамгийн их бухимдмаар, бүх зүйл тодорхойгүй байгаа нь нүүдэлчдийн хувьд “default settings”, харин хөл хорио бол нүүдэлчдийн хувьд тэвчимгүй зүйл. Нийтээрээ ковидоос гэхээсээ хөл хорионоос илүү айцгааж байна /уг нь буруу даа, яг үүнийг бичиж байхад +437 илрэв/. Бүх зүйл тодорхойгүй байгаа ч Ковид-19 долдугаар сар гэхэд лав дуусах нь бол тодорхой байх, харин тэр цагт бүх юм ёстой шинээр эхэлнэ дээ. Дараагийн “шинэ 30 жил” эхлэх нь. Уур бухимдалтай, юу болох гээд байгаа нь тодорхойгүй жил хагасын хугацааг 1989 – 1991 оны шилжилтийн үетэй яг дүйцүүлж болох юм. Тэр үед хүмүүс өнөөдрийнхөөс ч илүү тодорхойгүй байдалд амьдарч, өнөөдрийнхөөс ч илүү архи ууж, амиа хорлоцгоож байсан юм.
“Уурлаагүй үед шийдэгдээгүй асуудал уурлаад шийдэгдсэн тохиолдол байхгүй” гэж сайхан үг бий. Сонголт чиний гарт байна, ковидын хямрал гэж бухимдаад, уурлаад, уураа замын цагдаад гаргаад элийрээд явах уу? Эсвэл ковидын дараах шинэчлэлт гэж итгэж найдаад, шинэ амбицтай урагшаа харах уу? “Шинэ 30 жил” чамтай чамгүй урагшилна, одоо яг л 1990 он шиг зарим нэгэнд нь шинэ боломж, заримд нь гутрал гуниг авчирч байна. Хуучин 30 жилийн идээ бээр ковидын ачаар тэсэрч, шинэ 30 жил эхлэх гэж байна, ковидод уурлах биш баярлах хэрэгтэй. Бухимдах биш бодох хэрэгтэй.