Нью-Йоркт саатсан өдрүүдийн багц тэмдэглэл
Монголын дипломатын түүхэнд алтан мөр нь үлдсэн гурван эрхмийн мэндэлсний 100 жилийн ойг 2015 онд ёслол төгөлдөр тэмдэглэж билээ. Тэд бол Б.Жаргалсайхан, Л.Тойв, Д.Цэвэгмид нар байв.
Монголын дипломатын түүхэнд алтан мөр нь үлдсэн гурван эрхмийн мэндэлсний 100 жилийн ойг 2015 онд ёслол төгөлдөр тэмдэглэж билээ. Тэд бол Б.Жаргалсайхан, Л.Тойв, Д.Цэвэгмид нар байв. Тэд тухайн цагийн төр-засгийн ажлын шаардлага, албан үүргийн дагуу НҮБ-д Монгол Улсаа элсүүлэх, элсүүлсний дараахи шинэхэн гишүүн орны үүрэх ачааг нугалалцахад түүхэн үүрэг гүйцэтгэсэн эрхмүүд юм. Тэр гурвын ойг тэмдэглэх хурлуудад илтгэл тавьж, мөн тэдний тухай “Төрийн захиргаа” сэтгүүлд тусгай булан хөтлөж байсны хувьд НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 70 дугаар тэмдэглэлт чуулганд нь оролцох завшаан тохиосон юм.
Нэг. Ерөнхий ажиглалт
“Холын Америк ойртлоо”, “Нью-Йорк урт чацтай хот” гэхчлэн тэртээ хорь, гучин жилийн өмнө бичдэг байсан бол эдүгээ энэ нь сонин биш болсон. НҮБ гэж олон улсын хамгийн лут байгууллага байна, тэнд очиж үзэх аз завшаан байдаг болов уу гэх хүсэл мөрөөдөл ч ул болсон. Хэн дуртай нь Нью-Йоркт очоод зөвшөөрөгдсөн цагт нь НҮБ-ын төв байраар зочлоод зураг хөргөө татуулаад ирж болно. Интернэт гэх мэдээллийн далайгаар НҮБ-ын талаар ямар л бол ямар мэдээ сэлт олж үзээд, өөрөө анализ хийгээд буулгачих бололцоотой.
Харин манай ГХЯ-ны хувьд “НҮБ” гэхлээр дагнасан, төрөлжсөн, явцуу хүрээний хэдхэн дипломатчтай байдгийг би хувьдаа шүүмжилж үздэг. Миний бодлоор бол манайх шиг жижиг улс дипломат албандаа төрөлжсөн дагнасан мэргэжилтэнтэй байх нь гол бус, дипломат албаны бүх шат дамжлагыг дамжих, ерөнхий ба дагнасан асуудлаар саадыг үл халшрах “генералист” мэргэжилтэнтэй байх нь чухал мэт. Хэн ч бай олон талтаар ч, хоёр талтаар ч, бодлого, эрх зүй, консул, ёслолоор дагнаж чаддаг баймааж нь Монгол Улсын гадаад бодлого тууштай хэрэгжинэ.
Ийм нэг итгэлээ тээсээр миний хувьд Нью-Йоркийг зорьсон хэрэг. 2015 оны хувьд онцлог тэмдэглэлт жил. Хөнөөн сүйтгэгч дэлхийн II дайн дуусаад 70 жил өнгөрчээ. НҮБ-ыг байгуулаад бас 70 жил өнгөрчээ. Уг нь энэ хоёр ойг зэрэгцүүлээд НҮБ-д л тэмдэглэх ёстойсон. Ойн баярын бүх гол арга хэмжээг НҮБ зангидаж хэрэгжүүлэх ёстой байв. Гэтэл тэгсэнгүй.
