Монголын шинэ нүүдэл-ШХАБ
Монгол Улс 2014 оноос хойш ШХАБ-ын ажиглагч орны статустайгаар үйл ажиллагаанд нь оролцож ирсэн билээ.
Монгол Улс 2014 оноос хойш ШХАБ-ын ажиглагч орны статустайгаар үйл ажиллагаанд нь оролцож ирсэн билээ. Харин сүүлийн үед энэ статусаа ахиулж, гишүүнээр элсэх шаардлагатай эсэх талаар Монгол Улсын Ерөнхийлөгч, УИХ, ГХЯ, ҮАБЗ-ийн институцууд дээр хэлэлцүүлэг болж, судлаач, нийтлэлчид үзэл бодлоо илэрхийлж байгаа юм. Энэ халуун сэдвээр ЮНЕСКО-ийн Үндэсний комисст Ерөнхий нарийн бичгийн дарга, Болгар улсад Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд, Оросын Холбооны Улсад Онц бөгөөд Áүрэн эрхт Элчин сайдаар ажиллаж байсан, Барилга, хот байгуулалтын болон Батлан хамгаалахын сайдын албыг хашиж асан ахмад дипломатч Ц.Цолмон, ИБУИНВУ-д Онц бөгөөд Áүрэн эрхт Элчин сайд, Швед, Норвегийн улсыг хамаарсан Элчин сайд, НҮБ-д суух Монгол Улсын суурин төлөөлөгчөөр ажиллаж асан ахмад дипломатч Ч.Баатар нар байр сууриа илэрхийлэхээр редакцид уригдлаа.
Ц.Цолмон: ШАХБ-д гишүүнээр элсэх цаг нь болсон
-Монгол Улс ШХАБ-д гишүүнээр элсэх, эсэх асуудалд төр, засгийн түвшинд төдийгүй, олон нийт маш ихээр анхаарлаа хандуулж байна. Үндсэндээ тус байгууллагад бүрэн эрхт гишүүн орон болох нь зөв, буруу гэсэн эрс тэс байр суурь, үзэл бодлын алинд нь та хамаарагдаж байна вэ?
-Миний хувьд Монгол Улс тус байгууллагад гишүүнээр элсэх цаг нь болсон гэж үздэг. Монголчууд энэ асуудлаар маргалдаад байгаа юм биш ээ! Харин ШХАБ-д элсэх талаар үзэл, бодлоо уралдуулж байгаа гэж ойлгох нь зөв байх. Яахав, тодорхой хоёр асуудал дээр бидний дунд санал зөрөлдөөн гарч байгаа л даа. Нэгд, ШХАБ цаашаа яаж хөгжих юм, хандлага, бодлого нь юунд чиглэх вэ? Хоёрт, Хэрэв гишүүнээр элссэн тохиолдолд манай улсын баримталж ирсэн гуравдагч хөршийн бодлогод ямар нэгэн өөрчлөлт гарах болов уу, яах бол гэдэг дээр зөрөлдөөн байгаа юм. ШХАБ-ын нэр, нөлөө, үйл ажиллагаа бүс нутагтаа төдийгүй өргөжин тэлж байна. Одоогоор найман гишүүн, ажиглагч орнуудынхаа хамт Атлантын далайгаас Номхон далай, Хойд мөсөн далайгаас Энэтхэгийн далай хүртэл өргөн уудам газар нутгийг хамарч, Евразийн эх газрын 61 хувийг эзэлсэн нөлөө бүхий эвсэл боллоо.Эдийн засгийн хүчин чадлынх нь талаар бол олон юм ярилтгүй л дээ. Энэтхэг, Пакистан гишүүнээр элссэнээр ШХАБ-ын нөлөө, үйл ажиллагаа улам тэлэх нь тодорхой болж байна. Монгол Улс 14 жил ажиглагч орны статустайгаар явж ирлээ. Одоо ахисан түвшинд хүрч, гишүүнээр элсэхэд болохгүй юм үгүй.
-Манай улстай хамгийн найрсаг, дотно харилцаатай явж ирсэн гуравдагч хөршийн орнууд ШХАБ-ын тухайд болгоомжлонгуй ханддаг шүү дээ. Өмнөх Ерөнхийлөгч нарын үед ч манай улс энэ байгууллагад гишүүнээр элсэх асуудал яригддаг байсан. Гэхдээ өнөөг хүртэл гишүүн бололгүй ажигласаар ирсний шалтгаан нь юу байсан байх вэ?
