Өмнөтгөл

Амьд биет гэж юу вэ?

Амьд биет хаанаас гарч ирээд, хаашаа зүглэн урагшилна вэ?

Амьд биетийн нэг болох бидний хүн төрөлхтөн чухам ямар учиртай оршихуй юм бэ?

Бусад амьтдаас юугаараа өөр юм бол?


Хүн төрөлхтөн оюун ухааныг гартаа оруулсан цагаас хойш эдгээр асуултыг өөрөөсөө давтан давтан асууж, басхүү одоо ч хараахан туйлын хариултыг олоогүй л явна. Би ч бас энэ мэт асуултуудад ховсдуулж, хариултыг нь олохоор их сургуульд амьтны хувьслын талаар судалгаа хийдэг нэгэн.

Энэ номонд өдийг хүртэл биологийн салбарт хийгдэж ирсэн олон тооны судалгааны үр дүн, тэр дундаа өөрийн бяцхан судалгааны үр дүнг ч бас нийлүүлээд ойлгосон нэгэн хариултыг танилцуулах болно.

Тэр хариултыг шууд эхэнд нь хэлчихэд, амьд биет гэдэг бол хамтралын үр бүтээл юм.

Амьд биетүүд үүсэж бий болсон цагаасаа эхлээд өнөөдрийг хүртэл уул шугамандаа салангид байсан молекул болон амьтад тууштайгаар хамтарч нэгдсээр хувьсаж иржээ. Бактериас хүн хүртлэх зүсэн зүйлийн амьтад бол хамтрал, урвалт хоёрын хооронд өрнөх олс таталтаас төрсөн бүтээлүүд юм. Харин хүн бол бүх амьтад дундаас тодорсон хамтралын дэлхийн аварга.

Мэдээж үүнийг цорын ганц хариулт гэж хэлэх гэсэнгүй. Энэ бол ердөө ганц өнцгөөс зүсэж харсан амьд биетийн хөндлөн огтлолын талбайгаас хэтрэхгүй.

Гэхдээ “хамтрал” гэх түлхүүр үгэнд анхаарлаа төвлөрүүлбэл амьд биетийн үүсэл, түүний дараах хувьсал, хүний сэтгэл зэрэг ямар ч хамааралгүй мэт үзэгдлүүдийг бүгдийг нь нийлүүлээд ерөнхийлөн тайлбарлах боломжтой болно. Амьд биетийн хувьсалд “хамтрал” гээч нийтлэг хэв шинж оршиж байдаг. Анхдагч дэлхий дээр амьд биет төрөн гарсан шалтгаан ч, тэгээд хүн бий болсон шалтгаан ч, бидэнд харилцан туслалцах сэтгэл байдгийн шалтгаан ч бүгд нэг үндэс язгууртай.

Амьд биетийн хувьслын учрыг ойлговол нэг сайн зүйл бий. Тэр бол бидний хүн төрөлхтөн хувьслын түүхийн уртаас урт урсгалын хэсэгхээн үргэлжлэл гэдгээ ухаарах явдал юм. Хүн бид хувь хувьдаа салангид оршин амьдарч буй мэт харагдаж, мөнхүү бусад амьтдаас ч тэс өөр гэмээр үйл хөдлөл гаргадаг.

Гэтэл хувьслын түүхийг гүйлгэн харвал үнэндээ бүхий л амьтад амьд биетийн хувьсал хэмээх аварга үзэгдлийн нэг хэсгийг хамтдаа бүтээлцэн буй нэгдмэл биет болохоо мэдэрч чадна.

Амьд явахад айдас тавгүйтэл гээч юм хэзээд дагаатай. Дандаа л мөнгө дутна, өөрийнхөө болоод гэр бүлийнхээ эрүүл мэндэд санаа зовно. Ирээдүйд юу болохыг мэдэх ч юм биш.