Дэлхийн II дайн дууссаны 70 жилийн ойг Орос, Хятад хоёр өмчлөөд “Дэлхийн II дайны ялалтын 70 жилийн ой” болгон Москва, Бээжинд цэргийн парад хийгээд өнгөрчээ. Тэр хоёр парадад уригдсан ба цэргийн баг илгээж жагсаалд оролцуулснаар нь шалгуур тогтоон дэлхийн улс орнуудыг ангилан ялгаад, “найз” ба “дайсан” гэдэг хуваагдлыг хиймлээр үүсгэжээ. ОХУ нь Украинаас Крымыг тусгаарлуулж өөртөө нэгтгэн, мөн Дорнод Украин дахь салан тусгаарлах хөдөлгөөнийг дэмжсэн учраас 5 дугаар сарын 9-ний тэр парадад нь өрнөдийн ихэнхи орнууд хориг тавьж, баяр ёслолынх нь ач холбогдлыг бууруулжээ. Хятадад тэмдэглэсэн баяр ёслолын ерөнхий уур амьсгал Японы эсрэг чиглэж, Японыг яллах гэж чармайсны хүчинд Бээжинд тэмдэглэсэн баяр ёслол мөн л улс төрийн өнгө аястай болжээ. Энэ бүхэнд НҮБ-ын үүрэг нөлөө гэж харагдсангүй.
Монголын төлөөлөгчид, түүний гишүүн би НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 70 дугаар чуулганд очихдоо тэмдэглэлт 70 жилийн ойд оролцож байна гэх ямар ч мэдрэмжгүй өнгөрөв. Нэг гэгээтэй зүйл юу байв гэхлээр энэ удаагийн чуулганы уриа нь “70 Strong UN. Better World” гэсэн үгс бүхий, түүгээрээ 70 жилийн ойн лого болгосон нь анхаарал татав.
Гэхдээ өнгөрсөн 70 жилийнхээ түүх, үйл ажиллагаанд үнэлэлт дүгнэлт өгсөн нь үгүй, тэгэх ч боломжгүй юм.
Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүн тавьсан илтгэлдээ энэ талаар тухайлан дурдсангүй, НҮБ-ын үйл ажиллагааны өнөө цагийн зорилт, сорилтыг олон талаас нь ярив. Тэрээр эдийн засгийн тулхтай өсөлт, тулхтай хөгжил, Мянганы хөгжлийн зорилтууд, олон улсын энх тайван, аюулгүй байдал, мөргөлдөөнөөс сэргийлэх ба зуучлах, ардчилсан шилжилт, сонгууль, энхийг сахиулах, энхийг бүтээн босгох, Африкийн хөгжил, хүний эрхийг хөхиүлэх ба дэмжих, хүмүүнлэгийн тусламжийг үр өгөөжтэй зохицуулах, шударга ёс, олон улсын хуулийг хөхиүлэх, зэвсэг хураах, хар тамхинд хяналт тавих, гэмт хэргээс сэргийлэх, олон улсын терроризмтой тэмцэх, НҮБ-ыг бэхжүүлэх гэхчлэн ярив.
Ерөнхий Ассамблейн эл чуулганаар 170 гаруй багц асуудлыг хэлэлцэж байгаагийн дотор жин дарж яригдах нь олон улсын энх тайван, аюулгүй байдал, зэвсэг хураах, энхийг сахиулах ажиллагаа, үндэстэн дамнасан гэмт хэрэг, терроризмтэй тэмцэх, олон улсын эрх зүй, нийгэм, эдийн засаг, тогтвортой хөгжил, уур амьсгалын өөрчлөлт, хүний эрх, НҮБ-аас үзүүлэх хүмүүнлэгийн тусламж, НҮБ-ын төсвийн санхүүжилт, үндсэн болон системийн байгууллагуудын сонгууль зэрэг дэлхийн улс түмний өмнө чухлаар тавигдаж буй сэдэв зонхилж байна.
Хөндлөнгөөс ажваас энэхүү 70 дугаар чуулган нь өмнөх 69 дүгээр чуулган, хойтон нь тохиох 71 дүгээр чуулганаас юугаараа ялгарахыг хэлж мэдэхгүй. Энэ удаа Ерөнхий Ассамблейн 70 дугаар чуулганы даргаар Данийн Вант Улсын парламентын спикер Могенс Ликкетофт гэдэг хүн сонгогдов. Тэрээр 70 дугаар чуулганыг “НҮБ 70 жилд-Шинэ үүрэг амлалт” (The United Nations at 70 - A New Commitment to Action) сэдвийн хүрээнд явуулах санал дэвшүүлсэн, тэр нь ч дэмжигдсэн. Энэ нь өнгөрсөн 70 жилээ эргэж харахдаа бус, ирээдүйгэ зөв олж харж, зөв томъёолж, тэр дагуу бүх улс, хүн ардын парламент болох НҮБ-аа зөв төлөвшүүлэн залж чиглүүлэх тухай асуудал гэж ойлгогдов.
