Яг л зам хөндөлсөн хээв нэг алхах үхэр лүгээ адил яагаад ч нэмэргүй мунхаг гэж байдаг.

Ямар ч нас хүйс, боловсрол IQ, орлого амжилт, албан тушаал, нэр хүнд үл харгалзан хэнд ч шүглэж мэдэх тэрхүү мунхагт үндсэн гурван онцлог бий.

1. Мэдэхийг үл хүсэгч

"Хүн хэлээрээ, мал хөлөөрөө. Ярилцаад үзвэл ойлголцож л таараа" гэх бодол бүр гайхаж алмайртал огт үйлчилдэггүй тийм хүмүүс байдаг.

Үнэндээ "Надад хамаагүй", "Угаасаа мэднэ" зэрэг бодолд тархиа сэмхэн эзэмдүүлсэн тэр мөчид мунхагийн хана сүндэрлэн босож, та ч бас тэдний нэг болон хувирдаг.

Тийм хүмүүс зам хөндөлсөн хээв нэг алхах үхэр лүгээ адил амгалан хийгээд авралгүй.

2. Хувийн онцлогоороо гайхуулагч

Өөрийгөө чухалчилж, өөртөө дурлаж, санаа зовтол онцгойрох гэж тачааддаг хүмүүс байдаг.

Бусдаас ялгарч чадсан хүн л амжилтад хүрч алдартан болдог гэж тас эндүүрсэн тэдгээр хүмүүс гол төлөв хаа газар төвөг удаж явдаг.

Тийм хүмүүс зам хөндөлсөн хээв нэг алхах үхэр лүгээ адил ихэмсэг хийгээд ичгэвтэр.

3. Эцсийн цэгийг хатгахаар улайрагч

Бүхий л асуудалд хар цагаан хоёрхон өнгө түрхэж, гуравдагч хувилбарыг тэвчиж чаддаггүй тийм хүмүүс байдаг.

Аанай л амьдралыг 10 жилийн шалгалтын бодлоготой андуурч, цор ганц зөв хариултад олзлогдогч.

Тийм хүмүүс зам хөндөлсөн хээв нэг алхах үхэр лүгээ адил зөрүүд хийгээд ширүүн.


Саруул, мунхаг хоёрын дундуур яагаад ч давшгүй тийм хана үнэхээр байдаг.

Түүнийг мэдэж авах нь танд хоёр талаар ашигтай.

  1. Зарим хүнтэй хий дэмий зууралдаж, хамаг тамираа шавхалгүйгээр эртхэн орхиход тустай.
  2. Өөрийгөө хананы аль талд буйгаа хааяадаа шүүн цэгнэхэд нэмэртэй.

XXI зууны хамгийн нөлөө бүхий япон номын нэгд тооцогддог "Мунхагийн хана" номд мунхаг, мунхаглалыг ийнхүү томьёолжээ.

Уншигчийн хувиар төрсөн сэтгэгдлээ хэлэхэд, зам хөндөлсөн хээв нэг алхах үхэр лүгээ амьдарна гэдэг нэгэн бодлын юутай хялбар, юутай жаргалтай мэт.

Түүний дэргэд дээрх гурван шинжийг үргэлж бодолдоо тогтоон цэгнэж амьдарна гэдэг үхэн үхтлээ уул өөд мацах мэт зүдрэлтэй гэмээр.

Оюун ухаан гэдэг хүний мөн чанар мөн ч юм шиг, биш ч юм шиг. Мөн юм гэвэл тархиа ажиллуулах нь яагаад тийм хэцүү бөгөөд ховор байдаг юм бол?

Амьдралын зорилгыг жаргах юм гэвэл мунхагийн ханатай ч хааяадаа дотносон нөхцөхөд юуны буруу?

Гэлээ гээд хэн мэднэ гэх вэ дээ, амьдралын зорилгыг ч, хүний жаргалыг ч.

Авралгүй мунхагийн төлөөлөл би хэрхэхийг танд яахан зааж зүрхлэх билээ.

Гэхдээ юутай ч та өөрийгөө мунхаг биш гэж боддог бол, эсвэл ядаж л нөгөө талд нь байх сан гэж тэмүүлдэг бол олон юм бодолгүй энэ нийтлэлийг эргэн тойрондоо түгээгээрэй.