Сонгодгуудыг дуурайж, “Өглөөний нарны туяа хусны саяхан дэлгэрсэн навчсыг нэвт гийгүүлнэ...” гэж эхэлж болох ч энэ нь сонин биш байх. Хэдийгээр энэ бүх сайн сайханд би хүүхэд байхаасаа дуртай ч миний үеийнхэн ертөнцийн эгшин зуурын энэ сайхныг анзааралгүй тойроод өнгөрөө шив дээ. Байгалийн энэ сайхан адилхан байна гэж байхгүй, яг л энэ номд өгүүлэх хүмүүс шиг ямагт өөр өөр.

Мөрөөдөл биелж өчигдрийн юм ердийн зүйл болох ч өдөр бүр шинийг мөрөөднө. “Амьдрал богинохон, мунхаг, тиймээс бүхнийг үзэх хэрэгтэй” гэсэн лоозонтой амьдарч байсан болохоор илүү утга учиртай, үр бүтээлтэй, урт удаан амьдрахыг зүгээр “хичээх” бус “үзээд алдах” хэрэгтэй.

Бидний хагас зууны өмнө амьдарч байсан шиг амьдарч байгаа хүмүүс өнөөдөр ч гэсэн байгаа л байх. Тэр үед хоёр, гурван давхар байшин хүртэл пийшингийн халаалттай байлаа. Нүүрс зөөж, түлээ бэлтгэдэг, гал зуухны өрөөнд примус, керосин тулга байдаг байсан. Тэр үед хүн бүр өөрийн оромж, гэр бүлээ бодохоос биш орон сууцны контор өвөлд бэлтгэж байна уу, үгүй юу гэдгийг ярьдаг байсангүй. Бид тэгж л амьдарч байлаа. Тэгэхэд би таван настай байсан ч зарим юмыг маш тод санадаг юм.

Нийтийн орон сууц гурван өрөөтэй, янз бүрийн хүмүүс амьдарна. Өөр үед бол хамт байж чадах болов уу гэхээр тэс өөр улсууд байдаг байж билээ. Хоёр хүүхэдтэй, гурав дахь нь гарах гэж байгаа манайх нэг өрөөнд нь байна. Галын пийшинг мод нүүрсээр байнга, оройд бүр сайн галлана, шаржигнан асах гал тун сайхан. Хоолоо болгодог примусны суваг дандаа бөглөрч, гитарын утасны тасархайгаар сэтгүүрдэнэ.

Хажуугийн өрөөнд ахимаг настай хуучин коммунист хүн байдаг байв. Тэр хүн сүрьеэтэй. Тэр үед ийм өвчтэй хүмүүсийг бүрэн тусгаарлана гэсэн эмнэлгийн дүрэм журам ч байсангүй. Иймэрхүү юманд тэр бүр гомдол гаргаад байдаггүй байсан болохоор эцэг эх маань хүүхдүүдээ л халдвар авхуулчихгүй юм сан гэж хичээнэ. Тэгээд өвчтэй ч гэсэн хүн, тэр дундаа улс орон, хот сууриндаа гавьяатай улсууд хаа нэгтэй амьдрах хэрэгтэй биз дээ.

Хэзээ ч билээ энэ байранд нэг эмэгтэй амьдарч байсан нь бүүр түүрхэн санагддаг юм. Өнөөдөр түүний тухай санаанд орох юм гэвэл их л олон номтой, өрөө нь ямагт эмх замбараагүй, нэг тохиолдлыг санахад ээж маань түүнийг чийдэнгийн шилэнд оймс углаж байгаад нөхөхийг сургах гэж байдгаараа хичээнэ. Сүүлд нь хөрш эмэгтэй цөллөгийн хүн байсан гэдгийг би мэдэж авсан юм. Боловсролтой, бараг юу ч хийж чаддаггүй байснаас үзэхэд улс төрийн хэрэгтэн байсан байх. Цоорхой оймсыг чийдэнгийн шил дотор нь хийж байгаад нөхөхөд тохиромжтой гэдгийг би ойлгоогүй ч яагаад ч юм чийдэн гэдгийг нь сайн тогтоосон юм, одоо бодоход нээрээ л ямар хөлдөө өмсөөд нөхөлтэй биш.

Тэр үед хүмүүсийн үйл хөдлөлийн алхам бүр нь тодорхой, хоосон төсөөллөөр ямар ч дэмий юм хийдэггүй, ажил үүрэг нь хүүхдүүд бидэнд ч тодорхой байсан.