Хоёр. НҮБ-д идэвхи гаргах учир
Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж тэргүүтэй Монголын төлөөлөгчид бид 2015 оны 9 дүгээр сарын 24-29-ний өдрүүдэд Нью-Йорк хотноо байж хоёр гол арга хэмжээ 1) “Тогтвортой хөгжлийн 2030 хөтөлбөр”-ийг батлах НҮБ-ын дээд хэмжээний уулзалт; 2) НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 70 дугаар чуулганы ерөнхий санал шүүмжлэл, мөн чуулганы үеэр зохион байгуулагдсан дээд, өндөр түвшний бусад арга хэмжээнд оролцсон билээ.
НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 70 дугаар чуулганы Ерөнхий санал шүүмжлэл 2015 оны 9 дүгээр сарын 28-наас 10 дугаар сарын 6-ны өдрүүдэд явагдав. Ерөнхий санал шүүмжлэл нь “НҮБ 70 жил” гэхээсээ илүүтэй өнөөгийн тулгамдсан асуудал тойрсон маргаан мэтгэлцээн, цэцэрхэл, зэмлэл маягтай болж өнгөрөв.
Манай хоёр хөрш ОХУ, БНХАУ-ын, мөн дэлхийн бодлогын чигийг одоонхондоо зааж буй АНУ-ын Төрийн тэргүүний хэлсэн үгс бидэнд чухал, түүнийг сонсох судлах ёстой гэхээс НҮБ-ын бүх гишүүн орны төрийн тэргүүний үгс бол сонсож судалж барах юм биш, тэгэх ч шаардлагагүй.
Би тэр үед харьцуулалт хийж үзэв. Анхлан Монгол Улс НҮБ-д элсээд түүнд хэт их ач холбогдол өгч, нөгөө талаасаа “Хүйтэн дайн” эрчтэй өрнөж, өрнө-дорно гэх хоёр туйлд хуваагдсаны уршгаар (үр дүнд) манай улс НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганд ихээхэн идэвхтэй оролцож байсантай харьцуулаад өнөө цагт заавал тэгэх шаардлагагүй юм байна гэдгийг мэдэрсэн хэрэг.
Д.Цэвэгмид тэргүүтэй манай төлөөлөгчид төрийн далбаагаа НҮБ-д мандуулчихаад нутгийн зүг хөлгийн жолоогоо залсангүй, шууд л маргаашаас нь чуулган болоод хороодын үйл ажиллагаанд оролцож байсан 55 жилийн тэртээх үе, өнөө үе хоёр огт өмнөө.
Түүх сөхвөл НҮБ-ын Ерөнхий Ассамблейн тэртээх чуулганд БНМАУ-ын төлөөлөгчид 1961 оны намраас 1962 оны 3 дугаар сарыг дуустал оролцжээ. Өөрөөр хэлбэл Нью-Йорк хотноо хэдэн сарыг үджээ гэсэн үг. Тэр үед төлөөлөгчдийн тэргүүний орлогчоор ажиллаж, дараа нь НҮБ-д суух Монголын анхны Элчин сайд болсон Б.Жаргалсайхан дурсан бичиж үлдээсэн нь:
- Бид хэд дотроо зохион байгуулалт хийж хоорондоо ажил үүргээ хуваарилав. Цэвэгмид бүгд хуралдаан болон зэвсэг хураах (нэгдүгээр) хороог авав. Надад улс төрийн тусгай хороо болон байнгын төлөөлөгчийн газар байгуулах талаар судалгаа явуулах ажил оногдов. Дашцэрэн, Дамдиндорж нар эдийн засаг, нийгэм, колоничлолоос чөлөөлөх, санхүү, хууль зүйн 5 хороодын дунд явж ажиллахаар тогтов. Бид өдөр тутам болсон явдлаа орой бүр дүгнэж, маргааш юу хийхээ төлөвлөнө. Ер нь манайхан эхний хэдэн жил НҮБ-ын чуулганд сүрхий бүлэрхүү оролцож байсан юм. Бид удалгүй хурлын дэг, хэлэлцэх асуудалтайгаа танилцаж, ажиллах арга барилаа аажим аажмаар төсөөлж эхлэв. Бидэнд юм бүхэн шинэ байлаа гэжээ.
