Хэрвээ...
Ийм юм болжээ. “Хар сарнайн Амраа” хэмээх дуучин С.Амармандах хүнд зодуулжээ.
Нэг. Болсон явдал нь.
Ийм юм болжээ. “Хар сарнайн Амраа” хэмээх дуучин С.Амармандах хүнд зодуулжээ. Зодсон хүн нь оросын дипломатч байсан аж. Хэвлэлийнхэн, дуучны хувцсанд урласан хас тэмдэг дипломатчийн эгдүүг хөдөлгөсөн бололтой гэсэн хувилбараар болгоомжтой бичиж байна. Хохирогч, хохироогчийн алиныхан ч амнаас хас тэмдэгний тухай үг гараагүй. Гэтэл, манай хэвлэлийнхэн хэрэг явдлыг болгоомжтой нь аргагүй мэдээлэхтэй зэрэгцүүлэн, ямар ч байсан зодуулах сэдэл шалтаг байсан л болохыг дурьдахаа мартахгүй аж. Үүний шалтгааныг сүүлд өгүүлнэ.
Өнөөгийн монголд “хас тэмдэг” нь өөрсдийгээ үндэсний үзэлтнүүд хэмээн зарласан бүлэглэлийн илэрхийлэл болсон юм. Ийм тэмдэгтэй хүмүүс гадны иргэдийг чөлөөтэй зодох эрхтэй гэсэн ойлголт манайд байдаг ба ялангуяа хятад иргэд, жуулчныг зодвол эх орноо хамгаалсан сайн үйлст тооцогдоно. Иймэрхүү сайн үйлсийн бичлэг, баримтжуулсан зургаа олон нийтийн сүлжээнд тавьж үндэсний сайн үйлсийн хэмжээнд магтагддаг болоод байгаа юм.
Харваас, гэмт хэргийн шинжтэй зарим үйлдлүүд хүртэл хууль ёсны мэт болж байгаагийн тухайд хоёр янзын таамаг байдаг.
Бизнес улс төрийн томоохон бүлэглэлүүд тэднийг урамшуулах, хөлслөх, ивээлдээ авах журмаар өрсөлдөгчөө дарах, элдэв нэр хоч зүүлгэн улс төрөөс холдуулах ажилдаа ашигладаг гэж зарим ажиглагчид хэлдэг. Заримдаа, хууль сахиулагчид тэдний өмнө хүчгүй харагддаг нь улс төр-бизнэсийн томоохон бүлэглэлийн өмгөөлөлд байдгийг нь илтгэсэн хэрэг хэмээн үзэх нь ч бий.
Түүнчлэн, өнгөрсөн нийгмээс улбаатай “улс төрийн айдас”-ын улбаа нийгмийн ухамсарт гүн шингээстэй хэвээр байгаа. Энэ айдас дээр л тоглолт хийсэн хэрэг гэж үзэх нь байна. ХХ зууны БНМАУ-д (Залууст сонирхуулахад, манай улс ийм нэртэй байсан) хүнийг ажил амьдрал, хувь заяаг нь орвонгоор эргүүлдэг хоёр том айдас байлаа. Нэгдүгээрт “монгол-зөвлөлтийн найрамдлын эсрэг санаатан” болох, хоёрдугаарт “Хятадын талын этгээд болох”, эднүүс юм. Санаатайгаар энэ хэрэгт холбогдох зүрхтэй амьтан байхгүй. Харин санаандгүйгээсээ болоод юмуу, удирдах бүлэгт таалагдаагүйн улмаас энэ “зүйл анги” руу чихэгдсэн нэгний хувь тавилан мөнөөх “Нэгэнт өнгөрсөн андаа бодоход хүрэл зүрх ч хайлна” гэдэг шүлэг шиг л болно доо.
Чухамхүү хятадын тал болохоос “хүрэл зүрх нь хайлсан” үеийнхний айдас ба хятадтай холбогдсон зүйлсийг хичнээн шударга бус байсан ч өмөөрөх чадамжгүй сэтгэхүй, энэ хоёр дээр өөрийгээ эх оронч хэмээн нэрлэсэн зарим этгээд “тоглолт”хийж байна хэмээн үздэг. Социализмын үлдээсэн нийгмийн сэтгэл зүйн нэг томоохон өв бол “ямар ч тохиолдолд зөвлөлтийн хүнийг эсэргүүцэх зориггүй, хятад хүнийг зөвтгөх зүрхгүй монгол хүн” бөлгөө. Тэгэхлээр, өнөөдөр ямар ч цөс ихтэй эх оронч, хас тэмдэгтэнд орос хүн(буюу зөвлөлтийн хүн)-ийг зодох нь бүү хэл, өөдөөс эгц харах зүрх байхгүй.
