Дундаж давхаргад гарч буй өөрчлөлтийн тухай ярихын тулд эхлээд Монголд ер нь дундаж анги, дундчууд байсан уу? Одоо тэдний байдал ямар байна? Ирээдүй нь хэр харагдаж байна? гэх мэт олон асуулт аяндаа гарч ирнэ. 

Тэгвэл бид хариултыг холоос хайх хэрэггүй. Хувийн өмчгүй, төрийн болон хамтын өмч ноёрхсон, хүн амын орлогын гол эх үүсвэр нь дан ганц тэгшитгэн олгох цалин болж байсан социализмын үед нийгмийн бүтцийг ажилчин, малчин, сэхээтэн хэмээн “нөхөрсөг” гурван ангид хувааж авч үзэж байсан бөгөөд тэдгээр нь өөр хоорондоо оюуны болон биеийн хөдөлмөр гэх мэт эрхэлж буй ажил, хөдөлмөрийн шинж чанар, үйлдвэр, ХАА гэх мэт ажиллаж буй нийгэм, эдийн засгийн салбараар болон цалингийн хэмжээгээрээ ялгагдаж байжээ. 

Гэхдээ нийт иргэд бүгд бүх шатны боловсрол, эрүүл мэндийн үйлчилгээг үнэ төлбөргүй хүртэж, өндөр насны болон бусад тэтгэвэр, тусламж зэрэг нийгмийн халамж, үйлчилгээнд хамрагддаг байв. Хүүхдүүдийнхээ ирээдүйн боловсролд санаа зовож, хуримтлал бүрдүүлэх, өвдөж зовох, өндөр насандаа эмчилгээндээ мөнгө хадгалах гэх мэт зах зээлийн өнөөгийн нөхцөл шиг санхүүгийн нэмэлт ачааллаас ангид байсан нь нийгмээрээ “дундчууд”, тодруулж хэлбэл, “тэгшитгэлийн дундчууд” байхад түлхэц болж байсан нь бодит социализмын гол давуу тал нь байв.

Тухайлбал, дээд боловсролтой залуу сэхээтний сарын цалин 600-700 төгрөг орчим байсан нь хуримтлалыг бий болгох боломж олгохгүй ч гэсэн зохистой зарцуулбал хоол, хүнс болон ахуйн ойр зуурын хэрэгцээндээ хүрэлцээд байдаг байжээ. Тиймээс хуримтлал хийж, баячууд төрөн гарах эдийн засгийн хөрс байсангүй. 

Иймээс Монгол орны нийгэм, эдийн засгийн хөгжлийн тухайн үед хүрсэн түвшингээс хамаараад нийгмийн бүтцийг бүхэлд нь баян бус, гэхдээ бас ядуу бус харин хэрэглээг нь хумьсан, тарчигдуу дундчуудын түвшинд тэгшитгэх бодлого 1990 он хүртэл Монголд хэрэгжиж байжээ.

Харин зах зээлийн эдийн засагт шилжих үйл явцад, ялангуяа эхний жилүүдэд манай орны хувьд хүн амын дийлэнх олонхийн орлого эрс буурч, чөлөөт худалдаа, арилжаа болон хувьчлалын давуу талыг “ашиглаж” чадсан цөөн хэсэг нь баяжснаар нийгмийн ялгарал ихэсч, нийгэм баян цөөнх, ядуу олонхи гэсэн эсрэг тэсрэг анги, бүлгүүдэд хуваагдсан. Энэ үйл явц сүүлийн жилүүдэд улам мэдрэгдэхүйц шинжтэй болж байгаагаас манай орныг судалдаг гадаадын эдийн засагчид, эрдэмтэн судлаачдын зүгээс хүртэл “Эдийн засаг өссөн ч ард иргэдийн аж байдал тэр хэрээр сайжрахгүй байгаа бөгөөд баян болон ядуугийн ялгаа бүр ихэссэн” гэсэн дүгнэлт хийхэд хүргэсэн байна. 

