Эрдэнэбүрэнгийн УЦС-ын төслийг гацаах оролдлого хийсэн орон нутгийн экс дарга нарын авлигын хэрэг шүүхэд шилжлээ
-Тухайн үеийн Увс аймгийн Өмнөговь сумын Засаг дарга, түүний орлогч болон ИТХ-ын төлөөлөгч нарын авлигын үйлдлүүд баримтаар нотлогдож хэргээ хүлээжээ-
Эрчим хүчний салбарын асуудал онцгой анхаарал татаж буй энэ өдрүүдэд Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын төслийн ажил урагштай байгаа төдийгүй уг төсөлтэй холбоотой шинэ сонин дуулгах нь олон нийтэд сонирхолтой болов уу. БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И энэ оны есдүгээр сарын 14-ний өдөр Замын-Үүд боомтод ажиллах үеэрээ Эрдэнэбүрэнгийн УЦС-ын төсөлд онцгой анхаарч байгаагаа илэрхийлж тохирсон ёсоороо хөрөнгө оруулалтаа хийгээд ирэх хавраас ажлаа шуурхай эхлэхээ амласан.
Хамгийн сүүлийн мэдээллээр Ерөнхий сайд өнгөрсөн есдүгээр сарын 7-нд БНХАУ-ын дэд дарга Хань Жөнтэй төрийн ордонд албан хэлэлцээр хийх үеэрээ эрчим хүчний салбарын реформын хүрээнд сэргээгдэх эрчим хүчний төслүүдийг хамтран хэрэгжүүлэх, Эрдэнэбүрэнгийн УЦС-ыг барих төслийн тусгайлсан зээлийн хэлэлцээрийг ойрын хугацаанд байгуулах саналтай байгаагаа илэрхийлсэн байдаг. Харин ирэх долоо хоногт Ерөнхий сайд БНХАУ-д ажлын айлчлал хийх үеэрээ Эрдэнэбүрэнгийн талаар сайн мэдээтэй ирэх байх гэсэн хүлээлт олон нийтийн дунд үүсээд байна.
Үүнтэй зэрэгцэн Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцыг эсэргүүцэгчдийн үйл ажиллагаанд оролцсон орон нутгийн удирдлагын зарим ажилтанд холбогдох хэрэг хэрхэн шийдвэрлэгдэж буй талаар тодруулах шаардлага гарлаа. Эрдэнэбүрэнгийн УЦС-ын төслийг зогсоох оролдого хийсэн Увс аймгийн Өмнөговь сумын Засаг дарга С.Өлзий, сумын ИТХ-ын төлөөлөгч Х.Даваасүрэн нарын 13 хүнд холбогдох авлигын хэрэг өнгөрсөн долоо хоногт шүүхэд шилжсэн байна. Сумын ИТХ-ын тогтоол гэхээсээ Эрдэнэбүрэнгийн УЦС-ыг “эсэргүүцэх төлөвлөгөө” мэт зүйл үйлдэж батлуулсан ИТХ-ын төлөөлөгч Х.Даваасүрэнг баривчлах үеэр гэрээс нь Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын төслийг эсэргүүцэх хүсэлтэй 200 гаруй иргэдийн гарын үсэг бүхий тэмдэглэл, тэдгээр иргэнд олгосон шатахууны талон, хүнс, бэлэн мөнгө зэргийг тараасан баримтууд илэрч үүнийгээ тэрбээр хүлээн зөвшөөрсөн байдаг. Засгийн газраас нөлөөллийн бүсэд өртсөн гэх үндэслэлээр нөхөн олговор авах өрх, иргэдийн тоо хэмжээ яг баттай юу, тэдгээрээс хэд нь сумын ИТХ-ын дарга Д.Даваасүрэнд гарын үсгээ “зарсан” бол гэдэг ч лавшруулан шалгах шаардлагатай. Дор дурдах бүх үг, өгүүлбэр баримтаар нотлогдох бөгөөд тэр болгоныг нийтэд харуулах нь хууль зөрчихөд хүргэхийг уншигч та бүхэн болгооно уу.
