Ш.Батхүү: “Ийм хямралын үед банк авна гэдэг зуднаар хонь авсантай адил” гэж тавлуулж байсан ч үе бий
“Жаст” группийн ерөнхий захирал Ш.Батхүүтэй 2011 оны аравдугаар сарын 28-нд “Улс төрийн тойм” сонинд хийсэн ярилцлагаа та бүхэнд хүргэж байна. Цаг үе, нөхцөл байдалтай холбогдуулан "Жаст" группийн нөхцөл байдал ямар байсан, банкууд худалдаж авсан түүх болон Олон овоотын алтны ордыг авснаас хойш ямар болсон талаар зургаан жилийн өмнө хэрхэн ярьсан нь зарим зүйлийг жишиж харьцуулахад нэмэр болж мэдэх үүднээс дахин нийтэллээ.
-Ойрын үед “Жаст” группийн захирал Ш.Батхүү, “Монгол газар” компанийн захирал Ц.Мянганбаяр нарын Олон овоотын алтны орд газрын лицензтэй холбоотой хэргийг дахин шалгаж эхэлсэн талаар мэдээлж эхэллээ. Та үүнд ямар тайлбар өгөх вэ. Тухайлбал таныг хуулийн байгууллагаас дуудан шалгаж байгаа гэдэг үнэн үү?
-Харин нэг сонингоос л энэ тухай олж мэдлээ. Миний талаар гүтгэж бичсээр эцэстээ арга нь барагдаад, бүр хачин жигтэй, утгагүй зүйл бичих боллоо. Тэр бүхэнд үнэний ортой нэг ч зүйл алга.
-Олон овоот ордын лицензүүдийг “Жаст” группт шилжүүлсэн ажиллагааг хууль бус, мөн үүнд зарим улстөрчийг нөлөөлж оролцсон гэж үзэж байгаа?
-Энд бидний байр суурь маш тодорхой байгаа. Ц.Мянганбаяр захирлын хувьд ч мөн адил. Хувийн хэвшлийн хоёр байгууллага сайн дурын үндсэн дээр хоорондоо тохиролцоод Олон овоот төсөл дээр хамтран ажиллахаар шийдсэн. Уг нь үүнд улс төрийн хүрээнийхэн, тэр тусмаа УИХ оролцоод байх асуудал биш. Энэ талаар асуудал үүсгэж яриад байгаа хүмүүс бизнесийн байгууллага хоорондын ажилд оролцож, улс төрд нааж, дэмий л дуулиан үүсгээд байна. Тэгэхээр цаанаа тодорхой ашиг, сонирхол байдаг л байх. Түүнийг нь би үнэндээ нарийн мэдэхгүй юм.
-Олон овоот төсөлд “Жаст” группийнхэн хамтран оролцож эхэлсэн тэр үед тус ордын лицензүүд “Зоос” банкинд байсан уу?
-Бид албан ёсны мэдэгдлээ гаргаж байр сууриа тодорхой илэрхийлсэн. Дахин хэлэхэд юуны өмнө намайг Олон овоотын лицензийг авахын тулд төрийн зарим албан тушаалтан болон олон улсын байгууллагатай хамтран “Зоос” банкийг хууль бусаар авсан гэж яриад байгаа нь ямар ч баримт нотолгоогүй, бодит байдлыг илт гуйвуулсан мэдээлэл хэвлэлд нийтэлсэн. Энд нэг л асуудал бий. Юу гэвэл биднийг энэ төслийг хэрэгжүүлэхээр “Монгол газар” ХХК-тай хамтарч эхлэх үед “Зоос” банкийг уналтад ороход хүргэсэн тэр лицензүүд тэнд байгаагүй. Өөрөөр хэлбэл тэр үед Олон овоотын лицензүүд хэдийнэ “Голдман сакс” олон улсын санхүүгийн корпорацийн мэдэлд оччихсон байсан. Тэгэхээр гадны байгууллагад байгаа зүйлийг авахын тулд өөрийн улсын нэг банкийг нураана гэдэг ямар ч логикгүй, утгагүй асуудал. Тэгэхээр УИХ-ын нэр бүхий гишүүдийн яриад байгаа шиг уг лицензүүд тухайн үед “Зоос” болон бусад банкны барьцаанд байсан гэдэг нь худлаа байгаа биз. Түүнээс “Зоос” банкны мэдэлд байгаа лицензийг салгаж авах гээд тус банкийг хүнд байдалд оруулсан мэт орон гаран зүйл яриад байгаа. Ерөөсөө тэр үед уг лицензүүд аль ч банкны барьцаанд бус зөвхөн “Голдман сакс”-ын барьцаанд байсан. Байхгүй зүйлийг бид яаж авах билээ.
