Хивс битүү дэвссэн урт сайхан гудаатай, олон саруулхан тасалгаатай, дотроо тансаг гуанзтай, ойн цоорхойд иж бүрэн зуслантай, ийм байгууллагыг том гэхээс яахав. Бяцхан хүү Бадрах дээд сургууль төгсөөд нэг тийм анзааны байгууллагын саруулхан өрөөнд ахмад насны хоёр хүнтэй албан тушаал, авдаг цалингаар ав адилхан мөр зэрэгцэн шинэ бүтээл оновчтой санал-ШБОС-ын асуудал хариуцан суув. Бүх амьдрал санаанд багтахын аргагүй сайхан. Бадрах нүсэр ширээнийхээ ард жогжийтол сууж байхдаа алс хөдөө хуваарилагдсан ангийнхаа зарим нөхдийг дурсаж, өөрийн азтайг онцгой мэдэрч баясна. Гэнэхэн энэ бахархал ажигч хамт олонд тов тодорхойг харамсалтай нь Бадрах сайн анзаарахгүй. Гэхдээ энэ том байгууллагын егзөрүүд бяцхан Бадрахыг бараг хүн гэж авч хэлэлцэхгүй нь жаахан тиймхэн. Нэг үгээр түүнийг тоож үг солих хүн ховор. Бадрах ажил дээрээ ам ангайлгүй бараг сар болж, хэл нь амандаа бий гэдгийг мартах дөхлөө. Хэдэн удаа тэсэлгүй том албан хаагчдын дэл сул ярианд оролцохоор мэргэн афоризм цухуйлгасан авч хэний ч сонорыг мялаалгүй замхарчээ. Гэвч Бадрах сэтгэлээр унасангүй. Бурууг хорин гуравхан насандаа чихнэ. Хамгийн чухал нь албан тушаал, авдаг цалин ижилтэйдээ омогшино. Ярихгүй удах уйтгартай тул хүн юм асуухыг олзонд тооцож, зиндаархах нөхөргүйдээ урт гудаагаар байн байн гиеүрсээр нэг жилийг арай ядан барлаа.

Нэг өдөр Бадрах урт хонгилоор дэмий сажилж явтал тус байгууллагын хамгийн том дарга Пагжий гуанзнаас шүдээ чигчийлэн амьсгаадсаар гарч ирээд их цадсандаа дуугарч чадалгүй Бадрахыг хуруугаараа нааш ир гэж дохиод,

-Чи хөө, ШБОС-ын нөгөө залууг над дээр одоохон дуудаадах гэв.

Бадрах “Тэр Бадрах чинь би байна” гэж хэлэх гэснээ энэ байгууллагын бүх хүн хүндэлж айдаг даргыгаа ичээхийг зориглосонгүй. Даргынхаа нэр төрийг хайралсан ёс суртахуун гаргасан хэрэг. Пагжий дарга хоолны хойноос шууд тамхи татсандаа мэнгэрлэн уухилж,

-Чи юу гэж алмайрч зогсоод байна. Хурдлаач гэж зандарлаа.

Бадрах цочихдоо “За” хэмээн толгойгоо нэгэнтээ маажаад, өөрийгөө хайхаар өрөө рүүгээ чавхдав. Тэр өрөөндөө яахаа мэдэхгүй хэсэг суулаа. Суугаад суугаад яах ч билээ. Гарч хэдэн давхрын шат, гудаагаар аажуухан тэнэж, хэсэг хугацаа барж аваад Пагжий даргын ер биш том тасалгаанд орлоо. “Цаад нөхөр чинь алга уу?” гэсэн ширүүн харцаар Пагжий цоргив. Бадрах даргадаа ойртсонгүй. Хүлцэнгүй тонгосгээд,

-Та намайг дуудав уу? гэвэл Пагжийн нүд бүлт үсэрмээр томорсоноо,

-Юу гэнэ ээ? гэж дөнгөж бувтнав.

Бадрах одоо түүнийг өрөвдөөд хэрэггүй шууд зориг гаргая гээд,

-Та намайг хүнээр дуудуулсан уу? гэвэл Пагжийн нүүрний бүх арьс өрөөсөн тийшээ огцом татаад, хамар ам нь хацар дээрээ гарчихлаа. Дуу нь хэсэг зуур таг гацсанаа арай гэж уртаар амьсгал авч,

-Тиймээ, би чамайг дуудуулсан юм гэж хацар дээрх амаараа хашгираад, -Харин чамайг хэн дуудав? гэж дуугаа намсган ёжтой асууснаа хүчтэй огшиж ирсэн хөх инээдээ барихыг хичээв.

