УИХ-ын гишүүн, АН-ын “Нэг Монгол” хөдөлгөөний тэргүүн Н.Ганибалтай ярилцлаа.


- АН “Нэг Монгол” хөдөлгөөнтэй болжээ. Ард нь хэн байна вэ, ямар зорилгоор байгуулагдав гэцгээж байна. Ямар зорилготой байгуулагдсан хөдөлгөөн юм бэ?

-“Нэг Монгол” хөдөлгөөний зорилго бол АН-ын эв нэгдлийн төлөө юм. Манай нам өнгөрсөн 33 жилийн хугацаанд хоёр удаа сонгуульд ялж, олуулаа болж байлаа. Ингэхдээ нийгэм, эдийн засгийн тулгамдсан маш олон асуудлыг зоригтойгоор шийдвэрлэсэн. Гэсэн ч дараалан ялалт байгуулж, ард иргэд, олон нийтийн итгэлийг авч чаддаггүй нь намын эв нэгдлээс шалтгаалдаг. АН-ын ялагдлын гол шалтгаан нь дотоод эв нэгдэл сул байсантай холбоотой.

Өнгөрсөн гурван жилд намын даргын төлөөх таван удаагийн сунгаа болсон. Тэр болгонд АН-ын гишүүд, дэмжигч, ҮБХ-ны гишүүд хэдэнтээ хуваагдсан.Энэ бүх хуваагдал, талцлын эцэст ҮБХ-ны гишүүдийн олонхын саналаар Лу.Гантөмөр намын даргаар сонгогдон гарч ирж, таван тийшээ тарчихсан намаа нэг удирдлагатай болгож чадлаа. Дээд шүүхэд бүртгүүллээ. Намын тамга С.Эрдэнэд байсныг авлаа. Гэрчилгээ Х.Баттулгад байсныг мөн авч чадсан. “Нэг Монгол” хөдөлгөөн бол ардчиллын төлөөх үзэл баримтлал дээр нэгдсэн, нийтлэг эрх ашиг, эв нэгдлийн төлөөх хөдөлгөөн юм. Бид эв нэгдлийг уриалж байгаа.

-З.Энхболд нэгэнтээ “АН фракцгүй нам боллоо” гэж зарлаж байсан. Нам фракцгүй байх нь зөв үү, буруу юу?

-Фракц байх нь улс төрийн нам доторх эрүүл үзэгдэл.Үзэл бодол нэг, нийтлэг байр суурьтай хүмүүсийн нэгдэл байж, нам дотор өөрсдийн байр сууриа тодорхой илэрхийлдэг л байх хэрэгтэй. Түүнээс биш эрх ашиг, эрх мэдлийн төлөө нэг үеийнхэн, нутаг усныхан нийлж фракц байгуулах нь буруу юм. 

- АН-ын дүрэм ёсоор анхан, дунд шатны байгууллагаасаа өрсөлдөн гарч ирсэн хүмүүсийг УИХ-д нэр дэвшүүлэхээр явуулж, ҮБХ нь баталдаг. Тэгтэл намын дарга нь хэдэн фракциудын удирдлагыг өрөөндөө дуудаж уулзан тохироод л нэр дэвших хүмүүсийн нэрсийг ҮБХ-ны хурал дээрээ шууд уншиж байсан тохиолдол бий...