Хувийн өмчгүй, өрхийн гол орлого нь дан ганц цалин болж байсан орны хувьд хүн амын орлого эрс буурснаар мэргэжил, боловсролоос хамаарч байдаг биеийн хүчний болон оюуны хөдөлмөрийн ялгаа, ажлын байр, зэрэг дэв, албан тушаал, түүнээс хамаардаг орлогын хэмжээ, орлогоос хамаардаг хүний ажил, албан тушаал, нийгмийн байр суурийн сэтгэл хангамжийн түвшин, түүний ялгаа зэрэг нийгмийн харилцааны уялдаа холбоо бүхий олон шинж чанаруудад эрс өөрчлөлт орж, нийгмийн ялгарал ихэсч, оюун санааны хоосролоос хамгаалах дархлаа муудаж, дундаж давхаргыг сулруулах нийгэм, эдийн засгийн сөрөг үр дагаварууд их гарсан нь “шилжилтийн” гэж нэрлэгддэг он жилүүдийн нийгмийн гол сөрөг үр нөлөө гэж хэлж болно. 

Зах зээлийн зарчмыг дагаад боловсрол болон эрүүл мэнд, нийгмийн хамгааллын тогтолцоонд эрс өөрчлөлт гарсан нь социализмын үед байсан хүн амын нийтлэг давуу талыг үгүйхийж, боловсрол “хүнийсч”, эрүүл мэндын салбар “мөнгөжиж”, нийгмийн оюуны хамгаалалт “сульдсанаар” нийгмийн дундаж давхаргын тоо хэмжээ эрс буурч, ядуурлын хувь хэмжээ нэмэгдэж, нийгэм, эдийн засгийн сөрөг үр дагаварууд ч гарчээ. Тухайлбал, 2010 гэхэд ядуурал 38,7 хувьд хүрсэн нь хамгийн өндөр үзүүлэлт байсан.

Монгол Улс зах зээлийн эдийн засагт шилжих шилжилтийн явцад чинээлэг дундаж амьжиргаатай өрхүүдийг бий болгоход чиглэгдсэн төрийн тусгай бодлого, арга хэмжээг хэрэгжүүлж байгаагүй ч зарим нэг ахиц, өөрчлөлтүүд зах зээлийн эдийн засгийн чөлөөт хөгжил, үйл явцын үр дүнд урсгал байдлаар гарч байгааг үгүйсгэх аргагүй юм. Тухайлбал, өмч хувьчлал явагдаж, үнэт цаасны арилжаа, арилжааны банк, хадгаламж зээлийн хоршоо болон банк бус санхүүгийн байгууллагууд зэрэг зах зээлийн шинэ бүтцүүд үүслээ. Түүнчлэн иргэдийн эдийн засгийн эрх чөлөөг баталгаажуулах хууль эрх зүйн орчин бүрдснээр жижиг дунд үйлдвэрлэл, үйлчилгээний салбарууд олноор байгуулагдаж, хувийн хэвшил нийгмийн баялагийн дийлэнхи хувийг бүтээх болсныг дурдаж болно. 

Мөн эдийн засгийн сүүлийн 15 жилийн үсрэнгүй өсөлт нь ядуурал 23 хувь хүртэл буурахад нөлөөлсөн ч орлогын хуваарилалтын тэгш бус байдлыг илэрхийлдэг Жини коэффицент сүүлийн жилүүдэд 0,3 хэвээрээ байсаар байгаа нь Монгол улсыг орлогын тэгш бус хуваарилалт өсөх хандлагатай бөгөөд хүн амын өндөр орлоготой 20 хувийн хэрэглээ бага орлоготой 20 хувийн хэрэглээнээс даруй 6 дахин өндөр байгааг НҮБ-ын Хөгжлийн Хөтөлбөрөөс хийсэн судалгаанд тэмдэглэхэд хүргэсэн байна*. Энэ судалгаанаас үзэхэд хүн амын 21,6 хувь нь ядуугийн түвшинп буюу сард 114 мянган төгрөгөөс доош орлоготой, нийт өрхийн 42,04 хувь нь бага орлоготой буюу цалингаас цали,зээлээс зээлийн хооронд амьдарч байгаа блд 2 саяаас дээш орлогтой нийт өрх 6,97 хувийг, түүн дотор 5 саяаас дээш орлоготой баян өрх 0,28 хувийг эзэлж байгаа юм. (*Inequality in Mongolia, 13 August 2015, T.Ericsson)

