“Баялгийн эзэд”-ээс баялаг бүтээгчдээ харамлах, өмөөрөх цаг ирлээ. Энэ юу гэсэн үг вэ? АМНАТ гэгч айхавтар татвар байн байн зүсээ хувиргаж ААН-үүдийг дарамтлах нь хэрээс хэтрээд дуугарахаас аргагүйд хүргэв. Нэг жишээ дурьдъя. Эрчим хүчнийбуюу исэлдсэн нүүрс гэж бий. Манай Багануур, Налайх, Шивээ-Овоо зэрэг уурхайнуудаас олборлодог нүүрс л дээ. Дээрх уурхайнууд дотооддоо борлуулдаг бөгөөд нэг тонн нь 29 орчим мянган төгрөг орчим байдаг. Борлуулсан нүүрснийхээ тонн тутамд тэд 2.5 хувийг АМНАТ буюу ашигт малтмалын нөөц ашигласны татварт төлнө. Харин экспортолвол 10 хувийн АМНАТ төлдөг. Гэхдээ эрчим хүчний нүүрс экспортолдог ганцхан газар байгаа нь “Эрдэнэс Тавантолгой” ХК. Сайтынх нь мэдээллээс харвал тус компани эрчим хүчний нэг тонн нүүрсийг хамгийн сүүлд 14 ам.доллараар борлуулжээ. Энэ бол нээлттэй сонгон шалгаруулалтын үнэ. Тус компанийн Тавантолгойн уурхайн олборлосон коксжих нүүрсний 10 хүртэл хувь нь эрчим хүчний нүүрс гардаг, одоогоор гурван сая гаруй тонн эрчим хүчний нүүрсний нөөц бий болжээ. Өмнө нь хэн ч тоодоггүй, хэрэггүй хог шахам байсан эрчим хүчний нүүрсээ тус компани сүүлийн жилүүдэд нээлттэй тендер зарлаж борлуулдаг болсон юм байна. Сүүлийн хэдэн сарын дотор гэхэд 9 ам.доллараас 14 ам.доллар хүртэл үнэ өссөн нь тендерийн зарлалуудаас нь харагдаж байна. Гэхдээ хамгийн сонирхолтой нь Төрийн өмчит “Эрдэнэс Тавантолгой” компанийг “эрчим хүчний нүүрсээ битгий зар” гэсэнтэй адил агуулгатай шийдвэрийг Сангийн яам, Монголын төр гаргачихжээ. 

Учир нь экспортын нүүрснээс 10 хувийн АМНАТ авдгийг дээр өгүүлсэн. Гэхдээ АМНАТ-ыг борлуулсан үнээс бус зах зээлийн жишиг үнээс тооцож авдаг байна. Эрчим хүчний нүүрснийчанарын стандартын ангилал нь жишиг үнэ тогтоох хүснэгтэд байхгүй. Тиймээс “Коксжих чанаргүй нүүрс” гэдэг ангилалд оруулж тооцон татвар авдаг. Энэ ангиллын нүүрсний жишиг үнэ нь 150 ам.доллар гэж тогтоожээ. Ингээд тооцвол “Эрдэнэс Тавантолгой” ХК 14 ам.доллараар зарсан нүүрсэндээ 15 ам. долларын АМНАТ татвар төлөх ёстой болчихож байгаа юм. Жишиг үнийг тогтоохдоо гэрээний үнэ, урд хөршийн зах зээлийн үнийг харгалзан тогтоодог байсан ч 2021 оны 6-р сарын 23-ны өдрийн Засгийн газрын 174-р тогтоолоор гэрээний үнийг хассан байна. Ингэснээр жишиг үнэ буюу татвар тооцох үнийг тогтоохдоо өмнөд хөршийн http://en.sxcoal.com)сайтад байгаа үнийг баримтлахаар болжээ. 

Энэ нь Хятадын зах зээл дээрх үнэ. Гэтэл Монголын нүүрс олборлогч компаниуд бүтээгдэхүүнээ борлуулахдаа уурхайгаас хил хүртэл болон хил гарах тээврийн зардлаас эхлээд олон зардлуудаа хасч тооцон, хамаагүй доогуур үнээр борлуулдаг. Угаасаа ч Монголд зарагдаж байгаа нэг тонн нүүрс Хятадад тээвэрлээд оччихсон нэг тонн нүүрснээс үнийн хувьд өөр байх нь тодорхой. Хувийн хэвшлийн олборлогч ААН-үүдийн борлуулалтын үнэ, тоо хэмжээний талаарх мэдээлэл албан ёсны цахим хуудсанаас нь хайгаад олсонгүй. 

