ДАРАНГУЙЛАЛЫН ЭСРЭГ НЭГДЭХ ЦАГ ДОР

Одоогоос 8 сарын өмнө миний бие нэгэн нийтлэл бичиж байжээ. Уг нийтлэлдээ Монгол Улсын 18 дахь Ерөнхий сайд М.Энхсайхан, 25 дахь Ерөнхий сайд С.Баяр, 29 дэх Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат нараас гадна УИХ-ын гишүүн, ЗГ-ын ХЭГ-ын дарга, Сангийн сайд асан С.Баярцогт, Шадар сайд асан Да.Ганболд, УИХ-ын гишүүн, ХНХ-ын сайд асан Н.Номтойбаяр гэх мэт олон хүн хорих ял аваад байгаа. Цаашид ч Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг, Сайд асан Д.Эрдэнэбат, Б.Болор, Монгол Банкны Ерөнхийлөгч асан Н.Золжаргал зэрэг шүүхийн “хоморголсон” шийдвэрт өртөж, ял шийтгэл авах цөөнгүй улс төрчдийн жагсаалт Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны сонгуулийг хүртэл лавтай тасрахгүй хэмээх “хар муур” хаа сайгүй гүйж байгаа талаар бичжээ. 

Мөн Монголд өрнөж буй тэр их “хоморголон” шүүж буй үйл явц нь

  • Шударга үнэний төлөөх “жинхэнэ” тэмцэл мөн үү?
  • Эрх мэдэл, байр суурийн төлөөх тэмцлийн хаялга, хувь хүний өшөө авалт уу? 
  • Улс оронд хүчирхийлэл, дарангуйлалыг тогтоох “зорилго, чиглэлтэй” бодлого уу? 
  • Эсвэл гадна дотны хөндлөнгийн хорт явуулга уу? 

алин болохыг Монголчууд бид нухацтай бодож, дүгнэлт хийх цаг болсон хэмээн сануулж, энэ нь улс төрийн эрүүл үзэгдэл гэж үү? Дарангуйллын сүйдэр Монголыг дайрчихаад байгаа юм биш биз?! хэмээн бухимдсан байх юм.

Түүнчилэн XXI Зуунд ардчилсан Монгол оронд юу болж өнгөрч байгааг дахин нэг бодож үзэцгээж, өнөө үеэ бид хэрхэн дүгнэх ёстой талаар өөрийн санал бодлоо илэрхийлсэн байдаг.

Эдгээр санаагаа үргэлжлүүлэн өнөөгийн нөхцөл байдалд гарц гаргалгааг хамтдаа олох хүндхэн цаг үе монголчууд бидэнд дахин ирээд байна.

Монгол орон ардчилал, зах зээлийн замаар тууштай замнаж ирсэн ч нийгмийн шударга ёс алдагдаж, хүн бүр эрх тэгш байх ардчилалын үндсэн зарчим гажуудаж, цөөн хэсэг нь хэт баяжиж, нийгмийн тэгш бус байдал ахуй, амьдрал, ажил үйлс бүхэнд нь мэдрэгдэх болсон хэмээн нийгэм бараг бүхэлдээ бухимдалтай явах болсон нь орчин цагт гэм буруутныг эрэн хайх нийгмийн сэтгэл зүйн эмгэг бий болоход таатай хөрс болсон нь бодит үнэн. Үүнийг хэн ч үгүйсгэхгүй.

Сүүлийн 30 гаруй жилд улс төрийн эрх мэдэлтнүүд бодит амьдралаас тасарч, тэдний “бүтээсэн” шударга ёсны болон ёс зүйн гажуудал, дампуурал нь улс төрийн хямрал болж, жилээс жилд даамжирсаар байгаа нь нууц биш ээ. Үүнд иргэд маань бухимдан, заримдаа хилгэнэн уурсаж байгаа нь ч үнэн.

Эрх мэдэлтнүүд албан тушаал, эд хөрөнгийн төлөө улайрах үзэгдэл МАН, АН аль аль нь засаглаж байхад байсаар ирсэн. Үе үеийн Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, УИХ-ын эрхэм гишүүд өөрсдийгөө “онцгой эрх мэдэлтэй” болгож, ард олноо огоорч, ардчилал, тэгш эрх, шударга ёсны зарчмыг уландаа гишгэлсэн. 