Гэтэл орос хүн өөрөө “хас тэмдэгт” хүнийг зодоод хаячихаж. “Хоолтой чоно хонгилд, хоосон чоно хоморгонд” гэгчээр хамгийн гэм зэмгүй “хас” нь энэ дажинд өртөж. (Дуучин Амрааг дуулаад л намирч явсныг харснаас биш эх орны нэр барьж хүн амьтан айлгаж ичээж явсан гэж дуулаагүй юм байна) Үлдсэн бүх хас тэмдэгтнүүд “Амраагийн асуудал” дээр амаа хамхив. Сэтгүүлчид нь ч тэднээс очиж амыг нь асуун сурвалжлахаас айв. “Ямарч ч хувцсаар далдлах аргагүй, үе дамжсан “иргэний айдас”-тай хөөрхий зүрхнүүд нь зоримог алхам үл хийлгэнэ.
Ганцуу нэг сэхээтнүүд л маш болгоомжтойгоор зөвлөлтийн үеийн айдсын уламжлалыг туйлын болгоомжтой сануулна. Зарим газар “Амраагийн өмссөн хувцасны хас тэмдэг нь Гитлерийн германтай байлдсан Орос хүний дургүй хүргэсэн” гэх тайлбар гаргасан нь “Би чамд хайртай” киноны “Баяраа өөрөө уначихсан юм байна лээ” гэдэг афоризмын хувилбар бөлгөө. Хэрэг явдал буруугаар эргэлээ гэхэд “бид зөвлөлтийн хүнийг эхнээс нь өмөөрсөн шүү дээ” гээд амиа авч үлддэг туршлагын үргэлжлэл.
Хүний эцэг юм хойно, дуучин Амраагийн аав нь хэвлэлийн бага хурал хийлгэж асуудлыг дэлгэнгээ, “Ээ дээ, Хоёр орны дипломат харилцаатай л битгий холбож ойлгоорой” хэмээн айдас дүүрэн учирлана. Гэтэл Малайзад хөнөөгдсөн охины эцэг болохлоор, хоёр орны дипломат харилцааг таслахыг шаардаж, гадаад харилцааны сайд тайлбар хийхдээ тулж байсан. С.Сүхбаатар гуай хүүдээ бусдаас бага хайртай юм уу, гэж үү? Үгүй ээ. Яагаад гэж үү, ийм учиртай юм.
Хоёр. Айдсын түүх: Д.Сүхбаатараас С.Сүхбаатар хүртэл
Айдсын түүх бүр эрт, өнөөгийн дуучин амраагийн аав, манай үеийн суу билигтний нэг С.Сүхбаатар айсан явдлаас бараг зууны өмнө өөр нэг Д.Сүхбаатарын үеэс эхтэй. Төв талбайд хөшөө нь байдаг Сүхбаатарыг хэлж байна. 1921 онд нийслэл хүрээнд байсан орос цэргүүд дээрэм тонуул хийсэн явдалд Богд хаан дургүйцжээ. Албатыг нь тонохоор хаан нь уурладаг нь байж болох явдал биз дээ.
Уг хэрэг явдлыг өөрийн итгэлт хүмүүсийн нэг, жанжин Д.Сүхбаатарт Богд хаан дуулгасан болтой байдаг. Д.Сүхбаатар уг асуудлыг зөвлөлтийн талд уламжлахдаа, нэгэнт гамин цэрэг дарагдсан учраас улаан арми буцах хэрэгтэй гэсэн санаатай байгаагаа давхар ойлгуулжээ. Энэ тухай В.Букатыйгаас 5 дугаар армийн штаб руу илгээсэн нууц захидалд өгүүлсэн ба хэрэг явдал цааш өрнөж Зөвлөлтийн Гадаадын хэргийн ардын комиссариатаас “Монголын олон нийтийн санаа бодол... манай цэргийг гаргахад чиглэж байгаа...ингэж огт болохгүй” тухай чиглэл гаргахад хүргэж байжээ. Чиглэл ч чигийг заасаар үлдэж. Энэ мөчөөс хойш Сүхбаатарын хувь тавилан өөрөөр эргэсэн гэж судлаачид хэлдэг. Тэрээр жанжны албанаас халагдсан ба удалгүй ханиадаар нас баржээ. Ингэж “Амьдаараа зөвлөлтөд хэрэггүй, харин үхсэн хойноо тун чухал” Д.Сүхбаатарын түүх эхэлжээ. Үүнээс хойшхи үзэл сурталжсан түүхийг манайхан мэднэ...
