МАН-ын 100 жилийн ойд зориулав.


НАМЫН ШИНЭЧЛЭЛТИЙН ТҮҮХЭН ХУУДСЫГ СӨХӨХҮЙ – 2

Ардчилал, зах зээлийн хөгжлийн 30 жилийн хугацаанд монголчууд бид шинэ тутам олон асуудалтай нүүр тулж, нэгэн дуунд гардаг шиг “мэдэж нэг”, “мэдэхгүй ч нэг” байгаа юм шиг, монгол цөлх ухаанаараа голдуу сонголт хийх замаар ололттой, алдаатай, ээдрээтэйхэн замыг туулж өнөөг хүрчээ. Гэхдээ өнөөг хүртэл бидэнд алдснаасаа оносон нь арай илүүтэй байсан гэж би боддог.

Ардчилсан тогтолцооны нөхцөл дэх улс төрийн сонгууль гэдэг асуудал руу ч гэсэн иргэд, сонгогчид байтугай, улс төрийн намууд, эрдэмтэн судлаач бид бүхэн тоймтой, тогтсон мэдлэг, ойлголтгүй орсон боловч, хэл амтай ч гэсэн улс төрийн сонгуулиа олон улсад хүлээн зөвшөөрөгдөх хэмжээнд явуулсаар ирсэн.


Сонгуулийн холимог тогтолцоо ба Монгол

Одоо бодоход миний бие намын нөхдийн хамт улс төрийн олон ч сонгуулийн ард гарчээ. Хуулийн дагуу намаасаа түтгэлзэхэд хүрсэн 2009 оныг хүртэл журмын нөхдийн хамт УИХ-ын тав, Монгол Улсын Ерөнхийлөгчийн дөрөв, нийт 11 сонгуулийн кампанийг зохион байгуулах ажилд гар бие оролцжээ. 

1992 оноос өнөөг хүртэлх Монгол оронд зохион байгуулагдсан парламентын сонгуулиудаар сонгуулийн тогтолцоо хэд хэд солигдож, түүнээс хамаараад сонгуулийг удирдах менежмент, арга барил ч тухай бүрт өөрчлөгдөж ирсэн. Энэ хугацаанд сонгуулийн сурталчилгаа, санал хураалт хэрхэн мөнгөжиж, авилгажсан, санал хулгайлах арга заль хэрхэн улам боловсронгуй болж нарийссан, сурталчилгааны арга хэрэгсэл нь хэрхэн бохир, заваан болсон талаар ч ажиглаж мэдсэн, судалсан зүйл багагүй хуримтлуулжээ. 

Сонгуулийн тогтолцоог олонхийн (plurality/majority) болон хувь тэнцүүлэх (proportional-PR) гэж хоёр хуваадгыг бид одоо сайн мэддэг болсон. Улс орнууд энэ хоёр тогтолцооны өөрт тохирсон аль нэг хувилбар, эсхүл хоёуланг нь хослуулсан холимог (mixed) хувилбарыг хэрэглэдгийг ч одоо бид мэднэ. Тогтолцоо тус бүртээ дотроо өөрийн олон хувилбартай. Ер нь бол сонгуулийн аль ч тогтолцоо аль нэг улсад 100 хувь тохирно гэсэн ойлголт байдаггүй. Сонгуулийн тогтолцоо бүхэн өөрийн гэсэн давуу болон сул талуудтай гэдгийг монголчууд бараг бүгдээрээ өнгөрсөн хугацааны УИХ-ын 8 удаагийн сонгуулийн туршлагаасаа сайн мэддэг болсон. 

Улс төрийн намуудын хувьд 1992 оноос хойш сонгуулийн ямар тогтолцооны давуу талыг яаж ашиглах вэ? Сул талыг яаж тэнцвэртэй байлгах вэ? Аль тогтолцоог сонгуульд хэрэглэх вэ? гэсэн асуудал улс төрийн бодлогынх нь гол зангилаа асуудлын нэг байсаар ирсэн. 