-Нэг хэсэг нь ШХАБ-ыг НАТО болон АНУ-ын нөлөөллийн эсрэг байгуулагдсан ОХУ, Хятадын тэргүүлсэн цэвэр цэргийн эвсэл гэж үздэг. Манайд ч ийм бодолтой хүмүүс бий. Ингэж хардах нь өрөөсгөл. Яг үнэндээ ШХАБ нь энэ бүс нутгийн улс орнуудын цэрэг, улс төрийн харилцан итгэлцлэлийн байгууллага юм. Энэ бүс нутгийн орнууд харилцан хэн нэгэн рүүгээ довтлохгүй, дайтахгүй, эдийн засгийн интеграцчилалаар хөгжилд хүрэхэд нь ШХАБ баталгаа болж байгаа юм. Түүнээс биш НАТО, АНУ-тай дайтах гээд байгаа юм биш л дээ. Энэтхэг, Пакистан хоёулаа зэрэг гишүүнээр элсэн орсны гол шалтгаан нь хоорондоо зөрчилдөн дайтахгүй, байлдахгүй гэсэн туйлын зорилгод оршиж байгаа хэрэг. Тэгээд ч 2025 он хүртэлх үйл ажиллагааныхаа үзэл баримтлалд ШХАБ нь цэргийн эвсэл, байгууллага биш байна гээд тодорхойлсон байгаа. Би ШХАБ-ыг цэргийн эвсэл гэж боддоггүй. Орос, Хятад хэн нэгэнтэй дайтахын тулд ШХАБ-ыг ашиглана гэх нь хэтэрхий гэнэн дүгнэлт байх болов уу. Байлдахдаа туллаа гэхэд ШХАБ-ын гишүүдтэй, гишүүдгүй Орос, Хятадын аль аль нь дангаараа НАТО, АНУ-ыг сөрөх бүрэн чадалтай, хүчирхэг батлан хамгаалах системтэй гүрнүүд. Тиймээс манай улсын тухайд айж, сэжиглээд байх зүйл огтхон ч байхгүй. Харин ч бүс нутгийн аюулгүй байдал, харилцан итгэлцлийн баталгаа болох ганцхан байгууллага гэдэг талаас нь харах учиртай. Үйл ажиллагааных нь сөрөг талаас нь зайлсхийгээд явж болно. Гуравдагч хөрш орнуудын тухайд бид уламжлалт бодлогоо улам чамбайруулаад явахад ШХАБ саад болохгүй л дээ. Гуравдагч хөршүүд бидэнд гомдоно гэх мэт ярих нь дэмий. Даяаршлын ертөнцөд хэн нэгэнтэй “найзлалаа” гээд нөгөө нь “өширхдөг” явдал байхгүй болсон шүү дээ. Тэгээд ч гуравдагч хөршийн орнуудаас манай улсыг ШХАБ-д гишүүн болоход дурамжхан байгаа зүйл алга, харин ч Монгол шиг ардчилсан улс орон энэ байгууллагад орохыг нь аль болохоор дэмжих байх.АНУ-ын судлаачид “Монгол Улс ямар ч шийдвэр гаргасан байлаа, бид хүндэтгэнэ” гэсэн байна билээ. Магадгүй энэ их хурдтай тэлж буй байгууллагад хэсэг хугацаа өнгөрөхөд Япон, хоёр Солонгос ч нэгдсэн байхыг үгүйсгэх аргагүй. Тэр цагт харин энэ байгууллагын нэрийг нь зөвхөн нэг хотын нэрээр нэрлэх нь зохимжгүй болж, солих хэрэг гарах байх гэдэгт эргэлздэггүй.
-Манай улсыг гишүүнээр элсүүлэхийн тулд хоёр хөршөөс багагүй дарамт үзүүлдэг гэдэг үг улс төрийн хүрээнээс дам сонсогдоод байдаг л даа. Монгол Улс аргагүйдэн, шахаанд ороод ШХАБ-д элсэх гээд байгаа юм биш биз. Энэ байгууллагыг цэвэр эдийн засгийн интеграцид тулгуурласан гэж хэлэхэд арай ч биш санагддаг юм?