Гурав... Хэрвээ энэ явдал 1990 оноос өмнө өрнөсөн бол‼
Хэрвээ энэ явдал 1990 оноос өмнө өрнөсөн бол...Монголын дуучинг зөвлөлтийн элчингийн хүн зодсон байг гэж бодъё. Нэгдүгээрт энэ мэдээллийг тараахгүй. Бүх сонин, хэвлэлийг материалыг үг үсэггүй хянаж баталдаг газрын(ХУЗХГазар) ажил үүргийн зааварт, Монгол-зөвлөлийн найрамдалд харш зүйлс, зөвлөлтийн хүн, цэрэг монгол хүнийг зодсон алсан явдлыг мэдээлэхээс сэргийлэх явдал орно. Уг үйл явдлыг нүдээр харсан хүмүүсийг Аюулаас хамгаалахийн төлөөлөгч биечлэн дуудаж, амаа хамхихыг сануулан үхтэл нь айлгаад явуулна.
Гэнэдээд, нэр ус дурьдалгүйгээр зодоон болсныг мэдээлж гэмээнэ, тухайн хэвлэлийн эхлэгч, сурвалжлагч, хянасан Хэвлэл хянахын ажилтан гээд ташраараа дээлээ нөмрөнө. Согтуу орос жолоодсон том тэргэнд дайруулан шатсан автобуснаас хүн амь аварсан залуугийн тухай “Залуучуудын үнэн” сонинд бичсэн, гаргуулсан, хянасан хүмүүс ташраараа халагдаж хүнд ажилд цөлөгдсөн шиг. Орос хүний тухай бүү хэл, автобус яагаад шатсан тухай үг үсэг гараагүй юм шүү.
Дараа нь Аюулаас хамгаалахын төлөөлөгч, мэдээлэгч нар нийт ард иргэдийг тандан энэ талаар цуу яриа тарсан эсэхийг судлана. Хэрвээ тийм тохиолдол илэрвэл чандлан шалгаж, хэнээс хэн сонссныг нь яг тогтоож, шаардлагатай гэж үзвэл “Монгол-зөвлөлтийн найрамдлын эсрэг цуу тараасан” хэргээр яллана. Үйл явдал болсон баарны дарга, үдэшлэгийг гардан зохион байгуулагчдын хувь заяаг ярих ч хэрэггүй.
Хэрвээ энэ явдал 1990 оноос өмнө өрнөсөн бол...Энэ явдлыг сонссон Цэдэнбал дарга маш их уурлана. Гэхдээ түүний гэргий, БНМАУ-ын албан бус удирдагч Анастасия Ивановна-гийн хилигнэхийн хажууд генсекийн уур бол тоглоом. Уурссан Анастасия Нийгмийг Аюулаас хамгаалахын сайд ба Намын хянан шалгах хорооны дарга руу шууд утасдаж “Зөвлөлтийн хүнд архи уулгаж согтоосон, зүй бус хувцас өмсөж зөвлөлтийн хүний уурыг хүргэсэн этгээд, тийм нөхцөл бүрдүүлсэн намын улсын ажилтнуудад хатуу хариуцлага тооцохыг шаардана” цамнана. Авгайн ийм ааш араншингийн түмэн жишээг Леонид Шинкарев дурьдсан байдаг. “Известия” сонины сурвалжлагчаар Монголд олон жил ажилласан тэрээр “Цэдэнбал ба түүний цаг үе” хэмээх баримтаар бялхсан бүтээл туурвисан билээ.
Хэрвээ энэ явдал 1990 оноос өмнө өрнөсөн бол...Цэдэнбал тэргүүтэй улс төрийн товчоо яаралтай хуралдан “Залуучуудын дунд хөрөнгөтний үзэл санаа дэлгэрч байгаатай хатуу тэмцэн, пролетарийн интернацианализм, монгол-зөвлөлтийн найрамдалд үнэнч үзлээр шинэ үеийн хүмүүжүүлэх ажлыг хүчтэй болгох” тогтоол гаргаж таарна.