Жишээлэхэд, гал тогооны өрөөнд байх гар хийцийн бидонорхуу савыг тодорхой өдөр, цагт тусгай торхтой керосин зөөдөг хүн ирэхэд тулга, примусыг галлах керосиноор дүүргэнэ. Торхтой тэргэнд намхан бадриун морь хөллөсөн байдаг сан. Өдөр эцэг, эхчүүд ажил дээрээ байхад керосин зөөгч ирдэг болохоор асааж хоол ундаа хийдэг керосиноо нөөцөлж авах ньхүүхдүүдийн үүрэг байлаа.

Керосин зөөгчтэй хамт Чингис хаан, Сүбээдэй баатрын үеийн монгол морьдын удам болох нутгийн үүлдрийн намхан морь хөллөсөн хуучин зүйл цуглуулдаг хүн ирэх нь олон. Түүний том тэргэн дээр эсэн бусын юм овоолоотой. Тэр хүн жинхэнээсээ асдаг гар чийдэн, түүний ламп, зай, жижигхэн эвхдэг тонгорог мэтийн юмыг хуучин зүйлээр сольж авдаг болохоор банди, охид бидний хувьд үнэтэй хүн нь байв.

Буруу ойлголцох юм гарна аа, аль нэг банди өөрийнхөө хэрэгтэй ер бусын зүйлээ ээжийнхээ туулайн шубээр сольж авчхаад ээж нь ажлаасаа ирэхээр хэрэг мандана. Гэхдээ бүгд бие биеэ мэддэг болохоор хуучин эд авдаг хүнээ олж очоод шубээ буцааж аваад хүүхдийн шохоорхож авсан тонгорог, цахилгаан жанаамтай “Цох” чийдэнг буцааж өгнө. Зарим хүүхэд хатуухан жавтий хүртэх нь байх ч адал явдал гэхээсээ инээдэмтэй, бас нэгэн төрлийн сургамж.

Хүүхэд байхад надад томчууд хэмжээ хязгааргүй ажилтай юм шиг санагддаг байж билээ. Манай нийтийн байрны хажуу өрөөний тэр цөллөгийн эмэгтэй гэрээсээ гарахгүй ч гэсэн бас ажил хийдэг байж. Байнга нэг юм уншина, бичнэ, хүмүүс ирж уулзана, шуудан зөөгч захианууд авчирч өгнө. Одоо бодоход тэр эмэгтэй хичээл заадаг, бусдын бичсэнийг хянаж янзалдаг байсан байх.

Миний эцэг, эх бас их ажиллана, үүнийгээ тэгэх ёстой гэж үздэг байсан. Тэр үед ажлын таван өдөртэй долоо хоног гэж байсангүй, хагас сайнд гурван цаг хүртэл хагас ажлын нэртэй ч бодит байдал дээр хэн ч тэгж цагийг нарийн тооцдоггүй байв.

Эцэг, эх мөнхийн ажилтай, томилолттой, тэдний анхаарал халамж дутагдаж, бидний хүүхэд нас алдагдсан юм шиг харагдавч одоо бол тэгж санагддаггүй. Энэ зөвхөн надад ч биш манай хашааны, гудамжны, хотын, ер нь тэгээд манай орны бараг бүх хүүхдэд ч адилхан байсан байх. 


Тэр үед Тувад хувьсгалын, хувьсгалын дараах, дайны өмнөх, дайны дараах гээд хоорондоо тэс өөр хэд хэдэн “богинохон” үеийнхэн хамт амьдардаг байж. Эдгээр үеүд нь нэг нь нөгөөгөө гүйцэж, түрүүлж арваас арван таван жил үргэлжилсэн. Хүмүүсийн ухамсрыг өөрчилсөн, Тувад ирсэн янз бүрийн давлагааны “богинохон” үеийнхнийг төлөвшүүлсэн үйл явдал олон байж. Түүний нэг нь дайны үеийнхэн, тэгэхэд Тува СССР (ЗСБНХУ)-ийн бүрэлдэхүүнд орсон юм.