Улс төрийн намуудын дотор болон нам дамжсан сонирхлын бүлэг, бүлэглэлүүд аажмаар үүсч, эвсэн нэгдэх, эс бөгөөс сөргөлдөн тэмцэлдэж, сандал ширээний төлөө урцалдах болж, тэгэхдээ улс төрийн өрсөлдөөний наад захын соёл, ёс суртахууныг бүрэн мартдаг нь олон нийтийн дургүйцлийг туйлд нь хүргэсээр байгаа. 

Сүүлийн үед нэгнийгээ өрсөлдөгчийн хувьд нухчин дарахын тулд ардчилалын үнэт зүйлс, хүний эрх эрх чөлөөг ноцтой зөрчих, хүч хэрэглэн хязгаарлах явдал улс төрийн үйл ажиллагааных нь зохион байгуулалтын нэг “салшгүй хэсэг” болсон нь ажиглагдах болов. 

Ингэхдээ нийгмийн зөрчил, мөргөлдөөний дундаас ашиг хонжоо хайгчид, эрх мэдлийн төлөө өрсөлдөөнд ялагдсандаа хорсогчид, нийгмийн хөгжил, цаг үеийн өөрчлөлт, шинэчлэлтэд зохицож чадалгүй хоцрогсодыг чадамгай ашиглаж эхэлсэн нь ч шинэ зүйл биш.

Монголд улс төрийн хямралт үзэгдэл, үйл явц өнөөдөр туйлдаа хүрч, төрийн эргэлт, зэвсэгт мөргөлдөөн, иргэний дайнд гарахуйц нэн түгшүүртэй нөхцөл байдалд хүрлээ гэж миний хувьд үзэж байна.

Одоо хэн нь хаана байгаагаа сайтар ойлголцож, байр сууриа тодорхой болгох цаг нэгэнт иржээ.

Нэг. Нийгмийн шударга бус байдлын гэм буруутны талаар удирдагчдын зүгээс хэлсэн үг, өгсөн чиглэлийг “цорын ганц үнэн” мэт ойлгох, “хууль” мэт хүлээн авах хөрс суурь бүхий Монгол дахь нийгмийн сэтгэлгээний онцлогийг хамгийн түрүүнд “овжин” ашиглаж, өөрийн улс төрийн карьераа хийж, эрх мэдлээ аажим аажмаар нэмэгдүүлсээр ирсэн улс төрч бол Монгол Улсын5 дахь Ерөнхийлөгч Х.Баттулга гарцаагүй мөн.

Нийгмийн ядуурлын гэм бурууг баячууд, үндэсний хөрөнгөтнүүдэд тохох, гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдыг уул уурхайн үндсэрхэг үзлээр сүрдүүлж, рекитлэх, бизнес эрхлэгчдийн хөрөнгө хураах, хорьж шийтгэх популист амлалтууд улам бүр газар авахад гол “үүрэг” гүйцэтгэж буй хүн бол мөн л тэр хүн. 

Түүнийг дуурайж хөл хөөрцөг болж явсан хувь хүн, улс төрчид ч аль аль намд нь бий.

Х.Баттулга нэр дэвшихээсээ эхлээд “30 гэр бүл”-ийн тухай анх ярьж, тэдэнтэй хатуу тэмцэхээ зарлаж эхэлсэн гэдгийг түүх мартаагүй. Түүний 30 гэрбүлтэй “тэмцэж”, оффшор дахь хөрөнгийг эргүүлэн татаж, ард түмний зээлийг тэглэх тухай амлалтууд нь нийгмийн тэгш байдал, шударга ёс алдагдсан энэ цөвүүн цагт жинхэнэ голыг нь олсон популист лоозун болж чадсан учраас сонгогчид түүнд итгэсэн. 

Дараа нь тэрээр өөрөө гайтай “30 гэр бүл”-ийнхээ нэг болж, шүүмжлэгдэх болсон учир үр ашиг муутайхан сурталчилгаа болсон биз тэгэсхийгээд орхисон. Өнөөг хүртэл монголчууд бидэнд “30 гэр бүл” гэгчийн нэрс тодорхойгүй хэвээр, гагцхүү олон нийтийг айлгах “Хадны мангаа” болсоор байгаа нь бас үнэн.

