Монгол улсыг “колони орон” мэт эндүүрсэн элчин сайд болон түүнийг өмөөрсөн жулдрай улс төрчдийн ярьсныг сонсоод 40 жилийн өмнө болсон явдал санаанд орлоо.

Зөвлөлт Холбоот Улс хэмээх нэртэй их гүрэн байлаа. Тэр гүрэн хараал хүрсэн бололтой, 1982 оны 11-р сард Л.И.Брежнев, 1984 оны 2-р сард Ю.В.Андропов, 1985 оны 3-р сард К.У.Черненко нарын удирдагчид нь шил шилээ харан нас барцгаасан юм.

Энэ үед манайх гэдэг айл улсынхаа хамгийн алс хязгаар нутгуудын нэг болох Хөвсгөл аймгийн Ренчинлхүмбэ суманд амьдарч байсан. Хадам ээж, эхнэр бид гурав сургуулийн багш нар.

Харин их гүрний мөнөөх гурван удирдагчид өнгөрсөн тухай мэдээ гармагц улс даяар үндэсний хэмжээний гашуудал тухай бүр зарлагдана.

Манай сум ч нийтээрээ гашуудав. Манай сумын багш, эмч, албан хаагчид, нэгдлийн гишүүд, малчид, манаач, галч гээд л ясли, цэцэрлэгийн хүүхдүүдээс бусад нь гашуудсан.

Сумын клубын хойморт ээлжлэн залсан Брежнев, Андропов,Черненко нарын хөргийн өмнө байгууллага, байгууллагаараа зогсон мэхийн ёслоно. Уяхан зарим нэг бүсгүйчүүд гашуудлын сүрт аянд огшин уйлж харагдсан. Хөдөөгөөс малчдыг хүртэл дайчлан авчирч гашуудуулахад нь “хир холоос ирээ бол доо” хэмээн тааж ядам зогссон сон. Брежневт зориулсан гашуудлын арга хэмжээ 7 хоног үргэлжилсэн юм даг.

Сурагч нар маань л харийн гүрний удирдагч нарын хойноос ингэж их гашуудаад байгаа учрыг тун ойлгож ядна. Монгол улсаа өөрийн удирдагчтай, тусгаар тогтносон улс гээд байдаг болохоор аргагүй. Яагаад харийн гүрний удирдагчийн төлөө гашуудах болсноо тэдэнд тайлбарлаж чаддаггүйсэн.

Үнэндээ Монгол Улс Зөвлөлт Холбоот Улсын колони улс л байсан байхгүй юу. Сурагчиддаа энэ үнэнийг хэлэх эрх бидэнд байгаагүй ээ!

Колони улсын ард түмний айхтар дорой шинж нь эзэн гүрний удирдагч, төрийг өөрийн үндэстний төр, засгаас дээгүүрт тавин өргөмжлөн үздэг гутамшигт байдал. Ийм байдал удаж ужиграхуйд нийтийн сэтгэлд гүн гүнзгий айдас тогтдог.

Колони орны удирдагчид өөрсдөө, иргэдээ харийн гүрний удирдагчийг дээдлэхэд сургадаг. Монголын удирдагч Ю.Цэдэнбал улсаа удирдахдаа ямагт Брежневээс л иш татна. Тийм болохоор иргэд нь Цэдэнбалыгаа бодвол Брежнев юу гэхийг илүү анхаарах болдог. Улсын байдал түүний хэлсэн үгээс шууд хамаарч таардаг. Цэдэнбал “аймгийн дарга”-л гэсэн үг.

Ж.Батмөнх дарга ч мөн М.Горбачеваас эш татан ажлаа хийсэн. Хожим нь оросжсон Монголын сэхээтнүүд “Монголын Ардчилсан Хувьсгал”-ыг Горбачев хийсэн мэт тэнэгтдэг нь ийм учиртай.