-Өнгөрсөн он жилүүдэд АН-д улс төрийн шийдэл, тохиролцоо хийхээс аргагүй үе бас байсан. АН шинэчлэгдэхдээ таван намын нэгдэлд суурилсан түүхтэй. Тиймээс нам удирдаж байсан хүмүүс тодорхой хэмжээнд хүчний харьцааны балансыг барих шаардлага байсан байхыг үгүйсгэхгүй. Гэхдээ дээгүүрээ тохиролцоод анхан болон дунд шатандаа асуудлыг шийдвэрлэхгүй, намын гишүүдийнхээ дуу хоолойг сонсолгүй шийдвэр гаргаж ирсэн нь манай намыг ялагдал руу хөтөлж байсныг харуулж байна. Нэр дэвшигч аймаг, орон нутаг, дүүргийн намынхаа гишүүд дэмжигчдийн итгэлийг даах хэмжээний хүн биш бол ялж чадахгүйг 2016, 2020 оны сонгуулийн үр дүн харуулсан. Хэрвээ Лу.Гантөмөр дарга маань ирэх сонгуульд өмнөх алдааг давтвал эргээд ялагдана л гэсэн үг. Өнгөрсөн алдаануудаа давтахгүй байх нь манай хөдөлгөөний гол зорилгын нэг юм.

-Яагаад хөдөлгөөндөө “Нэг Монгол” гэсэн нэр өгсөн юм бэ? Урд хөршийн Нэг Хятад бодлого, хойд хөршийн Нэгдсэн Орос намыг дуурайлаа гэх шүүмж нэлээд явлаа. Зарим нь хойд хөршийн захиалга ч гэж хардаж байна...

-Нэрний хувьд олуулаа бодож байж өргөн утгаар нь өгсөн. Манай улс олон намын тогтолцоотой. Гэвч Монгол гэсэн нэг нэрийн дор тусгаар тогтнол, хөгжил дэвшлийнхээ төлөө бүгд нэг зүгт харж чаддаг, энэ асуудал дээрээ л бодлогоо уралдуулдаг байх ёстой гэсэн утга багтаж байгаа юм. “Нэг Монгол” хөдөлгөөнд үндэснийхээ бахархал, өв соёлыг тээж явах ёстой гэсэн үзэл санаа бас бий. Томоор харвал монголчууд бид бүхэн эх орныхоо төлөө нэг бодол сэтгэлтэй явах агуулга юм.

УЛС ТӨРД ХЭН НЭГЭН ЭЗЭН СУУДАГГҮЙ

-Энэ хөдөлгөөнд экс Ерөнхийлөгч Х.Баттулгын хүмүүс нэгдсэн юм биш үү. Үүнээс болоод ч тэр үү Оросын захиалгаар байгуулагдсан гэсэн хардлага хүчтэй байх шиг. Танай хөдөлгөөнд Ерөнхийлөгч асан Х.Баттулга ямар хамааралтай байгаа вэ?

-Х.Баттулгын хүн гэж хэнийг хэлээд байгааг би мэдэхгүй юм. Бидний хувьд УИХ-ын гишүүд, ҮБХ-ны гишүүдээс анх санаачилгыг гаргаж хөдөлгөөн байгуулсан. Тэдгээр хүмүүс ч ялгаагүй Х.Баттулгаас илүү намаа удирдаад, аваад явах хэмжээнд төлөвшсөн, туршлага чадамжаараа улс төрийн эрийн цээнд хүрсэн хүмүүс. Хэн нэгэн хүний ард нуугдсан, сүүдэр дунд байх асуудал байхгүй гэдгийг хатуу хэлье. Манай хөдөлгөөнд нэгдсэн хүмүүсийн ихэнх нь ямарваа нэгэн фракц, клубт хамааралгүй, өөрсдийнхөө итгэл үнэмшлээр яваа.

-Ингэхэд таныг яагаад экс Ерөнхийлөгч Х.Баттулгын хүн гэж нэр холбоод байдаг юм?

-Намайг Хүнс, хөдөө аж ахуйн яаманд газрын даргаар ажиллаж байхад тухайн үеийн салбарын сайд Х.Баттулга байсан. Энэ агуулгаар л холбодог байх. 

-Ерөнхийлөгч Х.Баттулгын үед АН-ын гишүүд Сүхбаатарын талбайд өлсгөлөн зарласан акцыг тэр хүний санаачилгаар хийлээ гэлцсэн. Таныг тэнд байсан болохоор хардах шалтгааны нэг болсон байх...

