Долгорсүрэнгийн Сумъяабазар. Монгол Улсын аварга Сумъяабазар. УИХ-ын гишүүн Сумъяабазар. Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Сумъяабазар. Нийслэлийн МАН-ын хорооны дарга Сумъяабазар. Улаанбаатар хотын 35 дахь мээр Д.Сумъяабазар. Энэ бол түүний 20 гаруй жилийн хугацаанд бий болгосон амжилт бас албан тушаалын эрэмбийн дараалал. Бүгдээрээ өөр дүр бас орон зайтай. Олон нийтийн харамгүй хайр хишигт бялхаж явсан он цаг хугацаа нь үүнд багтана. Олон хардлага, шүүмжлэл, сөрөг дайралт дундуур туучсан нь ч мөн орно. Чухамдаа аль нь давамгайлахыг хуанлийн хуудаст үлдсэн шарлаагүй түүх нь гэрчлэх ч одоо нийслэлийн Засаг даргаар ажиллаж буй нь илүү жин дарах нь тодорхой. Хотын дарга гэдэг улстөрч бүхний хүрэхийг хүсдэг албан тушаал мөн үү? гэвэл мэдээж тийм.

Харин хүсч очоод өөрийн гэхээсээ нийслэлийн иргэдийн эрх ашигт нийцүүлсэн шийдвэр гаргаж чадах эсэх нь асуудлын зангилаа. Нэг бус, нэгжээд биш нийслэлийн харьяалалтай, бас хамааралтай хүн бүрд шийдвэр нь хүрч, тусдаг учраас бүгдийн нүдэнд хамгийн ил явдаг алба. Автобусны хүрэлцээ муу байгаад түүнийг чичилнэ. Явган хүний зам, хүүхдийн тоглоомын талбай байдаггүй бас нэг шүүмжлэх шалтгаан. Сургууль, цэцэрлэгийн хүртээмжгүй байдал ч хамаарна. Түгжрэл, агаарын бохирдол зэргээр ерөөс Улаанбаатарт холбоотой асуудал болгон хотын дарга хэн байх үл хамааран сүүдэр мэт дагаж явдаг асуудал. Ерөөс хүн нь байгаа цагт хотын зовлон дуусахгүй. Энэ өнцгөөс харвал тийм ч хүсэх сэнтий биш. Харин Д.Сумъяабазарын хувьд өөр. УИХ-ын гишүүний халдашгүй бүрэн эрх ямбаа орхиод нийслэлийн Засаг дарга болсноор гурван оныг үдэж байна.

Эхлээд Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийг УИХ-аар батлуулж, Улаанбаатарыг шинэ дүрэмтэй болгов. Үе үеийн хотын дарга нарын мөрөөдөл шахуу болсон хууль. Араас нь зөвхөн түгжрэлийг бууруулахад жил 420 тэрбум хүртэлх төгрөгийг жил бүр улсын төсөвт суулгах дэмжлэгийг авахаар болов. Засгийн газрын бүрэлдэхүүнд анх удаагаа хот хариуцсан сайдын статус ч бий болов. Өмнөх, 1992 оноос хойш Улаанбаатар хотыг удирдсан дарга нарын дэргэд энэ хэмжээний хууль эрх зүй шинэчлэл хийж, хөрөнгө оруулалтын дэмжлэг авч ажиллана гэдэг мэдээж чамлах үзүүлэлт биш, харин ч амжилт.

Харин одоо тэр 27 жилийн дараа салхи оруулж, сууриар нь шинэчилсэн Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийг бодитоор хөрсөн дээр буулгахын тулд "Гурван суурьт" буюу Эрх зүй, Эдийн засаг, Эрүүл засаглалын хөтөлбөрийг хэрэгжүүлэх шаардлагатай буйг хотын мээрийн тамга гардсанаас хойшхи 1000 дахь хоногийнхоо үеэр танилцуулсан нь саяхан. Улаанбаатар хотын хөгжлийн бодлогын Түр хорооны гишүүдийн өмнө. Уг хороонд 2020 оны сонгуулиар УИХ-д сонгогдсон 23 гишүүн хамаардаг, үйл ажиллагаа явуулаад гурав дахь онтойгоо золгох гэж байна.

Хууль тогтоох дээд байгууллагын бараг гуравны нэгийг бүрдүүлэх хэмжээний нөлөөтэй Түр хорооны гишүүдийн өмнө нийслэлийн Засаг дарга ганцхан зүйлийг хэлсэн. Тэр нь "Улаанбаатар хотын эдийн засгийн өрсөлдөх чадвар "ТЭГ" гэж ойлгох хэрэгтэй" гэдгийг. Хатуу ч гэсэн гашуун үнэн нь энэ. Үндсэндээ төсвийн хөрөнгө оруулалтаар явдаг Улаанбаатарын эдийн засгийн хөтөлбөрийн өнөөгийн нөхцөл байдал бүгд улаан дохиог заажээ. Хэдийнэ аюулын цэгтээ тулсан гэсэн үг. Амьдрах орчин нь ч, тогтвортой байдал нь ч, мөн өрсөлдөх чадвар нь ч адилхан. Нийт бүрдүүлдэг орлогын 92 хувь нь татвар, үүнийх нь 65 хувь нь ХАОАТ. Нийслэлийн харьяаны нийт төрийн албан хаагчдын цалинг нэмж гэмээн ХАОАТ-ынх нь даац нэмэгдэнэ. Өөрөөр хэлбэл, татвараа эсвэл торгуулиа нэмж төсвөө бүрдүүлж ирсэн нь нийслэлийн төсвийн гол үзүүлэлт, хөшүүрэг болж иржээ. Тиймээс иймэрхүү гал унтраасан байдалтайгаа цааш явах уу? эсвэл судалгаанд суурилсан бодлогыг үе шаттайгаар хэрэгжүүлэх үү? гэсэн сонголттой нүүр тулахаас аргагүйд хүрснийг ийн онцолсон хэрэг.

