Боловсролд агуулгаас илүү хэлбэр чухал!
Шинэ боловсролын сайдын ярьж буй "ЗҮРХ СЭТГЭЛИЙН БОЛОВСРОЛООР ДАМЖУУЛАН СУРГАЛТЫН ЧАНАРЫГ САЙЖРУУЛАХ" тухай санааг битүүхэн олзуурхах нь
Их сургуулийн байгалийн ухааны хичээлийн эхний өдөр багш оюутнуудад сэргээн давтлага хийх санаатай асуулт асууж байна.
- Аягатай усанд ганц дусал бэх хийхээр хэсэг хугацааны дараа алга болчихдог шүү дээ. Яагаад тэгдэг билээ?
Хэн ч дуугарсангүй. Аргаа бараад, наагуур сууж байсан нэг оюутныг заан "Юу гэж бодож байна?" гэтэл
- Угаасаа тэгдэг л зүйл гэж боддог ш д.
гэх нь тэр.
Юм бүхнийг "Угаасаа л ингэдэг юм байна" гэх байдлаар хүлээж авах нь нэг талаар туйлын рациональ (ухаалаг) арга юм. Илүү дутуу ухаж лавшруулж бодохгүй, толгойгоо ажиллуулж шаналалгүйгээр аливааг тэр байгаагаар нь цээжлээд явна гэдэг нээрээ л ухаалаг тактик. Тиймээс заримдаа хүүхдүүдэд цэгцтэй боловсрол олгох гэж бөмбөгдөх тусам хүүхэд харин ч боловсрохоос чадварлагаар бултах арга саамыг далд оюундаа сүвэгчлэх нь бий.
(Монголчуудыг юм сурахдаа хурдан, сэргэлэн гэж ярьдаг ч миний нүдээр харахад "Заза энэ зүгээр л ингэдийн байна" гээд өнгөцхөн цээжлээд өнгөрөх нь элбэг юм шиг санагддаг. Тэндээс л чадахгүй юмгүй хэр нь ээ чаддаг юмгүй "Би чадна"-чууд төрдөг байх)
Үүнтэй яг адилаар, жишээ нь хүүхдээ байнга загнаад байвал хүүхэд "Ёоё, бас л уурлаад уналаа" гэхээс өөрөөр хүлээж авахаа больдгийг бид туршлагаараа анзаардаг шүү дээ. Хүүхдэд таны сургаалын агуулга биш хэлбэр нь л үлдэж байгаа нь тэр. Тиймдээ ч маргааш нь яг нөгөөхөө давтаж, та ч зурагдсан пянз шиг дахиад л бухимдана. Бодвол тэр хүүхэд ирээдүйд эцэг эх болохоороо мөн л хүүхдээ загнах биз. Авч үлдсэн боловсрол нь л тэр.
Боловсрол гэдэг бол хэлбэр юм. Хүүхдүүд багшаасаа, эцэг эхээсээ хэлбэрийг нь авч үлдээд, агуулгыг нь хаядаг.
Нэг айлын эцэг, хүү хоёр байнга л муудалцаж, хэрэлддэг юм байх. Яагаад гэтэл нэг нь МАН-ын дэмжигч, нөгөө нь АН-ын дэмжигч юм гэнэ. Гэсэн ч хөндлөнгөөс харвал ямар гээчийн усны дусал шиг хоёр вэ гэж харагдана. Хэн хэн нь бүр огтоос юм бодсон шинжгүй хээв нэг орон гэртээ улс төрийн хэрүүл чирч ирээд, би чи-дээ тултал толхилцож байгаа тэр характер нь. Энд агуулга үнэндээ түй ч сонин биш. Хэн нь ямар үзэл бодлыг өмөөрч, ямар аргумент гаргаж тавиад, яасан ийсэн нь дэдийн дэд асуудал.