Харин “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн мэдээлэл сайтдаа нэлээн сайн байдаг юм байна. Тус компанийн сайт, шилэн дансан дахь мэдээллүүдээс үзвэл энэ оны 8 дугаар сарын тооцоогоор исэлдсэн нүүрс борлуулах 780 сая төгрөгийн борлуулалтын гэрээ хийсэн боловч жишиг үнээр 6.5 тэрбумын борлуулалт хийсэн гэж үзэж энэ дүнгээс 9.62 хувиар АМНАТ төлсөн байна. Хэрэв бодит борлуулалт буюу гэрээний үнээс АМНАТ төлсөн бол 316.5 сая төгрөг төлөх байсан. Гэтэл жишиг үнээр АМНАТ төлсөн учраас 780 сая төгрөгийн орлого олчихоод 626 сая төгрөгийг нь зөвхөн АМНАТ-т төлжээ. Гэтэл жишиг үнэ 9, 10 сард огцом өссөнөөс “Эрдэнэс Тавантолгой” ХК хэрвээ эрчим хүчний нүүрс борлуулбал борлуулсан үнээсээ ч илүү үнийн дүнгээр АМНАТ төлөх нөхцөл үүссэн байна. Гэтэл компани ганц АМНАТ биш орлогын татвараас эхлээд олон төрлийн татвар төлбөр төлж буй,дээр нь олборлолт үйл ажиллагаа явуулахдаа багагүй хэмжээний зардал гаргаж байгаа нь тодорхой. Хувийн хэвшлийн компаниудыг ярихаа больё, Монголын 2,5 сая хүн хувьцааг нь эзэмшдэг “Эрдэнэс Тавантолгой” ХК гэхэд борлуулсан үнээсээ хэд дахин өндөр үнээр тооцож татвар төлснөөр төрд татвараар авах мөнгөн дүн өсч, харин жижиг хувьцаа эзэмшигч буюу 15 хувийг нь эзэмшиж байгаа Монголын ард түмэнд ногдох ашиг байхгүй болно гэсэн үг. Аймаар “дээрэм” биш гэж үү?

Дахиад нэг тоо бодъё. Эрчим хүчний нүүрсэн дээр 100 гаруй хувийн АМНАТ төлөх болчихоод байгаа “Эрдэнэс Тавантолгой” ХК коксжих нүүрсэндээ 40 хувийн АМНАТ төлөх тооцоо гарч байна. Уг нь хуулиар тогтоосон АМНАТ-ийн хэмжээ 5 хувь бөгөөд өсөн нэмэгдүүлсэн дүнгээр 10 хувийн татвар төлж ирсэн. Одоо жишиг үнийн дээрмээс болоод 40 хувь болон нэмэгдэж. Тухайлбал Эрдэнэс Тавантолгой ХК нэг тонн угаагаагүй коксжих нүүрсийг уурхайн амнаас 126 ам.доллар, хил хүртэл тээвэрлэх нөхцөлтэйгээр 208 ам.доллар, “Энержи ресурс” ХК-ийн угаасан нүүрс Ганц модонд DAP нөхцлөөр 131-142 ам.доллар, “Тавантолгой” ХК уурхайн амнаас 50 ам.доллар, “МАК” ХХК 98 ам.доллар, “Өсөх зоос” ХХК 82 ам доллар, “Саус гоби сэндс” ХХК 62 ам долларын ханштайгаар зарж байна. Харин татвар төлөхдөө /Энержи ресурсээс бусад нь/ тонныг 408 ам. долларын жишиг үнээр тооцож АМНАТ төлөх нь.Сангийн яамны жишиг үнэ гэдэг ньөмнө дурьдсан“Биржийн болон зах зээлийн үнийн эх сурвалжийн нэр зарлах тухай” Засгийн газрын 2016 оны 2 дугаар сарын 1-ний 81 дүгээр тогтоолоор баталсан “БНХАУ-ын нүүрсний зах зээлийн үнийн мэдээллийн эх сурвалжийн үнэ (http://en.sxcoal.com)” гэж заасан үнэлгээнээс тооцсон үнэ бөгөөд 2021 оны 10 сард Сангийн яамны вэб сайтдаа коксжих нүүрний 1 тонн тутмын үнийг 408.46 ам.доллар гэж зарласан байна. Үнэ тогтоодог Ажлын хэсэг Сангийн яаманд байгаа тул аль болох өндөр үнэ тогтоож, илүү татвар авах гэдэг юм болов уу, энэ комиссын тогтоосон жишиг үнэ Монголын аж ахуйн нэгжүүдийн борлуулж буй үнээс хэт зөрүүтэй, хатуухан хэлбэл төр татварын дээрэм хийж буй маягтай дүр зургийг бий болгожээ.

Ингээд харвал жишиг үнэ гэх  хийсвэр, хатуу тооноос болоод Нүүрс олборлогч компаниуд хүнд байдалд орж, улс орны эдийн засагт гол ачаа үүрдэг нүүрсний салбар “ТЭГ зогсолт” хийж мэдэх нь. Хатуухан хэлэхэд жишиг үнэ Монголын төр, Сангийн яамнаас нүүрсний салбарт өгч буй “Хаалгаа барь” гэсэн шаардлага болж хувирлаа.