-Тэгвэл “Зоос” банкны хадгаламж эзэмшигчдийн хохирлыг барагдуулах зорилгоор гаргасан Засгийн газрын бондтой холбоотой асуудлыг яагаад танай групптэй холбож яриад байгаа юм бэ?
-Засгийн газрын бонд бол хувийн компани авч хэрэглэдэг зүйл биш. Энэ чинь бэлэн мөнгө биш шүү дээ. Зүгээр л хүмүүсийн толгойг эргүүлж байгаа нь тэр. Үнэхээр төрөөс иргэдийн хадгаламжид баталгаа өгөх зорилгоор бонд гаргасан бол түүндээ л зарцуулагдана. Тэр мөнгөөр биднийг гурван жил тэжээсэн гэж яриад байгаа нь үнэхээр утгагүй асуудал.
-“Голдман сакс”-т байсан лицензийг хууль бусаар авсан гээд байгаа. Тэр лицензийг та бүхэн яг ямар арга замаар өөрийн болгосноо тайлбарлаж болох уу?
-Харин ийм олон салаа асуудлаар буруутгаад байгаа юм. Нэг бол “Зоос”-оос, эсвэл “Голдман сакс”-аас, гэхдээ ямар ч байсан хууль бусаар авсан гэж яриад, бичээд байгаа. Худлаа ярьж буй хүн л ингэж хольж хутгаж, мэдэн будилдаг. Тиймээ, бид “Голдман сакс”-ын мэдэлд байсан лицензийг авсан. Гэхдээ бүгдийг хуулийн дагуу авсан. Монгол Улсын хуулиар лицензийг шилжүүлэх хоёр л арга бий. Ашигт малтмалын тухай хуулийн тодорхой заалт, журам бий. Үүнд нэгдүгээрт хоёр компани гэрээ байгуулаад, сайн дурын үндсэн дээр лицензийг шилжүүлж болно. Эсвэл шүүхийн шийдвэрээр лицензээ шилжүүлэх болдог. Бидний хувьд харилцан тохиролцоод, гэрээ байгуулах аргыг сонгосон. Энэ бүх асуудлаа бид хуулийн байгууллагаар хангалттай шалгуулсан.
-Олон овоотын ордын ажил байдал, болж өнгөрсөн үйл явц, одоо тулгамдаад байгаа асуудал зэргээс харахад хэдийгээр “Жаст” групп нь “Монгол газар” ХХК-иас их хэмжээний авлагатай ч гэсэн хуулийн дагуу шийдүүлэхгүй яагаад ийм их ажил, өр төлбөр, эрсдэлийг нь дааж авах аргыг сонгов гэдэг нь сонирхолтой санагдсан?
-Үнэндээ тантай санал нэг байна. “Жаст” групп нь “Монгол газар” ХХК-тай 2006-2008 онд хамтарч ажиллаад, сүүлдээ бид оруулсан мөнгөө аваад гаръя гээд төлбөрийн хуваариа тохирооод гэрээ байгуулсан. Тэр хугацаанд Ц.Мянганбаяр захирал бидэнд “Голдман сакс” компаниас мөнгөө авахаар танайд өгье гэдэг байсан. Үнэн хэрэгтээ нэг төгрөг ч өгөөгүй. Мэдээж бид ордыг зарчихаж болно. Тэр нөхдийн яриад байгаа шиг 100 тэрбум төгрөгийн бонд гаргаад лицензийг нь зарчих амархан л даа. Гэтэл бондын 100 тэрбумаас өмнө 186 тэрбум төгрөгийн өр үүсгэчихсэн, дээр нь ордын лицензүүд гадны байгууллагын барьцаанд байгаа тохиолдолд бид булааж аваад зарна гэдэг хэцүү шүү дээ. Эхлээд өөрийн болгох хэрэгтэй. Бид ямар дээрэмчид биш хуулийн хүрээнд ажиллах ёстой. Бараг азаар тэд хуулийн алдаа хийсэн байсан учраас л уг лицензүүдийг “Голдман сакс”-ын барьцаанаас авч, Монголын нэр бүхий банкуудын дундын барьцаанд тавьж, хохиролгүй болгож үлдсэн нь их юм.