Тэгвэл энэ удаа, энэ цагт тэгж их бүлэрхүү оролцоод дэлхийн бодлогын бүх асуудлаар байр сууриа илэрхийлээд байх шаардлага үгүй болжээ.
Ерөнхийд нь би ингэж дүгнэлээ. “Шинэ хүйтэн дайн эхлэв” гэсэн утга бүхий үгс зарим улс орны зүгээс цухалзах болсныг энэ удаагийн Ерөнхий санал шүүмжлэл нотлох шиг боллоо. Олон улсын харилцаа болохоо байлаа, хяналтаас алдагдах нь, дайны аюул ойрхон байна, олон улсын терроризм хүчрэгдэхээ болилоо, ядуу буурай орнууд ядуурсаар нойл заалаа, дэлхийн баялгийг шударга бус хуваарилаж байна, НҮБ ажиллахгүй байна, НҮБ-ыг шинэчлэе гэх гомдлын үгсийг би хэдэн өдрийн турш хангалттай сонсов.
Ерөнхий санал шүүмжлэлд үг хэлсэн төр, засгийн тэргүүн нар дэлхий дахины улс төр, аюулгүй байдлын хурцадмал асуудлаас гадна НҮБ-ын Дээд хэмжээний уулзалтаар баталсан “Тогтвортой хөгжлийн 2030 хөтөлбөр”-ийн ач холбогдол, тэргүүлэх чиглэлүүд, хэрэгжүүлэх арга механизмын талаар өргөн хүрээнд байр сууриа илэрхийлж үг хэлсэн нь олзуурхмаар байв.
“Тогтвортой хөгжлийн 2030 хөтөлбөр”-ийг батлах НҮБ-ын дээд хэмжээний уулзалтад гишүүн 150 гаруй орны төр, засгийн тэргүүн нар оролцсон ба тэд ирэх 15 жилд дэлхий нийтийн хөгжлийг чиглүүлэх “Тогтвортой хөгжлийн 2030 хөтөлбөр”-өө санал нэгтэй батлав. Энэхүү хөтөлбөр нь ирэх 15 жилийн тогтвортой хөгжлийн зорилтуудыг ажил хэрэгчээр, цогцоор, тодорхой, түгээмэл, тухайн улс орон өөрийн онцлогтоо нийцүүлэн хэрэгжүүлэх үндсэн зарчимд тулгуурлах юм.
Уг хөтөлбөр нь НҮБ-ын гишүүн бүх улс төдийгүй иргэний нийгэм, бизнес эрхлэгчдийн оролцоог ханган бүх талуудын саналыг тусгаж, нийтийн зөвшилцлөөр батлагдсанаараа онцлог болно. Уг хөтөлбөрт хүрэх зорилт, үр дүнг тодорхойлохын зэрэгцээ тэдгээрийг хэрэгжүүлэх арга зам, хэрэгжилтэд хяналт тавих механизм, санхүүжилтыг тодорхойлсон нь хөтөлбөр амжилттай хэрэгжих суурь, боломжийг бүрдүүлж буй...
Үргэлжлэлийг болон энэ тухай, мөн энэ сэдвээр хэвлэгдсэн
“Алтан аргамж” цувралын 8 дугаар эмхэтгэл номыг
Гадаад хэргийн төв архиваас худалдан авч уншина уу
– Холбоо барих утас: 262034, 262427
“Алтан аргамж” цувралын 8 дугаар эмхэтгэл номыг
Гадаад хэргийн төв архиваас худалдан авч уншина уу
– Холбоо барих утас: 262034, 262427