1990 оны Ардчилсан хувьсгалын ачаар Монгол Улс Зөвлөлтийн колоничлолоос чөлөөлөгдсөн. Жинхэнээсээ тусгаар тогтносон манай улсын төрийн тэргүүнүүдийн өмнө, хамгийн тулгамдсан асуудал нь үндэсний төрт ёсны ухамсрыг ард түмэндээ суулгах явдал байв. Үндэсний төрт ёсны чанга ухамсаргүйгээр баттай тусгаар тогтнолыг бий болгож чадахгүй.

Анхны Ерөнхийлөгч П.Очирбат энэ ажлыг янзтай эхлүүлсэн. Зөвлөлт Холбоот Улсын удирдагчтай энэ тэнцүү зиндаархсан манай улсын анхны төрийн тэргүүн. Бусад их гүрний төрийн тэргүүнүүдтэй ч ингэж харьцсан.

Удаах Ерөнхийлөгч Н.Багабанди өмнөх ерөнхийлөгчийнхөө амбицийг бататгаад зогссонгүй ард түмнийхээ төрт ёсны ухамсрыг сэргээхээр “Монголын Нууц Товчоо”-г Монгол айл бүрийн хойморт залах зарлиг гаргав.

Монголын Нууц Товчоо бол Монголын төрт ёс хэрхэн бий болсон тухай түүхийг бичсэн шидээвэр бүтээл. Улсынхаа түүхийг бичсэн улс мэр сэр байдаг ч яг төрт ёсны төлөвшихүйг онилж сэдэвчилсэн бүтээл үгүй. Нэр “Нууц Товчоо” шүү дээ.

“Нууц Товчоо”-нд харийн төрийн өмнө өвдөг сөхөрч, дээдлэхийг гутамшигт, жигшүүрт хэрэг хэмээн үзсэн буй. Үүнээс болж харийн хааны өмнө өвдөг сөхрөөгүй олон Монгол элч амиа алджээ.

Монголын төрт ёсны ухамсар эргэж сэрсний тод илрэл Ерөнхийлөгч Н.Энхбаяр болов. Тэрбээр жижиг орны том ерөнхийлөгч гэдгээ харуулаад зогсохгүй, улс үндэстнийхээ ашиг сонирхолыг тулган хүлээлгэж, ард түмэндээ хэрэгтэйг авч чаддаг Монгол төрийн тэргүүн байв. Оросын засгийн газрыг шахсаар их өрийг тэглүүлсэн билээ. Ингэж манай улс Оросын их өрийн дарамтаас гарсан. Өрийн колоничлолоос чөлөөлөгдсөн!

Н.Энхбаярын халааг залгасан Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Европ Азийн 54 орны удирдагчийн өмнө “урьдах гурван ерөнхийлөгчийнхөө бий болгосон хөрс”-н дээр дэвсэн юм даа. Монголын төрт ёс ингэж босно хэмээн олон гүрний удирдагчид санаагүй бизээ!

Атал, хэрэг явдал буруугаар эргэж эхэлсэн. Х.Баттулга Монгол Улсын Ерөнхийлөгч болмогцоо, Цэдэнбалын Брежневийг дээрээ өргөмжилж байсан ёсыг сэргээж Оросын ерөнхийлөгч Путиныг Монголчуудаар “тахин шүтүүлэх” ажлыг эхлүүлэв. Өөрийнхөө дээр “залж” Путины хэлснийг хуулан, хийснийг дууриаж байв. Монгол Улсын Засгийн газрын тэргүүн явсан төрийн зүтгэлтэн нарыг олны өмнө “новш” болгов.

Путиныг айчлуулахдаа, өөрийнхөө талын дэмжигчид болон зөвлөлтийн үеийн колоничлолоо халуун дотноор дурсан санадаг хуучинсаг үзэлтнүүдийг цуглуулан баяр хөөрийн цуглаан зохион байгуулсан. Тэднийг хараад Путин асар их догдолж билээ.

Аргагүй! Монголчууд 90 оноос хойш өөрийнхөө тэргүүнд ч ийм хүндэтгэл үзүүлэн пялтагадаж байгаагүй юм чинь!

