“Страто”-г “ялсан” түүний шийдвэр боловсруулах үйлдвэрүүдийг бүхэлд нь “яллажээ"
Сангийн сайд Б.Жавхлан, УУХҮ-ийн сайд Г.Ёндон нар аа АМНАТ-ийн “дээрмийг” зогсоож өгөөч!
Ашигт малтмалын тухай хуулийн төсөл энэ намрын чуулганаар хэлэлцэх асуудлын 3-рт байсныг хойшлуулж ирэх 11дүгээр сард хэлэлцэхээр болжээ. Ингэж хойшлуулсны цаана ямар “мэх” нуугдав?
Хардлага байна, 2022 оны Төсвийн тухай хуулийн төсөлд “Засгийн газрын 2021 оны 174 дүгээр тогтоолын дагуу экспортын нүүрс болон төмрийн хүдэр, баяжмалын АМНАТ ногдуулах борлуулалтын үнэлгээг жишиг үнээр тооцож АМНАТ-ийн орлогыг тооцсон болно” гээд заачихсан байна. Үүндээ “Зэсийн баяжмалаас 44.5 хувь буюу 958.1 тэрбум төгрөг, нүүрснээс 37.1 хувь буюу 799 тэрбум төгрөгийг АМНАТ-ийн орлого төвлөрүүлнэ гэжээ. Ингэхдээ нүүрсний экспортыг 36.7 сая тонн, зэсийн баяжмалын экспортыг 1.2 сая тонн, Монголбанкинд тушаах алтны хэмжээ 20 тонн байхаар, коксжих нүүрсний үнэ тонн тутамд 128.7 ам.доллар, зэсийн үнэ тонн тутамд 8915.6 ам.доллар, алтны үнэ унц тутамд 1821 ам.доллар байхаар тооцоолжээ.
Нийтдээ 2022 онд төсөвт 2.1 их наяд төгрөгийн орлогыг зөвхөн АМНАТ-өөс төвлөрүүлэх юм гэнэ. Сар бүр 175 тэрбумын АМНАТ төлөөд байх нь ээ дээ. Асар их дагалдах металлтай мөртлөө 5-хан хувийн АМНАТ төлдөг “Оюутолгой”, исэлдсэн нүүрс дээр бараг 100-110 хувийн АМНАТ төлөөд байгаа “Эрдэнэс Тавантолгой”, 13 хувийн АМНАТ төлдөг төмөр, 8.5 хувийн АМНАТ төлдөг жоншныхон бүгд нийлээд тэнцвэргүй дүрмээр энэ орлогыг бүрдүүлэх бололтой юм. Арай л өөдрөг төсвийн төсөл биш үү?
Сангийн яамны орлогын хэлтсийнхнээр "зохиолгосон" энэ жишиг үнэ нэртэй “гүжир үнийг” зохиолгоод татвар аваад байвал “Баялаг бүтээгчид” нь “Баялгийн эздэд залгиулах юм байна.
Импортыг орлох бүтээгдэхүүн үйлдвэрлэх нь дампуурах шалтгаан болох уу?
Өмнөх нийтлэлд коксжих болон исэлдсэн нүүрсний хувьд АМНАТ-ийн тухай бичсэн бол энэ удаад төмрийн болон жоншны төрөл дээр АМНАТ хэрхэн туйлдуулж, бодитой бус үнэлгээ, хуулийн зөрчил ААН-үүд дээр үүсгэж хохироож буй тухай бичье.
2021 оны 7 дугаар сарын 1-нийг хүртэл ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшигчид нь гэрээний үнээрээ АМНАТ төлөөд, ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшдэггүй ААН-үүд нь АМНАТ биш НӨАТ төлөөд явж байсан. Гэтэл татварыг нь нэмснээр татвар төлөгчид нь болон татварын орлого чинь буурч компаниуд хаалгаа барилаа. Өнөөдөр ашигт малтмалын бүтээгдэхүүн экспортлогчдоос АМНАТ-ыг яг НӨАТ шиг нэхэж төлүүлэх болж, ялгаа зааг нь бараг арилчихаж. Уг нь АМНАТ-ийг нэг удаа авдаг, НӨАТ нь үйлдвэрлэл, үйлчилгээ, худалдааны үе шат болгонд ногдуулдаг татвар бөгөөд өмнөх шатанд төлсөн НӨАТ-ыг хасч тооцдогсон. Ийнхүү “эрлийзжүүлсний” үр дүнд нь хэдэн компаниудаа өрсөлдөх чадваргүй болгож, ажилгүйдэл нэмэгдэж тоног төхөөрөмж нь ашиглагдаж амжаагүй байхдаа хуучирч, эзэд нь банкны зээлийн хүүд нэрвэгдэж, тухайн орон нутаг авдаг төлбөр хураамж нь багаслаа. Энэ хэнд хэрэгтэй бодлого вэ?