Соёл гэж ярьдаг. Энэ бол генийн бус хэлбэрээр буюу удамшлын бус замаар дамжин халдварладаг хүний суурь сэтгэлгээ. Аливаа хүн гэр бүлийнхээ, хүрээллийнхээ, нийгмийнхээ соёлын нөлөөн дор боловсорч, ухамсартай ухамсаргүйгээр тэндээс өөртөө шингээж явдаг. Энэ ч бас агуулгаар гэхээсээ хэлбэрээр л дамждаг.
Ингэхэд суралцах гэж юуг хэлдэг юм бэ? Жаахан мэргэжлийн томьёоллоор хэлбэл "Суралцах гэдэг нь оролт ба гаралтын гинжин давталт" юм.
Оролт. Энэ бол бидний таван мэдэрхүйгээр дамжин тасралтгүй орж ирдэг хүрээлэн буй орчны мэдээлэл. Бид харах, сонсох, амтлах, үнэрлэх, бас хүртэх замаар мэдээллийг тархиндаа оруулж ирдэг. Тийнхүү орж ирсэн мэдээллийг тархи ямар нэгэн байдлаар боловсруулан тооцоод (blackbox thinking), хариу үйлдэл хийнэ. Түүнийг гаралт гэнэ. Гаралт бол үндсэндээ хөдөлгөөн. Биеэ хөдөлгөх төдийгүй ярих ч бас хөдөлгөөн. Сэтгэлийн хөдөлгөөнөө бид үгэнд дайж гадагшлуулдаг. Ийнхүү танаас гарсан гаралтын үр дүнд ертөнцөд ямар нэгэн зүйл өөрчлөгдөж, тэр нь буцаад танд мэдээлэл хэлбэрээр орж ирнэ. Чингүүт та дахин тэр оролтыг боловсруулаад, гаралт болгон гадагшлуулна. Ийм тасралтгүй гинжин давталтын явцад "суралцах" гэдэг процесс өрнөдөг. Бид нас ахихын хэрээр ухаан суудаг нь ерөөсөө л энэ давталт өдөр өдрөөр хуримтлагддагийн үр нөлөө.
Шинжлэх ухаан сүүлийн 20, 30-аад жилээс үүнийг анзаарч эхэлжээ. Төрөлхийн тархины саажилттай хүүхдүүд биеэ чөлөөтэй хөдөлгөж чадахгүйгээс болж гол төлөв хэвтрийн байдалд бойжиж, эцэг эх нь хамаг юмыг нь бэлдэж, халамжилж өсгөх нь элбэг. Гайхмаар нь тийм хүүхдүүд хэлд ордоггүй. Тэгтэл судалгаагаар тийм хүүхдүүдийг олсноос өргөж байгаад ч болов биеэ хөдөлгөхийг нь дэмжээд байвал хүүхдийн тархи өөрийн хөдөлгөөнөөсөө суралцаж явсаар мөлхдөг болж, түүгээр тогтохгүй үг хүртэл хэлж эхэлж байна гэнэ. Нэг ёсондоо оролт ба гаралтын гинжин давталт өрнөснөөр хүний тархи суралцан хөгждөг. Сүүлийн үед тренд болоод буй хиймэл оюун, deep learning ч үндсэндээ ийм модел дээр суурилдаг. Мөлхөж эхлээгүй ердийн эрүүл нялх хүүхэд гараа нүдэн дээрээ хөдөлгөж, хөлөө амандаа хийх зэргээр байнга таван мэдэрхүйгээ ажиллуулж харагддаг нь цаанаа өнөөх л оролт, гаралтын гинжин давталтыг өрнүүлж байгаа нь тэр. Тэр процессийн үргэлжлэл л тэднийг мөлхөж, хөлд орж, хэлд орж гэхчлэн хөгжүүлдэг.