Сумын Засаг дарга асан С.Өлзий шамшигдуулалт, авлигаараа ийнхүү гаршжээ
Тухайн үед сумын ИТХ-ын дарга Д.Даваасүрэнгийн гарын үсэг бүхий 2021 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр Увс аймгийн Өмнөговь сумын ИТХ-ын “Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын тухай” 4/01 тоот тогтоолд “Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц барих ажлыг зогсоох арга хэмжээ авсугай” гэсэн байдаг. Цаашилбал “Төлөөлөгчдөөс гарсан ажил хэрэгч саналуудыг хавсралтаар баталсугай”, мөн “Хавсралтаар баталсан саналуудыг хэрэгжүүлэн ажиллаж биелэлтийг сумын ИТХ-ын 12 дугаар сард болох хуралдаанд тайлагнахыг сумын Засаг дарга С.Өлзийд даалгасан байдаг шүү дээ. Тэгвэл тухайн сумын Засаг дарга С.Өлзий нь сумынхаа сургуулийн барилгаас дур мэдэн талбай таслан авч “Дэвшил” нэртэй өөрийн хувийн бага сургуулийг байгуулан ажиллаж байсан нь баримтаар нотлогддог. Засаг дарга С.Өлзий төрийн өмчийн бүртгэлтэй сургуульдаа ямар нэгэн түрээс төлдөггүй бөгөөд үйл ажиллагааны урсгал зардлыг нь төрийн мэдлийн сургуулиар төлүүлж буйг баримтууд нотолдог. Түүгээр ч зогсохгүй хувийн бага сургуулийнхаа сурагчдын тоог зориудаар нэмэгдүүлэн “Үдийн цай” хөтөлбөрөөс хууль бусаар ашиг орлого олдог, “Дэвшил” сургууль нь Өмнөговь сумын төв Намир багт үйл ажиллагаагаа явуулдаг боловч салбарын яамнаас сумын төвөөс илүү багийн төвд байрладаг сургуульд илүү өндөр дүнтэй хувьсах зардал олгодог болохоор нь “Орлог” багийн төвд бүртгэлтэй болгож ашиг олдог байсан нь нотлогдсон.
Гэтэл дээрх хэрэг юу ч биш байж. Удаа дараагийн авлигын хэрэг ундрах нь тэр.
Эрдэнэбүрэнгийн УЦС-ын төслийг гацаагчдыг шүүх явцыг улс төрийн нөлөөлөл гацаадаг уу
Нийслэлийн прокурорын газарт Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын төслийг саатуулах оролдлого хийсэн авлигын гэмт үйлдэлтэй холбоотой 13 хүнд холбогдох 2101000590352 дугаартай хэрэг шүүхэд шилжүүлэх саналтайгаар ирсэн байдаг. Нийслэлийн прокурорын газар хянаад хэргийг шүүхэд шилжүүлсэн боловч Увс аймгийн шүүхээс тухайн хэрэгт оролцогчийн өмгөөлөгчийн хүсэлтүүдийг хангах үндэслэлтэй гээд мөрдөн байцаалтад буцаасан байдаг. Тэдгээр хүсэлтийн хахууль гэж үзсэн үйлдлээ дахин тодруулж үнэлэх гэх мэт ажиллагаануудыг дахин хийх нь тийм ч төвөгтэй байгаагүй учраас мөрдөгч тухайн хүсэлтүүдийг хангаад шүүхэд шилжүүлжээ. Харин энэ явцад яагаад Увс аймгийн шүүхийнхэн анхан шатны шүүх дээр гаргасан шийдвэрээ давж заалдах шатанд үгүйсгэсэн шийдвэр гаргаад байгаа нь, юуны учир прокурорын байгууллага нь мөрдөгч өмгөөлөгчийн хүсэлтийг хангах шаардлагагүй гэсэн шийдвэр гаргахад шүүх нь “шаардлагатай” гэж үзээд мөрдөн байцаалтад буцаадаг нь, хамгийн гол нь нэр бүхий зарим багийн даргыг эрүүгийн хариуцлагад татах үндэслэлгүй гэж үзээд байгаа нь анхаарал татаад байгаа юм.
