Хорвоо богино өгүүлэлд багтдаг
“Дэлхийн сонгомол өгүүлэл” номыг шкафан дотроосоо олов. “Олов” гэдгийн учир нь хэсэг ном бөөнөөр нь худалдаж авсан ч олон ном дотор холилдоод тэрийг мартчихжээ. 2010 онд хэвлэгдсэн, Г.Аюурзанын сонгон орчуулсан антологи аж. Ийм шилээврийг уншилгүй зургаан жил алдчихсандаа жаахан харамсав.
“Дэлхийн сонгомол өгүүлэл” номыг шкафан дотроосоо олов. “Олов” гэдгийн учир нь хэсэг ном бөөнөөр нь худалдаж авсан ч олон ном дотор холилдоод тэрийг мартчихжээ. 2010 онд хэвлэгдсэн, Г.Аюурзанын сонгон орчуулсан антологи аж. Ийм шилээврийг уншилгүй зургаан жил алдчихсандаа жаахан харамсав.
Антологид Чеховоос эхлээд XXI зууны эхэн үеийн зохиолчдын богино өгүүллэгүүдийг эмхтгэжээ. Орчуулга дажгүй. Сонголт ч сайн. Чехов аугаа л даа. Гэхдээ харьцуулахад зуухан жилийн дотор богино өгүүллийн төрөл хэрхэн өөрчлөгдөж, “хувьсалд” орсныг ажиглаж болохоор. Өгүүллүүдийн хагасыг нь урьд уншсан бүтээл, харин ялангуяа сүүл үеийхийг нь огт танихгүй, дуулж байгаа ч үгүй “шинэ авангард”. Нэгэнт л ХХ зуунаас хойшхи аугаа бүтээлийн цуглуулга болохоор Марк Твэйн, Максим Горький, Алис Монро, Вильям Моэм энэтэрийг багтаачихгүйдээ гэж бодсон, гэвч энэ бол эмхтгэгчийн сонголт, таашаал, сонирхол юм даа.
Өгүүлэл бол онцгой ур чадвар шаардсан, тун эмзэг, нарийн урлахуйтай төрөл. Утга зохиол богино байх тусмаа ур шаарддаг. Хамгийн богино нь онигоо, афоризм хоёр юм болов уу. Ганц өгүүлбэрт л галзуу санаа, далд ёгтлол, уран хэллэг багтаах ёстой. Саяхан Зөвлөлтийн “аугаа” гэгдэх зохиолч Юрий Трифоновын “Үйлтэй байшин” гурвалсан романыг Ц.Гомбосүрэн гуайн сайхан орчуулгаар уншлаа. “Солио холио” роман нь их сонин юм. Эх нь хүнд өвчин тусч хэвтэрт орсныг нь далимдуулж романы гол баатар орон сууцыг нь арилжиж солихоор шийднэ, харин эх нь хүүдээ “Хүү минь, чи хэдийнээ хамаг юмаа сольчихсон шүү дээ, Солио холиогоо хийчихсэн, чи өөрөө л ажиглаагүй болохоос өдөр болгон солио хийсээр ирсэн” гэдэг. Аугаа өгүүлэмж. Гэхдээ энэ санааг жишээ нь Чеховт өгчихсөн бол гурван хуудсанд багтаагаад л ямар гоё өгүүлэх байсан бол. Краткость- сестра таланта. Чеховын гайхамшиг түүний краткостид бий.
