Өмнөх хэсгийг ЭНДЭЭС уншина уу.


Зарим хүмүүс “Квалиа гэж ер нь байдаг юм уу?”, “Квалиа гэж зүгээр л хүмүүсийн санаанаасаа ургуулан зохиосон хий хоосон ухагдахуун юм биш үү?”, зарим нь бүр "Юун квалиа?" гэж эргэлзэх нь бий боловч, ерөөс квалиа гэдэг бол бодитоор яг одоо таны дотор үүсч байгаа энэ (), эсвэл () гэсэн үзэгдэлд квалиа гэдэг НЭР ОНООСОН төдий л зүйл юм.

Квалиа гэдэг бол сүнс ч биш, тархи болон материг давсан сэтгэл гэх мэт учир битүүлэг дээд оршихуй ч биш, “ухамсарт дүрслэгдэх бодит мэдрэмж” гэсэн ухагдахууны тайлбар ч биш.

Квалиа гэдэг бол ердөө л ЭНЭ →()-ийг хэлээд байгаа юм.

Энэнд () л квалиа гэдэг нэр оноочихсон гэсэн үг.

Тиймээс, энийг () та одоо харж байгаа л бол нэгэнт “квалиа гэж байхгүй” хэмээн бултах аргагүй.

“Квалиа гэж байхгүй” гэж хэлэх нь, “Энэ()-ийг би харахгүй байна” гэж буйтай утга нэг болно.

Бүр тэгээд ч хамаагүй, ямар ч байсан л “Квалиа..., ЭНЭ() ..., гэж юм угаасаа оршин байдаггүй юм!!!” гэж зүтгүүлэх хүн хэрэв байвал, ...тэр хүн болбоос магад аягүй бол “философийн зомби” байж мэдэх юм.

Тэгэхээр, эцсийн эцэст КВАЛИАГИЙН АСУУДАЛ гэж юуг хэлээд байна вээ гэхээр,

“- Яагаад, тархи хэмээх биетээс энэ () үүснэ вэ?”

“- Энэ () гээч үзэгдлийг физикт чухам хэрхэн тодорхойлбол зохилтой вэ?”

“- Тархи яагаад энэ () зүйлийг мэдээд, басхүү үүний талаар хүүрнэж чадна вэ?”

гэсэн асуудлууд болой.


  • Hard problem

Тархины тухайн нэг хэсгийн үйл ажиллагааг зогсоовол, тэр хэсэгт харгалзах тухайн нэг өнгө (квалиа) харагдахаа болино.

Эсрэгээр нь тэр хэсгийг дахин ажилд оруулбал түүнд харгалзах өнгө (квалиа) дахин харагдана (үнэхээр ч тийм туршилт хийж үзсэн байдаг).

Мэдээж, яагаад тархи хэмээх төхөөрөмж ажиллахаар квалиа үүсээд байна вэ гэх цаад зарчим механизм огт тодорхойгүй хэвээр ч гэлээ, ямартай ч дээрх туршилтын үр дүнгээс "Бидний ухамсарт гарч ирж буй квалиа гээч энэ зүйл тархи хэмээх төхөөрөмжтэй нягт холбоотой юм байна" гэж дүгнэхэд буруудахгүй биз.

Тэгвэл ингэхэд, ерөөс тархи гэж яг юу билээ гээд бодохоор, тархи гэдэг бол ердөө л атом молекул зэрэг биетүүдийн бөөгнөрөл төдий л зүйл бөгөөд, тархин дотор өрнөж буй мэдээлэл боловсруулах механизм гэдэг нь ердөө л нэг мэдрэлийн эс ямар нэгэн химийн бодис ялгаруулж хажуугийн мэдрэлийн эсдээ нөлөөлөх гэсэн үйлдлийг зогсоо зайгүй давтаж буйгаас хэтрэхгүй учиртай. Бодитоор мэдрэлийн эс нэгийг сугалж гаргаж ирээд түүн дээр ямар ч ажиглалт туршилт хийгээд хийгээд, тэндээс “тодорхой дүрмийн дагуу механик үйлдэл хийж буй” энгийн төрх л олж харна. Тиймээс тийм юмнаас хэрхэн яаж “ухамсар”, “субьектив мэдрэмж”, “квалиа” бий болно вэ гэдэгт ямар ч рациональ хариулт өгөх боломжгүй.

Мөнхүү тийм мэдрэлийн эс хэдэн саяараа цуглалаа гээд ч ялгаагүй, тийм физик биетүүдийн бөөгнөрөл яаж ч ээдрээтэй нарийн бүтэц үүсгэн холбогдсон бай тэр нь “ухамсар”, “субьектив мэдрэмж”, “квалиа” үүсч буйн рационаллаг тайлбар болж хэрхэвч чадахгүй.

Яриаг илүү ойлгомжтой болгохын тулд “Тоймгүй олон эрэг шураг араа дамрыг угсарч бүтээсэн, хүнтэй авь адилхан үйлдэл хийх чадвартай өндөр технологийн робот” бүтээжээ гээд төсөөлөөд үзнэ үү.

Энэ робот гадаад төрх үг үйлдлээрээ хүнээс ялгахын аргагүй байлаа ч гэсэн, түүний дотор баахан эрэг шурагнаас өөр юм байхгүй.

Энэ үед бид бүхэн

Тоймгүй олон эрэг шургийг нарийн схемээр угсарч холбоод хүн шиг ажиллуулж байгаа юм

гэж тайлбарлавал ойлгон зөвшөөрч болох ч,

Тоймгүй олон эрэг шургийг нарийн схемээр угсарч холбоод квалиа үүсгэж байгаа юм

гэж тайлбарлавал яасан ч ойлгон зөвшөөрч чадахгүй.