-Биднийг хоёр хөрш маань хүчээр чирч явах гээд хоёр талын харилцаагаар дийлэхгүй болохоороо ШХАБ-аар дамжуулан “хүчиндэх” гээд байгаа юм шиг ярих юм. Энэ байгууллага бидэнд ашигтай болохоор л орох хэрэгтэй гээд байна. Мэдээж цэвэр эдийн засгийн хамтын ажиллагааны төлөө байгууллага биш ээ. Цэрэг, улс төр, эдийн засгийн хамтын харилцан итгэлцлийн байгууллага гэж хэлсэн шүү дээ. Манайхыг гишүүнээр элсэхийг хоёр хөршөөс урьдаг нь Монгол Улс бидэнд ер нь хэр итгэл өгдөг юм бэ гэдгийг л харах гэж байгаа болов уу гэж би хувьдаа харддаг.
-Хэрэв ШХАБ-д гишүүнээр элсэхгүй бол Евразийг дамнасан эдийн засгийн аварга төслүүдээс манай улс “пялагдана” гэх нь хэр үндэслэлтэй бол оо?
-Эдийн засгийн коридор гэж ярьж байгаа. Хятадын Ерөнхийлөгч Ши Жиньпин энэ талаар тодорхой хэлсэн. Энэ бүх төсөл, үйл ажиллагааг зөвхөн ШХАБ-ын хүрээнд хийнэ шүү гэж. Тэгэхээр бид бүс нутгийнхнаасаа ганцаараа сугарч үлдэж болохгүй. Энэ байгууллагын ирээдүйг харах юм бол Хятад, Орос хоёр давамгайлсан байгууллага биш болж байна. ШХАБ гишүүн орнуудынхаа дотоод асуудалд оролцдоггүй юм. ШХАБ-д элсмэгц л хоёр хөршийн дохиогоор хөдөлдөг болно гэх нь бас л хий хоосон хардлага. Харин энэ байгууллагад хэрхэн идэвхтэй гишүүн байж, үйл ажиллагаанд нь оролцох боломж байна вэ гэдгээ бодох хэрэгтэй байна. Хоёр хөрштэйгөө хамтарсан төслүүдээ хурдан хэрэгжүүлээд явмаар байна. ГХЯ-наас энэ талаар шинэ санал, санаачилга гаргаж, таатай орчин бий болгоход цаг алдахгүйгээр ажилламаар байгаа юм.
-Хэрэв ШХАБ-д элсэхгүй гэдгээ манай улс зарлавал ямар үр дүн гарах бол?
-Одоо яригдаж байгаа төслүүд удаашрах байх. Монгол бол бидний эх орон. Төв Ази, Зүүн өмнөд Ази бол Монгол Улсын бүс нутаг. Иймд бүс нутгийнхаа хамгийн нөлөөтэй, хүчирхэг байгууллагад орохгүй гээд гадуур нь давхиад байж болохгүй. Манай гадаад бодлогын минимум энэ болоод байна. Бид хоёр хөрштэйгөө хамтран ажиллаж сурах хэрэгтэй байна. Уулын бугыг хараад унасан бухаа мартаж болохгүй л дээ. ШХАБ-д орлоо гээд биднээс харилцаагаа таслах нэг ч улс орон байхгүй.
-За, манай улс гишүүнээр элслээ гэж бодъё. Хэзээ нэгэн цагт буцаад гарах болвол хаалга хэдийд ч нээлттэй байж чадах уу?
-Дүрмээрээ гишүүн орны орох, гарах нь чөлөөтэй. Харин нэг жилийн өмнөөс мэдэгдсэн байх ёстой гэсэн ганц л нөхцөл заасан байдаг юм.
-ШХАБ-д элссэн тохиолдолд хамгийн түрүүнд ямар эерэг нөлөө бидэнд мэдрэгдэх бол оо?