Түүний мөрөөр МХЗЭ буюу Залуучуудын эвлэлээс “ Залуучуудын дунд хөрөнгөтний үзэл санаа, фашизм дэлгэрч байгаатай эвлэршгүй тэмцэх” тогтоол бас гаргана. Тогтоолыг хэрэгжүүлэх зааварт “албан байгууллага, аж ауйн нэгжүүдийн дэргэдэх Эвлэлийн үүрээс өглөө бүр ажлын үүдэнд, мөн үдэшлэг кино үзвэр эхлэхийн өмнө залуучдын хувцсыг шалгаж оруулах” тухай үүрэгдэнэ. Эвлэлийн үүрээс залуусын халимаг үсийг “Битльзийн”-хэн шиг урт болгохгүй хэмээн тайрч, өмдний шулхнагийг хайчилж байсныг мэдэх гэрч одоо ч олон.
Хэрвээ энэ явдал 1990 оноос өмнө өрнөсөн бол...Намын үүр хороодоор тараасан нууцын зэрэглэлтэй, зөвхөн гишүүдэд танилцуулах заавартай Төв хорооны захидал тарах нь лав. Нууц захидалд зодооны тухай дурьдахгүй. Харин “А гэгч этгээд Зөвлөлтийн хүнд агсам тавьсан” гэх маягийн зүйл дурьдана. Ердөө “3өвлөлтийн хүний нүдэнд хас тэмдэгтэй үзэгдсэн” гэхэд л хангалттай даа. За даа, “3өвлөлтийн хүн оролцсон үзэл суртлын чухал арга хэмжээн дээр фашист тэмдэгтэй явсан” гэдэг л асуудал үлдэх нь ортой дог. Намын гишүүд үүнийг үзээд хувьсгалч нэг нь жигшинэ, эрүүл ухаантай нь зүгээр л үхтлээ айна. МАХН-ын хамгийн сүүлчийн ийм баримт бичиг 1990 онд тарахдаа “Ардчилсан холбооныхон бол эрүүгийн гэмт хэрэгтнүүд” хэмээн тайлбарласан байдаг.
Хэрвээ энэ явдал 1990 оноос өмнө өрнөсөн бол...Хотын намын хороон дээр үүл хуралдах нь гарцаагүй. Хөөрхий Сандуй дарга юун “жаран тэрбум”-дах вэ, харин ч хар толгойноосоо салахад тулна. Харин, Сандуй зөвлөлт(заавал орос байх албагүй, зөвлөлтөд багтдаг ямар нэг цагаан арьст) эхнэртэй байсан бол асуудал өөрөөр эргэж, түүний орлогч, хотын намын хорооны үзэл суртал хариуцсан дарга руу аянга чиглэнэ.
Ингээд орон даяар “Төв хорооны тогтоол” хэрэгжүүлэх ажил эхэлж, биелэлтийн явцыг нь Филатова дарга Намын хянан шалгах хороо, Аюулаас хамгаалах Яам, Эвлэлийн Төв хороо руу биечлэн утасдаж асуух ба идэвхтэй ажиллахыг шаардана.
Хэрвээ энэ явдал 1990 оноос өмнө өрнөсөн бол...Хэрэг явдалд шууд болон дам байдлаар холбогдсон олон арван хүн хамгийн хүнд улирал болох дүн өвлөөр, хамгийн хүнд зүйл анги болох “монгол-зөвлөлтийн найрамдалд харшилсан” асуудлаар ажил албанаас хөөгдөнө. Энд “дам байдал” гэж дуучны бага ангийн багшаас эхлээд эвлэл пионерийн дарга нь явсан улсыг “тухайн үед нь хүмүүжүүлж, ийм явдлаас урьдчилан сэргийлээгүй” гэдэг үндсээр буруутгаж болдог байсныг хэлж байна.
Найрамдлын эсрэг хэрэгт холбогдсон хүмүүс ажил албаны карьераа дуусгасанд тооцогдоно. Ийм гэмт хэрэгт “ялын хугацаа” гэж байхгүй, насаараа тэнсэнтэй амьдрана. Тэдний хажууд эрүүгийн хэрэгтнүүд хамаагүй толгой гэдгэр үлддэг байв. Орон нутагт цөлөгдөн, тэр даруйдаа орон сууцнаасаа хөөгдөх энүүхэнд бөгөөд нялх нойтон хүүхэд нь өвлийн нүүдлийн аяыг даахгүй хатгаа ханиадаар үрэгдсэн олон жишээ байдаг. Сүүлийн үеийнхэнд сануулахад, тэр үед хувийн орон сууц гэж байгаагүй бөгөөд ажлаасаа халагдахад орон сууцаа хураалгадаг байсан.