Тиймээс жишиг үнэ тогтоодог аргачлалаа Засгийн газар эргэн харах, эсвэл УУХҮЯ, болон энэ салбарт үйл ажиллагаа явуулдаг ААН-үүд, Нүүрсний ассоциац, бизнес эрхлэгчдийг нэгтгэсэн МҮХАҮТ төрийн энэ “дээрмийг” таслан зогсоохын тулд үйлдвэрлэлээ зогсоож эсэргүүцлээ илэрхийлэх шаардлагатай санагдана.

Боловсруулах үйлдвэрийг “боомилсон” бодлогоо үргэлжлүүлэх үү?

Боловсруулаад буюу баяжуулчихаад экспортлохоор дээрх сайтын баяжуулсан “коксжих” нүүрс бол 466.27 ам.долларын жишиг үнээс АМНАТ төлөхөөр байна. “Энержи ресурс” ХХК 140 орчим ам.доллараар нүүрсээ зарчихаад 466 ам.доллараас тооцож АМНАТ төлнө. Гэхдээ эдний хувьд нүүрсээ баяжуулж, Монголдоо нэмүү өртөг шингээсний төлөө АМНАТ-ыг давхар төлж хохирч байна. Учир нь нүүрс борлуулагч ААН болон боловсруулах үйлдвэр аль аль нь АМНАТ төлж буй. Өнгөрсөн жил боловсруулах үйлдвэрүүд давхар АМНАТ төлж байгаа талаар “Страто” ХХК-ийнхан хөндөн ярьж, үүнийг болиулахыг шаардаж нэлээд бухимдалтай ярьж байсан. Монголын төр дотоодоо боловсруулах үйлдвэр хөгжүүлье гэж зарлан тунхаглачихаад нөгөө гараараа хөлд орж ядаж буй үйлдвэрлэгчидээ энэ мэт татварын бодлогоор боомилох нь хачирхалтай. Түүнчлэн АМНАТ-ын хувь хэмжээ талаас нь харахад боловсруулсан нүүрс, түүхий нүүрсний хооронд тийм ч хол зөрүү харагдахгүй байгаа юм. Гэрээний үнээр тооцоход баяжуулаад гаргасан нь үнэтэй мэт харагдавч жишиг үнээс харахад баяжуулсан, баяжуулаагүйн зөрүү бага байгааг үнийн бодлого зохиогчид заавал бодолцох ёстой. Өөрөөр хэлбэл энд “эцсийн бүтээгдэхүүн гаргахыг илүү зөв” гэж үзэж байгаа төрийн бодлого чинь төөрөлдчихөөд байгаа юм биш үү?

Дотоодын үйлдвэрлэгчид, боловсруулах үйлдвэр барьж байгуулаад эцсийн бүтээгдэхүүн гаргаж экспортлох гэсэн эх оронч баялаг бүтээгчид чинь хаалгаа барихад хүргэсэн ийм үнийн бодлого, татварын бодлого гэж байж болох уу?

Жишиг үнийн “зохиолчид” хэн бэ?

Жишиг үнэ гэгч нь анх Ашигт малмалын тухай хуульд 2011 онд нэмэлт өөрчлөлт оруулснаас хойш мөрдөгдөж хамгийн сүүлд 2016 онд Засгийн газрын 81 дүгээр тогтоолоор Биржийн болон зах зээлийн үнийн эх сурвалжийн нэр шинэчлэгдэж батлагдсан.

Засгийн газрын 2019 оны 12 дугаар сарын 25-ны 465 дугаар тогтоолын 2 дугаар хавсралтаар гадаадын зах зээлд борлуулсан нүүрсэнд ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр ногдуулах асуудлыг зохицуулж, зарим тохиолдолд гэрээний үнээр АМНАТ төлөх зохицуулалт байсан боловч Засгийн газрын 2021 оны 174 дүгээр тогтоолоор хүчингүй болгочихсон. Энэ тогтоолд тухайн үеийн Сангийн сайд Ч.Хүрэлбаатар нарын гарын үсэг зуржээ. 


Өөрөөр хэлбэл энэ тогтоол батлагдах үе буюу 7 дугаар сарын 1 хүртэл гэрээний үнээр АМНАТ төлөх боломжтой байсан тэр зохицуулалтыг жинхэнэ баялаг бүтээгчид хүсэж байна. Гэвч эрх баригчид “Гэрээний үнээр АМНАТ авах боломжгүй” гэж үзжээ. Магадгүй Ч.Хүрэлбаатар,  З.Энхболдын хоорондын “дажин”, улмаар “Страто”-г шоглох гэсэн хүсэл нь энэхүү жишиг үнэ ба давхар АМНАТ-аар илрэн гарсан байж ч болох юм. 

Харин одоо Засгийн газар энэ асуудлыг эргэн харж, өнөөдрийн Сангийн сайд өмнөх сайдын “боомилсон олс”-ыг тасдах уу, чангалах уу гэдгээ шийдэх шаардлагатай болж байна. Энэ талаар Сангийн сайд Б.Жавхлан дорвитой алхам хийж “Баялаг бүтээгчдийн талд зогсож“ чадах болов уу?