-Ерөнхийлөгч Х.Баттулгын санаачилсан өлсгөлөн биш л дээ. Тухайн үед АН дотроо хоёр хуваагдсан, Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихээр хоёр ч хүн тодорсон байсан. Манай нам Ерөнхий сайд асан Норовын Алтанхуягийг Ерөнхийлөгчид нэр дэвшүүлэх ёстой гэж үзсэн ч түүнийг нэр дэвшүүлэхгүй байсан шалтгаанаар өлсгөлөн зарласан. Цаад агуулга нь О.Цогтгэрэлд байсан намын тамга хүчин төгөлдөр, С.Эрдэнэд байгаа тамга хүчин төгөлдөр бус гэсэн шууд утгатай байсан. 

-Талбай дээр та нарыг өлсгөлөн зарлахад Ерөнхийлөгч байсан Х.Баттулга гүйж очсон биз дээ. Чухам яагаад тэгэж очив?

-Тухайн үед Монгол Улсын Ерөнхийлөгч улс төрийн намуудын эв нэгдлийг хангуулах зорилгоор очсон гэж ойлгодог. Монгол Улс парламентын засаглалтай улс орон шүү дээ. УИХ дахь АН-ын бүлгийн хувьд өөрсдөө шийдвэр гаргах эрхтэй. Түүнээс биш хэн нэгний үгээр шийдвэр гаргадаг асуудал огт байхгүй. 


МОНГОЛ УЛС ӨӨРСДИЙН ШИЙДВЭРИЙГ ХЭНЭЭС Ч ҮЛ ХАМААРАН ГАРГАДАГ, БИЕ ДААСАН БОДЛОГОТОЙ,
ТУСГААР УЛС ГЭДЭГ ДЭЭР АН ХАТУУ БАЙР СУУРЬ БАРЬДАГ НАМ ЮМ ШҮҮ


-Та бүгдийн байгуулсан “Нэг Монгол” хөдөлгөөн Оросын захиалгагүй, Х.Баттулгатай хамааралгүй гэдгээ олон нийтэд хэрхэн батлах юм?

-Бидний үйл ажиллагаа аандаа харуулна. Цаг хугацаа харуулна. АН эв нэгдэлтэй байх нь магадгүй оросуудын дургүйг хүргэж мэдэх юм. АН баруун төвийн үзэл баримтлалтай. Орос орныг бусдын газар нутаг руу түрэмгийлэн дайн хийж байгааг ч буруутгадаг. Улс төрийн намууд дотроос АН дайныг эсэргүүцэж, албан ёсны мэдэгдэл гаргаж байсныг та санаж байгаа биз ээ. 

Монгол Улс өөрсдийн шийдвэрийг хэнээс ч үл хамааран гаргадаг, тусгаар бие даасан бодлоготой гэдэг дээр АН хатуу байр суурь барьдаг нам юм шүү. Кремлиэс 70 жил удирдаж ирснийг ардчиллынхан анх эсэргүүцсэн. Энэ залгамж халааг өнөөдөр хүртэл баримталж байгаа. Үүнд АН-ын мянга, мянган гишүүд хатуу байр суурьтай хандсаар ч ирсэн.

- Ц.Элбэгдорж дараа үеийнхэндээ зайгаа тавьж байгаагаа илэрхийлсэн. Танай нам, эрх барьж байгаа намын насны байдлыг харахад хол зөрөх боллоо.Залуу үеэ энэ удаа хэр дэмжих вэ?

-АН-ынханд хэн нэгний хүн гэсэн шошго наадаг. Нам дотор эв нэгдэлгүй байсаар сүүлийн гурван жилд бүр хэтэрлээ. Хэн нэгэн хүн өөрийн үзэл бодлоо илэрхийлэхээр тэрний хүн, энэний хүн гэчихдэг.Олон жил өндөр алба хашсан манай намын хуучны лидерүүд ч зөвхөн өөрсдөө л улс төрийн тавцанд байх ёстой гэх хүсэл нь алга болохгүй, залуучуудаа хэн нэгэнтэй хамаатуулаад байдаг тал бий. Харин ч манай намд олон шилдэг залуус байгаа. Манай хөдөлгөөний нэг чухал зорилго бол залуусаа улс төрд дэмжих.

