Монголын “Сежонг”
Монгол улсын нийслэл Улаанбаатар хотын төвлөрөл ба хоцрогдлын асуудлыг бий болсон цагийнх нь сэтгэлгээнээс нэг эрэмбээр дээгүүр түвшнээс харж шийдэх шаардлагатай.
Монгол улсын нийслэл Улаанбаатар хотын төвлөрөл ба хоцрогдлын асуудлыг бий болсон цагийнх нь сэтгэлгээнээс нэг эрэмбээр дээгүүр түвшнээс харж шийдэх шаардлагатай. Сүүлийн 30-аад жилд гурав, дөрвөн мастер төлөвлөгөө гаргаж баталсан ч Улаанбаатарын хөгжилд алийг нь ч ашиглаагүй. Нийслэлийн үе үеийн дарга нар хотын ирээдүйг сонгуулийн дөрвөн жилээс цааш хараагүйгээс гадна намынхаа болон хувийнхаа халаасыг дүүргэхийг урьтал болгож ирсэн эмгэнэлтэй.
Нийслэлийн газар, Туул гол, Богд уулын амуудтай холбоотой хууль, журмыг хот, яамдын удирлагууд хувийн болон намынхаа ашиг сонирхолд тохируулан өөрчилж ирсний үр дүнд Улаанбаатар ямар ч төлөвлөлтгүй, хэн мөнгөтэй нь хаа дуртай газраа, юу дуртайгаа барьж чаддаг, хот биш “хярамцаг” болжээ. Иргэдийн дийлэнх нь хотыг хаяалсан гэр хороололд, нүхэн жорлонтой, уух усаа зөөж амьдарч байна. Хотын замд буруу жолоотой, японы хуучин машинууд багтахаа байж, ихэнх иргэд гэртээ биш, машиндаа “амьдарч” байна.
Улаанбаатар хотын өнөөгийн удирдлага төвлөрлийг сааруулах, түгжрэлийг бууруулах талаар зарим ажлууд санаачилж, зам, гүүр шинээр барьж байна. Хотын төвөөс өргөн хэрэглээний, барилгын материалын болон авто машины худалдааны захуудыг гаргахыг оролдож байгаа ч, хэрэгжүүлж чадахгүй байна.
Ямар ч гэсэн хотын захиргааны бүх агентлагыг яармаг руу нүүлгэхээ хотын дарга Су.Батболд оны эхээр амлав. Өмнөх С.Бат-Үүл дарга Баянхошуу руу нүүлгэнэ гэдэг байлаа. Энэ удаа Сүхбаатарын талбай дээрх түүхийн дурсгалт байшингаа Голомт банкинд зарчихсан учир, орох газаргүй болсон хотын захиргаа аль нэг тийшээ нүүх нь тодорхой болжээ.
Харин тэгэхдээ Засгийн газрын зарим яам, газруудыг бас аваад нүүвэл ямар вэ? Жишээ нь, солонгосууд Сөүлийнхээ төвлөрлийг бууруулах, орон нутгаа жигд хөгжүүлэх зорилгоор зарим яам, агенлагууд, их дээд сургуулиа гурван том хотын дунд, Сөүлээс урагш 120 км зайд орших Сежонг гэх газар засаг захиргааны тусгай дүүрэг байгуулан 2012 оноос нүүлгэж эхэлжээ. Эдүгээ төр засгийн энэхүү цогцолборт Засгийн газрын 26 төв байгууллага, түүний дотор 9 яам, 16 төрийн байгууллага нүүж ирээд байна. Яамдаас Газар, дэд бүтэц ба тээврийн яам; Худалдаа, үйлдвэр ба эрчим хүчний яам; Байгаль орчны яам; Далайн ба загас агнуурын яам; Соёл, спорт ба аялал жуулчлалын яам; Стратеги ба сангийн яам; Хөдөө аж ахуй, хүнс ба хөдөөгийн хөгжлийн яам; Ажил олголт ба хөдөлмөрийн яам оржээ.
Улаанбаатарын хувьд Сежонг шиг хол биш юм гэхэд Яармаг, цаашлаад Өндөр дов руу шинэ онгоцны буудлын хурдны зам дагаад нүүлгэх хувилбарыг авч үзэж яагаад болохгүй гэж.
Манай нийслэлийн төвд байрлах 20-оод яамдын байшинг тойрч ажлын цагаар машины зогсоол хайсан олон зуун автомашин замын хөдөлгөөнийг ихээхэн удаашруулж, гацааж байгааг судалгаагаар тогтоосон шүү дээ.
Хэрэв үнэхээр, төр засгийн зарим яамд, харьяа агентлагуудыг нь нүүлгэнэ гэвэл нэг газарт тойрог, зургаан талтай [октагон] барилгын цогцолбор барьж, яам бүрийг нэг хэмжээ, загвартай, сайд, дарга, хэлтсүүдийн өрөөг нь таарсан стандартаар байгуулах, газар доор томооохон дулаан гарааж, гадаа нь бүр олон машины зогсоол барих хэрэгтэй.
Тэр тойрог барилгын голын зайн эхний давхруудыг том жижиг олон хурлын заал байрлуулж, хамгийн дээд давхарт нь хоёр гурван давхрын өндөр таазтай, шилэн дээвэртэй, олон мянган хүний багтаамжтай томоохон үзэсгэлэн, цуглаан чуулган хийж болохуйц заал [Атриум] болгох нь оновчтой. Вашингтон хотод буй Дэлхийн банк ба ОУВС-ийн байшин тод жишиг байж болно. Монголд онцгой шийдэлтэй бас нэг шинэ архитектур гарч ирнэ гэсэн үг.
Зарим улс нийслэлээ хамгийн том хотоосоо нүүлгэж, цоо шинээр байгуулан, хотжилт, хөгжлийн орчин үеийн төв байгуулсныг бас санах хэрэгтэй. Жишээ нь Австралийн нийслэл Сиднейд биш Канберрад, Шинэ Зеландын нийслэл Оакландад биш Веллингтонд, Калифорни мужийн нийслэл Сан Францискод биш Сакраментод байрлаж буй нь ийм учиртай. Манай ойрын хөрш Казахстан нийслэлээ Алма-Атагаас Астана руу хэдхэн жилийн өмнө нүүлгэсэн. Мөн Нигери, Мяньмар, Пакистан, Орос, Бразил, Танзани зэрэг улсуудыг энд нэрлэж болно.
Улс орноо, түүний дотор Улаанбаатар хотоо хүн амьдрахад таатай, нүд баясгаж сэтгэл хөдөлгөсөн, уушиг тэнийж урам орсон нутаг болгох эсэх нь эрх мэдэлтнүүдийн биш, иргэд бидний гарт байдгийг санах хэрэгтэй. Монголчууд төр засгийн эрх мэдлийг өгсөн, сонгосон төлөөлөгчдөө хянаж дүгнэж, халж сольж чаддаг болох ёстой.
2018.05.09
Zochin
Зочин
Г.Батнасан
экү
Н.Батболд
Зочин
томоо
zochin
зочин