-Сүүлийн жилүүдэд хоёр хөршөөс бидэнд итгэх итгэл суларч, зарим тохиолдолд эргэлзээ, үл итгэлцэл төрөх болсон нь анзаарагддаг. Хамгийн чухал нь энэ бүх хардлага үгүй болно.Итгэлгүй гэж үзэж байсан эргэлзээ арилснаар манай улсыг тойрч гарах гэж байсан зарим төслүүд Монголд орж ирэх болно.Эцэст нь хэлэхэд энэ асуудлаар Монгол Улсын Ерөнхийлөгч, ГХЯ-наас шийдвэр гаргах явцдаа үе үеийн дипломатч, судлаач, мэрэгжилтнүүдтэй ярилцаж, УИХ-аар хэлэлцэж байгаа нь арга барилын хувьд маш зөв боллоо.Үүнийг би цоо шинэ хандлага гэж харж байна. Монголчууд бүгдээрээ хэлэлцээд, шийдвэрийг ганц хүн гаргаж, хариуцлагаа бүрэн хүлээдэг нь бүр Эзэн Чингис хаанаас уламжилж ирсэн зүй тогтол байгаа юм.
Ч.Баатар: “Бушуу туулай борвиндоо баастай” гэдгийг санах хэрэгтэй
-Монгол Улс ШХАБ-д гишүүнээр элсэх цаг нь болсон гэсэн Үзэл санаа давамгайлж байхад Таны “зөрөөд” байгаагийн учрыг шалгааж болох уу?
-Би учиргүй зөрөөд, эсэргүүцээд байгаа хүн биш л дээ. Хамгийн гол нь Монгол Улсын эрх ашигт бүрэн нийцсэн, нөхцөл яг таг бүрдсэн тэр цагт ШХАБ-д элсэх нь зүйтэй гэж үздэг. Монгол Улс энэ байгууллагад 2004 онд ажиглагч орноор орж болох юм гэсэн шийдвэрийг ГХЯ-ны Бодлого, төлөвлөлтийн газрын захирлаар ажиллаж байхдаа миний бие анх гаргуулж байсан хүн. Тэр үеэс хойш 14 жил өнгөрөхөд ШХАБ тодорхой чиглэлээр үйл ажиллагаа нь тогтворжиж, хүрээгээ тэлжээ. Энэтхэг, Пакистан гэхэд л гишүүнээр элсчихлээ. Гэхдээ энэ байгууллага өнөөдрийг хүртэл институцчлэгдэж, хэлбэр бүтцээ олоогүй хэвээр байна. ШХАБ-ыг Орос, Хятад хоёр тэргүүлж ирсэн ч, бодлого нь ялгаатай, нэгдмэл биш байж ирлээ. Хэдийгээр анх байгуулагдахдаа зорилгоо олон улсын терроризм-алан хядах ажиллагаа, салан тусгаарлах үзэл, экстремизм хэт даврагч нарын эсрэг хамтран ажиллах, бүс нутаг дахь аюулгүй байдлыг хангах цэрэг, улс төрийн байгууллага хэмээн тодорхойлсон ч НАТО, АНУ, Өрнөдийн орнуудын Ази, Ойрхи Дорнодод тэлж байгаа нөлөөллийг сөрсөн зорилго нь илт харагддаг. Хятад болохоор Евразийг тэр чигт нь хамарсан энэ өргөн уудам орон зайд хөрөнгө оруулалт, дэд бүтцийн хөгжлөөр дамжуулан эдийн засгийн нөлөөллөө тэлэх, улмаар дэлхийн их гүрэн болох сонирхолтой. Энэ сонирхлын хүрээнд Төв Азийн орнууд Хятадын нөлөөнд улам татагдах төлөв ажиглагдах болсон учир ОХУ-аас таатай бус ханддах болсон нь тодорхой. Хоёр толгой ийнхүү өөр өөр зорилготой байдаг болохоор ШХАБ-д хэрэгжүүлэхээр тохиролцсон 30 гаруй төслөөс энэ бүх хугацаанд хэрэгжсэн нэг ч төсөл байсангүй. Ингээд урагшаа явахаа байсан тул 2013 онд Ши Жиньпин Казахстан улсад айлчлахдаа “Нэг бүс-Нэг зам” төсөл хэрэгжүүлэх болсноо анх зарласан юм. Ингэхдээ төслийн хөрөнгийг Хятад гаргана гэсэн л дээ.
-Үнэхээр энэ таван жилд Хятад улсын нөлөө асар тэлсэн. Тэд зорилгодоо хүрч чадаж байна тийм үү?