Намын дотоод хэрүүл урт хугацаанд үргэлжиллээ. Ах нараар дуусгавар болоосой. Харамсалтай энэ он жилүүдэд хүмүүсийн бие биедээ итгэх итгэл алдагдсаар ирсэн. Нэгнийхээ сайн талыг олж харж чадахаа байсан. Эвлэлдэн нэгдэх чадвараа ах нар маань гээчихлээ. Одоо ийм хүмүүсийн хэн нь ч улс төр рүү орж ирж болохгүй. Тэгж байж АН зөв зам руугаа явна.

-Энэ дотор Х.Баттулга ч гэсэн багтаж байгаа юу?

-Тухайн үед Ерөнхийлөгч байсан Х.Баттулга нэр дэвшилтийн асуудалд оролцож, сул хүмүүсийг сонгуульд нэр дэвшүүлсэн нь үнэн бол 2020 оны улс төрийн ялагдалд хариуцлага үүрэх ёстой хүмүүсийн нэг мөн. Тэр үед намын дарга байсан С.Эрдэнэ ихэнх шийдвэрийг гаргаж байсныг бүгд мэдэж байгаа. Бодлогын алдаанууд гаргасан учраас ард түмэн манай намд олонхын санал өгөөгүй. Нэр дэвшилтэд шударга бусаар оролцсон тухайн үеийн фракцийн лидерүүд ч хариуцлага хүлээх ёстой.

-Н.Ганибал гэдэг хүн нэр дэвших эрхээ хэрхэн олж авсан бэ. Тухайн үед танай намын ах нарын дэмжлэг нэр дэвшилтэд нөлөөлдөг байсан. Экс Ерөнхийлөгч ч гэсэн зарим хүнийг нэр дэвшихэд дэмжлэг үзүүлж нэр дэвшүүлж байсан нь үнэн биз дээ?

-Сүхбаатар аймгаас Ж.Батсуурь бид хоёр хамтдаа нэр дэвшсэн. Манай Ж.Батсуурь Сүхбаатар аймгийн АН-ыг 24 наснаасаа эхлэн удирдаж, зургаан удаа ялалт байгуулж, хоёр удаа аймгийн Засаг дарга хийсэн, хэдийнээ хүлээн зөвшөөрөгдсөн лидер. Миний хувьд Сүхбаатар аймгийн АН-ын Хэрэг эрхлэх газрын даргаар ажиллаж байсан. Сүхбаатарын АН зохион байгуулалт сайтай, ардчилсан зарчмыг баримталж ажилладаг. Аймгийн намын хорооноос Батсуурь бид хоёрыг УИХ-д нэр дэвших боломжтой гэж дэмжиж гаргаж ирсэн. Түүнээс биш хэн нэгэн нэр дэвшүүлэх гэж дэмжээд байсан юм байхгүй. Дэвшүүлээд өгөөч гэж хэн нэгнээс гуйгаад гүйсэн юм ч байхгүй. Бид хамтдаа нэг зорилгын төлөө нэгдэж, зүтгэж ажилласан учраас Сүхбаатар аймаг цэнхэр тойрог болж, АН-аас дэвшсэн нэр дэвшигчид бүрэн ялалт байгуулсан цорын ганц аймаг болсон.


