Нэгэн улсад хаан, үйлчлэгч хоёр байж гэнэ. Хаан үргэлж амттаны дээдийг хүртдэг бол үйлчлэгч тийм байсангүй. Идээ будаа элбэг дэлбэг үед үйлчлэгчид үлдэгдэл ч болов ноогдох авч, хүнс ховордоод ирэхээр хаан бүгдийг ганцаараа идчихнэ. Тиймээс үйлчлэгч голж шилэх ч эрхгүй, олдсон таарснаа идэхээс өөр замгүй.

Хаан сүрлэг орд харшид амьдарна. Хааяа аялалд гарах ч, мөн л тэгшхэн замаар тав тухтай морилно. Харин үйлчлэгч тийм байсангүй. Хаан анааш үзмээр байна гэвэл үйлчлэгч бүгчим халуун Африкт очиж, арслантай тулалдан байж анааш барьж ирэх ёстой. Оцон шувуу тэжээе гэвэл цэвдэг хүйтэн өмнөд туйлыг зорихоос өөр аргагүй.

Хаан үргэлж амар жимэр, ая тааваараа амьдарна. Харин үйлчлэгчид амрах ч сөхөө үгүй. Улсын хөрөнгийг хамгаалахын тулд эдийн засагт суралцаж, гадаад улсуудтай харилцахын тулд харь хэлийг ч цээжилнэ.

Эргэцүүлж бодвол хүн төрөлхтөн энэхүү үйлчлэгчтэй бага зэрэг төстэй. Харин шимпанзе, горилла зэрэг хүн дүрст мичнүүд хаантай илүү төстэй гэмээр. Хүн дүрст мичнүүд ой мод гэх харшид амьдардаг. Ой модонд хоол хүнс элбэг, махчин амьтдад бариулах аюул ч бага. Гэтэл эртний хүн төрөлхтөн сийрэг ой, хээр газраар амьдарч байв. Ой шугуйтай харьцуулахад хоол хүнс ч ховор, махчин араатны нүдэнд ч ил. Тийм газар амьд үлдэхийн тулд голж шилэх талаар санаад ч хэрэггүйн дээр элдвийг аргалж сүвэгчлэх шаардлагатай. Тэгвэл яагаад хүн төрөлхтөн ой модноос холдож, тийм онцгүй, аюултай газрыг сонгосон юм бол?

Үгүй дээ, энэ улсын үйлчлэгч ч бас хүссэндээ үйлчлэгч болсон юм биш. Үнэндээ хаан болмоор л байсан. Даанч хаанаас чадал дорой, тулалдвал яагаад ч дийлэхгүй. Тэгээд л уйлж унжсаар үйлчлэгч болсон хэрэг.

Бодвол хүн төрөлхтөн ч бас ой шугуйдаа үлдмээр л байсан байх. Даанч Африкт хуурайшилт түрж, ой модод хорогдоход тухайн үедээ сул дорой, модонд авирахдаа маруухан байсан хүн төрөлхтний өвөг бусад мичнүүдэд хөөгдөө юм байлгүй. Тэгээд хээрээр тэнүүчилсэн тэдний ихэнх нь үхэж үрэгдсэнээс зайлахгүй. Яаж ч чармайгаад сийрэг ойтой хээр газар гэдэг тэр чигээрээ аюул юм хойно.

Гэвч тэдэн дундаас юуг ч гололгүй идэж, хаана ч амьдрах чадвартай хэсэг нь арай чүү амь торгоон үлджээ. Бидний өвөг эцэг сул дорой ч гэлээ, үгүй ээ, харин ч сул дорой байсны улмаар хүн дүрст мичнүүдэд байхгүй онцлог шинжүүдээ хувьсгасаар амьд үлдэж чадсан байна. Тэгээд тэдний үр удам болж бидний Хомо сапиенс төрсөн юм. Энэ ном бол тэрхүү өвөг эцгүүдийн маань тухай түүх билээ.