Уг нь Ерөнхийлөгч Х.Баттулга төрийн шинэ албаа авсныхаа дараахан “Миний бие бизнес эрхлэгчийн хувьд 1990 онд нийгэм солигдсоны дараа ганзагын худалдаанаас үйлдвэрийн захирал хүртэлх дунд давхаргын замыг туулсан. Ийм учраас бизнес эрхлэгчид надтай нэг сэтгэлтэй, хамтарч ажиллана гэсэн бодолтой байгаарай” гэж хэлсэн байдаг.

Гэтэл тэр хэлснээ эргэн санаж, эх орныхоо төлөө бизнес эрхлэгчидтэй зөрчилдөлгүйгээр, тэднийгээ дэмжиж ажиллахаа умартжээ.

Сэтгүүлч Т.Болор-Эрдэнэнийхээр бол өнөө цагт “Халх, Ойрадын хуваагдал шиг том биш ч гэлээ “Женко" болон “М-Си-Эс”-ийн талцал Монголын улс төрийг хэдийн хоёр хуваасан.” бөгөөд өнөөдрийн хувьд Монголын Билл Гэйтс, Дональд Трамп болсон Ерөнхийлөгч Х.Баттулга, ноён Ж.Оджаргал нарын энэ эрхэм хоёр одоо өрнөж буй тэмцлийг зөвшилцөлд хүргэх боломж хоёр эрхмийн хэн хэнд нь байсан ажээ. 

Бусдын хийж, бүтээснийг илүүд үзэх биш, өрсөлдөөн, өшөө хорсолоо умартаж, хамтдаа хөгжлийн замд хөл нийлүүлэн урагшлахад үлгэрлэн, манлайлах ёстой байсан юм. Ерөнхийлөгч өө! Даан ч шуналаа барьж дийлсэнгүй бололтой.

Энэ бол Монгол дахь хүчирхийлэл, эрх мэдлийн ноёрхол тогтоох увайгүй хүсэл тачаалын эдийн засгийн учир шалтгаан бөлгөө.

Хоёр. Монголд сүүлийн жил гаруй хугацаанд болж өнгөрсөн хууль, шүүхийн “хоморголсон” шийдвэрүүдийн улс төрийн учир шалтгааныг олж, бас бодит байдлыг зөв ойлгох учиртай.

Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэгийн “Ерөнхий сайдуудын энэхүү “намналт” нь Ерөнхийлөгчийн хийж буй ажил” гэж хэлсэн мэдэгдлийг дахин иш татвал зохилтой санагдлаа.

Тэрээр “Өдрийн сонин”-нд өгсөн ярилцлагадаа: “МАНАН мафи, бүлэглэлүүд, шударга бусын хонгилууд гээд тоочвол бидний зохиосон, итгэсэн сүржин, сүртэй хардлага сэрдлэг, хуйвалдааны онол, зохиол тоогоо алдлаа. Баттулгын “ачаар” бид урьд нь хэзээ ч байгаагүй хуваагдал, талцалд орлоо. Энэ хуваагдал улс төр, улс төрийн намаас хальж хот хөдөө, орк элит, эр эм, хөгшин залуу, баян ядуу, бүүр өнгөрсөн нийгмээ үгүйлэх хүртэл бүх сэдвийг хамрах боллоо. Баттулгын зохион байгуулалттай троллууд энэ талцал, хуваагдлыг бүр дэвэргэж бүүр үзэн ядалтын түвшинд аваачлаа. Энэ үзэн ядалтын дайнаа телевиз радио, сонин хэвлэлээс хальж сошиал сувгаар хүн бүрт дайж чадлаа. Одоо энэ үзэн ядалтыг ашиглан атгандаа бүрэн оруулсан хууль хяналтын байгууллагаар дамжуулан өөрийн өрсөлдөгчдөө намнах аргаар тэднийг олон түмэнд шохоорхом өгөөш болгон өгч олны сэтгэл санааг урхидах ажлаа эрчимтэй хэрэгжүүлж эхэллээ. Энэ бүхний үр дүнд эцэст нь нам, төрийг хослуулсан шинэ эзэн, хэмжээлшгүй эрхэт дарангуйлагч болох хүслээ гүйцэтгүүлэхийг тэсч ядан хүлээж байна.” гэсэн нухацтай эргэцүүлэн бодохуйц дүгнэлтийг хийсэн байдаг. 