Энэ хөх инээдээрээ Пагжий дарга нэг инээдвэл “алж өгдөг” болохыг олонтаа сонссон Бадрах өрөвдөлтэй бүлтэгнээд,

-Яагаав нөгөө хэн. Тэр намайг дуудлаа гэж ээрэв.

-Нөгөө хэн? Нэрий нь хэлээч гээд Пагжий улам нялуурав.

-Нөгөө хэнээр та намайг дуудуулсан байна лээ гээд Бадрах нүдээ анивчсанаа духан дээрээ нэг цэг хуруугаараа хатгаж, -Нэр нь энүүхэнд байна. Ганцхан санадаггүй хэмээн инээхчээ аядахад Пагжий дарга зүрхээ дарснаа эм авч хоёрыг давхарлан залгив. Тэгээд ус балгаж амаа зайлангаа,

-Уухай тийм бий. Та нар намайг бүр адгуус шиг санадаг болжээ гээд харвингаа оволзуулан амьсгаадлаа. Хөөрхий Бадрах,

-Дарга минь ШБОС-ын Бадрах гэдэг чинь би байна гэж бөхөлзөхөд Пагжий дарга эм рүүгээ дахин сарвалзсанаа болиод үзгээ авч хуудас цаасны гол дунд том үсгээр “Бадрах” гэж дармалдаад түүнийгээ зааж,

-Энэ Бадрах та хоёр хуйвалдсан уу? “Үгүй” гэж чи мэлз л дээ гэснээ хариу хэсэг хүлээгээд Бадрахыг дуугарсангүйд ялалтандаа ялимгүй бардамнаад, -Би та нарын залийг муухан гадарлана шүү. Хорин жил энэ суудлыг бөглөхдөө би та муусайны ямар ч эсэргүү хуйвалдааныг илрүүлдэг нэг муухан туршлагатай болсон хүн. Үүнийг шинэ залуу боловсон хүчин чи эртхэн мэдэж ав гэж заналтай сургамжлав.

-Тэр Бадрах чинь би байна гэж Бадрах цөхрөн гуйвал,

-Намайг доромжлохоо боль гэж Пагжий хашгираад, -Чиний тэр найз Бадрах ажил таслаад алга болсон нь мэдээж. Иймэрхүү залиар намайг мэхлэхгүй. Яана гэнэ ээ, задарсан золигнууд. Би та нарт ямар мал болохоо үзүүлэмз. Бүхэл бүтэн албан газар доромжилсныхоо хариуцлагыг та муу хоёр үүрэх болно гээд утсаа авлаа. Удирдах бүрэлдэхүүнээ цуглуулж Бадрахад арга хэмжээ авах гэж буй нь ойлгомжтой.

Угийн хулчгар төрсөн Бадрах бас л яахаа мэдэхгүй хаалга руу явлаа. Даргыгаа эвгүй байдалд оруулахад Бадрахын сэтгэл зөөлдсөнөөс хамаг гай ингэж манджээ. Пагжий дарга түүнийг хоргоохоор араас нь яаравчилж,

-Хөөе чиний нэр хэн билээ? Нөхөөр чи нэрээ хэл. Хүүе чи зогс. Яасан танхай залуу вэ чи гэж хашгичсаар гудаанд гарвал нөгөө залуу цааш зугтаав. Түүний хойноос Пагжий дарга хонгилоор гүйж төвдсөнгүй. Ажилтнуудаасаа нэрэлхсэн хэрэг. Коридорт яваа хүмүүсийн нэгнээс Пагжий “Тэр гүйж яваа нөхөр хэн бэ?” гэж асуувал нөгөө хүн эргэж харснаа “ШБОС-ын Бадрах л байна” гэв. 

Пагжийн царай хувхай цайж, зүрхээ дарснаа “Албан газрын коридороор хамаагүй гүйдэг яасан сахилгагүй нөхөр вэ” гэж муухан өгүүлээд өрөөндөө орж, зүрхний эмээ чичирсэн гараар тэмтрэхдээ “Би чинь ийм болчихсон дарга уу” хэмээн амандаа бувтналаа. 

Бадрах өрөө рүүгээ гүйх шахам алхахдаа “Хүнд танигдахгүй ингэж явсанд орвол үхсэн минь дээр. Ярьсан үг байхгүй, явсан мөр гуанзнаас бие засах газар хүртэл. Өргөдлөө бичиж, эх орныхоо уриалсан газарт очиж, хэн болохоо үзүүлж, олонд танигдах нэр нүүрээ өөрөө олж авах минь” гэж халаглав.

1985