-Зорилго нь агуу.Тэд Евразийн хүрээнд улс төр, эдийн засгийн нөлөөгөө тэлэхийн зэрэгцээ таван коридороор далай, тэнгист нөлөөллөө тогтоох зорилготойгоор Пакистанаар дамжсан Торгоны гол замд маш их хөрөнгө хаялаа. Мьянмар, Африкийн Жибутид асар их дүнтэй хөрөнгө оруулалт хийж, “шанд нь” усан флотоо байгууллаа. Шри Ланк улсын хамгийн том усан боомтын 85 хувийг нь 99 жилийн хугацаатайгаар эзэмших гэрээ байгуулж, 15 мянган га газрыг түрээслээд авчихлаа. Энэ нь Энэтхэгийн далай дахь усан флотынхоо хүч, нөлөө, хяналтыг нэмэгдүүлэх гэсэн бодлого гэдэг нь тодорхой харагдаж байна. ШХАБ-ыг тэргүүлэгч Орос, Хятад хоёр дээр Энэтхэг нэмэгдээд энэ байгууллага гурван толгойтой болчихлоо. Одоо цаашаа юу болох вэ? Пакистан яах бол гээд түвэгтэй асуудал улам гарна. Тэгэхээр ШХАБ цаашаа хөдлөх үү? Иймээс Монгол Улс энэ байгууллагын ирээдүй тодорхой болохыг нь харах, хүлээх хэрэгтэй байгаа юм.
-Тэгэхээр бид арай яараад байна гэсэн үг үү?
-Тийм ээ. Би дахиад хэлье. ШХАБ-д элсэх цаг одоо л лав биш ээ. 14 жил ажиглагчаар яваад болоод л байсан. Одоо хэдэн жил тэвчин хүлээж яагаад болохгүй гэж. Дэлхийн улс төрийн өнөөгийн хандлагаас хүйтэн дайны үе эргээд ирж байна уу гэж харагдаж байна. АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп өнгөрсөн арванхоёрдугаар сард стратегийн бодлогоо тодорхойлохдоо ОХУ, Хятад хоёрыг өрсөлдөгч гэж шууд зарласан. Энэ хоёр орны эсрэг бодлого боловсруулахыг Төрийн департамент, Пентагонд үүрэг болгосон шүү дээ. ОХУ, АНУ нь бие биенийхээ 140-150 дипломат ажилтныг улс орноосоо хөөж гаргалаа. Дэлхийн II дайны дараах Хүйтэн дайны үед ч ийм явдал гарч байгаагүй юм. Түүнчлэн дэлхийн худалдааны дайн дэгдээд байна. Энэ бүхэн цааш хэрхэх нь тодорхой биш учраас бид харах хэрэгтэй. Ийм цаг үед бид яарсан шийдвэр гаргах гээд байна. За, бүр зайлшгүй ШХАБ-д одоо орох ёстой юм бол тодорхой болзол, нөхцөл тавих хэрэгтэй.
-Тухайлбал, ямар болзол байж болох вэ?
-Монгол Улсын хөгжлийг бодитой, дорвитой дэмжих тийм болзол, тохиролцоог хийж, тэднээс амлалт авах ёстой. Жишээ нь, БНАСАУ-ыг цөмийн хөтөлбөрөө зогсоовол арав хүрэхгүй жилийн дотор асар их хөрөнгө оруулалт хийж, өнөөгийн Өмнөдтэй нь адилхан хүчирхэг эдийн засагтай болгож чадна гэж Д.Трамп амлаж байна. Ийм бодит амлалтыг бид авч байж элсвэл болж байна.
-Хэрэв ШХАБ-д элсэхгүй бол нөгөө “таван коридор” манайхаар дайрахгүй тойроод явчих тухайд эмзэглэх хэрэггүй юү?