Ерөнхийлөгч Х.Баттулга, Путин оролцсон олон улсын арга хэмжээнд л оролцдог болов. Путин НҮБ-ын хуралд очихгүй бол Баттулга очихгүй байх ёс тогтов.Социализмын үед л ингэдэг байсан.

Өмнөх дөрвөн ерөнхийлөгч нар НҮБ-ын индэрт гарч төрийн тугаа мандуулахаа Монголын төрт ёсны сэргэн мандалын илрэл хэмээн ач холбогдол өгдөг байсан. Энэ ёсыг Х.Баттулга үгүй хийсэн.

Ийнхүү, нэг л мэдэхэд Путин Монголчуудын дунд, улсынх нь төрийн тэргүүнүүдээс ч хол илүү, үнэмлэхүй нэр хүндтэй лидер болов. Харийн удирдагчийг шүтэж, өөрийн төрийг дорд үздэг колоничлолын ухамсар, сэтгэлгээ дахин сэргэв!

Монголчуудын дунд харийн гүрний удирдагчыг, төрийг дээдлэх колоничлолын сэтгэлгээ сэргэсний гайгаар, Ерөнхийлөгч Н.Багабандийн зарлиг мартагдан “Монголын Нууц Товчоо” Монгол айлын хоймороос “унасан” буйзаа. Ингэсэн байж магадгүйг Путины түрэмгийлэл илчиллээ!

Путиныг Украин руу түрэмгийлэхэд Монголын фэйсбүүк сүлжээнд Путинээр бахархсан хөөрөл цадиггүй байсан тухай би ар гэрийнхнээсээ дуулаад, дотор минь харанхуйлан, колоничлолын ухамсар ялгууснаар эргэн ирж буйд багтран гуниж, нулимсаа арчиж суулаа. Омог бардам “үгүй” улсаа бодоход хоолой зангираад байх юм билээ.

Их гүрнийг өөгшүүлбэл өөрсдөө хоёр дахь Украин болохгүй гэх газаргүйг үл ухаарах тэнэглэл ямар бачууралтай юм бэ? Энэ дайн Монголын эдийн засгийг элгээр нь хэвтүүлэх дайн гэдгийг үл ухаарах мунхаглал ямар элэг эмтрэм юм бэ?

Өөрийн улсын Ерөнхийлөгч, Засгийн газраа хайр, найргүй “шаадаг” фэйсбүүкчид, троллууд, моячууд Путины түрэмгийллийг зулгуйдан саймшрахдаа жижиг улс Украины тугийг урж хүртэл долингортоод, түүнийгээ ичихгүй “бензин шатахуунаар зөвтгөж” байгааг гутамшиг гэхгүй бол өөр юуг гутамшиг гэх юм бэ? Дайн жоохон сунжирахад яаж ч зулгуйдаад шатахуун олдохгүй! Шинэ эх үүсвэрээ хурдан олох хэрэгтэй шүү дээ!

Өөрийн улсын Ерөнхийлөгч, Засгийн газартаа гомдоллох, агсрах, шантаажлахдаа гаргуун УИХ-ын гишүүд, тэр тусмаа сөрөг хүчний гишүүд ядахдаа Монголд учруулах хор уршгийн тухай ган хийсэнгүй!

Ерөнхий сайд Оюун-Эрдэнийг шахдаг шигээ, бензин шатахуун тасалдуулбал бид өөр эх үүсвэр рүү явлаа хэмээн, сулхан ч атугай Путинд тунирхах зүрхтэй гишүүн олдсонгүй. Өөрөө өөртөө дээрэлхэхдээ сүрхий атлаа харийн гүрний удирдагчийн, улсыг маань хохироох үйлдлээс хэлгүй болдог төрийн түшээдийг гутамшиг гэхгүй бол өөр юуг гутамшиг гэх вэ?