Гэтэл 4 тэрбум жил хэмээх амьд биетийн хувьслын аварга давалгааны өндөрлөгөөс харах ахул тэр зэргийн айдас түгшүүр мэт нь даанч тоох үнэ цэнгүй шалихгүй зүйлс болохыг ойлгоно. Одоо ямар ч жаргалтай эсвэл зовлонтой байлаа гээд 100-хан жил л өнгөрөхөд бүгд үхэж үгүй болоод цайрна. Тийм тоогоод ч нэмэргүй асуудалд толгойгоо гашилгаж суухаар энэ номыг уншаад, бидний гүйцэлдүүлж ирсэн 4 тэрбум жилийн хувьслын түүхийг шимтэн сонирхох нь хамаагүй утга учиртай цаг нөхцөөлт болох юм шиг санагдана. Дээр нь энэ номоор дамжуулж биологийн хувьсалд дур сонирхолтой болоосой гэж бас хүсэж горьдох байна.

Энэ ном 4 бүлгээс бүрдэж буй.

Юуны өмнө нэгдүгээр бүлэгт амьд биет ба амьгүй биетийн ялгааны талаар тайлбарлаж, амьтай ба ба амьгүй биетийг ялгах шийдвэрлэх ялгаа нь "хувьсах чадвар" болохыг танилцуулна.

Удаах хоёрдугаар бүлэгт амьд биет төрөн гарч ирсэнээс хүн үүсэх хүртлэх хугацаанд тууштайгаар хамтралын холбоог давхарлан өрж ирсэн тухай өгүүлнэ.

Тэгээд гуравдугаар бүлэгт хамтралын эсрэг хүч болох урвалтын талаар, яагаад урвалт үүсдэг вэ, яаж түүнийг барьдаг вэ, мөн урвалт оршин байдгийн утга учрын талаар өгүүлнэ.

Төгсгөлийн дөрөвдүгээр бүлэгт амьд биетийн хувьсал дахь нийтлэг хэв шинжээс, бид цаашид хаашаа чиглэн урагшлах бол гэдгийг эргэцүүлж үзэх болно оо.


I БҮЛЭГ ー АМЬД БИЕТ ГЭЖ ЮУ ВЭ?


Дэлхий амьд биетээр дүүрэн

Дэлхийн хүн ам 2017 оны байдлаар 7.6 тэрбумд хүрээд байна (*1). Хүний (хомо сапиенс) тоо толгой 70,000 жилийн өмнө ердөө 10,000 болтлоо цөөрсөн байсан гэдэг (*2). Тэгээд түүнээс хойших хэдэн 10 мянган жилийн турш тасралтгүй үржин өссөөр иржээ.

Энэхүү хүн амын өсөлт нь нийгэм дэх хүнсний хомсдол, инергийн дутагдал, байгаль орчны асуудал гэх зэрэг толгой өвтгөсөн асуудал олныг төрүүлж буй, ерөнхийдөө бол хар бараан сэдэв гэдэг талаас нь хүмүүс хардаг шиг санагддаг юм.

Тэгвэл бага зэрэг ийм байдлаар төсөөлөөд нэг үз дээ. Хүн 1,000,000 ~ 200,000 жилийн өмнө төрөн гарч, урт удаан цөвүүн цаг үеийг даван туулж ирсэн. Хурц хумс ч үгүй, хурдан хөл ч үгүй бидний хүмүүс махчин араатнуудын бэлэн хоол шиг л байсан биз. Дээр нь хүнс тэжээлийн хомсдол, цаг уурын хүйтрэл зэргийн нөлөөгөөр хялбархаан мөхчихвөл мөхчихөөр даанч сул дорой амьтад байсан байх учиртай.

Тэгтэл өнөө үед технологи, мэдлэгээ ашиглан байгалийн дайсан хийгээд орчны өөрчлөлтийн асуудлуудыг шийдсээр, улам бүр үржин олширсоор байна. Амьтан гэдэг утгаар нь харвал хүн бид бэрхшээлийг ардаа орхиж, өнөөдөр чухамхүү хөгжлийнхөө түүхэн оргил үе дээрээ явна гэж хэлэхэд тийм ч буруудахгүй санагдана (урьд нь хэзээ ч ийм олуулаа байгаагүй, цаашид ч энэ хэвээрээ байх эсэхийг мэдэх аргагүй).