-Ер нь ШХАБ-д элсэхгүй байгаагаас болоод Орос, Хятадын хооронд хэрэгжиж буй төслүүд Монголын баруун, зүүнээр тойрч байгаа юм биш. Энэ бол хоёр хөршийн манай улсын талаар баримталж ирсэн хар хайрцагны бодлоготой шууд холбоотой. Аль 1913 онд Хаант Орос улсаас Монголыг яах ёстойгоо удтал бодсоны эцэст гаргаж ирсэн бодлого шүү дээ. Монголыг хэрхэвч хөгжүүлж болохгүй, монгол хүчирхэг болох аваас Өвөрмонгол, Тува, Халимаг, Буриадууд соронзон мэт татагдана. Тиймээс Монголыг өөртөө засах эрх төдийгөөс дээш гаргаж болохгүй гэсэн бодлого одоо ч хэвээрээ үргэлжилж байна. Монгол Улс ШХАБ-д элсвэл маш сайхан болно гэсэн нийтлэг хандлага анзаарагдаж эхэллээ. Энэ бол худлаа. Бид учиргүй интеграцчилагдаад бараа бүтээгдэхүүнээ Торгоны зам дагасан зах зээлд нийлүүлээд оролцоод явна гэж байхгүй. Оросууд Украйнаар хийн хоолойгоо дамжуулснаар том сургамж авсан шүү дээ. Тиймээс эдийн засгийн том төслүүд дээр гаднаас хамаарч, өөрт хохиролтой байж болох зүйлийг дахин давтахгүй гэсэн бодлого нь тод харагддаг. Хятад бол угаасаа л Монголыг хөгжүүлэх нь байтугай өөрийнхөө нэг хэсэг гэж үзэж ирсэн бодлоготой улс.
-Тэгэхээр ШХАБ-д элсээд ч байдал өөрчлөгдөхгүй гэсэн үг үү?
-Бид хамгийн гол нь бусдыг горьдохоосоо илүү шинэ мэдлэг, инноваци, техник технологи оруулж ирэх хэрэгтэй. Хүнээ сургах хэрэгтэй. Яг үнэнийг хэлэхэд өөрийн эрх ашгийн үүднээс Европ-Азийг холбосон төмөр зам тавьснаас өөр Оросууд бидэнд юу хийж өгсөн юм бэ? Энэ олон жилийн хугацаанд ган, нефть боловсруулах үйлдвэр барьсан уу, төмөр замын сүлжээ хийсэн үү, үгүй шүү дээ. Гэтэл АНУ манайхаас хэд дахин ядуу, буурай байсан Өмнөд Солонгос, Сингапурыг хорь гаруйхан жилийн дотор ямар болгож чадсаныг хар. Байдал тийм амархан өөрчлөгдөхгүй ээ. Элсдэг юмаа гэхэд гуравдагч орнуудтайгаа нээлттэй харилцана шүү гэдгээ бид заавал хүлээн зөвшөөрүүлэх ёстой.
-ШХАБ-д элссэнээр гарч болох эрсдэлүүдийн талаар та юу хэлэх бол?
-Юуны түрүүнд хоёр хөршийн шууд нөлөөлөл улам нэмэгдэх болно. Монгол Улсын бие даасан гадаад бодлогод хүндрэл гарна. Хэрэв олон улсад нөхцөл байдал хурцадвал хуучин Зөвлөлтийн амыг дагадаг байсан шиг аюул гарч болно. НАТО, АНУ-тай ШХАБ зөрчилдөөд ирвэл бид Хятад, Орос хоёрыг дагахаас аргагүй байдалд орж, Монгол Улсын бие даасан бодлого алдагдах аюулд орох вий гэдгийг мартаж огт болохгүй. Миний бодлоор цаг хугацаа арай эрт байна. ШХАБ-ын хувьд барих үзэл баримтлалдаа Орос, Хятад бие биенээ үгүйсгэсэн заалт оруулсан байгаа. Олон улсаар дагнасан судлаачид, дипломатч, мэргэжилтнүүдийн үзэж байгаагаар бид ажиглагчаараа энэ байгууллагад байсан нь дээр бололтой. Хэрэв ШХАБ-д элсчихээд буцаад гарах тохиолдолд харин дарамт гэдгийг жинхэнэ амсах болно. Энэтхэг мэтийн орнууд гараад явчихаж чадна.Бидэнд эргээд гарах гарц бараг байхгүй л болсон байх вий. “Бушуу туулай борвиндоо баастай” хоцордог гэдгийг санах хэрэгтэй байна даа. Харин Ерөнхийлөгч маань энэ асуудалд маш нухацтай хандан ГХЯ дээр хэлэлцүүлэг хийж, УИХ, Үндэсний аюулгүй байдлын Зөвлөлөөр хэлэлцүүлж байгаа нь сайн хэрэг.