Үндэсний эдийн засаг, үйлдвэрлэл нь импортоос хамааран хөгжиж ирсэн манай орны хувьд ЖДҮ, үйлчилгээний болон дэд бүтцийн бусад салбараа чирээд явах чадвартай эдийн засгийн баттай үндэс суурь болохуйц үндсэний аж үйлдвэрийн салбар бүрэлдэн тогтолгүй өнөөг хүрчээ. 

Ганц байгаа төрийн өмчит “Эрдэнэт” үйлдвэр болон уул уурхайн үйлдвэрлэл голдуу эрхэлж буй томоохон хувийнхэвшлийнхэн нь дэлхий дээрх түүхий эдийн үнийн уналтаас хамаарч хямралд өртөх бүрийд Монголын эдийн засагт доргилт болж, ЖДҮ, үйлчилгээний болон дэд бүтцийн бусад салбар нь даган хямарч, улмаар шинэ тутам бүрэлдэж буй дундаж давхаргын хувийн жин дээш доош хэлбэлзэх төдийгүй хүн амын амьжиргааны төвшин бүхэлдээ огцом доройтох үзэгдэл үе үе давтагддаг болж байна. 

Иймд Монгол Улс тогтвортой хөгжлийн үзэл баримтлалыг чиг баримжаа болгож буй өнөөгийн нөхцөлд улс орны нийгэм, эдийн засгийн суурь болж байдаг хүн амын доторхи дундаж давхаргын бүтэц, хөгжлийн төвшинг зөв тодорхойлж, нийгэм, эдийн засгийн бодлого боловсруулахдаа анхаарч үзэх нь чухал байна.

Монгол Улсын тав дахь Ерөнхийлөгч Х.Баттулга тангараг өргөж, бүрэн эрхээ хэрэгжүүлж эхэлснээс хойш хэвлэл мэдээлэлд анхны ярилцлагаа өгч, МҮОНТВ-ийн “Цаг үе, үзэл бодол” нэвтрүүлэгт оролцохдоо Монгол улсад “Дундаж давхаргынхныг босгож ирэх хүлээлт үүссэн” байгааг тэмдэглэсэн нь нийгмийн чухал давхаргын төлөвшил, хөгжлийн асуудалд төр, засгийн зүгээс цаашид санаа тавьж, бодлого чиглэлээ тодорхой болгох нь гэсэн найдлагыг бага ч гэсэн төрүүлж байгаа юм. 

НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрөөс санхүүжүүлэн 2003 онд хэрэгжүүлсэн “Дунд орлоготой хүмүүсийг эмзэг бүлгийн эгнээнд орохоос урьдчилан сэргийлэх талаарх судалгаа” сэдэвт төсөл, 2014 онд хийсэн “Дунд орлоготой орны дундаж орлоготой хүн амын бүлгийн шинжилгээ: Монгол Улсын жишээ” судалгаанууд болон зарим статистик тоо баримтад тулгуурлан Монголын дундаж давхаргын өнөөгийн байдлыг авч үзэхийг оролдлоо.

2003 оны судалгааныхан дундаж давхарга гэхээсээ илүүтэй дундаж амьжиргаатай айл өрхийн нийгэм, эдийн засгийн үзүүлэлтийг илрүүлэхдээ дараахь нийгмийн болон эдийн засгийн шинж тэмдгүүдийг түлхүү анхаарсан нь ажиглагддаг. Үүнд:

  • Материаллаг нөөцийн шинж тэмдэг: Өөрөөр хэлбэл, тухайн өрхийн орлогын төвшин, хуримтлалын хэмжээ, биет өмч хөрөнгийн байдал, 
  • Материаллаг бус нөөцийн шинж тэмдэг: Өрхийн гишүүдийн боловсролын түвшин, мэргэжил, мэргэшлийн ба албан үүргийн байр байдал, 
  • Нийгэм дэх байр сууриа тодорхойлох байдал: Хүмүүсийн шилжилтийн үед эдийн засгийн чадавхийн хувьд тогтвортой байх, дасан зохицох чадвар, өөрийн үнэлэмж, амьдралын тав тухтай байдал 

зэргээр дундаж өрхийг бусдаас ялган салгаж авч үзсэн байна.