Нэмээд ганц үг хавчуулахад, энэ ном тун ч азтай цаг үед мэндэлж байна. Сүүлийн хэдэн жилд цацраг идэвхт нүүрстөрөгчийн тусламжтайгаар малтмалын насжилтыг өндөр нарийвчлалтай хэмждэг технологиуд хөгжиж, дээж бэлдэж боловсруулах дамжлага ч нарийссанаар өмнөх малтмалуудын насны хэмжилт асар ихээр засварлагдах болсон. Ингэснээр олдвор нэг бүрийн насыг нарийвчилж тогтоогоод зогсохгүй неандерталчууд болон бидний хамаарал гэх мэт хүний түүхэн дэх чухал сэдвүүдийг ч эргэж харахад хүргэсээр байна. Ийм цаг үед мэндэлсний ачаар энэхүү ном сүүлийн үеийн шинэ үр дүнгүүдийг өөртөө шингээж чадсан билээ.

За ингээд өвөг дээдсийнхээ баатарлаг түүхийн аянд хамтдаа гарцгаая.

Гарчиг

  • Удиртгал бүлэг ー Бид үнэхээр онцгой оршихуй юу?

Хүн бусдаас онцгой юу?

Олон зүйлийн хүн байсан

Бүгд мөхсөн

I хэсэг ー Хүн төрөлхтний түүхийн нууц руу нэвтрэх нь

  • Нэгдүгээр бүлэг ー Дутагдал дүүрэн хувьсал

Хүн төрөлхтөн ба шимпанзе төрөлтний ялгаа

Босоо алхдаг хүн дүрст мич байсан гэв үү?

“East Side Story” бол эндүүрэл

Босоо алхахын хамгийн том дутагдал

Төрөхийн хүндрэл ба босоо алхаа

  • Хоёрдугаар бүлэг ー Анхны хүн төрөлхтөн юуг өгүүлнэ вэ?

Дөрвөн зүйлийн анхны хүн

Дөрвөн хөлтөн ба босоо алхагчдын завсарт

Шинжлэх ухааны нэршилд шингэсэн мэргэдийн бодол

Ардипитекус рамидасын онцлог

Анхны хүмүүс хаана амьдарч байсан бэ?

  • Гуравдугаар бүлэг ー Хүн төрөлхтөн бол энх тайванч амьтан

Шимпанзед байдаг ч хүнд байдаггүй зүйл

Моринд хазуулсан ч үхэхгүй

Том биетэй хүн дүрст мичнүүдийн соёо ба нийгмийн хэлбэр

Хүний соёо яагаад жижгэрсэн бэ?

  • Дөрөвдүгээр бүлэг ー Ойгоос хөөгдөөд хэрхэн амьд үлдэв?

Хээр талаас илүү ой мод нь амьдрахад тухтай

Хүн төрөлхтөн ойгоос хөөгдөв

Таамаглал логиктой байхад л хангалттай юу?

Хувьсдаг тохиолдол ба хувьсдаггүй тохиолдол

Бусад мичнүүдэд байхгүй онцлог

  • Тавдугаар бүлэг ー Ийнхүү хүн төрөлхтөн мэндлэв

Шимпанзе бидний өвөг биш

Хүн төрөлхтний өвөг эцгүүд ч багаж хэрэглэдэг байсан

Япон сармагчин хоолоо хуваалцдаггүй

Үеэр алхахын ээдрээтэй нөхцөл байдал

Ижил хувьсал салангид тохиож болдог

II хэсэг ー Мөхөж одсон хүн төрөлхтнүүд

  • Зургаадугаар бүлэг ー Идүүлсэн ч үржихэд л болно

Австралопитекус VS Пилтдаун хүн

Анхдагч шинж төрх ба үүсмэл шинж төрх

Босоо алхахдаа улам чадварлаг болсон нь

Хамгийн чухал нь биеийн доод хагас

Яаж биеэ хамгаалдаг байв?