Энэ дүгнэлтийг хэтрүүлэг гэж хэлэхэд хэцүү болохыг ноднингоос хойш өрнөж буй улс төрийн үйл явц нотлосоор байна.

Тэдгээрийн тод жишээ бол Ерөнхийлөгч Х.Баттулга Монгол Улсын хуулийн ноён оргил болсон Үндсэн Хуулийн Цэцийн үйл ажиллагаанд нөлөөлөхийг оролдсон удаа дараагийн оролдлого хийж, Монголын улс төрийн хос баганы нэг болсон АН-аа өөрийг нь Ерөнхийлөгчид нэр дэвшүүлж байсныг ч умартан хагалан бутаргаж, эцэс сүүлд нь сүүлийн 100 жилийн туршид сайн ч, муу ч Монгол орны тусгаар тогтнол, аюулгүй байдлын баталгаа болж ирсэн улс төрийн нэгэн ууган хүчнийг татан буулгахыг санаархаж байгаагаар илэрч байна гэж хэлж болно.

Гурав. Дарангуйллын аюулт сүүдэр татуулаад байгаа улс төрийн хэлмэгдүүлэлт, хүчирхийлэлийн байдлыг засах төдийгүй нэгмөсөн халах учиртай. 

Гэхдээ ардчиллын зарчмаар, ардчилсан арга замаар... Шударга бус байдал, төрийн хулгай, луйварыг хүчирхийлэл, хэлмэгдүүлэлтгүйгээр хуулийн хүрээнд шийдвэрлэх арга зам манай нийгэмд байсаар байгаа...

Улс орны эрх ашгийн төлөө, урт хугацааны зорилго, зорилтдоо хүрэхийн төлөө, эдийн засгийн нийгэмд үзүүлэх эерэг үр дүнгийн төлөө, Монгол орныхоо улс төрийн парламентат тогтолцоог хамгаалж, ард олноо дарангуйллын сүүдрээс аварч чадах эрх мэдлийг ард түмэн УИХ-ын 2020 оны сонгуулиар МАН-д онцгойлон итгэж олгосон.

Шударга ёсыг бодитой хэрэгжүүлэхийг олон түмэн МАН-аас эн тэргүүн шаардаж байна. 

Ардчилсан сонгуулиар гарч ирсэн хэдий ч Ерөнхийлөгчийн засаглалыг мөрөөдсөн шинэ маягийн дарангуйлагчийг Монголд төрүүлчихгүйн тулд төрийн эрх мэдлийн тэнцвэрийг олж, улс төрийн ухаалаг, сийрэг шийдэл гаргаж, Монголыг нөмөрч болзошгүй Х.Баттулгын буюу “Женко”-гийн эдийн засаг, санхүүгийн болон улс төрийн дарангуйллаас аврахыг Монголын эрүүл саруул бодолтой иргэн бүр улс төрийн тулхтай хүчний хувьд МАН-аас илүүтэй хүсэмжилж байна.

Нийгмийг эрүүлжүүлэх шударга ёсны төлөө тэмцэл болон улс орныг аюулд учруулж болох хүчирхийлэл, дарангуйллын зааг ялгааг олох улс төрийн торгон мэдрэмж МАН-д байгаа гэдэгт олонхи нь итгэж байгаа.

Ингэхдээ эн тэргүүн улс төрийн бүх нам, хүчинтэй өргөн хүрээнд нягт хамтран ажиллаж, “Ардчилалаа аврах Үндэсний Нэгдсэн Эвсэл” байгуулах цаг болсон бололтой.

Ардчилал, шударга ёсны төлөө гэсэн чин сэтгэлтэй хэн боловч ийм үүсгэл санаачлагыг дэмжих нь дамжиггүй.

Дарангуйлалыг хүсэмжлэгчийн эсрэг монголчууд бид эвсэж, хүчээ нэгтгэн тэмцэж чадваас цэл залуухан ардчилал, парламентат ёсоо дарангуйллын сүүдрээс аварсан бас нэг түүхэн хуудас Монголчууд биднийх болж үлдэх буйзаа.

Монгол орныг заяа буян нь түших болтугай!


ОББЭЭ, Доктор (Ph.D.) Б.Энхмандах

2021 оны 4-р сарын 20                           Улаанбаатар хот