Тэд орлого, үл хөдлөх хөрөнгө, хөдлөх хөрөнгө, боловсрол мэргэжил, дасан зохицох чадвар гэсэн үндсэн 5 тодорхойлогчоор Улаанбаатар, аймгийн төвүүд, сумын төвүүд, малчид гэсэн дөрвөн ангиллаар судалгаа явуулж, дундаж өрхийн бүтцийг илрүүлэхийг зорьсон бөгөөд түүний эзлэх хувь эдгээр дөрвөн ангилалд харьцангуй ялгаатай гарч байжээ.

Судалгааны дүнд дундаж орлоготой айл өрх нь Монголын нийгмийн 53-56 хувийг эзэлж байгааг тодорхойлж, дундаж давхаргыг дотор нь чинээлэг, дунд, эмзэг гэсэн 3 хэсэгт авч үзсэн байна. 


Дундаж давхаргын чинээлэг хэсэг

Ийм айл өрхийг нь сарын тогтвортой орлоготой, үндсэн ажлаас гадна орлогын тодорхой эх үүсвэртэй, түүнийгээ нэмэгдүүлэх боломж сайтай, хуримтлалын хэмжээ нь орлогын 10 хувиас дээш байдаг байна. Өөрийн тохилог байр сууц, хашаа байшинтайгаас гадна үйлдвэрлэл, үйлчилгээний цэг, эдэлбэр газар, амралт, сургууль, эмнэлэг зэрэг үл хөдлөх хөрөнгөтэй. Үл хөдлөх хөрөнгийн үнэлгээ нь хотод 30 саяас дээш, хөдөө орон нутагт 10 саяас дээш төгрөгөөр үнэлэгдэх жишээтэй авч үзсэн байна. Харин хөдлөх хөрөнгийн хувьд хотод 40 саяас дээш, хөдөөд 10 сая төгрөгөөс дээш үнэлжээ. Хот болон аймгийн төвд чинээлэгт тооцогдох айл өрхийн хоёроос дээш гишүүн нь дээд боловсролтой, удирдлагын дээд ба дунд шатны албан тушаал хашдаг, эсвэл хувийн хэвшилд дээд шатны алба эрхэлдэг ажээ. Түүнчлэн боловсрол болон эрүүл мэнддээ жилд 900 мянгаас 1,2 сая хүртэлх төгрөг зарцуулах чадвартай, мэдээлэл хүлээн авах олон сувагтай байдаг нь энэ судалгаагаар тогтоогдсон байна. Гэхдээ хот болон аймгийн төвийнхнөөс хөдөөгийн баг болон сумын төвийн чинээлэг өрхүүд материаллаг бус шинж тэмдгийн хувьд бага зэрэг ялгаатай байна. Тэд нийгэмдээ дасан зохицох чадвартай сайтай зэрэгцээ нийгэм, эдийн засгийн өөрчлөлтөд хариу үйлчлэл үзүүлж, мэдээллийг зохистой ашиглаж чаддаг болох нь ажиглагдсан байна.