Барилга угсралтын ажлын нийт зардлын 45 хувийг барилгын материал эзэлж, түүний дотор барилгын материалын төсвийн 23.47 хувийг арматур, цемент бетон зуурмаг 20 орчим хувийг эзэлдэг бөгөөд импортоор захиалсан нь өнөө жилийн хувьд цар тахлын нөлөөгөөр хил дээр гацаад, орон сууцны үнэ өсөх үндэслэлүүдийн нэг болж байна. Гэтэл яагаад тэрхүү 41 нэр төрлийн барилгын материалыг Монголдоо үйлдвэрлэх боломж нөхцлийг татварын аргаар боомилоод байна вэ?
Боловсруулах үйлдвэрүүдийг боомилсон татварын бодлого, төрийн бодлоготой зөрчилдөж байна
Өнөөдөр ААН-үүд агуулга багатай, экспортлох боломжгүй жоншийг 20 орчим ам.доллараар худалдаж аваад үйлдвэрийн олон дамжлагаар дамжуулан баяжуулаад гэрээний үнийн дагуу тонн тутмыг нь 220 ам.доллароор экспортлоход Сангийн яамнаас тогтоосон жишиг үнээр, энэ сард зарласнаар 320 ам.доллараар зарсан гээд 8.5 хувийн АМНАТ төлүүлж байна. Үүнд нэмүү өртөг үүсгэхдээ ямар зардлууд орсон бол? Асар их хэмжээний тээврийн, цалингийн, боловсруулалтын зардлууд нэмэгдэнэ. Нийт 15 орчим компани байна. 2019 оны 3 дугаар сараас хойш нэгээс бусад нь үйл ажиллагаагаа зогсоочихсон, дампуурлын ирмэгт ирээд байна. Баяжуулах үйлдвэрүүдийг байгуулахын тулд нэлээд их хэмжээний хөрөнгө оруулалт ордог. Гадаадын хөрөнгө оруулалттай үйлдвэр цөөнгүй ч ихэнх нь банкны зээлээр хөрөнгө оруулалтаа бүрдүүлдэг. Монгол Улсад саяхан нэмүү өртөг шингэсэн экспортын бүтээгдэхүүнийг үйлдвэрлээд явж байтал гэнэт 2019 оны 3 дугаар сарын 26-нд Ашигт малтмалын тухай хуульд өөрчлөлт оруулж баталсан. Энэ хууль бол тухайн үеийн Засгийн газрын хоёр гишүүн буюу УУХҮ-ийн сайд, Сангийн сайд хоёр маргалдсаар Сангийн сайд “ялан дийлээд” төсвийн орлого бүрдүүлэх зорилтоо эн тэргүүнд тавьж батлагдсан хууль. Энэ хууль нь Үндсэн хуулийн Цэц дээр “унаад” хүчингүй болсон. Гэтэл дараа нь 2019 оны 11 дүгээр сарын 22-нд Ашигт малтмалын тухай хуулийн 45.1.2-т нэмэлт өөрчлөлт оруулаад “ашигласан этгээд” гэж байсныг нь “экспортолсон этгээд” болгож өөрчилсөн байдаг. Ингэснээр “Экспортолсон этгээд” буюу зуучлан борлуулсан, баяжуулсан боловсруулсан “этгээдүүд” бүгд АМНАТ төлөх болчихсон. Хуучин бол АМНАТ-ыг ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй этгээд л төлдөг байж. Ингээд бүгд АМНАТ төлөгч боллоо гэхэд төлөх үнэлгээг нь олон улсын жишиг үнэ гэгч бодит бус байгаа юм. Ийнхүү бодит үндэслэлгүй татвар авахын тулд хуулийг агуулгаар нь бус үг үсэг нэмэх өөрчлөлт хийснээр ААН-үүд хохирч байгаа тул холбогдох ТББ-ууд хуулиар олгогдсон эрхийнхээ дагуу дахиад Үндсэн хуулийн Цэцэд хандчихаад байна.