Хөгжлийн оргилд хүрсэнээ бахдан дуулж буй нь зөвхөн хүмүүс биш л дээ. Хүн бол харин ч шинэ оролцогч бөгөөд дэлхий дээр хүнээс ч өмнө агуу амжилтанд хүрч дэлхийг дүүртэл үржээд буй амьтад олон тоогоор оршин бий.

Японд гэвэл жишээ нь гадуур алхахад ургамалтай тааралдахгүй байна гэж заяа нь байхгүй. Жаахан л сул газар байвал тэр дороо зүсэн зүйлийн ургамал ургаад ирнэ. Сансраас дэлхийг харвал цэнхэртэж харагддаг. Тэр бол бүх гадаргын 70%-ийг эзлэх далайгаас болж буй боловч, үлдсэн 30%-ийн эх газрын тухайд бол зарим нэг говь цөл газрыг эс тооцвол үндсэндээ ургамлын ногоон өнгөнд хучигдсан харагддаг (*3).

Амьтад гэхээр бүгд нүдэнд харагддаг ч бас биш. Харин ч эсрэгээрээ нүдэнд харагдахааргүй жижиг амьтад нь хамаагүй олон бий. Захын шороог имрэхэд л ганц чимх (1гр) шороонд 1,000,000,000 тооны 10,000 гаруй төрлийн мөөгөнцөр (нэг ёсны хөгц, мөөг), бактериуд (бактери буюу нян) агуулагдаж байдаг (*4). Эдгээр зүйлс тоо ширхэгээрээ л гэхэд хүний 7.6 тэрбумтай жишихийн аргагүй олон, дэлхийн амьд байгалийн үндсэн төлөөлөл гээд хэлсэн ч хэтрүүлэг болохгүй биз.

Амьтад, ялангуяа эдгээр бактери төрөлтүүд бол ямар ч туйлын орчинд амьдрах тэсвэртэй. Өмнөд мөсөн туйлын хасах 20 хэмээс газрын гүн дэх нэмэх 100 хэм давсан орчин, хүчтэй хүчиллэгээс хүчтэй шүлтлэг орчин гээд баргийн юмыг юман чинээ бодохгүй. Хүн бол газар дээрээ үхээд өгмөөр радиацид дасан зохьцсон бактери ч бас байна. Газрын гүнээс озоны давхарга хүртэлх дэлхийн аль ч орон зайнаас амьтангүй газрыг хайж олох нь эсрэгээрээ хэцүү гэмээр. Тэр ч бүү хэл зарим амьтад бүр сансрын орон зайд амьдарч чаддаг нь ч батлагдсан байдаг (*5).

Хэтрүүлэг зүйрлэл ч биш, ёстой л шууд утгаараа дэлхий амьтдаар дүүрэн бялхаж, захаасаа сансар огторгуй руу халиад асгарчихсан бололтой юм. Хэрвээ зөвхөн амьд биетүүдийг гэрэлтдэг болгочихвол дэлхий маань маш хурцаар гялалзан гялтганаж ажиглагдах биз ээ.


Амьд биетийн үйл ажиллагаанд хэм хэмжээ үгүй

Бялхаж цалгисан тэр их амьд биетүүд дэлхийн орчин нөхцлийг ч бас өөрчилж орхиж. Хүний үйл ажиллагаанаас болж хүлэмжийн хий (СО2) 100 жилийн дотор 0.01%-иар өсөөд байна (*6). Хүлэмжийн хийн агууламж ихсэх нь дулаарлын шалтгаан болох тул үгүй ядаж л хүмүүсийн хувьд ноцтой асуудал үүсгэж байна.

Гэхдээ амьд биетүүдээс дэлхийн орчин нөхцөлд үзүүлсэн нөлөөний дэргэд энэ бол юу ч биш шахуу. 3 тэрбум жилийн өмнө бий болсон фотосинтетик бактериуд (нарны гэрэл нийлэгжүүлдэг бактери) төдийг хүртлэх агаар мандалд бараг байгаагүй хүчилтөрөгчийг 20% хүртэл өсгөж орхисон байдаг. Дээр нь тэр агууламж түр зуурын явдал бус түүнээс хойш өнөөдрийг хүртэл 3 тэрбум жилийн турш үргэлжилж байна.