Энэ бүхнийг бичиж байгаа нь улс төрийн сонгуулийн талаар би хэн бүхнээс илүүтэй мэддэг гэсэн үг биш гэдгийг юуны түрүүнд хэлмээр байна. Монголчууд бид сүүлийн 30 жилийн турш шинэ нийгэмд хийж буй шинэ алхам бүртээ шинээр суралцаж, хамтдаа урагшлан хөгжиж, алдаж, онож яваа. Үүнтэй адил улс төрийн амьдралд миний олж мэдэж, суралцсан өчүүхэн мэдлэгийн нэг хэсэг нь сонгуулийн тогтолцооны асуудал учраас л хуваалцах гэсэн юм.

Парламентын сонгуулийн тогтолцооны талаар шинэ мэдлэг олж авснаас хойш би хувьдаа холимог тогтолцоо Монголд илүү тохиромжтой гэж үзэх болсон хүн. Холимог тогтолцоо нь улс төрийн нам, бие даагчдын оролцоо, төлөөллийг тодорхой хэмжээнд хувь тэнцүүхэн барьж өгдөг давуу талтай гэж улс төр судлаачид ярьдаг. Тиймээс сонгуулийг 50:50 хувийн харьцаатай буюу 38-ыг пропорционал, 38-ыг нь мажоритараар зохион байгуулбал Монголд илүү зохистой санагддаг. Ингэж байж хэмээн нь эрх баригчид хяналттай болж, хүчтэй сөрөг хүчинд ажлаа илүү сайн хийх боломжийг олгоно. Улс төрийн хоёр том намаас гадна гуравдагч хүчний орон зайг ч бий болгож чадна гэж ойлгодог.

Монголчуудад холимог тогтолцоо гэдгийг танилцуулсан түүхэн анхдагч сонгууль бол 1990 оны 7 дугаар сарын 29-ний Ням гаригт явагдсан БНМАУ-ын Ардын Их Хурлын депутатуудын 12 дахь удаагийн сонгууль гэж хэлж болно. 

Энэхүү сонгууль Ардын Их Хурал, Улсын Бага Хурал гэсэн 2 Танхим бүхий Парламентыг сонгосон. АИХ-ын депутатуудыг 1 мандат бүхий 430 тойргоос буюу мажоритар тогтолцоогоор, Монгол Улсын байнгын ажиллагаатай анхны парламент болох Улсын Бага Хурлыг улс төрийн намуудын төлөө өгсөн санал буюу пропорциональ тогтолцоогоор явагдсан. Ийнхүү монголчууд парламентаа сонгохдоо холимог тогтолцоог анх удаа хэрэглэсэн түүхтэй.

Сонгуулийн дүнд АИХ-ын депутатын 357 буюу 84.6 хувь нь МАХН, 16 буюу 3.8 хувь нь МоАН, 6 буюу 1.4 хувь МҮДН, 4 буюу 1 хувь нь МСДН-ын гишүүд, нам бус 39 депутат сонгогдсон байдаг. Мөн сонгогчид намуудын төлөө санал өгөхөд МАХН-д нийт сонгогчдын 61.74 хувь, МҮДН-д 5.95 хувь, МоАН-д 24.33 хувь, МСДН-д 5.52 хувь, МНН-д 1.24 хувь, МЧХН-д 1.22 хувь нь санал өгчээ. Намуудын авсан санал хувиар Улсын Бага Хурлын бүрэлдэхүүнийг тогтоож, Улсын Бага Хурлын гишүүнээр МАХН-аас 33, Монголын Ардчилсан Намаас 13, Монголын Социал Демократ Намаас 4, Монголын Үндэсний Дэвшлийн Намаас 3 хүн сонгогдож ажилласан.

1990 оны сонгууль өмнө явагдаж байсан АИХ-ын сонгуулиудаас агуулгын хувьд тэс өөр, олон намын өрсөлдөөний нөхцөлд, олон нэр дэвшигчидтэйгээр, шинэ агуулга хэлбэрээр, ардчилсан зарчмын дагуу явагдсан анхны чөлөөт, ардчилсан сонгууль байсан гэж үздэг. 