Хэрвээ энэ явдал 1990 оноос өмнө өрнөсөн бол...Үйл явдал хувь хүн талдаа яаж тусахыг төсөөлье. Дуучны аав нь юун нэхэмжлэл гомдол гаргаж хэвлэлийн хурал хийх вэ, харин ч “Хүүхдээ монгол зөвлөлтийн найрамдал ба пролетарийн интеранационализмд үнэнч үзлээр хүмүүжүүлээгүй” гэсэн асуудлаар намын арга хэмжээ авхуулах бол гарцаагүй. Түүнийг аль нэг аймгийн соёлын ордонд бүжгийн багшаар явуулах бол наад захад харагдаж байгаа тавилан. Захын аймгийн захын суманд улаанбулангийн эрхлэгч болговол намзасаг харж үзэж байгаагийн жишээ л болно. Уран бүтээл эрхлэх, бүжиг дэглэх эрхийг нь хасч, томоохон уран бүтээл туурвих боломжийг хааж ч мэднэ.
Харин дуучны хувьд бодохоос аймаар. Түүнийг ажилд авсан хүн “Монгол зөвлөлтийн найрамдлын эсрэг этгээдийг ажилд авсан” хэрэгт холбогдож, өөрөө ч ажилгүй болно. Түүнийг нэг ч удаа болов тайзанд гарахыг зөвшөөрсөн этгээд ч адилхан хариуцлага хүлээнэ. Ийм учраас, найзуудынхаа нийллэг дээр л банзан гитартай дуулах боломж л үлдэнэ.
Хэрвээ энэ явдал 1990 оноос өмнө өрнөсөн бол...Гэхдээ, аз хаана ч байдаг. Юм сайхнаар өрнөж яагаад болохгүй гэж. Тухайлбал, асуудал чимээгүй дарагдаад өнгөрч болно. Дуучин Амрааг Улаанбаатарын орос эмнэлэгт эмчлүүлэн эдгээх юмуу, Москвад сувилалд явуулж яагаад болохгүй гэж. Авъяаслаг дуучин хөвүүнийг “ Мы поедом в Артек” нэвтрүүлэгт оролцож, “Пусть, всегда будет солнце” дууг маш хөөрхөн дуулахыг нь Анастасия хараад өхөөрдсөн байхыг хэн байг гэх билээ. Яг л улсын бага хурлын дарга Ламжавыг цаазлахын урьд орой авъяаслаг циркчин хүү Ламжавын Ванганы тоглолтыг үзсэн маршал уярсан түүх шиг. Маршал “Ийм авъяаслаг хөөрхөн хүүг өнчрүүлэх нь хайран”санагдаад эцэг Ламжавын амийг өршөөсөн гэдэг.
Магадгүй гэр бүлийнхэнд нь Зөвлөлтийн цэргийн ангийн “орос дэлгүүрт орох эрхийн үнэмлэх”олгон тайтгаруулж мэднэ. Монголчуудад энэ нь доромжлол мэт санагдавч үүнээс ч аймаар тавилан өөрийг нь тойрч байгааг ойлгох учраас хүлцэнэ. Зөвлөлтийн цэрэгт хүчиндүүлсэн охидын ар гэрт “хүнсний зүйлс” өгөөд тайтгаруулж байсан тухай БНМАУ-ын Нийгмийг аюулаас хамгаалах яаман дахь ЗХУ-ын Улсынг аюулаас хамгаалах хорооны ахлах төлөөлөгчөөр 1983-1987 онд ажиллаж байсан, генерал Всеволод Радченко “Главная профессия — разведка” номдоо дурсан бичсэн байдаг.
Бид ийм учраас бид аймхай байдаг.Энэ айдсаар тоглож чадсан нь биднийг дуугүй байлгаж, бас хүсээгүй үгийг хэлүүлж чаддаг. Цаг үе улиран зөвлөлт ба комммунист дэглэм түүх болон үлдэв. МАХН ч хувирч Энхбаярынх нь жинхэнэ үү, Энхболдынх нь жинхэнэ үү, ялгахын аргагүй болов. Харин айдас үргэлжилсээр...