-“Голдман сакс”-ын тэр алдаа нь юу байсан бэ. Банк болон банк бус санхүүгийн байгууллагын зөвшөөрөлгүй байсан нь уу?
-Тийм.
-Уг ордын нөөц, одоо шаардлагатай байгаа зардлыг харахад шүлс асгармаар тийм ч их ашиг харагдахгүй байгаа шүү дээ?
-Мэдээж бид эхлээд судалгаа хийсэн. Хэрэв тухайн үед Олон овоотын лицензүүдийг зарсан бол 20-30 сая ам.доллараар зарчихаж болох байсан. Гэтэл цаана нь үлдэх 200 орчим тэрбум төгрөгийн өр нь уг төсөлд оруулсан нэг төгрөг тутмынхаа эсрэг 20 төгрөг алдана гэсэн үг шүү дээ. Засгийн газар 100 тэрбум төгрөг гаргачихаад 20 тэрбумыг олж авна гэхээр улсад ч, бидэнд ч хохиролтой. Ер нь ингэж хүндэрсэн төслийг хүнд байдлаас аврах хоёрхон арга байдаг. Үүний нэг нь зарах арга. Үүнийг бид мэдэхгүй биш, мэднэ. Хамгийн гол нь авлагаа яаж бүрэн авах вэ гэдэг талаас нь судалж үзээд, хүндрэлээс гарах хоёр дахь арга буюу дахин санхүүжилт хийж, хөрөнгөө нэмж оруулах нь зүйтэй гэж үзсэн. Уг орд одоо байгаа хэвээрээ үнэ цэнэ муутай. Гэхдээ Кадастрын албаны баталгаажуулсан нөөц байна. Дээр нь бид хяналтын өрөмдлөг хийгээд есөн тонн орчим алт гарах юм байна. Ямар хугацаанд, хэр хэмжээний хөрөнгө оруулаад, олборлосон алтаа борлуулж болохыг нарийн тооцоолсон. Энэ бол подвалд байгаа алт биш. Маш их хугацаа хэрэгтэй.Ингээд 3-4 жил ажиллахад хөрөнгө оруулалтаа нөхөх юм байна гэсэн дүгнэлт хийгээд бусад зээлдэгчдэдээ танилцуулсан. Тэд санхүүгийн байгууллага учраас төслийн үйл ажиллагаанд биечлэн оролцож газар ухаад байх боломжгүй. Танайх хамгийн том хэмжээний авлагатай, бас туршлагатай байгууллагын хувьд менежментийг нь удирдаад голлох үүрэг гүйцэтгэ. Дараа нь авлагуудаа барагдуулъя гэж шийдсэн. Ийм л юм болсон.
-Тэгэхээр Засгийн газрын бондоос Олон овоот төслийн ажилд нэг төгрөг ч ороогүй юм байна. Тийм үү?
-Ороогүй. Засгийн газраас 100 тэрбум төгрөгийн бонд гаргахдаа эргэн төлөгдөх ямар ч баталгаагүйгээр гаргасан. Тэгээд энэ бондоор “Зоос” банкны хадгаламж эзэмшигчдийн мөнгийг гаргаж өгсөн. Мөн Төрийн банк байгуулахад дүрмийн санд нь хөрөнгө оруулалт хийсэн. Хувийн компаниуд тэндээс нэг төгрөг ч аваагүй. Засгийн газраас “Зоос” банкинд олгосон бонд яаж эргэн төлөгдөх вэ гэхээр тус банкны авлагатай байгууллагуудаар зээлийг нь төлүүлж байж л эргэн төлөгдөнө шүү дээ. Гэхдээ найдвартай эргэн төлөгдөх үү, үгүй юү гэдэгт л асуудал байгаа. Олон Овоотын зээлийн хувьд тэр үед найдваргүй зээл байсан. Харин бид хөөцөлдөж байгаад лицензийг нь аваад ирсэн болохоор төлөгдөх магадлал нь баталгаатай, барьцаатай болчихож байгаа юм. Алт бол борлуулалт дээрээ асуудалгүй бүтээгдэхүүн. Тиймээс нэмэлт хөрөнгө оруулаад барьцааныхаа үнэ цэнийг сайжруулаад байвал авах ёстой өр төлбөрөө бүрэн авна.