нөөгийн хүмүүст бүдүүн зузаан ном уншиж байх зав алга. Тиймээс ч америкчууд урьдын сонгодог романуудыг “нимэглэх” санаачлага гаргасан биз. Толстойн дөрвөн боть “Дайн ба энх” ердөө 150 хуудсанд багтаж байх жишээтэй. Ер нь сонгодог гэж юу гэсэн үг юм бэ? ХХ зууны хамгийн сонгодог, энэ зууны сэтгэлгээнд өөрчлөлт оруулсан гэх Марсэл Прүстийн “Алдагдсан цагийн эрэлд”, Жэимс Жоисын “Үлиссэс” зэрэг нь хамгийн борлогддоггүй номын нэг шүү дээ. Кафкаг хавьгүй их уншдаг нь түүний “краткость”-д байж магадгүй. Прүст, Жоис нарыг тааруухан гээгүй, өнөөгийн завгүй хүмүүст бүтнээр нь хүртэхэд дэндүү нуршуу л гэж байна. Хомэрийн “Одиссэй”, “Илиада” мундаг л даа, гэхдээ энэ зууны завгүйчүүд тухайг нь уншаад л хаваасаг.
Намайг багад “Цог” сэтгүүл, “Утга зохиол урлаг” сонингоор дамжин муусайн капиталистуудтай үзэл суртлын их тэмцэл хийдэг байсны нэг сэдэв нь “роман сөнөх болоогүй” гэсэн маргаан байлаа. Роман гэдэг нь франц, орос утга зохиол судлалд байдаг аймаар зузаан зохиолын ерөнхий нэр л дээ. Англо саксоны утга зохиолд тийм нэршил, ойлголт байдаггүй юм билээ. Техник, технологийн дэвшлийн шалтгаанаар роман хэмээх аймаар зузаан бүтээлийг хүмүүс тоохоо больжээ гэсэн амьдралаас үүдсэн дүгнэлтийг манайхан орсуудыг дагалдан “роман сөнөх болоогүй, муусайн каптлийстууд аа!” гэж сөргөдөг байж. Нам төрийн хяналтан дор ердөө 50 орчим нэр төрлийн ном хэвлэдэг байсан тэр үед цангасан ард түмэн юу л хэвлэнэ тэрийг нь уншдаг байсан учраас роман их хөгжиж байсан байх. Өдгөө жилд 10 мянга гаруй ном дураараа хэвлэдэг болсон үед үнэхээр роман сөнөж байгааг томруулдаг шилгүй энгийн нүдээр харж болно. Хүмүүс баримтат уран сайхны номыг илүү сонирхдог болжээ. Мэдээж бас өгүүлэл, онигоо, афоризм…
Аль ч бүтээл шинэлэг байхаас гадна ориг байж амжилт олно. Өгүүллэг ч ялгаагүй. Шекспирийн зохиолуудаар өнөө үед хийсэн кино, жүжиг зэргийг харж байхад уг зохиолчоос хавьгүй өндөр төвшинд, илүү уран хийцтэйгээр, шинэ санаагаар дүүрэн, харьцуулашгүй гүн утгатайгаар бүтээсэн байх юм. Гэхдээ эдгээр нь ургаж төлжин дээшилсэн болохоос ориг эд биш.