Хүн яагаад олон хүүхэд төрүүлж чаддаг юм бол?

Рей Брэдберигийн жигтэй хайрцаг

Турьхан хүн дүрст ба бадируун хүн дүрст

Бадируун хүн дүрст амтгүй хоолыг ч иддэг байсан

Австралопитекус тэднийг мөхөөсөн үү?

  • Долоодугаар бүлэг ー Хүн төрөлхтөнд тохиолдсон гайхамшиг

Олдован ба Асряан

Чулуун зэвсгийг хамгийн анх хийсэн хүмүүс

Будилаан дагуулсан анхдагч Хомо төрлийн ангилал

Арслангийн тархи яагаад хүнийхээс жижиг юм бэ?

Босоо алхаанд нуугдаж байсан давуу тал

Нарийхан бэлхүүстэй, завтай хүмүүс төрсөн нь

Хүн төрөлхтөн биедээ үсгүй болсон шалтгаан

Яагаад бадируун хүн дүрстүүд мөхөв?

  • Наймдугаар бүлэг ー Хомо төрөл арга буюу дэлхийгээр түгэв

Африкаас гарсан хүн төрөлхтөн

Сэлмэн соёот баранд бариулсан Дманиси хоминин

Дэлхий санаснаас жижигхэн

Ядуус амьд үлдэв

Арга буюу Африкийг орхисон гэв үү?

Хомо эректусын бүс нутгийн сүрэг

  • Есдүгээр бүлэг ー Тархи яагаад улам томорсон бэ?

Төвөгтэй асряан зэвсгийг яагаад хийх болов?

Гал хэрэглэж эхлэв

Бидэнтэй холбоотой хүн төрөлхтөн гарч ирэв

Дэлхийд тэргүүлж эхэлсэн нь саяхны явдал

Тархи томорсон өөр нэг шалтгаан

Үлэг гүрвэлийн оюун ухаант болж хувьсах магадлал

III хэсэг ー Хомо сапиенс хаашаа явна вэ?

  • Аравдугаар бүлэг ー Неандертал хүмүүсийн тархалт

Хамгийн алдартай чулуужсан хүн

Европ дахь цорын ганц хүн төрөлхтөн болов

Неандерталчуудын амьдарч байсан орчин

  • Арван нэгдүгээр бүлэг ー Хомо сапиенс гарч ирсэн нь

300,000 жилийн өмнөх чулуужсан яс Хомо сапиенсынх уу?

Митохондр Ив хүний уг гарал биш

Митохондр Ив аль ч цаг үед бий

  • Арван хоёрдугаар бүлэг ー Танин мэдэхүйн чадварт ялгаа байсан уу?

Хэлбэр өөрчлөгдвөл хэрэглээ ч өөрчлөгдөнө

Неандерталчуудын соёл

Хийсвэрчлэх үйлдлийн нотолгоо

Каннибализм ба шарил

Неандертал хүмүүс ярьдаг байсан уу?

  • Арван гуравдугаар бүлэг ー Неандертал хүмүүсээс хагацсан нь

Хоёр төрлийн хүмүүс хамтран оршсон цаг үе

Хомо сапиенс нь илүү ухаантай байсан уу?

Зөвхөн бүтээлч шинжээр соёл дэлгэрэхгүй

Түлш зарцуулалт их неандерталчууд

8 ялж, 7 ялагдахад л хангалттай

Тархи том тусмаа сайн уу?

  • Арван дөрөвдүгээр бүлэг ー Саяхныг хүртэл амьдарч байсан хүн төрөлхтөн

Флорес арлын давжаа хүмүүс

Яагаад давжаа байв?

Неандертал ба Хомо сапиенсын огтлолцол

Хомо сапиенсын дасан зохицох өндөр чадварын нууц

  • Төгсгөлийн бүлэг ー Хүн төрөлхтний сүүлчийн ганц зүйл

Хүн төрөлхтний цуст түүх

Хомо сапиенс л ганцаар үлдэв