-“Голдман сакс” энэ хугацаанд бүх өрөө Монголын нэгэн ББСБ /Банк бус санхүүгийн байгууллага/-д шилжүүлсэн байдаг. Энэ ямар учиртай юм бэ, уг ББСБ-ын талаар тодорхой мэдээлэл өгч болох уу?
-Дэлхийн практикт байдаг л өрийн менежментийн арга. Монголын ББСБ-д өрөө худалдсан. Одоо бид “Голдман сакс”-т өгөх байсан өрөө тэднийд төлнө. Гэрээгээ байгуулчихсан. Ер нь бид “Голдман сакс”-ын өрийг өгөхгүй гэж хэзээ ч хэлж байгаагүй. Зөвхөн та “нийтийн очер”-т зогсооч, та нараас өмнө, хэд дахин их хэмжээний хөрөнгөөр энэ төслийг санхүүжүүлсэн хүмүүс юун хүү, зээлтэй манатай болчихоод хүлээж байна. Гэтэл та нар хүүтэй, барьцаатай, алданги торгуулиа авах гэж байгаа. Тиймээс асуудалд шударга хандаач гэсэн хүсэлт тавьсан.
-Дээр би танаас яагаад шүүхээр хэргээ шийдүүлээгүй вэ гэж асуусан. Энэ нь Ц.Мянганбаяр та хоёрын нөхөрлөлийн харилцаатай холбоотой юу. Эсвэл та өр зээлийн хүүгээс болж бизнест олон бэрхшээлтэй тулгарч байсан өнгөрсөн үеэ эргэн харж, хүн чанар гаргасных уу?
-Ер нь шүүхдэнэ гэдэг бүр аргаа барсан, хамгийн муу арга. Дэлхийн практикаас харахад тухайн байгууллагыг дампууруулаад, байгаа хөрөнгийг зарж өрөө төлүүлэхэд зээлдүүлэгчийн хохирол хамгийн бага хэмжээгээр төлөгддөг. Ажиллаж байгаа болон ажиллахаа боль¬сон тоног төхөөрөмжийн үнэ ямар зөрүүтэй байдаг билээ. Түүнтэй л адил. Харин үүний оронд шинэ менежмент, нэмэлт хөрөнгө оруулалт болон хугацаа өгч ажиллуулаад өрөө салгаж авах нь хавьгүй өндөр хувиар хохирлоо барагдуулах арга. Аж ахуйн ажил нэлээд эрсдэлтэй нь үнэн. Дандаа хүссэн хэмжээндээ авлагаа авч, ашиг олно гэдэг Монголд байтугай дэлхийн хэмжээнд эрсдэлтэй шүү дээ. Ц.Мянганбаярын хувьд өөрийнхөө хэмжээнд, хүч боломжоо шавхаад бизнес хийх гэж унаж, босож яваа л монгол залуу. Бизнесийн ажил амаргүй. Ямар ч байдалд орж, гарч л байдаг. Дампуурсан ч байсан энэ нь амьдрал сүйрчихлээ гэсэн үг биш шүү дээ. Ц.Мянганбаяр захирлын хувьд санхүүгийн сахилга бат сул байсан нь алдаа болов уу гэж боддог. Бизнесийн болон санхүүгийн хүндрэл нь хоорондоо өөр. Ерөөсөө төлбөрийн чадваргүй болоод уналтад орсон бол нэг асуудал. Жинхэнэ утгаараа дампуурч байна гэсэн үг. Харин түр зуурын мөнгөний гачигдалд орох, тухайн цаг хугацаанд л хүндрэл үүсчихээд байгаа бол өөр хэрэг. Ийм тохиолдолд ихэвчлэн харилцан тохиролцоход хүрдэг. Ойлголцож чадахгүй, бас хэт хуурай хууль хэрэглэвэл хугацаандаа төлбөрөө өгсөнгүй гээд заргалдаж болно л доо. Гэхдээ амьдрал дээр хоёр тал харилцаж ойлголцож шийдэхийг илүү гэж үздэг. Миний хувьд Олон овоот төслийн асуудлаар хоёр дахь хүндрэл тохиожээ гэж үзсэн. Тиймээс шинэ тоглогч хөрөнгөө оруулж, төслийг хэрэгжүүлээд, байгаа баялгаар нь бүх өрийг хаагаад, ашиг гарвал хуваах нь зүйтэй гэсэн сонголт хийсэн. Энэ нь нэг талаар том буян үйлдэж байгаа, нөгөө талаар ирээдүйд олон найзтай болж байна гэсэн үг. Хэрэв миний бизнес хүндэрвэл нэгэнт бэрхшээлээ хамт туулж, итгэлцсэн нөхөд маань тусална.