Нэгэнт хуулиа шинэчилж, батлуулсан болохоор нэн тэргүүнд 500 хүртэлх тэрбум төгрөгийн бондыг нийслэл өөрөө бие даан босгож, орон сууцны бодлогыг дэмжих, авто зам, сургууль, цэцэрлэгийн хүртээмжийг сайжруулах чиглэлд зарцуулахаар төлөвлөв. Энэ хүрээнд холбогдох баримт, бичгээ бүрдүүлж Санхүүгийн зохицуулах хороонд хүргүүлж, албан ёсоор зөвшөөрлөө ч авсан, ердөө гурав хоногийн өмнөхөн. Хөрөнгийн эх үүсвэрүүд Хотын хөгжлийн санд төвлөрч, Улаанбаатар хотын иргэдийн хяналтад, ил тод, нээлттэй учраас ямар нэгэн хардлага, шүүмжлэл явах магадлал бага, бараг гарахгүй.

Үндсэндээ шалтагт биш шалтгаанд суурилсан бодлого хэрэгжүүлэх, төсвийг нь шийдэх, Улаанбаатар хотыг хөгжүүлэх багц хуулийг боловсруулснаа урьдчилсан байдлаар Түр хорооны гишүүдэд ийн танилцуулсан хэрэг. Гишүүд нь дэмжээд, саналаа эцсийн байдлаар нэгтгэвэл ирэх сард нээлтээ хийх намрын ээлжит чуулганаар төслийг хэлэлцэх нь. Хотыг хөгжүүлэхийн тулд бодлого хэрэгтэй. Бодлого гаргахын тулд хууль шаардлагатай. Түүнийх нь суурь Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулга бол түүн дээр барих давхарууд нь дагалдаж гарах багц хуулийн төслүүд. Тэгэхээр хотын дарга Д.Сумъяабазар өнгөрсөн гурван жилийн ажил хийгээгүй биш хийжээ, Бодлогын судалгаа, шинжилгээний төвийг байгуулж, түүгээр дамжуулан дараагийн алхам руугаа шилжих гэж буйг эндээс харж болно. Хөрөнгө оруулалтын нэмэлт эх үүсвэр болох “Эрдэнэс баян богд” төслийг эхлүүлж, инженерийн дэд бүтцийн бүтээн байгуулалтыг санхүүжүүлэхээр төлөвлөсөн нь үүний нэгээхэн жишээ. 

2040 онд Улаанбаатар хотын хүн амын тоо 2.6 саяд хүрэх тооцоо бий. Одоогийнх шигээ орлогын эх үүсвэрийнхээ 91.6 хувийг татвараас бүрдүүлсээр байвал улам дордоно уу? гэхээс дээрдэхгүй. Төсөв "шүтсэн" байдлаар эдийн засгийнхаа ирээдүйг тодорхойлох нь хотын хөгжлийг хойш чангаахаас биш өөд татахгүй. Тодорхой үе шаттай төлөвлөлт хийж, тэгэхдээ санхүүгийн олон талт эх үүсвэртэй болох нь бидэнд байгаа боломж. Тэрийг л Д.Сумъяабазар дарга хэлээд байгаа нь энэ. Тэдгээрийн эхлэл болгож Бонд, “Эрдэнэс баян богд” төсөл тэргүүтнийг ТУГ-аа болгож байна. 

Баянхошуу, Сэлбэ дэд зэрэг төвийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлж, их, дээд болон лицей сургуулиудыг нүүлгэх санал гаргасан ч гайхаж, цочирдох шалтгаан биш юм. Хүн амынхаа төвлөрлийг хотын төвөөс гаргах байдлаар түгжрэлийг бууруулж, дүүрэг, орон нутгийн эдийн засгийг тэлэх гэсэн санаа. Хотын дарга хэлнэ лээ, "Гурван суурьт хөтөлбөр буюу Эрх зүй, Эдийн засаг, Эрүүл засаглалын хөтөлбөрийг хэрэгжүүлэх шаардлага зүй ёсоор тулгарсан. Улаанбаатар хотын багц хуулийг боловсруулж, газрын тухай хууль, барилгын тухай хууль, усны тухай хууль, авто тээврийн тухай хууль, эрчим хүчний тухай хууль, тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хууль, улсын бүртгэлийн ерөнхий хуулийг цогц байдлаар нь баталж чадвал эдийн засаг хийгээд засаглалын хувьд цэгцрэх боломж бүрдэнэ" гэж. 

Бодлого нь бэлэн байгаад дэмжлэг нь байвал үзээд алдахаас өөр сонголт үгүй. Нийслэлийн иргэн бүр хожих нь үнэн л юм бол Д.Сумъяабазар яг юу боловсруулж, төлөвлөчихөөд түүнийхээ араас ингэтлээ зүтгээд байгааг нь харах л ёстой. Яг л түгжрэлийг бууруулахад жил бүр 420 тэрбум хүртэлх төгрөгийн дэмжлэг үзүүлэхээр шийдвэрлэсэн шиг, түүхэндээ анх удаа хот хариуцсан сайдын орон тоог бий болгосон шиг. Эцсийн дүндээ Улсын аварга, УИХ-ын гишүүн, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд биш Улаанбаатарын хотын 35 дахь дарга Д.Сумъяабазарын хийсэн ажил гэж намтарт нь үлдэнэ. 

UZEG.INFO