НАМЫН ДАРГАА СОЛИХ ТУХАЙ ЯРИХ Л ЮМ БОЛ ЭНЭ НАМ 2024 ОНД
АМЖИЛТ ГАРГАХГҮЙ БАЙХ МАГАДЛАЛТАЙ

-Намаа эвтэй байлгая гэх үүднээс хөдөлгөөн байгуулсан гэж Таны тайлбараас ойлголоо. Намын дарга Лу.Гантөмөрийг намын даргаас нь авч хаяъя гэсэн мессэж хаанаас яваад байгаа юм бэ?

-АН эв нэгдэлтэй болж, сая нэг даргатай болж, нийгэмд байр сууриа илэрхийлээд эхлэхээр намын дэмжигчид улам идэвхжсэн. Судалгаагаар намын нэр хүнд өссөн байна лээ. Тэгэнгүүт МАН бусдыг харлуулж, өөрсдийнхөө орон зайг бий болгодог зуршлаараа манай намын дарга руу чиглүүлсэн улс төрийн илэрхий гүтгэлгүүд хийсэн. Тодорхой хэмжээнд Засгийн газарт ажиллаж байсан, УИХ-д гурвантаа сонгогдсон лидерийн хувьд тухайн үеийн хууль тогтоомжид нийцүүлэн ажиллаж байсан үйдлийг хууль бус гэж олон нийтэд гүтгэлэг байдлаар зарласан. Үүн дээр нь өөр санаархал бүхий бусад нөхдийн зүгээс Лу.Гантөмөр рүү чулуу нүүлгэсэн л дээ. Бид сонгосон нэг даргатай. Гармандээр морио солихгүй. Өнөөгийн АН-ын лидерийн нэг Лу.Гантөмөр мөн. Намаа цааш нь удирдаж улс төрийнхөө сонгуульд орох зайлшгүй шаардлага байна. Одоо намын даргаа солих тухай ярих л юм бол энэ нам эргээд хагарах тухай яригдана. Лу.Гантөмөр бол бодлогоо зангидаж, намын болоод улс орны эрх ашгийг эн түрүүнд тавьж удирдаад явах бүрэн боломжтой лидер. 

-Таныг “Нэг Монгол” хөдөлгөөний тэргүүнээр нь яагаад тавьсан юм бол?

-Хөдөлгөөн байгуулах санаачилгыг анх УИХ дахь АН-ын хэсэг гишүүдийн хамт гаргасан. Тэд надад итгэл хүлээлгэж тэргүүнээр сонгосон. 

-Улс төрийн намуудын тухай хууль, Сонгуулийн тухай хууль гээд олны анхаарал татсан хуулийг хэлэлцэж байна. Батлах гэж байгаа хууль дээр ямар байр суурьтай байна вэ?

-Манай намын бүлгийн гишүүд сонгуулийн болон улс төрийн намын тухай хуулиудад маш анхааралтайгаар санаачилгатай оролцолж байна. Намын улс төрийн туршлагатай улс төрчид болон улс төр судалдаг гишүүдийг багтаасан ажлын хэсэг байгуулан ажиллаж байна. Ажлын хэсгээс гарсан бүхий л саналыг хуулийн төслүүдэд тусгуулан ажиллаж байгаа. Тухайлбал, сая батлагдсан Сонгуулийн тухай хуульд АН-ын тодорхой саналууд тусгагдсан. Ганц нэг асуудалд эрх баригч нам хүч түрэн баталсан тал бий. Манай намын зүгээс эмэгтэйчүүдийн квотыг 40 хувь болгох санал оруулсан ч 30 хувиар хүч түрэн баталсан.

АН-аас сонгуулийн холимог тогтолцоог олон жил ярьсан. Мажоритор тогтолцооны сул тал нь сонгогчдын саналын багагүй хувь гээгдэж, дов жалганы үзэл газар авч, парламентад сонгогдсон гишүүд тухайн тойрогтоо таарсан популист амлалт өгсөн мөрийн хөтөлбөр дэвшүүлдэг. Ингэхээр улс орны асуудлыг томоор шийдэх бодлогын шийдвэр гаргахад хүндрэл учирдаг. Нэн ялангуяа төсөв хуваарилахад тойргийн төсөв болж хувирдаг. Үүнээс гарах зорилгоор сонгуулийн тогтолцоог холимог болгоход АН хатуу байр сууриа хадгалж, батлуулж чадсан. Мөн АН-аас сонгуулийг луйваргүй явуулах хэд хэдэн заалт оруулсан. Сонгуулийн тухай хууль харьцангуй талуудын байр суурийг шингээсэн хууль болж чадсан.