-“Жаст” групп Олон овоотын асуудлаас гадна УИХ-ын гишүүн Д.Зоригт та хоёрыг оросуудтай нийлээд “Монгол шуудан” банкийг “Хадгаламж” банктай нэгтгэсэн нь хууль бус явдал байв уу гэсэн хардлага, хувь нийлүүлэгчдийн гомдол хэвлэлийн хуудаснаа харагдах боллоо. Энэ талаар та ямар тайлбар өгөх вэ?
-Бас л хувийн хоёр байгууллагын хийсэн наймаа. “Хадгаламж” банк хувьчлагдаад 100 хувь оросуудын мэдэлд байсан. Төрийн мөнгө үрэгдээгүй. “Монгол шуудан” банк ч ялгаагүй. Монголын нэгэн иргэний 100 хувийн мэдэлд байлаа. Миний бодлоор Монгол Улс зах зээлд ороод удаагүй байна. Хүмүүс санхүү, бизнесийн талаарх мэдлэгийн хувьд дутуу дулимаг боловсорсон зэрэг нөлөөлөл ч байна. Бизнес бол эрсдэлтэй. Тиймгүй байсан бол хүн бүхэн бизнес хийгээд амьдрал ахуйгаа дээшлүүлчихэж болно. Нэгэнт бизнес хийх гэж хөрөнгө оруулалт хийж байгаа бол хожиж ч болно, хожигдож ч болно гэдгээ сайтар ухамсарласан байх хэрэгтэй. Танаас хамааралтай болон хамааралгүйгээр эрсдэл учирвал хохирно гэдгээ нарийн тооцоолсон байх ёстой. Биднийг “Монгол шуудан” банкийг авахад 90 гаруй хувь нийлүүлэгчтэй байсан. Дийлэнх хувь нь арав хүрэхгүй хүмүүсийнх, 80 гаруй хүн бага хэмжээний хувь нийлүүлсэн байлаа. Бид дийлэнх хувийг эзэмшиж буй тэр хүмүүст саналаа тавиад хэлэлцээр хийсэн. Бид маш боломжийн санал хэлсэн болоод л тэд тэр үнээр худалдсан байж таарна.
-Ингэж банк нэгдэх явцад хадгаламж эзэмшигч, эсвэл харилцагч хохирсон тохиолдол бий юү?
-Нэг ч байхгүй. Хувь нийлүүлсэн хоёр гурван хүн бий. Тэд “Би энэ банкинд тухайн үеийн ханшаар 2-3 өрөө байр авч хүрэлцэхээр хэмжээний мөнгөө хийсэн” гэж ярьдаг. Бизнесийг худалдахад тэгж үнэлэхгүй. Худалдагдах үед ямар үнэ цэнэтэй вэ гэдэг л гол болохоос тухайн үед хувь нийлүүлэгчийн хийсэн мөнгөний ханш, хэмжээ ямар байсан нь хамааралгүй байдаг. Хэрэв банк сайн ажилласан бол түүний оруулсан мөнгө хоёр биш 12 өрөө байр авч хүрэлцэхээр өсөх байсан.
