1994 он. Лиллехамерийн өвлийн олимп. Нордлюсхаллен ордон. Уран гулгалтын эмэгтэй ганцаарчилсан төрөл. 

Хамгийн олон буюу 400 сэтгүүлч цуглаж, АНУ-ын 2 эмэгтэй уран гулгагчийг тасралтгүй дагаж, бичлэг хийн шууд дамжуулж байсныг АНУ-д хамгийн олон хүн зэрэг үзэж байлаа.

Тоня Хардинг үзүүлбэрээ үзүүлэх цаг нь хэдийн зарлагдсан ч тэшүүрэнд нь асуудал гарч хоцорч гаран үзүүлбэрээ эхэлсэн ч эхний үсрэлтээ хийж чадсангүй. Түүний царайд гомдол, харуусал тодрон тэсгэлгүй уйлж, үзүүлбэрээ зогсоон шүүгч дээр очиж тэшүүрээ үзүүлэхэд шүүгч түүнд тэшүүрээ хэвийн болгоод дахин гулгах цаг өгөв. Тоня 8-р байранд орлоо. 

Түүний гол өрсөлдөгч Нэнси Керриган богино үзүүлбэрийн дараа 1-р байраар гарч ирэн үндсэн үзүүлбэрээ алдаагүй гүйцэтгэж дууссан ч Украйны Оксана Баюлд 9 шүүгчээс 5 нь санал өгснөөр түрүүлэв. 

Медаль гардуулах ёслол эхлэхэд зохион байгуулагчид Украйны төрийн дуулалыг хайсаар 20 минут болсныг хэн нэгэн Нэнсигийн чихэнд Оксана нүүрээ будсанаас болсон мэтээр хэлж түүнд нь бухимдсан Нэнси “одоо гараад уйлж орилоод арилгахын хооронд нүүрээ будаж яанаа” гэж нилээд бухимдангуй хэлэхдээ камер ойрхон байсныг анзааралгүй дэлхий нийтэд сонсгож орхив. Ингээд медалийн тавцан дээрээс Нэнси Оксана руу харсан тэр муухай харцыг бүгд дурандаа буулган шуугиж гарав. 

Амь насанд халдах заналхийлэл ирсэн тул олимпын хаалтын ажиллгаанд оролцохгуй гэж мэдэгдэн Нэнси нутаг буцав. Ерөнхийдөө л энэ тэмцээн хүмүүсийн анхаарын төвд сенсацаар дүүрэн өнгөрсөн нь цаанаа нилээдгүй учир шалтгаантай байлаа... 

...1994 оны 1-р сарын 6-нд америкийн спортын түүхэнд хамгийн томд тооцогдох дуулиант үйл явдал болсон юм. Хоёр дахь олимпдоо өрсөлдөхөөр АНУ-ын тухайн үеийн шилдэгт тооцогдох уран гулгагч Тоня Хардинг, Нэнси Керриган нар бэлтгэлгээ хангаж байх үед Нэнси халдлагад өртөв. Энэ халдлагад Тоня холбоотой юу? гэсэн асуулт өнөөдрийг хүртэл хөвөрсөөр. Харин Тоня энэ хэрэгт хамааралгүй гэсэн байран дээрээ одоо ч зогссоор л байна. Дуулиант хэргийн талаар хэд хэдэн баримтат кино хийгдэж байсан ч 2017 онд Крейг Гиллеспи найруулагч “I,Tonya” гэх уран сайхны кино хийж гол дүрд нь үзэсгэлэнт Марго Роббиг тоглуулснаар 24 жилийн өмнө эхэлсэн дуулиант хэргийг сэргээж орхив.

Өрсөлдөөн

1991 оны АНУ-ын аварга шалгаруулах тэмцээн дээр Тоня анх удаагаа гурвалсан аксель (АНУ-ын тамирчны хувьд анх удаагаа, дэлхийд энэ үсрэлтийг хийсэн 2 дахь хүн нь болсон) үсрэлтийг хийж аварга болж байхад Нэнси хүрэл медалийн тавцан дээр сэтгэл гонсгор зогсож байсан юм. Мөн тэр жилдээ Мюнхенд болсон дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд Тоня мөнгөн медалийн тавцан дээр харин Нэнси дахиад л хүрэл дээр зогсож байв. 1992 онд Францын Альбервильд болсон олимпоос Нэнси хүрэл медаль хүртэхэд Тоня 4-р байрт орж ганзага хоосон нулимастай буцаж ирлээ. Нэнсиг Campbell’s, Seiko, Revlon, Reebok гэх мэт ивээн тэтгэгчдийн сая сая долларын гэрээнүүд хүлээж байсан бол Тоняг цайны газрын зөөгчийн ажил л угтав. 1990-ээс 1994 он бол энэ хоёр бүсгүйн хувьд амжилтын оргил үе байлаа. Аль аль нь олны танил, алдар нэртэй, гоо үзсгэлэнтэй боловч Тоня тэшүүр дээр хийгдэх хүнд элементийн ур чадвараар илүү харин Нэнсид үзэгчид, ивээн тэтгэгчид хамаагүй илүү боломж олгож байсан нь энэ хоёр тамирчны өрсөлдөөнийг дэвэргэж орхисон байх.

