"МУУЖГАЙ ИРВЭС”-ИЙН ЗҮЙРМЭГЛЭЛ
"МУУЖГАЙ ИРВЭС”-ИЙН ЗҮЙРМЭГЛЭЛ
Хан мөрний хөндий- түмэн тогоруудын нутаг
Цоохор ирвэсийн холын садан зэрлэг “муужгай ирвэс"-тэй Өмнөд, Хойд Солонгосын хилийн тусгай бүс нутгийн заагт тааралдав. Түүний жинхэнэ нэр нь цоохондой.
Азын тэнгэр гийсэн хэрэг л дээ. Тэгээд ихэд баясан хөөрч бүр “муужгай ирвэс” хэмээн сэтгэлдээ өхөөрдөн нэрлэсэн бөлгөө.
Тэнд өвөлждөг нүүдлийн алаг, цэн, хар, хархираа тогоруудыг хамгаалахтай холбогдох асуудал хэлэлцсэн"Олон улсын тогорууны сан"-гийн хуралд оролцох завшаан олдсон юм. Эдгээр дөрвөн төрлийн тогоруудын зарим нь манай дорнод Монголоос тэнд нүүж очиж өвөлждөг.
Хоёр улсын хилийн дагуу тогтоосон 248 км урт, 4 км өргөн энэхүү тусгай зурвас нутаг бол Demilitarized Zone(DMZ) буюу “Цэрэггүй бүс” гэх нэрээр дэлхийд зарлагдсанаас хойш 73 жил өнгөрчээ. Энэ нь хоёр Солонгосын хил дамнасан уул нуруу, хөвч тайга, нуга хөндий, тариа будааны талбай хийгээд гол мөрөн, нуур цөөрөм жигд заяасан үзэсгэлэнт хангай нутаг. Энд 76 жилийн өмнө дайны түймэр дэгдэн улангасч үл балрах шарх сорви, үл мартагдах гунигт түүх үлдээжээ.
Өнгөрсөн зууны 1950-1953 онд тохиосон тэр дайнд хоёр талаас нэг сая гаруй цэрэг эрс, хоёр сая гаруй ард иргэд үрэгдсэн гэж холбогдох сурвалжид дурджээ.
Дайнд шархдаж хоцорсон Бэкдудэган(Baekdudaegan) уулсын буурал тэргүүн, Хан мөрний хүрэн хавцал, Чорвоны шар талын толгодыг үүрээр чагнахуй тэртээх дайны их гал, нүргээнт тулалдаанууд, түүнд үрэгдэж одсон эрэлхэг цэрэг эрсийн тухай шивнэх шиг санагдаж нойр хулжаах. Дайнд үрэгдсэн өмнөд солонгос, америк, англи, франц, австрали, канад, шинэ зеланд цэргүүдийн гэгээн дурсгалд зориулсан сүрлэг хөшөөнүүд ч харуусах мэт дүнсийх нь сүртэй.
Тэр гурван жилийн дайны хөлд нэрвэгдэж үрэгдсэн, дүрвэж одсон үй олон зэрлэг ан амьтан болоод жигүүртний туулсан зовлон зүдгүүрийн анир чимээ ч энэ нутгийн уул, усанд шингэж үлдсэн байж таарна. Хэчнээн амьтан, шувууд үхэж үрэгдсэнийг ч төсөөлөх аргагүй.
Харин тийнхүү устсан амьтан, шувуудын дурсгалд зориулсан хөшөө ер эс харагдах.
Тэд ч хүмүүний адил амьд бодгаль байсан шүү дээ. Аль аль нь Тэнгэрээс зэрэгцэн орших зохиролд заяасан байгалийн амьд эд эс гэж өчүүхэн бичээч муйхарлана.
Харин эдүгээ энэ зааг нутаг нь “жинхэнэ дархан цаазат нутаг" болж хувирсан учраас гол мөрөн, нуур цөөрөм, уул, тал нь загас жараахай, зэрлэг амьтан, шувуудын хувьд
диваажин болсныг үзэж, мэдэрч сэтгэл, зүрх минь тэнийж явсан бөлгөө.