-Та улстөрчидтэй ямар холбоотой байдаг вэ?
-Би хэзээ ч, аль ч намд байгаагүй. Мөрөөрөө бизнесээ хийж явсан. Гэхдээ Монгол жижигхэн, дээр нь одоогийн улстөрчид бүх насаараа улстөрч байгаагүй нь мэдээж учраас дунд сургуулийн болон оюутан цагийн найзууд, хамт ажиллаж байсан гэдэг утгаараа тэдний заримыг нь бол улстөрч байхаас нь өмнө мэднэ. Тийм танилууд улс төрийн аль ч намд байгаа. Ямар нам бус хүнтэй л нөхөрлөнө гэлтэй биш.
-Та алдаан дээрээ суралцах тухай олонтаа ярьж байсан. Олон овоотын төсөлд оролцсоноо, Ц.Мянганбаярын өрийг худалдаж авсанаа алдаа гэж боддог уу?
-Өнөөдөр эргээд харахад “Монгол шуудан банк”, “Хадгаламж” банк, “Олон овоот гоулд”-ыг авсан тухайд стратегийн хувьд алдаа гаргаагүй учраас миний бизнес өдий дайтай яваа гэж боддог. Манай компанийн удирдлага ч, би ч улс орныхоо хөгжил, эдийн засгийн өсөлт, монголчууддаа итгэсэн тактикийг баримталж ажилладаг. Яг эдгээр наймааг ажиглахад дандаа л хямралын үед хийсэн байгаа биз. Тухайн үед зарим хүн “Ийм хямралын үед банк авна гэдэг зуднаар хонь авсантай адил” гэж тавлаж байсан ч үе бий. Би бол “Өнөөдөр хүнд байвч маргааш сэхнэ. Эдийн засаг тэлнэ. Хүмүүс мөнгөтэй болно. Банк санхүүгийн бизнес ашигтай” гэж харж байсан. Мэдээж одоо бодоход ингэж хийсэн бол илүү оновчтой байж дээ гэж харах зүйл бишгүй байдаг. Тэгэхээр алдаа байж болно. Гол нь алсыг харах гэдэг талаасаа алдаагүй болохоор стратегийн оноо нь тактикийн алдаагаа нөхөөд явдаг юм болов уу гэж боддог юм. Олон овоот төсөл ч гэсэн алдаа биш. Алтны үнэ бараг хоёр дахин өснө гэдгийг тухайн үед би яаж мэдэх вэ. Гэхдээ дэлхийн зах зээлийн үнэ ханшийг харахад ойрын хоёр жилдээ гайгүй, цаашид өсөж ч мэднэ гэсэн найдлага төрсөн. Ямар ч байсан энэ бизнест ороод, ачааллыг даавал ирээдүйтэй гэсэн дүр зургийг энэ компанийг толгойлж яваа хүний хувьд олж харсан байх.
-Хамгийн гол нь Олон овоотын хувьд л гэхэд таныг шаардлагатай хөрөнгө оруулалтыг гаргаад өөрсдийг нь ажилтай байлгаж, уурхайг нь цаашид аваад явна гэсэн 500 орчим ажилчид, тэдний гэр бүлийнхэн итгэж хүлээж байна. Та тэдэнд чадна гэдгээ амлаж чадах уу?
-Надад нэг л зүйл бий. Энэ уурхай амжилттай ажиллах нь миний болон тэнд ажиллаж байгаа бүх тушаалын ажилтан, хамт олны нийтлэг эрх ашиг. Мөн хөрөнгө оруулагчийн хувьд надад хэнтэй ч хуваалцашгүй том хариуцлага оногдож байгаа. Энэ нь уурхайг хөрөнгө мөнгөөр таслахгүй байх найдвартай санхүүжилтийг олох явдал. Энэ үүргээ би, бид ямар ч нөхцөлд биелүүлнэ. Мэдээж янз бүрийн хэл ам, элдэв дуулиан тэдний сэтгэлд сэвтэй, ажилд саадтай байж болох ч уурхайн ажлыг ямар ч нөхцөлд зогсоохгүй. Яагаад гэвэл зөв эргэж буй хүрдийг зогсооход хэцүү шүү дээ. Тиймээс хүн бүр итгэл төгс, хариуцсан ажлаа өмнөхөөсөө илүү сайн хийвэл бид нэгдэж, хүчтэй байж, бэрхшээлийг даван туулж чадна. Бид хэнийг ч, нэг ч байгууллагыг хохироогоогүй. Харин ч алдаж болзошгүй байсан зүйлийг баталгаажуулаад төлж байгаа. Ийм чухал ажил хийж байгаагаараа бид бахархах эрхтэй.