Увс аймгийн Өмнөговь сумын ИТХ-ын төлөөлөгч Х.Даваасүрэнгийн хувьд баривлагдах үед тэмдэглэлээс нь олдсон “Усан цахилгаан станцын тухайд хийсэн ажлын тайлан” гэгч болон түүний гүйцэтгэлээс, мөн холбогдох фото зураг, дансны хуулгууд зэгээс үүнд улс төрийн нөлөө бүхий этгээд, тэр тусмаа өнөөгийн УИХ-ын гишүүнтэй холбоотой болох нь ажиглагддаг.
Бага газрын том авлигачид
Багахаан газар нутаг, нэг сумын хэмжээнд гэхэд дэндүү том авлигын сүлжээ Увс аймгийн Өмнөговь суманд нүүрлэжээ. Үүнд мөн “Хотгор шанага”-ын гэгч Б.Алтангэрэлийн хань хамсаатан Я.Цэдэнбал гэгч хамгийн гүнзгий холбогдсон байх юм. Б.Алтангэрэл нь тухайн үед уг төслийг Австралийн компаниар бариулах төсөл ярьж байсан талаар мэдээлэл байдаг. Харин Я.Цэдэнбалын хувьд “Шижир голд майнинг” компанийн захирал, “Бид намирын эзэд” ТББ-ын тэргүүн гэдгээс өөр төр, захиргааны албанд нөлөөлөлгүй.
Түүнээс Өмнөговь сумын ИТХ-ын төлөөлөгч Х.Даваасүрэн нийт 33 сая төгрөгийн авлига авсан болон үүнээсээ худ ургийн холбоо хамааралтай нь тогтоогдсон Өмнөговь сумын Засаг дарга С.Өлзий нар тэргүүтэй нэр бүхий хүмүүст тодорхой тооны мөнгүүдийг шилжүүлсэн бөгөөд хийсэн ажлаа тайлагнахдаа голдуу нэр бүхий ТББ-уудтай уулзалт хийх нэрийдлээр мөнгө тараасан, баримтат кино хийх ажлын явц, УИХ-ын гишүүдэд бичиг хүргүүлсэн зэргээр илтгэсэн байдаг бөгөөд биелсэн эсэх нь тухайн этгээдүүдийн мэдүүлгээр нотлогдсон байдаг. Өөрөөр хэлбэл, төслийг ингэж гацаадаг аж.
Энд дурдагдсан сумын Засаг дарга асан С.Өлзий, Х.Давааням нарын хувьд Засаг дарга болохын тулд иргэн К-ийн гэрт очиж хутга барин дайрч зодолдон гэмтээснийхээ төлөө 40 тэрбум төгрөгийн тендер өгсөн, мөн ИТХ-ын төлөөлөгч Х.Даваасүрэн нь Засаг даргын орлогч Д.Давааням нар хамтран Я.Цэдэнбалд нөхөн сэргээлт хийх талбайн зөвшөөрөл гаргуулахын тулд мөн л орон нутгийн иргэд, “Холбоо” багийн иргэдийн гарын үсгийг цуглуулах, ИТХ-ын тэргүүлэгч нарыг архидуулан багийн ИТХ-ын тогтоол гаргуулах зэрэг дампуу ажилдаа гаршсан нь хуулийн байгууллагын шалгалтаар нотлогдсон юм билээ. Мөн Я.Цэдэнбалын дээр дурдсан нөхөн сэргээлтийн тендерийн ажид авсан асуудал олны анхаарлыг татаж хэл ам үүсч эхэлсэн учраас сумын ИТХ-ын тогтоол гаргуулахаар болжээ. Ингэхдээ нөхөн сэргээх гэрээ байгуулсан тохиолдолд Я.Цэдэнбалын суманд хөрөнгө оруулалт хийнэ гэж тохирсон мөнгөнөөс сумын ИТХ-ын төлөөлөгчдөд тараах, Засаг дарга С.Өлзийд өгөх гэж байсан 30 сая төгрөгийг 25 сая төгрөг болгох, ИТХ-ын төлөөлөгч Батчулуунд 10 сая төгрөг өгөхөөр Х.Даваасүрэнтэй тохиролцжээ. Харин Д.Давааням болон Х.Даваасүрэн нар нь өөрсдөө 100 сая төгрөг хувааж авах байсан ба орлогч Д.Давааням нь урьдчилгаа 10 сая төгрөгөө авчихсан байжээ. Энэ тухай жигшин зэвүүцмээр өчүүхэн ашиг сонирхлын бүх баримт нотолгоо, яллагдагчдын мэдүүлгээс харахад Шүүх тэдэнд ямар хариуцлага тооцох нь л маш сонин байна.