-Эрх барьж байгаа нам дараалан ялсан. Бүх шатны сонгуульд олонх байгаа намд жижиг намуудад байр сууриа илэрхийлэхэд хүнд нөхцлүүд байгаа. Намууд эрх баригчдын тоглолтоор яваад байна гэх хардлагууд иргэдийн дунд байдаг. Хүчтэй сөрөг хүчин байхгүй байна ч гэдэг. АН яагаад хүчтэй сөрөг хүчин байж чадахгүй байна вэ?

-Өнгөрсөн цаг хугацаанд хэд хэдэн хүчин зүйл нөлөөлсөн. Ковидын цаг хугацаанд чуулганы үйл ажиллагаа болон олон нийтийг тайван амгалан байлгах, нийгмийн сэтгэл зүй тайван байж өвчнийг даван туулах шаардлага байсан. Хоёрдугаарт, АН- эв нэгдэлгүй, тамгаа булаацалдах үеэр УИХ дахь АН-ын бүлэг рүү чиглэсэн зорилтот гэмээр дайралтууд их явсан. Нам доторх хоёр тал болж хагарсан хэсэг нь УИХ дахь АН-ын бүлгийг буруутгах, хагарлын орон зайгаа гишүүдэд нялзаах болсон. Энэ нь нэг талаар АН-ын бүлгийн гишүүдийг хүчгүй харагдуулсан байх.

-Сонгуулийн хуульд жагсаалтыг ямар байдлаар эрэмбэлж явуулах нь зөв юм бэ?

-Жагсаалт бол намын эрх бүхий удирдлагын эрх хэмжээнд шийдвэрлэх асуудал. Манай намын хувьд намын дарга саналаа оруулж, ҮБХ-ны гишүүдээрээ хэлэлцүүлж батлуулдаг дүрэмтэй. Улс төрийн нам ялахын тулд олон нийтэд жагсаалтад оруулсан хүмүүсээ зарлана. Тэр жагсаалтад муу нэртэй, луу данстай хүмүүсийн нэрсийг оруулвал тухайн нам санал авч чадахгүй, ялахгүй шүү дээ. Иймд жагсаалтад олон нийтийн саналыг авах тэр л хүмүүсээ оруулах нь зүйтэй.

-АН-д суудал авчрах боловсон хүчин хэр байна вэ? Түүн дотроо нэр дэвших боломжтой эмэгтэйчүүд байгаа юм уу?

-Өндөр боловсролтой, нийгэмд байр сууриа эзэлсэн мянга мянган гишүүд АН-д бий. Боловсон хүчин гэхээрээ ялсан намын, хэн нэгний найз нөхөд, крандуулсан, олон нийтэд олонтаа харагдсан хүнийг хэлэхгүй. МАН эрх барьж ирсний хувьд эмэгтэйчүүд төдийгүй улстөрчид нь илүү олон нийтэд танигдсан мэтээр эндүүрч ойлгоод байгаа тал бий. Манай намын эмэгтэйчүүд МАН-ын эмэгтэйчүүдээс илүү их санал авах боломжтой. Түүнчлэн нийгэмд хийж буй ажлаараа салбар салбартаа тэргүүлж буй, эх орноо гэсэн зүрх сэтгэлтэй, ардчилсан үзэл санаатай хүмүүс манай намаас нэр дэвших боломж бий.