-Та хугацаа хэлж чадах уу?
-Манай уурхайчид үүнд хэдий хэмжээний хугацаа шаардагдахыг мэргэжлийн хүмүүсийн хувьд ч, туршлагаараа ч мэдэж байгаа байх. Бидний төлөвлөж байгаагаар 2013 оны эцэс гэхэд ямар ч асуудалгүй болно. Энэ хугацаанд би олон гэрээ байгуулж байгаа. Барьцаагүй байсныг барьцаатай болгосон. Мөн нэмж барьцааны чанараа сайжруулан хугацааг сунгах зэрэг олон ажил хийж байгаа. Банк, санхүүгийн практикт хэрэглэдэг, хуулийн хүрээнд байдаг л ажил.
-Олон жил бизнес эрхэлсний хувьд цаг үргэлж Олон овоотын уурхайд 35 тэрбум төгрөг хэрэгтэй гэж тархиа гашилгаад, санаагаар унаад суудаггүй байх. Гэхдээ таны санааг зовоож буй асуудлуудын ямар хувийг эзэлж буйг сонирхож болох уу?
-Миний ажилдаа зарцуулж буй цаг хугацааны гуравны нэг хэсгийг үрж байна даа. Уг нь ингэх ёсгүй. Бүх зүйл болох ёстой төлөвлөгөөний дагуу явж байсан. Санаатай тарааж буй цуу яриаг олон нийтэд болон ажилчдадаа зөв ойлгуулахыг бодох юм. Нөгөөтэйгүүр энэ олон хүн ийм их бөгөөд зөв ажил хийчихээд гүтгүүлж суух нь байж болохгүй асуудал. Ямар санаатай ийм үйлдэл гаргаж буйг сайн мэдэхгүй юм. Гэхдээ монголчууд “Муу санаа эзнээ отно” гэж ярьдаг шүү дээ. Энэ бүхэн манай “жингийн цуваа”-нд саад болно гэж бодохгүй байна.
-Банк, уул уурхай, өөр олон бизнесийг зэрэг, бас амжилттай эрхэлж чаддагийн тань нууц юунд байна вэ. Голдуу нарийн мэргэжлийн эмзэг, эрсдэлтэй салбарууд байдаг нь анхаарал татдаг. Танд эдийн засагч гэдэг ерөнхий мэргэжлээс гадна менежментийн маш сайн баг байгаатай холбоотой байх?
-Том бизнес гэдэг бол асар том багийн тоглолт. Компанийн захирал бүх ажлаа нарийн мэддэг байна гэж байхгүй. Жишээ нь банкин дээр сард нэг удаа, ТУЗ-ийн хурлаа хийхдээ л очдог. Мэргэжлийн чадварлаг боловсон хүчнээс бүрдсэн удирдлагын баг авч явдаг. Уурхайд ч, бусад бизнест ч мөн адил. Би ерөнхий бодлогыг гаргаад, хүмүүстэйгээ ярилцаад дунд болон урт хугацаанд хийх ажлаа төлөвлөж батална. Гол нь хувь нийлүүлэгчийн хувьд шийдэх асуудлаа л шийдэж байх нь чухал.
-Энэ удаад үүсээд байгаа Олон овоотын ордын болон банкны асуудлаар хэн нэгэн хохирогч бус УИХ-ын нэр бүхий гишүүд, бүр цаг үеийн хувьд Засгийн газрыг огцруулах асуудалтай зэрэгцүүлэн ноцтой шүүмжлэл тавьж байгаа нь хачирхалтай. Ер нь танд “дайсан” байдаг уу?