Харин шинэ парламентын түүхэнд УИХ-ын 2012 оны сонгууль холимог тогтолцоогоор явагдсан анхны сонгууль болсон. Мажоритар тогтолцоогоор 48, пропорционал тогтолцоогоор 28 суудал бүхий сонгуулийн хосолсон тогтолцоотойгоор энэ удаагийн сонгуулийг зохион байгуулсан. Сонгуулийн дүнд УИХ-ын гишүүнээр АН-аас 34, МАН-аас 26, ИЗНН-аас 2, “МАХН-МҮАН-ын Шударга ёс эвсэл”-ээс 11, Бие даан нэр дэвшигч 3 хүн УИХ-ын гишүүнээр сонгогдсон байдаг. Ардчилсан нам ийнхүү олонхи суудал авч, 24 суудалтай сөрөг хүчин гарч ирж, гуравдагч хүчин буюу “Шударга ёс “ эвсэл бүлэг байгуулах эрхтэй болсон нь холимог тогтолцооны үр дүн байсныг өнөөдөр хэн ч үгүйсгэж чадахгүй. 

Харамсалтай нь УИХ-д олонхи байсан АН-ынхан өөрсдөө энэ хувилбараасаа ухарч, 2016 онд мажоритор хувилбарыг яаруу сандруу сонгосон нь өнөөг хүртэлх хоёр удаагийн цуврал ялагдлынх нь үндсэн шалтгааны нэг болсон болов уу.

Тиймээс сонгуулийн тогтолцоог цаашид боловсронгуй болгохдоо улс төрийн намууд олон талын судалгаа шинжилгээ хийж, асуудалд шинжлэх ухааны үндэслэлтэй хандаж байгаасай. 

МАН ба 1996 сонгуулийн тогтолцоо

Энэхүү түүх сөхсөн нийтлэлдээ 1996 онд сонгуулийн тогтолцооны өөрчлөлтийг МАХН хэрхэн хийсэн тухай түүхэн, бодит үйл явдлыг эргэн нэг сануулахыг зорив. УИХ-ын 1996 оны сонгуульд 52:24 гэсэн холимог тогтолцоог ашиглах саналыг “Шинэ үе” жигүүрийн зүгээс намынхаа Удирдах Зөвлөлд тавьж цөөнх болж, ялагдаж явсан түүхээ энд хуваалцана.

Эдийн засгийн шилжилтийн үеийн хамгийн хүндрэл, бэрхшээлтэй 1992-1996 онуудад УИХ-д үнэмлэхүй олонхи байж, эрх барьж байсан МАХН-ын нэр хүнд сонгогч олны дунд жилээс жилд унаж, хүний, өөрийн гэлтгүй олонхи нь “Залуучуудад өгөөд үзэх” сэтгэхүйд автсан улс төрийн эгзэгтэй нөхцөл байдал 1996 оны сонгуулийн өмнө бүрэлдээд байв. 

Хөдөө орон нутгаар явж, намын гишүүд, дэмжигчидтэйгээ уулзахад 1995 оны сүүлийн хагасаас эхлээд манай намын гишүүн ахмадууд маань хүртэл “1990 оноос хойш гуйгаад байгаа юм. Энэ залуучуудад өгөөд үзье л дээ. Чадахгүй бол эргээд буулгаж л орхино биз” гэж хээв нэг ярих нь нилээд түгээмэл, газар авсан байлаа.

Яг ийм нийгмийн сэтгэл зүйн сөрөг байдал давамгайласан нөхцөлд УИХ-ын сонгуульд эрх баригч намын хувьд ямар тогтолцоог сонгож оролцох вэ? гэдэг нь нэн тулгамдсан асуудал байсан нь зүйн хэрэг.

“Шинэ үе” жигүүрийг намын удирдлагад төлөөлөн ажиллаж буй Намын Нарийн бичгийн даргын хувиар би вээр намын гишүүд, дэмжигчид, сонгогчдын нийгэм, сэтгэл зүйн байдлыг судлах, түүнийгээ улс төрийн шийдэлд ашиглах асуудлыг хариуцан ажилладаг байв.