Ардчилсан үзэл гэдэг бол өөрийн төрдөө шүүмжлэлтэй ханддаг шигээ, ямар ч их гүрэн байсан түүний бурангуй, түрэмгий бодлогод адилхан шүүмжлэлтэй хандах зүрхтэй байна гэсэн үг. Өөрсдийнхөө байгуулсан төрийг ямар ч аймшигтай их гүрний төрөөс дорд үзэхгүй байх зүрхтэй байна гэсэн үг.

Азаар ийм ардчилсан ухамсартай Монголчууд цөөнгүй байна. Манай твиттерчид, баабарчууд (baabar.mn)-ийнхэн, сэтгүүлчид гээд “тусгаар тогтнолынхон” бас олуулаа аж. Их гүрэн, хорон дарангуйлагч тэднийг айлгадаггүй нь бахадмаар.

Өөрийн төрийг илүүд үзэх Монголын Нууц Товчооны төрт ёсны суртлыг америкчууд үндэсний соёл болгосон гэлтэй. Америк айл бүхэн үүдэндээ төрийн тугаа мандуулсан байдаг. Ийм төрт ёсны ухамсар л үндэсний эрх чөлөөний үзэл санааны ган бат суурь нь болж чадна.

Үнэндээ, Хүрэлсүх Оюун-Эрдэнэ нар иргэдийнхээ зүгээс ямар ч шүүмжлэл дагуулдаг (манай хоёр шиг шүүмжлүүлэх зүрх Путинд “нет”) байлаа ч Монголчууд бидний сонгосон Ерөнхийлөгч, Засгийн газар. Тийм учраас бидэнд Путинээс хол илүү үнэ цэнтэй!

Үндэсний төрт ёсны ийм ухамсартай байж Монголчууд бид эрх чөлөөтэй, нэр төртэй улс болж оршин тогтноно шүү! Эл ухамсар үгүй болбол бид колоничлогдох болно! Бидний Монголчуудын, тусгаар тогтносон улс мөн гэх мэдрэмжийг өгдөг манай төрт ёсны ухамсар далай шиг их бензин шатахуунаас ч үнэ цэнтэй! “Бусдын эрхээр жаргахаар өөрийн эрхээр зовъё” хэмээх Монголчуудын эрх чөлөөний торгон мэдрэмж эрчим хүчнээс ч илүү биднийгээ гэрэлтүүлнэ. Хорвоогоос хайвал хаанаас ч олддог бензин, цахилгаан мэтийн төлөөсөнд харийн гүрний удирдагчийг бялдуучилдаг колоничлолын сэтгэлгээнээс салцгаая!

Бид өөрөө төртэй, тэргүүнтэй улс. Бидний төрт ёсны энэ ухамсар Орост төр улс мэндлэхээс ч өмнө байсан юм шүү! Монголы Нууц товчоог уншаарай!

Манай улсын түүхэнд “Их хэлмэгдүүлэлт” хэмээн нэрлэгдэх аймшигт үйл явдлын мөн чанарыг одоо болтол бүрэн гүйцэт илчилж чадаагүй. Сайтар тунгаан бодвол, Монголчуудын үндэсний төрт ёсны ухамсрыг эгнэгт устгахаар харийн гүрний төрөөс зохион байгуулж хянасан, Монголчуудыг хооронд нь хагалан талцуулаад, алалцан хядалцуулсан “үхлийн том тоглоом (squid game)” байсан. “Тоглоом”-ыг Коминтерн зохион байгуулж, “ерөнхий шүүгч” нь Сталин бөлгөө.

Гэм зэмгүй гучаад (зарим судлаачид дөчөөд гэдэг!) мянган Монгол хүний амь нас, амьдралыг хөнөөн сүйтгэсэн тэр тоглоомын “ялагч”-аар Хорлоогийн Чойбалсан шалгарсан билээ. Өөрөө бусдыг золин байж арайхийн амь гарсан Чойбалсан хожим нь Нармай Монголын үзэлтэн болж гэндэн “хорлогдож” үхсэн ажгуу. Тэр бээр, өөрийн улсын төрт ёсыг устгасан колони улс байгуулснаа ойлгоогүй байжээ.

2022.03.27