САНГУУДЫН АСУУДЛЫГ СҮҮЛИЙН ДОЛООН ЖИЛ ТАГ ДАРЖ БАЙГААД
ОДОО ГАРГАН ИРЖ БАЙГАА НЬ ЭРХ БАРИГЧ НАРЫН ЭЭЛЖИТ “ШОУ” ЮМ

-Олны анхаарал татаад буй сангуудын асуудал эхнээсээ ил болж байна. БЗС-д АН-ын даргын нэр ч холбогдлоо. Та хөдөө аж ахуйн салбарт ажиллаж байсан. Энэ салбарт ТЭДС, ЖДҮДС гэх мэт сангууд дээр тухайн үед олон хүн шалгагдаж байсан. Зээлийн сангийн асуудал дээр байр сууриа илэрхийлээч?

-Манай улсад сангуудын хувьд үүргээ гүйцэтгэсэн нь ч байгаа, үйл ажиллагаа нь доголдсон нь ч байгаа. Эхнээсээ сангуудын булхай ил гарсаар байна. ЖДҮ сангаас УИХ-ын гишүүд нь банкны барьцаагүйгээр хамаарал бүхий хүмүүс зээл авсан байсан. МАН-ын олон гишүүд үүнд холбогдсоныг олон нийт мартаагүй. Боловсролын зээлд эрх баригч нам өөрсдөө нэр их холбогдсон. Тэгтэл манай намын дарга дээр МАН-ын тролл баг Лу.Гантөмөр гэдэг хүнийг харлуулахаар бүхэл бүтэн арми ажиллалаа. Тухайн салбарыг удирдаж буй сайд нь аливаа шийдвэрийг гаргана. Шийдвэр нь хууль, журмын дагуу байвал энэ нь хууль бус биш.

-Зээл авсан хүн болгоныг буруутган үзэх хандлага бас явсан.

-Төсвийн мөнгөөр зарцуулж буй бүхий л үйл ажиллагаа олон нийтэд ил тод шилэн байх ёстой гэсэн хуультай. 2015 онд АН Шилэн дансны тухай хуулийг баталсан. Төрийн бүхий л үйл ажиллагаа олон нийтийн өмнө ил тод байх ёстой. Харамсалтай нь сүүлийн долоон жил сангуудын асуудлыг таг дарж байгаад одоо гарган ирж байгаа нь эрх баригчдын ээлжит “шоу” юм. МАН-ын төр барьж байсан хоёр ч ЗГ яагаад тухайн үед ил гаргаж тавиагүй юм. Одоо ил болгож байгаа нь нэг талаар сайшаалтай ч үүний ард яагаад одоо гаргаж байгаа юм бэ гэдэг асуулт бас бий.

БЗС-гаас авсан хүмүүст журмын дагуу авсан ч гэсэн энэ шахалтаас болж төлбөрөө төлцгөөж байна. Зээлийн санг ЭЕШ-ын шалгалт өгч буй энэ үед тэдэнд нээлттэй хандах эрх зүй нээгдсэн үү. Яриад л байна. Яг энэ цаг хугацаанд өнгөрсөн хугацаанд гарсан алдааг хэрхэн засч залруулж, ямар шийдэл гаргасан бэ гэдэг нь тодорхойгүй хэвээр байна. Үнэхээр асуудлыг хөндсөн бол түмний хүүхдэд тэр боломжийг олгох шийдлүүд нь ил тод байх ёстой. Асуудлыг буруутган муулах болохоороо бүх хүний тархинд хүртэл пропаганда хийж чадаж байгаа шигээ зээлийн сангийн үйл ажиллагааг олон нийтэд ил болгох шаардлагатай. Ямар шалгуураар яаж тодруулж байгаа тухай мэдээлэл нь нээлттэй байх ёстой.

-Хэдийгээр цөөнхийн гишүүн ч гэлээ та өнөөгийн ЗГ-аас явуулж буй үйл ажиллагаа, цаашлаад авлигатай тэмцэж байгааг юу гэж харж байна?