Уул шугамандаа хүчилтөрөгч нь фотосинтез хийх үед ялгардаг дайвар бодис байсан гэгддэг. Дээр нь хүчилтөрөгч бол химийн урвалд орохдоо амархан тул олон амьтдын хувьд хор байсан байж таараа. Тэгэхээр нэг ёсондоо фотосинтетик бактериуд 3 тэрбум жилийн өмнө дэлхийн хэмжээнд байгаль орчныг бохирдуулж байжээ гэсэн үг. Тэгтэл амьтад адтай юм болохоор хүчилтөрөгч хуримтлагдаад ирмэгц түүнийг ашиглан инерги гаргаж авах арга сүвэгчлэн боловсруулж, эсрэгээрээ түүнгүйгээр амьдарч чадахааргүй (бидэн шиг) амьтад олшроод ирсэн байна. Үр дүнд нь дэлхийн хүчилтөрөгчийн агууламж 20%-ийн торгон түвшиндээ тогтворжжээ.

Энэ мэтээр дэлхийн орчин нөхцөл олон талаар амьд биетүүдийн үйл ажиллагаанаас их хэмжээний нөлөө авч байдаг. Ёстой л дэлхийг амьд биетэд эзлэгдсэн эрхэс гэж хэлж болмоор.

Хувийн яриа хэдий ч миний хувьд амьтдын энэ мэт дэндүү гэмээр хэтрүүлдэг шинжийг харахаар гайхалтай санагддаг юм. Цаашдын бүлгүүдэд ч хэд хэдэн жишээ гаргаж өгүүлэх боловч, амьд биетийн үйл ажиллагаанд хэм хэмжээ гээч юм байдаггүй. Өөрийн оршин тогтнол хийгээд үржин олшрохын төлөө за арай ч дээ гэж санагдмаар үйлдлийг хээв нэг хийнэ. Амьд биетүүд хүний төсөөллөөс хамаагүй агуу ертөнцийг бүтээн бий болгоно.

Гэнэт нэг жижигхэн хүрээний яриа дэлгэхэд, идсэн будаа ч юм уу бэлэн хоолны үлдэгдлээ тэр чигт нь орхиж байгаагүй биз? Тэгж үзээгүй хүмүүст ядаж ганц удаа тэгж үзэхийг санал болгох байна. Зуны халуунд бол ганц 7 хоног л зөнд нь орхиход өнгө алагласан хөгцөн ширэнгэ бий болно. Аз таарвал мөөг ч ургаж магадгүй.

Тэгээд мөөгөнцрүүд тэжээлээ дуустал хэрэглэвэл ихсэж багасах байдлаар амьд үлдэх өрсөлдөөн өрнүүлнэ. Тэжээл дууссан байлаа ч ус, нарны гэрлээр хангаад өгвөл амьд үлдэх өрсөлдөөн зогсоно гэж үгүй. Дараагийн удаад гэрэл нийлэгжүүлдэг амьтад ихсэж, дараа нь тэднийг иддэг амьтад ихсэж гэх мэтээр үүрдийн өрсөлдөөн оволзох вий.

Ингэж зоргоороо үржин, улам бүр хувираад явдаг нь амьд биетийн онцлог юм. Амьгүй зүйлс бол хэрхэвч ингэхгүй. Амьгүй биет, жишээ нь чулуу, сандал, ном зэргийг амьгүй биет гэдэг. Эдгээр амьгүй биетүүдийг хэн нэгэн оролдохгүй л бол үндсэндээ юу ч өөрчлөгдөхгүй. Цаг өнгөрөхийн хэрээр ердөө л эвдрээд дуусна. Хэзээ ч ихсэж, багасаж, орчиндоо зохьцон өөрчлөгдөхгүй.

Мэдээжийн хэрэг боловч амьтай ба амьгүй биетийн хооронд маш том ялгаа бий. Тэрхүү амьтай, амьгүй хоёрын ялгаа хаанаас гарч ирдэг юм бол? Амьд биет гэж чухам ямар оршихуй юм бэ? Нэгдүгээр бүлэгт юун түрүүнд энэ асуудлын талаар өгүүлье гэж бодож байна.


Үргэлжлэлийг ЭНДЭЭС уншина уу.