Жишээ нь, III Александр, II Николай хааны үед төрсөн үеийнхэн, Хятадын колони, эзэмшилд байгаад алдагдаж Орост орсон үеийнхэн байсан. Сталины цэвэрлэгээний үед Монголын хилийн ойролцоо юм уу Монголын нутагт амь хоргодож байсан хаант засгийн офицерууд ч байсан. Иргэний дайн, Дэлхийн нэгдүгээр дайн, Аугаа Эх орны дайны хүнд хэцүү үед аль нэгэн эрх мэдэлтний мулгуу шийдвэрээр хаягдагсад ч байлаа. Бас цагаан гварди, Улаан армийн алинд нь ч хамаагүй, зүгээр л энэ хязгаарт ирчихсэн хүмүүс ч олон байсан. Тэдний дунд цөллөгийн декабристуудын үр хүүхэд, ач зээ нар байсан. Тэдний эцэг, эх нь цөллөгөөс буцаж амжилгүй Саяаны нуруу давж энд ирцгээж. Анх Урианхайн хязгаар, дараа нь Тувагийн Ардын Бүгд Найрамдах Улс, хожим нь Бүгд Найрамдах Тува Ард Улс гэж байгаад бүр сүүлдээ Зөвлөлтийн бүрэлдэхүүнд орсон энэ нутагт оросын шилжин суурьшигчид иймэрхүү бүрэлдэхүүнтэй байж билээ.

Хэдийгээр 1941 онд Тува тусгаар улс гэж байсан ч БНТАУ-д Эх орны дайны фронтод сайн дураараа явж зөвлөлтийн талд байлдсан орос иргэдийн бүтэн үеийнхэн байсан. Тувачууд оросуудын нэгэн адил Зөвлөлтийн Элчинд ирж цэрэгт явдаг байж. Энэ далимд хэлэхэд тувачууд 1922 онд ЗСБНХУ-ыг эхлэн хүлээн зөвшөөрч дэмжсэн, 1941 оны 6 дугаар сард гадаад улсуудаас анх түрүүнд БНТАУ Зөвлөлт Холбоот Улсын талд орж Германд дайн зарласан байдаг. Мэдээж, их хөршөөсөө Тува ямар их хамааралтайг ойлгосон хэрэг.

Энэ нутагт нутаг заагдаж ирэгсэд мэдээж байсан. Миний ээжийн үеийнхэн энд хувьсгал хийж, БНТАУ-ыг байгуулалцсан үе тэнгийнхэнтэйгээ хамт ажилладаг байж. Ээж Харьковт хөдөө аж ахуйн дээд сургууль төгсөөд энд иржээ. Хийж бүтээх хүсэл тэмүүлэлдээ хөтлөгдсөн хэд хэдэн найзууд, анд нөхөд энд ирж хөдөлмөрлөж, дурлаж, гэр бүл, амьдрал ахуйгаа эхлүүлжээ. Ээж энд аавтай танилцжээ.

Дадал хэвшил, хүмүүжил нь ихэнх тувачуудын дунд эрт дээр үеэс тогтсон нүүдлийн хэв маягаас тэс өөр ч тэд энд ирсэн мэргэжилтнүүд эмч нар, инженерүүд, багш нарын үеийнхний адилаар амьдралын орчинд дасжээ.

Өнөөдөр Зөвлөлт Орос Улсаас Тувад ирсэн багш нарт зориулсан хоёр сурагчтайгаа хамт байгаа багш эмэгтэйн хөшөө байдаг юм. Сургууль гэлтгүй олон салбарт багш нар ажиллаж байсан.

Жишээлэхэд, Акира Куросавагийн “Дерсу Узала” киноны гол дүрд тоглодог жүжигчин Максим Мунзукийг цэргийн хөгжимд байхад нь түүний авьяастайг анзаарсан нутгийн орос Семён Григорьевич Коровин хөгжмийн ноотод сургаж, улмаар Москвад хөгжмийн сургуульд сурахаар явахад нь тусалжээ. Тувагийн ард түмний яруу төлөөлөгч жүжигчин Максим Мунзукийн замыг бас орос багш нар нь засаж өгсөн байдаг.

Хүүхдийн ой ухаанд тод үлдсэнтэй холбоотой болоод ч тэр үү, Тувад хааяагүй эргэн тойронд сургууль, эмнэлэг, барилга байшин баригдаж бүтээн байгуулалт, хөгжил цэцэглэлтийн үе байсан болоод ч тэр үү тэр үеийн сэтгэлд үлдсэн сайн сайхныг хүргэхийг хичээлээ. Өнөөдөр хэдэн арван жилийн дараа ч энэ бүхэн гайхалтай сайхан байжээ гэдгийг би нотолж чадна.