БНХАУ-ын ЭСЯ-нд захидал бичигч Д.Даваасүрэнг шалгах ёстой
Өмнөговь сумын ИТХ-ын дарга Д.Даваасүрэнгийн 2021 оны 11 дүгээр сарын 8-ны 4/01 тогтоол, тус сумын Улиаст багийн Засаг дарга Г.Цэдэнбалын 2021 оны12 дугаар сарын 6-ны 88 тоотоор БНХАУ-ын Элчин сайд руу илгээсэн захидал нь ямар зорилготой байсан, яагаад энэ ноцтой хэргийг хаах санал гаргаад байдаг талаар Үндэсний аюулгүй байдал хамааруулан тагнуулын байгууллага шалгах нь зүйтэй болов уу. Энд хоёр Даваасүрэн, хоёр Цэдэнбалын тухай яригддагийг анхаарна биз ээ. Багийн Засаг дарга Г.Цэдэнбал, “Шижир голд майнинг”-ийн захирал Я. Цэдэнбал. Мөн Өмнөговь сумын ИТХ-ын дарга Д.Даваасүрэн, ИТХ-ын төлөөлөгч Х.Даваасүрэн нар гэж бий.
БНХАУ-ын ЭСЯ руу захиа бичих тогтоол гаргасан Увс аймгийн Өмнөговь сумын ИТХ-ын дарга Д.Даваасүрэнгийн хувьд Увс аймгийн Өмнөговь сумын Засаг даргаар 2008-2012 онд ажиллах хугацаандаа БНХАУ-ын хөрөнгө оруулалттай “Юм агаа” ХХК-иас Төрийн банкин дахь хувийн дансаараа гурван сая төгрөгийн авлига авсан шилжүүлгийн баримт нь олдсон юм. Үүний хариуд тэрбээр албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж усны сан бүхий газарт энгийн хамгаалалтын бүс тогтоох тухай сумын Засаг даргын 012 дугаартай, хүчин төгөлдөр бус захирамж гаргаж, “Юм агаа” ХХК-ийн алт олборлох тусгай зөвшөөрөл бүхий газар нь урт нэртэй хуулийн үйлчлэлээс гаргаж өгсөн байдаг.
Иймэрхүү бага газраас их ашиг олж сурсан орон нутгийн удирдлагууд болон тэдэнд хариуцлага тооцохдоо тун алгуур ханддагаараа анхаарал татах болсон орон нутгийн шүүх байгууллага хэрхэн ажиллахад тагнуулын байгууллага онцгой анхаарал тавьж ажиллах шаардлагатай гэж үзэж байна. Учир нь Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын төсөл бол Хятадын ЭКСИМ /Экспорт-Импорт/ банк, Худалдааны яамнаас Төрийн зөвлөлөөр дэмжигдсэний дагуу тусгайлсан зээлийн хэлэлцээрийн дагуу хэрэгжих, улс орны аюулгүй байдалд маш чухал стратегийн ач холбогдолтой. Ийм чухал төсөлд хувийнхаа өчүүхэн эрх ашгийг улсын эрх ашгаас дээгүүрт тавьж, ашиг хонжоо олж байсан хүмүүс саад учруулж байсан нь нотлогдоод байхад хуулийн хариуцлага хүлээлгэж олон нийтэд үзүүлэх шаардлагатай. Тэгвэл дараа дараагийн томоохон төсөл хөтөлбөрүүдэд орон нутгийн удирдлагууд хувийн, сувьдаг сонирхлоор саад учруулбал төр хатуу хариуцлага тооцдог гэдгийг харж авлигаас жигшиж ажиллах нь лавтай.