Дайнаас хойш бараг 20 гаруй жилийн дараа энд нэгжээд, хошгоод цоохондой тааралдаж эхэлсэн гэнэ. Харин эдүгээ Өмнөд Солонгосын нутаг дэвсгэрт цоохондойгоос өөр зэрлэг махчин араатан бүртгэгдээгүй байна гэж судлаачид бичжээ. Тэгэхлээр "муужгай ирвэс" бол тэндэхийн цорын ганц зэрлэг махчин гэсэн үг.
Шинжлэх ухааны нэр нь "Prionailurus bengalensis euptilrurus" бөгөөд түүнийг мийн төрлийн бяцхан махчин гэжээ.
Харин манайхан эртнээс цоохондой гэж нэрлэж ирсэн аж. Монголын Улаан номонд “дугариг толботой, цоохор зүстэй, мийн төрлийн амьтан” гэсэн нь чингэж нэрлэсний учирболов уу.
Эх орныхоо амьд байгалийн өвийг гэрэл зурагт буулгахын донд автаж Алтай, Хангай, Говьд цөөнгүй жил мунигнаж бэдэрлэсэн боловч тал зурагчин миний бие цоохондой олж хараагүй л өдгөө хүрсэн юм.
Хан мөрний хөндий, Чорвоны тал нутгийн бут сөөг, хулсны шугуйд энэ бяцхан ангуучыг олж харах нь жир хэрэг биш санж. Өдөрт унтаж, үдшийн бүрий, үүрийн үнэгэн харанхуйд ангуучилдаг бузгай нуугдмал амьтан.
Нутгийн тариачин эртэй ах дүү болсон учраас тэр надад газарчлав. Бид хоёр өмнөх үдэш нь кимчитэй гахайн мах зооглож, цагаан будааны нэрмэл хүртсэн юм. Нэр нь Жэхо.
Хилийн бүсэд нэвтрэх тусгай зөвшөөрөл, буутай цэрэг заавал дагалдах дүрэм энэ тэрийн тухайд дараа жич өгүүлнэ. Нар мандахын өмнөхөн бид мордлоо. Хан мөрний умард эргийн нойтон жавар үл ялих жихүүн. Их мөрний шаргал тохойн гүехэн урсгал дундах арал мэт тогтоцтой цайвар хүрэн зоон дээр сүрэглэж хоносон алаг болоод цэн тогорууд сэрж зөөлхөн шивнэлдэж, нойрмог түлхэлцэж харагдах. Хошуу галуу, зэрлэг нугас, хумхин бохио мэт нь тэдний бараанд амгалан хоносон шинжтэй. Тогорууд энэхүү бараг мянган хонины хэвтэр хотны дайтай газар дээр сүрэглэж хонодог нь санамсаргүй хэрэг биш. Үнэг, хярсмэтээс урсгал усаар тусгаарлагдсан "хэвтэр" нь тэр аж.
Тэнгэрт цармын бүргэд, цагаан сүүлт бүргэд, морин харцага ч хальж хавийн газрыг өлөн нүдээр шүүрдэнэ. Нөмрөг тас ч бас эргэлдэнэ. Эдний зарим нь манай Хэнтий, Дорнодын тал нутгаас энд ирж өвөлждөг.
Цоохондой хаагуур сэмхэн гэтэж, гярхай анаж яваа бол гэх бодол намайг эзэмдэнэ. Хашир анжгай Жэхо бол англи, хятад, орос хэл гадарлахгүй, би бол солонгос хэлний зээгүй. Дохио зангаа, ганц хоёр шувуу, амьтны солонгос нэр тогтоосондоо л эрдэж явав. Эмэгтэй цэрэг хагас саахалтын дайтай дагана, түүнтэй ярьж хөөрөх хориотой.
Жехо, бид хоёр сэмхэн алхах зуураа эргэн тойрныг горьдлогын нүдээр дурандаастай. Жэхо гэнэт “лэпөдью“(ирвэс) гэж шивнээд баруунш дохив. Өвөл цагийн тачир хульсны дээгүүр нөгөө бяцхан махчины толгой дуранд минь орж ирэв. Танил зүс царай. Солонгосын ном, сэтгүүлийн хуудсанаас зургаар нь эчнээ таньдаг болсон юм.