1994 оноос эхлэн тухайн үед шинэ тутам байгуулагдсан ч тогтмол судалгаа явуулдаг байсан Бүгд найрамдахчуудын Олон улсын Хүрээлэн, Улс төрийн Боловсролын Академи, “Прогноз” төв зэрэг нам дагасан болон харьцангуй хөндлөнгийн судалгаа хийдэг Л.Суматигийн “Сант Марал Сан”, Төр, нийгмийнсудлалын Академи, МУИС зэрэг судалгааны байгууллагуудын санал асуулга, социологийн судалгааны дүнгүүдийг харьцуулан үзэж, улирал, хагас жилээр дүгнэлт хийж ашигладаг байлаа.

Эдгээр судалгаанаас харахад эрх баригч намын ерөнхий рейтинг төдийгүй УИХ, Засгийн газар, ялангуяа аймаг, орон нутгийн удирдлагуудын нэр хүнд судалгаанаас судалгааны хооронд буурч байгаа нь ажиглагдаж байсан цаг.

Тэр үед мэдээллийн техник, технологи ч одоогийнх шиг сайн хөгжсөн байсангүйээ. Бид компьютер гэдэг зүйлтэй дөнгөж л танилцаж эхэлж байлаа. Намын Удирдах зөвлөлийн ажлын албанд цөөн тооны Pentium-2 байдагсан. Хүснэгт, графикуудыг гарын уртай залуучуудаараа том цаасан дээр бичүүлж, зуруулаад самбар, хананд хадаж тайлбар танилцуулгаа хийдэг байсан үе. Нөгөө Итгэлт баяны хэлдэгээр бол өнөөгийн залуучуудад үзүүлэх юм бол “ичмээр дамшиг” байжээ. 

Сонгогчдын нийгэм, сэтгэл зүйн судалгааныхаа анхны танилцуулгыг намын Удирдах Зөвлөлийн хуралдаанд 1995 оны 11-р сард хийж, ийм нөхцөлд сонгуулийн тогтолцооны холимог хэлбэрийг 52:24 хувилбараар сонговол ирэх сонгуульд манай нам ядаж 39 суудал авах боломж гарч болох юм гэсэн дүгнэлтийг танилцуулсан. 

Энэ удаад НУЗ эцсийн шийдвэр гаргаагүй боловч, сонгуулийн тогтолцооныасуудлаар улс төрийн бусад нам, хүчнүүдтэй яриа хэлэлцээ хийж эхлэх нь зүйтэй гэж үзсэн юм.

МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Даш-Ёндон дарга бидний санал болгосон хувилбарыг дэмжиж, улс төрийн намын удирдлагуудтай яриа хэлэлцээнд орсон. 

МҮАН, МСДН зэрэг улс төрийн шинэ хүчнүүд сонгуулийг пропорционалиар явуулах байр суурьтай байлаа. 

Яриа хэлэлцээний дүнд хоёр тал 52:24-ийн холимог хувилбар дээр зөвшилцөлд хүрсэн юм. Улмаар тохиролцооны үндсэн дээр МАХН-ыг төлөөлөн Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Даш-Ёндон МҮАН-ын дарга Э.Бат-Үүлтэй Монгол Улсын Ерөнхийлөгч П.Очирбатын дэргэд хамтарсан мэдэгдэлд гарын үсэг зурж баталгаажуулсан билээ. 

Энэ бол тэр цаг үед улс төрийн яриа хэлэлцээ хичнээн эрүүл, нээлттэй, ил тод явагдаж байсны нэг тод жишээ.

Харамсалтай нь үүний дараа Б.Даш-Ёндон дарга бид хоёр руу “Ардчилсан хүчинд буулт хийж, УИХ-ын суудлыг хялбараар авах нөхцлийг тэдэнд бүрдүүлсэн сонгуулийн алдаатай бодлого явуулж байна” гэж намын дотроос шүүмжилж, тэр ч байтугай “Үнэн” сонинд ч шүүмжлэлт нийтлэл гарч эхэлсэн.