Халдалага

Детройт хотод зохиогдож байсан АНУ-ын аварга шалгаруулах тэмцээний урд орой Керриган бэлтгэлээ хийж дуусаад гарч явхад нь нэг этгээд төмөр бороохойгоор баруун өвдөг тус газар хүчтэй цохиод зугтаан алга болсон байна. Халдлага хийсэн этгээд нь Тонягийн нөхрийн хөлсөлсөн хүн болох нь батлагджээ. Халдлагын бичлэгийг одоо ч youtube сайт дээрээс үзэж болох ба Керриган яагаад яагаад хэмээн уйлж байх зуураа халдлага хийсэн хүнийг дүрслэн хэлж өгч байгааг уг бичлэгээс харж болно. Керриганыг үзсэн эмч: “Азаар ясны хугарал байхгуй зөөлөн эдийн гэмтэл, хөхрөлт үүсэн тиймээс цаашид олимпийн тэмцээнд гулгах боломжтой” хэмээн мэдэгдэв .

Халдлага хийсэн этгээдүүд Тоняг энэ халдлага болохыг мэдэж байсан гэж мэдүүлснээр АНУ-ын олимпийн хороо Тоняг олимпийн тэмцээнд оролцуулахгуй хэмээн шийдсэн ч Тоня шүүхэд гомдол гаргаж давж заалдсанаар энэхүү хоёр тамирчин маань хоёулаа Норвегийг зорьжээ. Норвегид Тоня Нэнси хоёр ямаршуухан сэтгэлийн дарамттай очсон нь ойлгомжтой, тэнд юу болж өрнөснийг нийтлэлийн эхэнд дурьдсан байгаа.

Төгсгөлд нь

Өнөөдрийг хүртэл Тоня дээрхи халдлагыг мэдээгүй байсан гэсээр байдаг. Шүүхээс түүнд халдлагыг мэдсэн ч иргэний үүргээ биелүүлэгүй тул торгууль болон албадан хөдөлмөр хийлгэх шийтгэл оногдуулсан юм. Энэхүү хэрэг явдлаас 6 сарын дараа АНУ-ын олимпийн хороо Тоняг цаашид зохигдох бүх тэмцээн уралдаанд оролцохыг хориглов. 

Тоня зодог тайлснаасаа хойш мөнгө олохын тулд хэсэг хугацаанд мэргэжлийн бокс тоглож ч үзлээ. 2010 тэрээр шинээр амьдрал зохион 41 насандаа хүүтэй болжээ. Нэнси ч бас тэр цагаас зодог тайлж тэмцээн уралдаанд оролцохоо больсон байна. Харин 27 дахь удаагийн “Ододтой бүжиглэе” шоунд орж бүжиглэн олны өмнө хамгийн сүүлд харагдсан юм. 

Гуравхан настай охин анх мөсөн дээр гарч ирснээс хойш хэдий хэмжээний хөлс хүч, гутрал гуниг, баяр хөөрийг туулж ирснийг та “I, Tonya” киноноос заавал үзээрэй. Харгис хатуу ээж, орхиод явсан аав, үргэлж хүчирхийлж, зодож нүддэг нөхөр гээд түүний туулсан зовлон багадаагүй. Түүнтэй нэгэн цаг хугацаанд, нэг улсад төрсөн, ойролцоо ур чадвартай, ойролцоо бие хаа царай зүстэй том өрсөлдөгч Нэнситэй хэн нь мөсөн дээрх хатан хааны титмийг өөрийн болгохоо үзэн өрсөлдөн зүтгэж байхад Нэнсид алдар нэр, мөнгө, ивээн тэтгэгчид үзэгчдийн хайр хүндлэл нь илүү оногдоод байсан юм болов уу. 

Спортын өрсөлдөөн тэр дундаа гоо үзэсгэлэнт уран гулгагч бүсгүйчүүдийн алдар хүнд амжилтын төлөөх тэмцэл энэ хоёроор дуусахгуй үргэлжилсээр л байна. Нэг нь л алдрын алтан медалийн тавцан дээр зогсоно. 

Suicide Squad ын Harley Quinn дүрийг амилуулснаар нь манай үзэгчид сайн мэдэх Марго Роббиг нь багадаа хоккейгоор хичээллэж байсан нь энэ кинонд тоглоход их хэрэг болсон байна.  Үзэгч та энэхүү Америкийн спортын түүхэн дэх томоохон дуулианыг кинонд бууснаар үзэж сонирхоорой.