Төмрийн хүдэр дээр онцлогтой. Яагаад монголчууд төмрийн хүдрээ борлуулахдаа өндөр үнээр гэрээ хийж чаддаггүй юм бэ гэхээр Хятадын нийт төмрийн хүдрийн импортын 1-хэн хувийг манай төмрийн хүдэр /баяжмал/ эзэлдэг. Ихэнх хувийг нь Бразил, Канад, Австрали зэрэг орнуудаас авдаг байна. Тэдний төмрийн хүдрийн онцлог нь хүхэр багатай, 0.5 хувь орчим байдаг аж. Хятадын үйлдвэрүүд тэдний төмрийг л авдаг. Манай төмрийн хүдрийн хүхрийн агуулга 3-5 хувьтай, хүхэр их орсон байх тусам баяжуулалт боловсруулалт хийхэд зардал их ордог, чанар нь муу байдаг учраас жижиг үйлдвэрүүд л авдаг. Тэд манай төмрийг хүдэр, дагалдах хольц, хорт бодис ихтэй, дээр нь тээвэр ложистик маш муу, хэмжээ бага гэхчлэн голж маш хямд үнээр гэрээ хийдэг аж.
Өрсөлдөх гэж зовдог байгаа биз. Гэтэл төр нь нэрмээд татварын бодлогоор дарамтлаад үйлдвэрүүдээ банкны зээлийн өрөнд унагаад, ажлын байргүй болгоод, хаалгаа барихад хүргээд байгааг эрүүл бодлого гэх үү?
Төмрийн борлуулалтын үнэлгээний үндэслэл болгох зах зээлийн үнийн эх сурвалж нь www.unmetal.com цахим хуудсанд нийтэлсэн үнийг баримтална гээд Сангийн яамны цахим хуудаснаа энэ сарын жишиг үнийг хүдэр буюу 56 хувийн агуулгатай бол 77.94 ам.доллар, баяжмал буюу 60 хувийн агуулгатайг 102.39ам.доллар гэж зарлажээ. Жишээ нь Монголросцветмет өөрийн хүдрээ баяжуулдаг. Жижиг үйлдвэрүүдийн хувьд Дарханы төмөрлөгийн үйлдвэр, “Болд төмөр ерөө гол”, “Монголросцветмет” компаниудаас агуулга багатай 10-30 хувьтай хаясан хүдрийг нь аваад баяжуулдаг.
Төмрийн хүдрийн ханш ойрд нэлээд хэлбэлзэж байгаа. Ялангуяа худалдан авагчтай хийдэг гэрээний үнэ 2021 оны 8 дугаар сараас хойш огцом буурчээ. Өнөөдрийн байдлаар төмрийн хүдэр тонн тутмыг нь 40-45 хувийн агуулгатай бол 50 ам.доллароор, баяжмал тонн тутмыг нь 63-65 хувийн агуулгатай бол 60 ам.доллароор борлуулалтын гэрээ хийдэг юм байна. Гэтэл Сангийн яамнаас энэ сард жишиг болгож тооцсон 102.39 ам.доллароор бодож АМНАТ төлнө.
Өөрөөр хэлбэл, төмрийн томоохон үйлдвэрүүд маань өндөр агуулгатай төмрийн хүдрээ шууд ачаад экспортлодог. Энэ бичээд байгаа хэдэн жижиг үйлдвэрүүд маань агуулга багатай хүдрийг авч хуурайгаар баяжуулж агуулгыг нь баяжуулж, нэмүү өртөг шингээж үнийг нь нэмэгдүүлээд, ажлын байр бий болгоод, улстөрчдийн уриалаад байдагчлан “импортыг орлох бүтээгдэхүүн болгоод экспортолж” байна шүү дээ. Дээр нь тухайн орон нутагтаа арваад төрлийн татвар төлдөг. Тэгэхээр хатуурхаад байх хэрэг байна уу. Эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж экспортлоод байвал дэмжье гэсэн төрийн бодлого ийнхүү татварын бодлогод “нухчин дарагдаад” байгаа юм биш үү?