Залуучууд бидний зүгээс “Ер нь лбарахааргүй болж байна шүү! Бид цөөнх болохнээ.” гэж Удирдах Зөвлөл дээрээ хэдэнтээ сэрэмжлүүлж байсан ч “Том намын Нарийн бичгийн дарга залуу хүн байж, ийм гутранга үзэлтэй байж болохгүй” гэж миний хүндэлж явдаг Ерөнхий сайд П.Жасрай гуай маань хүртэл НУЗ-ийн хуралд урилгаар суухдаа шүүмжилж байсныг тодхон санаж байна.

Түүнчилэн УИХ-д 70 суудалтай манай намын Бүлгийн дарга Д.Дэмбэрэл УИХ-ын гишүүн М.Зэнээ асан, О.Шалуу, Ж.Жадамбаа нарт 76 тойрогтой мажиротари тогтолцоо бүхий “УИХ-ын Сонгуулийн тухай” хуулийн төсөл боловсруулах үүрэг өгч, улмаар өргөн бариулсан. НУЗ-ийн шийдвэргүйгээр яагаад ингэх болсныг одоо ч хэн ч ойлгодоггүй, ярьдаггүй нэг зүйл.

Ер нь л нам дотор холимог тогтолцоог дэмжигчид илт цөөнх болсоор байлаа. Гэхдээ санал зөрөлдөөнтэй энэ асуудлыг намын Удирдах Зөвлөлөөр дахин дахин, нийт 7 удаа хэлэлцсэн юмдаг. 

Хамгийн сүүлчийн хуралдааныг би өнөөдөр болсон мэт тодхон санаж явдаг. Сонгуулийн хуулийг яаралтай хэлэлцэж батлах цагийн хайчинд орчихсон үе ч байлаа. Хуралдааны эхэнд “Шинэ үе” жигүүрээ төлөөлж холимог хувилбарыг сонгохын давуу тал, үндэслэлийг дахин тайлбарлав. 

Төгсгөлд нь 52:24 холимог болон 76 мажиротари тогтолцооны алийг сонгох вэ гэдэг дээр санал хураав. НУЗ-ийн 11 гишүүнээс 9 гишүүн нь мажиротари 76 тойрогтой хувилбарыг дэмжиж гараа өргөлөө. Би ч гараа өргөлгүй суугаад л байлаа. Тэгтэл Б.Даш-Ёндон дарга “Энхмандах аа. Чи яаж шийдэж байна?” гэж асуулаа. Тэгэхэд нь “Шийдэхийн тулд надад нэг асуулт байна.” гээд“Мажиротари 76 тойрогтой тогтолцоогоор сонгуульд ороод нам ялагдал хүлээвэл хариуцлагыг НУЗ хүлээх үү? М.Зэнээ, О.Шалуу, Ж.Жадамбаа нар хүлээх үү?” гээд асуугаад тавьчихлаа. Дашка дарга маань нилээд бодролд орж сууж байснаа “Ямар ч тохиолдолд хариуцлагыг мэдээж НУЗ хүлээнээ.” гэж билээ. “Тэгвэл би 76 тойрогтой хувилбарын эсрэг саналтай байна. НУЗ олонхиороо шийдэх эрхтэй. Намын нарийн бичгийн даргын хувьд НУЗ-өөс дотоод ардчиллаараа гаргасан шийдвэрийг хэрэгжүүлэхийн төлөө ажиллана. Харин миний энэ байр суурийг протоколд тусгайлан тэмдэглэн оруулаарай.” гэж би хэлж билээ. Ингээд санал хураалтаар 10:1 харьцаагаар цөөнх болж, УИХ-ын 1996 оны сонгуулийн хувь заяа шийдэгдсэн. Энэ бүх хуралдааны тэмдэглэл 2008 оны Сонгуулийн дараах аюулт галд өртчихөөгүй бол өнөөдөр ч МАН-ын архивт байх л учиртай.

Энд би хэн нэгнийг буруутгах гэсэнгүй. Тэр тусмаа өөрийгөө зөвтгөж, дөвийлгөх гэсэнгүй. Миний хувьд жигүүрээ төлөөлөн намын удирдлагад ажилласан нийгэм судлаач, социологич хүний хувиар олж мэдснээ нөхөддөө хүргэх, намын удирдлагаас гаргах улс төрийн шийдэлд тус дэм болохыг хичээн ажиллаж байснаа хэлэх л гэсэн юм. 