Эндээс харвал хүүхдээ сургах нь нарийндаа бол таван мэдэрхүйг нь ажиллуулахаас эхлэх ёстой. Жишээ нь хүртэх мэдэрхүй ч бас хүүхдийн суралцах процесст чухал нөлөөтэй. Гэтэл бидний олонх эцэг эхчүүд үүний яг эсрэгээр нь хийдэг. "Тэрэнд хүрч болохгүй", "Энийг авч болохгүй", "Аюултай", "Хол бай". За их л сайндаа хагас хугас тайлбарласан болно. "Энэнд хүрвэл ингээд ингээд, хувцас нь баба болно за!" (харин хүүхдүүд "Хувцас баба болохоор яана гэж?" гэсэн асуултын тэмдэгтэй л үлдэнэ). Харамсалтай нь гаралт байхгүй дан оролтоос хүүхэд жинхэнэ утгаараа суралцах боломжгүй. Эхэнд өгүүлсэн оюутан шиг "Угаасаа л ингэдэг" гэх оюуны залхууралд л унана. Хүүхдээ багаас нь гадаа гаргалгүй, дөрвөн хананы дунд түгжиж өсгөнө гэдэг бол зөвхөн оролтоор сургах гэсэн явцгүй боловсрол. (Эндээс бид Улаанбаатар гэдэг орчин хүүхдийн суралцаж хөгжих орчин талаасаа ямархан гамшгийн хэмжээнд байгааг хялбархан төсөөлж болмоор)
ЭЕШ хүүхдүүдийн юуг шалгадаг юм бэ? Тэр бол ердөө л хүүхдийн тархин доторх асар том неврон хэлхээнээс тухайн моментод тухайн нэг бяцхан мэдлэгийн хэлхээ байгаа эсэхийг л сонждог төдий. Тэгээд манай өнөөгийн боловсролын системийн үндсэн зорилго нь тэр хэлхээг хүчээр ч атугай хэлхэж угсраад, ядаж шалгалтын тэр ганц өдрийг өнгөртөл хүүхдийн тархинд хадах явдал. Мэдээж шалгалт дуусав уу үгүй юү тэр хэврэг хэлхээ хүүхдүүдийн тархинаас ор мөргүй ховхорч задраад устана. Учир нь тэр хэлхээг зөвхөн оролтоор л угсарснаас гаралтаар бэхжүүлээгүй. Харин түүний оронд хүүхэд сургуулийн өдөр тутмын амьдрал дахь оролт, гаралтаараа давтан давтан босгож, угсарч, сийлж авч үлдсэн багш нарын зан авир, харилцаа, биеэ авч явах байдал, аливаад хандах хандлага, чин сэтгэл, ёс суртахууны мэдрэмж л тэдний боловсрол болон халдварлана.
Тиймээс боловсрол гэдэг бол агуулга биш хэлбэр юм. Өнөөгийн боловсролын яам хүүхдэд юу заах вэ (агуулга)-г голчлон анхаарч, яаж заах вэ-г ерөнхийдөө багшид даатгаад орхиж ирсэн. Яах вэ, тэрүүхэндээ багшийн заах арга барилыг дээшлүүлэх талын хөтөлбөр мэр сэр явдаг л байх. Гэтэл энэ бүхний эцсийн дүнд хүүхэд юуг авч үлддэг вэ, тэдний оролт, гаралтаар юу хамгийн их давтагддаг вэ гэдгийг өдийг хүртэл ойшоож байсангүй. Багшид ёс суртахууны, хүн чанарын, үлгэр дуурайллын өндөр босго шаардлагатайг мэдсэн ч дуугарч зүрхэлсэнгүй.
Яагаад вэ? Яагаад гэвэл боловсролын салбар Монголд хаягдсан. Боловсролын салбар ердөө л улс төрийн төлбөр тооцооны хэрэгсэл төдий болсныг сая байгуулагдсан шинэ засгийн газраас ч харж болно. Хаягдсан болохыг нь багш нарын цалин хангамжаас, боловсролын яаманд хуваарилдаг төсвөөс ч харж болно. Тийм болохоороо багш нараас юу ч нэхэж чаддаггүй.