Жоншны хувьд зах зээлийн үнийн эх сурвалж нь www.indmin.com цахим хуудсанд нийтэлсэн үнийг баримтлаад жишиг үнийг энэ сард 320 ам.доллар гэж зарлажээ. Энд нэг ялгаатай асуудал байгаа нь Дарханы төмөрлөгийн үйлдвэр, “Эрдэнэс Тавантолгой”, “Болд төмөр Ерөө гол” зэрэг компани өөрийнхөө нүүрс, хүдрийг баяжуулаад экспортолж байгаа, мөн “Энержи ресурс”, “Алтайн хүдэр” компаниуд “Тогтворжуулалтын гэрчилгээ” авчихсан болохоор тэгтлээ “туйлдахгүй”. Харин дээр дурдсан арав гаруй жижиг компани бусдын хүдрийг агуулгаас нь хамаарч харилцан адилгүй, хамгийн ноцтой нь АМНАТ шингэсэн үнээр худалдаж аваад, боловсруулж баяжуулаад 220 ам.доллараар гэрээ хийгээд жишиг үнээр 320 ам.доллараар зарсан гэж “гөрдүүлэн” тооцуулаад дахиад АМНАТ төлж байгаа юм. Энэ арай дэндүү “дээрэм” биш үү?
Жишээ нь тонн тутамд 2.5 ам.долларын АМНАТ шингэсэн 50 ам.доллароор төмрийн хүдрээ аваад, баяжуулаад 70 ам.доллароор борлуулахад “жишиг үнээр” 102 ам.доллароор зарсан өмнө төлөгдсөн 2.5 ам.долларын хасалтыг хийгээд 6орчим хувийн АМНАТ төр дахиад авч байгаа юм. Тэгэхээр “жишиг үнэ”-ийг “гүжир үнэ” гэж хэлж болохоор байгаа биз. Яагаад гэвэл 102 ам.доллароор зараагүй 70 ам.доллараар зарсан гэх гэрээ байсаар байтал олоогүй орлогоор тооцож АМНАТ аваад байна шүү дээ. Нягтлан бодох, бүртгэлийн тухай хуулиар үүнийг зөвшөөрдөг юм уу, Сангийн яамныхаан? Сангийн сайд аа?!
Ашигт малтмалын тухай хуулийн 47.7-д “Ашигт малтмалыг дотоодын зах зээлээс худалдан авч шууд борлуулах, эсвэл боловсруулалт хийж, дотоод гадаадын зах зээлд борлуулахад тухайн ашигт малтмалд төлбөрийг давхардуулан ногдуулахгүй. Энэ заалт бол бүх улсад мөрдөгддөг том зарчим. Бид хаана ч байхгүй тоглоомын дүрэмтэй болчихоод байна. Иймд манай улсад ямар ч тэнэг гадаадын хөрөнгө оруулагч манайд боловсруулах үйлдвэр барихгүй.Төлбөр ногдуулах үнэлгээ, хувь хэмжээнээс хамаарч өмнө нь ногдуулсан төлбөрийг хасаж тооцно. Энэ бол нэг удаа төлдөг төлбөр буюу роялти.
Жишээ нь нүүрсэн дээр гэрээний үнээс АМНАТ аваач гэж байгаа бол угаасан нүүрс, жонш, төмрийн баяжуулах үйлдвэрүүд бол ерөөсөө АМНАТ байх ёсгүй гэж үзэж байгаа юм. Яагаад гэвэл АМНАТ шингэсэн бүтээгдэхүүн аваад агуулгыг сайжруулж үнэд хүргээд зарахдаа дахиад АМНАТ төлөх болчихоод байгааг болиулахыг тэд хүсч байна. Төр импортыг орлох эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж экспортлохыг дэмжинэ гэсэн чинь яалаа? Дэлхийн улс орнуудад ч роялти гэгчийг газар дороос ухаж гаргахад нь л авдаг болохоос дахин олборлоод баяжуулчихаар нь дахин татвар авдаггүй. Энэ байдал зөвхөн Монголд л байна.
Тэгээд ч дээр дурдсан Монгол Улсын тодорхой хуулиудыг зөрчиж байна шүү дээ. Тиймээс тэд нүүрсний компаниудынхны нэгэн адил шүүхэд ч хандаж, хууль зөрчсөн заалтуудаар нь дахиад Үндсэн хуулийн Цэц, Захиргааны хэргийн шүүхэд хандаад байгаа нь туйлын зөв юм.
Засгийн газрын “Нэмүү өртөг шингэсэн экспортын бүтээгдэхүүнийг дэмжинэ” гэх бодлого, “Хүнд үйлдвэрлэлийг дэмжих хөтөлбөр” зэргийг ийм хуулиар хэн ч хэрэгжүүлэх боломжгүйг “Баялгийн эзэд”, төсвийн орлогын хэлтсийнхэн, “жишиг үнэ” тогтоож олоогүй ашгаас татвар нэхэгчид хэзээ ойлгох бол?