Нөгөө талаар, тухайн үед аливаа асуудал МАН-ын удирдлагын түвшинд хэрхэн хэлэлцэгдэж, яаж шийдвэрлэгдэж байсан үнэн түүхийг өнөөгийн уншигч, судлаачид, улс төрчид, хойч үедээ хүргэх гэсэн хэрэг. 

Тэр үеийн намын зүтгэлтнүүд, улс төрчид шинэ тутам улс төрд алхам алхмаар суралцаж, улс төрийн зөв зүйтэй шийдлийг олохын төлөө ингэж хичээж, зүтгэж ирсэн юм шүү.

1996 оны сонгуульд МАХН олонхиороо баталсан мажоритари тогтолцоогоор “жижигрүүлсэн” 76 тойрогт нэр дэвшүүлэн өрсөлдөж, намын түүхэндээ анх удаа цөөнх болсон. МҮАН, МСДН-ын “Ардчилсан Холбоо” Эвсэл сонгогчдын 45,7 хувийн санал цуглуулж, 50 суудалтай эрх баригч болсон бол МАХН 39,9 хувьтайгаар 25 суудал авсан нь түүхэн баримт. 

Тэгвэл, сонгуулийн холимог тогтолцоог тухайн үед намд ашигтай гэж яагаад зүтгээд байсныхаа учрыг одоо тайлая.

Энэ сонгууль МҮАН, МСДН-ын “Ардчилсан Холбоо” Эвслийн санал болгож байсан пропорционал тогтолцоогоор болсон бол тэд 34-35 суудал, МАХН 30 орчим суудал авахаар байсан гэж боддог. 

Харин жигүүрийн санал болгож байсан 52:24 холимог тогтолцоогоор явагдсан бол “Ардчилсан Холбоо” эвсэл 52 мандатаас 23-24 суудал, пропорционалиар 10-11 суудал, нийт 33-35 суудал авч, харин МАХН-ын хувьд тойрогоос 20-21 суудал, 9-10 суудал, нийтдээ 29-31 суудал авсан байж болох тооцоо судалгаа гардаг. Үүнээс харахад аль нэг нам, эвсэл нь дангаар эрх барих нөхцөл үүсэхээргүй байсан бололтой. Бас нэг онцлог бол энэ тохиолдолд 10-11 суудал гуравдагч хүчин болон бие даагчидад очихоор байжээ. МАХН-наас 52 тойрогт нэр дэвшигчдийн хувь хүмүүсийн рейтинг харьцангуй өндөр байсныг зөв ашигласан бол бүр илүү суудал авах боломж байсан харагддаг.

Харин 76 тойрогтой болж өнгөрсөн сонгууль “Ардчилсан Холбоо” эвслийг өөрсдийнх нь санаанд ч ороогүй 50 суудалтай эрх баригчид болгосон. МАХН-ын парламент дахь сөрөг хүчний үйл ажиллагааг ганц суудалтай МУНН-ын төлөөлөл О.Дашбалбараас бүрэн хамааралтай болгосон. Улс төр цаашид хэрхэн өрнөснийг хэн бүхэн мартаагүй байгаа бизээ.

Улс төрийн хэт давамгай байдлыг хязгаарлаж, парламентын түвшинд хүчтэй сөрөг хүчнийг төлөвшүүлж, улс төрийн шударга, нээлттэй өрсөлдөөнийг бий болгодог сонгуулийн холимог тогтолцооны давуу тал гэдэг үүнд л оршдог гэдгийг би тэр цаг үеэс сурч, мэдэж авсан юм даа. Одоо ч түүнийгээ итгэлтэй хэлсээр байна.

Харин МАХН-ын хувьд ялагдлаа хүлээн зөвшөөрч, Б.Даш-Ёндон тэргүүтэй Удирдах Зөвлөл бүрэн бүрэлдэхүүнээрээ огцорсон түүхтэй.


ОББЭЭ, Доктор (Ph.D.) Балдангийн Энхмандах

2021 оны 2 дугаар сарын 20