Тараад!
Цэрэгт ийм нэг команд байдаг. Эхлээд шинэ цэргүүд биесийнхээ өндөр намыг таньж гүйцээгүй, хөл толгойгоо олохгүй будилдгаас муруй сарий хөрөөний ир шиг эгнэхлээр түрүүч жа нарын өгдөг команд. Чадахгүй бол дахиулна. Гэхдээ хэзээ ч олон дахидаггүй бөгөөд ганц хоёр удаагийн дараа шугамдсан мэт тэгш сайхан жагсаал гарч ирдэг. Шалтгаан нь бараг байгалийн хуулиар тайлбарлагдах байх шүү.
Өнөөдөр манай парламентын дийлэнх олонхи болсон МАН дотроо хагараад өшөө хорсолдоо хүрч эвлэрэх ямар ч найдлагагүй болсныг бүгд харлаа. Хэрвээ УИХ-ыг тараагаад дахин сонгууль явуулбал хамгийн зөв шийдэл байхсан.
Харамсалтай нь тарахгүй. Төрийн өндөр албан тушаал гэдэг найрын ширээнээс холдохыг хэрхэвч хүсэхгүй. Нэг очиж суусан бол үхэн хатан зууралдана. Тэр тусмаа Ордонд орохыг мөрөөдсөн хүмүүс эргэн тойрон оочирлож байхад. Хамгийн чанга дуутай Ж.Батзандан гишүүн, огцорьё, гэхдээ Эрдэнэтийн 49 хувийг ард түмэндээ авч шударга ёсыг тогтоосны дараа л огцорно гэж нохойтож харагдсан. Дахиад 10,20 жилээр суухад ч бэлэн ажээ.
Тэгвэл нам тарах уу? Уг нь бүлэг, фракцаараа зад үсэрвэл эргээд яасан сайхан жагсах бол? Андуураад өөр намд элсчихсэн, анхнаасаа л ардчиллыг сэмхэн дэмжсэн, эсвэл 28 жил буруу тууж явснаа гэнэт ухаарсан нөхдүүд хаваржааны хашаанд хонь хурга нийлж байгаа мэт гоё юм болно. Энд ч дуу дуугаа авалцана, тэнд ч чи зайл гэж хөөнө... Гэхдээ л дараачийн сонгууль гэхэд гарааны шугаман дээр бүгд ярайтал жагссан байж таарна.
Гэхдээ намууд бас тарахгүй. Яагаад гэвэл нам бол хулгайч, дээрэмчин хэнийг хамаагүй гоёж гоодоод төр лүү шургуулж өгдөг машин учраас түүнийг эвдэх тэнэг хүн байхгүй.
Японд зарим үйлдвэр, офисын хаа нэгтээ эзэн юм уу захирлынхаа мануухайг байршуулж, ажилтнууд нь дуртай цагтаа балбаж бухимдлаа тайлдаг. Ажилтнуудын гомдол зөрчил эрс багасч, хөдөлмөрийн бүтээж нэмэгддэг учраас тэр. Өнөөдөр УИХ-ын хэсэг гишүүд манлайлан талбай дээр балбаж буй мануухай нь УИХ-ын дарга М.Энхболд болжээ. Тэрбээр огцрох ёстой, гэхдээ ингэж биш. Хоёр жилийн өмнө өөрсдөө өргөмжилж сонгочихоод МАНАН-гийн толгойлогч байсныг сая мэдсэн нь инээдэмтэй. Тэгээд УИХ-ын дарга болсноосоо хойш лав лиценз олгож, газраа зарж чадахаа больсон байж таарна. Энэ удаад АН хэт цөөнх учраас МАНАН гэж бидний ойлгодог МАНАН байхгүй. Ядахдаа ЖДҮ-гээсээ АН-ынханд хүртээгээгүй байгаа юм даа.
МАНАН бол зүгээр л хөшиг юм. Тов тодорхой овог нэр, албан тушаал, эрх мэдэл бүхий хүмүүс дуртай цагтаа татаж байгаад юу дуртайгаа хийдэг, дургүй цагтаа сөхөж гэмгүй царайлдаг хөшиг юм. Монголын хамаг муу муухайг МАНАН руу чихэхийн аюул бол тэр хүмүүсийг далдалж зүгээр өнгөрүүлж байгаа явдал юм. Одоо МАНАН-г зүхэж байгаа гишүүдийн тухайд наад зах нь УИХ-ын гишүүдийн ЖДҮ-гийн бүлэг хэрэг, цаад зах нь У.Хүрэлсүх ЖДҮ-гийн анхдагч байсан, Х.Баттулгын Төмөр зам зэргийг ярьж чадахгүй, тэдний "гарын гишүүд" болох нь. Ингээд МАНАН-гийн оронд УИХ дахь хоёр намын төлөөлөл ба Засгийн газар, Ерөнхийлөгчийн хөл гар орсон гал уугиж, элдэв шалтгаанаар бухимдсан хүмүүсийг Төв талбайд цуглуулж байгаад самууруулж мэдэх аюултай хий дэгдэж мэдэхээр байна.
Хувь заяаны шоглоом. Өнөөдөр очиж очиж М.Энхболд төрийн тогтвортой байдлын тулгуур болж байх шиг Түүнийг яаж ийгээд огцруулсны дараа тунаж үлдэх Хоёрт улс орныг үлдээх аюулгүй биз?
Элдэв жагсаал цуглаанаас сонин юм их үзэх юм. Өчигдөр нөгөө ЖДҮ-чидтэй ясаа цайтал үзэхээ тангарагласан "Нэхүүл" хөдөлгөөн тэр тухайгаа огт дуугарахгүйгээр чимээгүй жагслаа. Индэр дээрээс хатуу ширүүн дуугаа өргөсөн хамтлагийн хэдэн залуу "Хараал идсэн 76"-г бутниргэлээ. Уг нь ард зогссон тавыг хасаад "Хараал идсэн 71" гэх байсан юм.
Өчигдрийн цуглааныг TV5 телевиз өмнөхийн адил нэг ч секунд алгасахгүйгээр дээрээс дрон, дэргэдээс ярилцлага, Ордноос оруулгатайгаар шууд дамжуулав. Харин МҮОНРТ бол сэм сэмхэн, завсарлагатайгаар.
P.S.
Өнгөрсөн 12-р сарын 27-ны цуглаанд хичнээн хүн оролцсон тоогоор хоёр долоо хоног маргалдав. УИХ-ын гишүүд өөрсдөө 25, 30 мянга гэж зарласан. Харин цагдаагийн удирдлага 3600 орчим гэж хэлснийг Д.Тэрбишдагва гишүүн уламжлаад өвлийн хувцас энэ тэрээр тайлбарласнаасаа болж баахан балбуулав. Харин өчигдрийн цуглаан дээр Ж.Батзандан нар яг тоо хэлэхгүйгээр, "хэдэн арван мянган хүн", "энэ талбайд хөл гишгэх зайгүй байна" гэв. Шөнө болсон чуулган дээр тэрбээр 50 мянга гэжээ.
Би зураг хараад барагцаалж эхэлсэн чинь арай л цөөхөн гарахаар нь цуглаан зохион байгуулагчдын өмнөөс санаа зовоод болив. Аливааг судалдаг, камер, дрон, өгөгдөл, тооцоололтой ажилладаг хүмүүс яг тоолоод зарлаасай.