-Надад “дайсан” байдаггүй. Би ч хүмүүстэй дайсагнадаггүй. Ажил хийж байхад янз бүрийн л шалтгаан байдаг байх. Банкуудад байсан лицензүүд яагаад чөлөөлөгдөөд “Голдман сакс”-ын мэдэлд очсон юм бэ. “Голдман сакс”-ын барьцаанаас лицензийг чөлөөлж манай компанид шилжихэд хамгийн их бухимдаж гүйсэн улстөрч гэвэл тэд л байсан. Тэгэхээр зангилаа нь тэнд байгаа болов уу гэж бодох юм.
-Та арилжааны нэгэн банкийг удирдаж буйн хувьд “Зоос” банкны дампуурсан шалтгааныг юу гэж үздэг вэ?
-Яах аргагүй “Монгол газар”-ын барьцаагүй авсан зээлүүдээс болж дампуурсан. Магадгүй эхэндээ барьцаатай байснаа маш том хүчин зүйлийн нөлөөллөөс болж барьцааг чөлөөлсөн ч байж болох юм. Биднийг “Олон овоот гоулд”-ыг авсны дараахан Европын сэргээн босголтын банкныхан “Зоос” банкны гүйцэтгэх удирдлагаар ирсэн. Тэр үед биднийг уулзахад “Юуны өмнө олгож болох зээлийн хэмжээ хэтэрсэн. Зээл ч, хүү нь ч төлөгдөхгүй байна. Хамгийн ноцтой нь энэ зээлүүд барьцаагүй байна. Тиймээс бид дүрэм журмынхаа дагуу зээлийн сан байгуулна” гэсэн. Бидэнд нэг л нөхцөл тавьсан. “Та нар яваад үнэхээр тэр “Голдман сакс”-аас лицензээ аваад ирэх эсвэл зээлдэгч банкуудын дундын барьцаанд тавибал бид асуудалд өөрөөр хандана” гэсэн. Тэднийг буруутгах аргагүй. Ингээд дүрмийн дагуу 50 хувийн сан байгуулсан. Банкны ойлголтод 50 хувийн сан байгуулна гэдэг бол өөрийн хөрөнгөөсөө тухайн зээлийн 50 хувьтай тэнцэх хасалт хийж байна гэсэн үг. Тэгмэгц надад байгаа мэдээллээр ердөө хоёр хоногийн дотор “Зоос” банкны харилцагчид хадгаламж эзэмшигчид мөнгөө татсан. “Зоос”-ынхон сандраад Монголбанкнаас зээлсэн. Тэд Бүрэн эрхт төлөөлөгчөө яаралтай томилсон. Ингээд Засгийн газрын бондыг гаргасан. Гэхдээ Засгийн газрын бонд бол өрийн бичиг болохоос тэр хүмүүсийн мэдэн будилаад байгаа шиг мөнгө биш шүү дээ.
-Саяхан өмнөд хөршийн дэд ерөнхийлөгч, статистикийн газрын дэд дарга нарыг нууц задруулсан хэмээн буруутгаж хорих ял оноолоо. Манайд болохоор инфляци, өсөлт гээд бүх мэдээллээ нийтэд ингэж ил тод зарлаж байгаа нь зөв үү?
-Надад байгаа мэдрэмжээр ямартай ч Монголбанк удирдлагаа алдчихгүй, бариад байна гэдэг нь харагдаж байна. Шүүмжлэлтэй хандах, ойлгож нэгдэх асуудал аль аль нь бий. Ирээдүйг таамаглана гэдэг амаргүй. Иргэдийн хадгаламжийг алдахгүй, төгрөгийн ханшаа унагахгүй, худалдан авах чадварыг бууруулахгүй байх нь чухал. Нэгэн банкны ТУЗ-ийн даргын хувьд хяналтаа алдахгүй байгааг нь л үнэлж байна. Мөнгөний хатуу бодлого нь нэг талаар банкуудын зээлийн хэмжээгээ тэлэх сонирхлыг бууруулж, нөгөө талаар инфялцийг хязгаарлаж байгаагаараа зөв алхам юм.