Зүйрмэглэх агшин
Нөгөөдөх чинь нарны туяанд биеэ ээж нэн амгалан зүйрмэглэж харагдав. Түүнийг цочроох нь нүгэл гэх мэдрэмж намайг эзэмдэх.
Солонгос цоохондойг зэрвэс харвал гэрийн мууртай төстэй юм шиг. Гэхдээ дуран сунгаж сониучирхах ахуйд сүмбэн гоолиг галбиртай, харандаа лугаа шулуун хөлтэй, жижгэвтэр бөөрөнхий толгойтой агаад уран хийцийн сүүлтэй аж. Сүүл нь бүтэн биенийх нь тэн хагасын дайтай урт, цайвар хүрэндүү толботой бөгөөд үзүүр нь шовх хар үстэй.
Интоорийн дайтай нүд нь хув шар өнгөтэй, дундаа босоо хар цэцгийтэй. Хүрэн ягаавтар хамартай, том амтай, цасан цагаан сүрлэг урт сахалтай. Үл ялих дэлдгэр чихний ар нь дундаа цагаан толботой хилэн хар үстэй. Цээж, гэдэс бие нь шингэн цайвар. Их бие нь нэлэнхүйдээ шаргал хүрэн гэмээр зүстэй ажгуу.
Гярхай ангууч
Байгаль эхийн хосгүй нэгэн уран бүтээл, гайхширч баршгүй үзэсгэлэнтэй амьтан.
Намар таргалж, хавар турдаг гэнэ. Энэ төрлийн цоохондой гол төлөв мэрэгч, мөлхөгч, хоёр нутагтан амьтан болоод шувууд барьж зооглодог аж. Ер нь хосгүй хярхай ангуучлагч махчин гэж судлаачид бичжээ.
Галууны анирт…
Зураг авах шуналаа арайхийн хазаарлаж "муужгай ирвэс"-ийг орхин холдох ахуйд нөгөөдөх чинь өвөл цагийн гоёмсог үслэг биеэ гайхуулах мэт зугуухан эргэж цааш харав. Ажиглавал холгүйхэн хос хошуу галуу ирж буужээ.
Бид ухарч холдсоор унаа руугаа дөхөх замдаа томхон хавчаахайн буурийн дайтай газарт цацарсан цэн тогорууны шинэ өд сөдтэй тааралдав. “Муужгай”-н зүйрмэглэж байсны учир ингэж тайлагдлаа. Өглөөгүүр азгүй нэгэн цэн тогоруу түүний зоог болсон байж таарав.
Манай Жэхо өд рүү зааж төрөлх хэл, нүүр, нүд, гар, хөлөө оролцуулан байж цоохондой, тогоруу хоёрын "тулалдаан"-ыг үзсэн юм шиг тайлбарлав. Би ч ойлгож ихэд баясав. Нөгөө эмэгтэй цэрэг маань ч дэргэд ирчихсэн хөөрхөн инээж зогсох нь найрсаг агаад цэнгэлтэй. Бид гурав хилийн заагаас тогтоосон цагтаа багтаж гарахаар тус тусын машинд сууж хөдөллөө. Амьдралдаа анх удаа буутай цэрэг харуултай явж амьтан, жигүүртний зураг авсан минь гойд дурсамж болж үлдэв. Тариачин залуу, эмэгтэй цэрэг, цоохондой гуравыг надтай учруулж аяны ганзагыг миньмялаасан Чорвон нутгийн лус савдагт бөөн талархалтай тэндээс мордож билээ.
Хилийн төмөр хашаа, минжүүлсэн зурвас нь хүмүүний хөл хөдөлгөөнийг хааж чадах боловч амьтан, жигүүртний хувьд дээрх DMZ нь аливаа саад учруулж эс чадах бөлгөө.
Тэд хоёр Солонгосын хилийн дээс дээгүүр паспорт, визгүй чөлөөтэй зорчдог нь өмнөд, хойдын ард түмний атаархалыг хөдөлгөдөг буйзаа. Харин амьд байгалийн эдгээр өв бол энх тайвны жинхэнэ бэлгэдэл. Хоёр Солонгосын ард иргэдийн хувьд хоорондоо чөлөөтэй зорчих амар амгалан, сайн сайхан цаг хэзээ нэгэн цагт ирнэ гэдэгт найднам.
Г.Батсүх
2025.06.26