Ердийн эрүүл ухаанаар тунгаавал

- За яалаа гэж. Наад эрэг шургийг чинь яаж ч угсарч холболоо гээд, наанаас чинь ухамсар энээ тэрээ үүснэ гэж юу байсан юм?

гэх нь хамаагүй амьдраллаг сонсогдох биз.

Өөр үгээр хэлбэл, бид бүхэн “бодисуудын цугларлын үр дүнд ухамсар болон квалиа бий болжээ” гэсэн тайлбарыг рационаллагаар ойлгон хүлээж авах сэтгэхүйн чадамжгүй гэж хэлж болно.

Энэхүү "бодисоос ухамсар болон квалиа үүсч буй фактыг хэрхэн рационаллагаар тайлбарлах вэ" гэх асуудлыг “Hard problem" гэж нэрлэдэг бөгөөд, шинжлэх ухааны шийдэгдээгүй асуудлуудын нэг болоод буй. Тэгээд энэ hard problem-ын хувьд, ерөөсөө юуг хаанаас нь хэрхэн судлах ёстойгоо ч мэдэхгүй, дэмий л санаа алдсан байдалтай байгаа бөгөөд, шинжлэх ухаан уг асуудлыг шийдэх найдвар одоогийн байдлаар (магадгүй үүрд?) огт байхгүй байгаа юм.

Дашрамд өгүүлэхэд, үнэндээ бол ерөөс шинжлэх ухаанд “яагаад мэдрэлийн эсүүд цуглахаар ухамсар болон квалиа үүснэ вэ?” гэдгийн тухайд рационаллаг тайлбар өгөх үүрэг байхгүй!

гэж үзэх хүмүүс ч бас байдаг.

Жишээ нь, “масс бүхий 2 матери байх үед, тэдний хооронд татах хүч үүсдэг” гэсэн физикийн онол ч гэсэн “А гэсэн физик нөхцөл бүрдвэл В гэсэн үзэгдэл үүсдэг” болохыг тайлбарлаж буйгаас хэтрэхгүй. Бодитоор түүнд нь хандаж “масс бүхий 2 матери байх үед, яагаад татах хүч гэсэн үзэгдэл үүсдэг юм бэ?” гээд шалтгааныг нь асуух юм бол

- Ёоох ядаргаа. Би яаж мэдэх юм? Энэ чинь ертөнцийн зүй тогтол. Ийм л зүйл тогтолтой юм байна.

гэхээс өөр үг хэлж чадахгүй.

(Магадгүй хэн нэг нь татах хүчийг татах хүчний бөөм мэтийн таамаг ашиглаад ч юм уу тайлбарлаж болох ч, тэр таамаг нь хэрэвзээ үнэн байлаа ч мөн л адилхан өрнөл үргэлжилнэ. “За тэгвэл яагаад татах хүчний бөөм байхаар татах хүч үүсдэг юм бэ?” гэх эргэлзээ үлдэх тул, бас л рационаллаг тайлбар болж чадахгүй. Тиймээс шинжлэх ухаан гэдэг эцсийн эцэст “огторгуй ертөнц ийм зүй тогтолтой” гэхээс илүү юм хүүрнэх чадваргүй тул, мөн чанартаа бол ертөнцийн талаар рационаллаг тайлбар хийх ямар ч чадавхгүй гэсэн үг юм.)

Тэгэхээр шинжлэх ухаан гээч маань “А гэдэг физик нөхцөл бүрдвэл В гэдэг үзэгдэл үүсдэг”, “Нөхцөл А → үзэгдэл В” гэсэн хууль дүрэм буй болохыг л илэрхийлэхээс бус, тэр хууль дүрмийнх нь шалтгааны тухайд бол оогт тайлбар хийж чадахгүй, хийх үүрэг ч байхгүй.

Тиймээс шинжлэх ухаан нь квалиагийн хувьд ч бас ижил зүйл хэлсэн ч болох л асуудал.

- Ёоох ядаргаа. Би яаж мэдэх юм? Энэ чинь ертөнцийн зүй тогтол. Мэдрэлийн эсүүд зөндөө олон цуглахаар квалиа үүсдэг юм, за юу!?!

гээд ам таглаж болно оо л гэсэн үг. Тэгэх юм бол тэгээд нөгөө hard problem чинь төгс шийдэгдчихэж байгаа хэрэг.

Бодит байдал дээр Квант механикийн онол ч бас “Хос нүхний туршилт” дээрх электроны хөдөлгөөнийг рационаллагаар тайлбарлаж чадаагүй, магад хэзээ ч чадахгүй. Гэсэн ч онцын асуудалгүйгээр өнөөдөр түүнийг шинжлэх ухааны онол гээд амжилттай хэрэглээд болж л байна.

Дүгнээд хэлбэл, шинжлэх ухаан нь “яагаад мэдрэлийн эсүүд олноороо цуглахаар квалиа үүсдэг юм бэ?” гэх hard problem-ыг рационаллагаар (оновчтойгоор) тайлбарлаж чадахгүй ч, бусад онолын адилаар “ямар ч байсан л тэгдэг юм аа” гээд алхаа цохьчихвол тэгээд л асуудалгүй гэсэн үг юм.

Гэвч эсрэгээрээ тэгээд харанхуй шийдчих юм бол, бид бүхэн квалиагийн асуудлын талаар шинжлэх ухаанлаг тайлбар хэзээ ч олж сонсож чадахгүйд хүрнэ...


... Бид бүхэн квалиаг ойлгох өдөр ирэх болов уу?