Хүний биеийн хамгийн чухал хэсэг, утга учир, үндсэн зорилго нь эцсийн эцэст ердөө л үржлийн эс юм гэдэг. Нэг ёсондоо хүн гээч байгалийн биет өөрийгөө оршин тогтноож, үржин олшрохын төлөө загварчлагдсан систем. Үүнтэй адилаар хүний нийгмийн хамгийн чухал хэсэг, утга учир, үндсэн зорилго ч бас сайтар тунгаавал бидний үр хүүхэд байх учиртай. Тэр утгаар нь харвал үнэндээ бол бид багш нараас буюу энэ нийгмийн оршин тогтнолын утга учир, үндсэн зорилго болох тэр хамгийн эмзэг нандин хэсэгтэй өдөр тутам зууралдаж явдаг хүмүүсээс байнга өндөр босго шаардаж явах ёстой юм. Зүйрлэвэл, лабораторийн дээж сорьцонд хүрдэг багаж хэрэгсэл, сав баглааг заавал ариутгадагтай адил. Тэгээд мэдээж үүнд шаардлагатай зардал мөнгийг нь хангалттай тавьж өгнө гэсэн суурь нөхцөл дор.
Ер нь яагаад суурь боловсролыг төрөөс үнэгүй олгодог юм бэ? Учир нь тэр хүүхэд ирээдүйн манай улсын иргэн. Тиймээс муухайгаар хэлбэл төрд ирээдүйн иргэнээ бэлдэх шаардлага бий. Хүүхдүүд химийн хичээл дээр ташираараа унаж байгаа нь химийн хичээлээ муу зааснаас илүүтэй суулгах ёстой соёлоо л муу суулгасных. Үндсэн зорилгодоо төвлөрөөгүйнх. Зөв соёл (буюу зөв суурь сэтгэлгээ) суулгаж чадсан бол химийн хичээлийн дүн ч бас хэвийн л байх байсан...
Харин соёлын элементүүд агуулгаас илүү хэлбэрээр дамжих нь их. Үүн дээр шинэ боловсролын сайдын ярьж буй "ЗҮРХ СЭТГЭЛИЙН БОЛОВСРОЛООР ДАМЖУУЛАН СУРГАЛТЫН ЧАНАРЫГ САЙЖРУУЛАХ" тухай санаа бичигч надад битүүхэн олзуурхал, хүлээлт төрүүлснийг энэ бичвэрээр дамжуулан тайлбарлахыг зорилоо.
Төгсгөлд нь ганц хувийн санал! Зөв соёл буюу зөв суурь сэтгэлгээг хэрхэн суулгах вэ?
Бага анги буюу 1-6 хүртэлх ангийн хүүхдүүдэд аль болох танин мэдэхүйн туршлага хураах талд нь түлхүү анхаарах. Энэ насны хүүхдүүдийн ширээний ард өвдгөө нийлүүлж суух цагийг багасгаж, оронд нь уул хадаар явж, амьтан ургамал сонирхож, үзвэр үйлчилгээ, үйлдвэр барилгатай танилцах цагийг нэмүүштэй.
Дунд анги буюу 7-9 хүртэлх ангийн хүүхдүүдэд ажил хөдөлмөрийн даалгавар түлхүү тавьж, дүрэм журам, ёс зүйд сургах тал дээр анхаарах.
Ахлах анги буюу 10-12 хүртэлх ангийн хүүхдүүдийн хувийн дур сонирхлыг дэмжиж, мэргэжлээ сонгох сонголтдоо төвлөрөх орчныг нь бүрдүүлж өгүүштэй. Ер нь бол хүүхэд бүрээс химийн шалгалтын дүн нэхдэгээ ингэсгээд боливол таарна дөө.
(Мэдээж ингэхэд л хангалттай гэж юу байх вэ. Ердөө л бяцхан reference төдий)
Оноч
Оноч
Сүрэнжавын Цэрэнлхам
Цогжавхлан