Монголын уран зохиолд, ялангуяа богино өгүүллийн төрөлд ориг, шинэлэг бүтээл бий. Эрдэнийн “Өвгөн шувуу”, “Диваажинд хүрэх оньс”, Намдагийн “Үрэгдэгчийг хүлээгч” өгүүлэл ориг санагддаг юм. Санаа нь их гүн. Доржготовын нэлээд өгүүлэл маш ориг. Ориг гэдэг нь амьдралын хэвшлийн хувьд өөр хаана ч байхгүй нүүдэлчдийн ахуйг тодруулснаараа Кортазэр ч, Борхэс ч, Маркюз ч мэдэхгүй амьдрал. “Гавтай Тавнан” гээд нэг өгүүлэл бий. Нас дээр гарсан эмгэн өвгөн хоёр хүүтэй. Бага нь бултаад төв газар цагдаа болчиж. Мал дагасан хоёр хөгшиндөө хань болохоос аргагүйдсэн том хүү нь дөч хүртлээ тэднийгээ харсаар эхнэр ч авч чадсангүй, амьдралаа ч босгосонгүй. Уур нь хүрээд хөгшдөө хаян жилд нэг удаа хот орж шилрэнэ. Гэвч хөгшин эх эцгээ яаж ч чадахгүй буцаад л ирнэ. Түүний амьдрал будаа. “Алсран бүдэгрэх бурхад” өгүүлэлд идшинд гаргах хонь төхөөрүүлэхээр хөөрхий хөгшин гэртээ хүн урьжээ. Гэхдээ аль хонь төхөөрөхийг шийдэж чадахгүй бүгдийг нь хайралсаар сүүлдээ больж борцоор хоол хийнэ. “Сүнсэнд шингэсэн гэмшил” өгүүлэл бүр хөөрхөн. Өвгөнийг өхөөрдөөд хүүхдүүд нь үхрийн сээр хөрөөдөөд эргүүлж наагаад өвгөнөөр шаалгадаг. Өвгөн ч бяр тэнхээндээ хөөрч бахархана. Харин нэг удаа эмгэнтэйгээ муудалцан хэрэлдэхэд эмгэн үнэнийг нь хэлчихжээ. Өвгөн хууртагдсандаа гутарсаар үхдэг. Ориг байгаа биз?
Уран зохиол, яруу найраг бол юун физик, юун математик… хүний мэдрэмжийн дээд оргил. Харамсалтай нь гаднаас нь харахад маш амархан, хэн ч очоод оргил дээр нь гарчихмаар санагдана. Тийм учраас дэлхийгээр дүүрэн зохиолч найрагчид шахцалдана. Тэр дундаа буурай үндэстний дунд яруу найраг бүр буцалж байдаг. Ажил хийдэг хүн байхгүй, найраг бичигчид цахиртсан хоолойгоор уянгалуулан ядуу тарчиг амьдрана. Үнэндээ яруу найраг, уран зохиол, ерөөс урлаг нь шинжлэх ухааны нэгэн адил нийгмийн хөгжлөө дагадаг гэнэм. 200 сая хүнтэй Индонезийн бараг тал нь найрагчид биз, гэхдээ тэндээс шилээвэр бүтээл гарах магадлал бараг нойлтой тэнцэнэ. Ямар ч орчуулга хэрэггүй уран зураг, хөгжим, баримал гэхэд Африкаас шилээвэр гарахгүй нь ойлгомжтой. Кино, жүжиг, уран зохиол, яруу найраг, хөгжим, уран зураг гээд урлагийн шилээвэр бүтээл Азиас Япон, Хятад, Солонгос л сүүлийн үед өрнийнхөнтэй өрсөлдөхүйц тодрох болсон нь ердөө л хөгжлийн жам. Ямар ч юм “капитализмыг алгасаж” гэх мэтээр марзганалгүй өөрийн жамаар аажим хөгжин дээшилдэг номтой бололтой.
Орчин үеийн урлаг үндэстэн болгоны дотор өөрийн жамаар “орон нутгийн хэмжээнд” хөгжин урагшилсаар буй. Ингэж байж л өнөө ертөнцийн өнгийг бүрдүүлж буй. Тэр олон өнгөгүйгээр тэргүүлэх урлаг бүтэхгүй. Өнгө болгон түрүүлэх, оройд нь гарах тэмүүлэл тээж явдгаараа тэргүүлэх хэсгээ тэжээж, араас нь түлхэж, хөгжөөж, урам өгч, өрсөлдөөнд оруулдаг бололтой.
Гөтэ үхэхдээ “Гэрэл нэм, гэрэл нэм!” гэж гэрээсэлжээ. Өнөөгийн даяаршсэн ертөнцөд монголчууд бид ч өөрийн өнгийг нэмсээр явна. Өнгө нэм өнгө нэм! Бидний “орон нутгийн чанартай” өнгө өнөөгийн ертөнцийг бүрдүүлэхэд нэмэр болсоор буй.
2016.10.15