- Хийх ёстой л ажил. Гэхдээ баахан хулгайч буруутныг гаргаж ирээд ард түмний тархийг мэдээллээр цутгах болсон. Хэн нэгнийг яллаж буруутгах нь Засгийн газрын бодлого, хийх ажил биш. Хуулийн байгууллагын ажил. Харин гэнэтийн цочирдом мэдээллээр ард түмний ходоодыг хооллож хэзээ ч чадахгүй, эдийн засгийн зөв бодлогоор л ард иргэдээ удирдах ёстой. Эрх баригчдын хэрэгжүүлж буй эдийн засгийн бодлого буруу яваад байна. Өнгөн талд нь “эмчилж” буй дүр эсгэж, цаад углуургаар нь идээ бээрийг ухаж гаргахгүй байна. Магадгүй өнгөрсөн 33 жилийн идээ бээрийг шахаж байгаа нь зөв зүйтэй харагдаж байгаа ч МАН дийлэнх хугацаанд эрх барьж, ямар бодлогуудыг хэрэгжүүлснийг бүгд мэдэж байгаа. Монгол Улсын нийгэм, эдийн засгийг сайжруулах, нийгмийн, хүний эрхийн асуудал гэх мэт бодлогын ажлууд ард нь хөсөр хаягдаж байна.

- АН сонгуульд ялалт байгуулж, эрх барихаар болбол эдгээр орхигдсон асуудлуудыг ямар бодлогоор хэрхэн засаж залруулах юм бэ?

- АН эдийн засгийн эрх чөлөө, хувийн өмчийг хамгаалах, чөлөөт зах зээлийг дэмжих, эдийн засаг дахь төрийн оролцоог хязгаарлах, багасгахын төлөө бодлогоо чиглүүлнэ. Хоёрдугаарт, хүний эрхийн асуудал байна. Өнөөдөр үг хэлж, үзэл бодлоо илэрхийлсэн хүмүүсийг шүүхийн шийдвэргүйгээр барьж хорьж байна. Манай нам хүний эрхийг мөнхөд хамгаална. Хүн заяагдмал эрхээ эдлэх ёстой. 

Төрийн оролцоо их байх тусам тэнд хулгай, дарангуйлал тогтдог нь жам. Энэ олон төрийн өмчит компаниудыг олон нийтийн хяналтад оруулах, ашиггүй ажиллаж байгааг нь татан буулгах, хувийн хэвшлийнхэн хийж чадаж буй аливаа ажлаас төр савраа татах хэрэгтэй. Төр хувийн хэвшилтэй хэзээ ч өрсөлдөж болохгүй. АН л үүнийг өөрчилж чадна. 

МАН шинэчлэлт, өөрчлөлт, сайжруулсан бодлогыг оруулж ирэхээсээ үргэлж эмээдэг. Шинэчлэлтээс үүдэн гарах олон нийтийн шүүмжээс айж аргацаасан шинжтэй бодлого хэрэгжүүлдэг. Харин АН Монгол Улсын эдийн засгийг зөв гольдролд нь оруулахыг эрмэлзэж зоримог шийдвэр гаргаж ирсэн. АН бүрэн ардчиллын төлөө, Монголын нийгэм, эдийн засгийг хэрхэн сайжруулах вэ гэдэг асуудлыг зоригтойгоор гаргаж тавьж, түүнийгээ хэрэгжүүлдэг улс төрийн нам байсаар ирсэн. Бүрэн ардчилал гэдэг нь шударга бүх нийтийн сонгууль, хараат бус шүүх засаглал, Засгийн газрын нээлттэй бодлого, цөөнхийн болон эмзэг бүлгийн иргэдийн эрхийг хамгаалах, иргэний эрх, эрх чөлөөг хамгаалсан тогтолцоог бий болгоно гэж үздэг. Цаашид ч энэ бодлого тасралтгүй үргэлжлэх болно.