Дундаж давхаргын дунд хэсэг

Хот, суурингийн ийм өрхийн гишүүд нь цалин сайтай ажилтай, эсвэл боломжийн орлоготой хувийн жижиг бизнес эрхэлдэг, туслах аж ахуйтай, худалдаа наймаа, хүн ба ачаа тээвэрлэх үйлчилгээ явуулдаг, бага хэмжээний хуримтлал хийдэг. Хөдөөд бол орлогын гол эх үүсвэр нь мал аж ахуй бөгөөд зарим нэг жижиг бизнес эрхлэдэг байна. Үл хөдлөх хөрөнгийн хувьд орон сууцнаас гадна хашаа байшинтай, жижиг дэлгүүр, түргэн үйлчилгээний цэг, цайны болон ногооны газартай, засварын болон үсчний газартай байх жишээтэй. Үл хөдлөх хөрөнгийн хэмжээ нь хөдөөд 2,5-5,0 сая, хотод 9,0 хүртэл сая төгрөг байна. Мал хөсөг болон унаа машин зэрэг 3-10 хүртэлх сая төгрөгийн хөдлөх хөрөнгөтэй айл өрхүүд дундаж давхаргын дунд хэсгийг бүрдүүлдэг дүр зураг ажиглагдлсан байна. Харин боловсрол, мэргэжлийн хувьд өрхийн нэгээс дээш гишүүн нь дээд боловсролтой, мэдлэг боловсролоо дээшлүүлэх, эрүүл мэнд, амралт сувилал, ойр зуурын хэрэгцээгээ хангах чадвартай зэрэгцээ аль нэг гишүүн нь удирдлагын аль нэг шатны ажил эрхэлдэг байна. Амьдралын нөхцөл байдал нь хэвийн, эрсдлийг тодорхой хэмжээгээр бууруулахболомжтой, нийгэм, эдийн засгийн өөрчлөлтийг танин мэдэх чадвартай, бусдаас бие даасан хараат бус үйл ажиллагаа явуулж амьдрал ахуйгаа авч явдаг байна.


Дундаж давхаргын эмзэг хэсэг:

Энэ бүлэгт хамаарах өрх нь бага зэргийн бизнес эрхэлдэг, сарын орлого нь хэрэглээндээ арай ядан хүрдэг, ихэвчлэн өрхийн гишүүдийн тэтгэвэр, цалингаар амьдардаг, ойр төрлийн хүмүүсээс тусламж дэмжлэг авах боломжтой ажээ. Жижиг худалдаа, үйлчилгээ эрхэлдэг өрх байгаа ч цөөхөн хувийг эзэлж байсан байна. Өөрийн орон байрнаас гадна хотод бол харьцангуй бага үнэтэй зуслангийн байшин, ногооны талбай, түргэн үйлчилгээний цэгтэй, хөдөөд бол хашаа саравч, худаг, зэрэг үл хөдлөх хөрөнгөтэй боловч ийм хөрөнгийн зах зээлийн үнэлгээ нь төдийлөн өндөргүй байдаг байна. Түүнчлэн хөдлөх хөрөнгө нь бага үнэлгээтэй. Өрхийн гишүүдээс хэн нэг нь дээд боловсролтой юмуу, эсвэл тодорхой мэргэжилтэй, боловсролд бага ч гэсэн мөнгө зарцуулах сонирхол, чадвартай, эмнэлгийн үйлчилгээ, ахуйн хэрэгцээгээ дутмаг боловч хангадаг. Зах зээлд зохицох чадвар харьцангуй сулавтар, амьжиргааны төвшин дордох шалтгааныг ухаарч байвч эрсдлээс хамгаалах чадвараар сул, идэвх санаачилга муутай гэсэн ерөнхий дүр зураг ажиглагдаж байжээ.

НҮБ-ын төслийнхэн судалгааны объектынхоо байгаа бодит байдлыг судалгааны тоон үзүүлэлтүүдээр нотлон харуулж чадсан нь сайшаалтай бөгөөд энэ судалгааны дүнг янз бүрээр тайлбарлан, дүгнэлт хийхээс болгоомжлон цаашид ямар ч цаг үе, улс төрийн бодлогоос үл хамаарах тогтвортой нэгдсэн аргачлалыг бий болгож, түүний үндсэн дээр дундаж давхаргын жин, чанар, тэдгээрийн хувьсалд дүн шинжилгээ хийж нийгмийн хөгжлийн хандлагыг тодорхойлох, төрийн зохистой бодлого явуулахад тус болох боломжийг бүрдүүлэх хэрэгтэй байгааг судлагааныхаа төгсгөлд тэмдэглэсэн байна.

Ингээд бусад судалгаануудын талаар тоон баримтуудыг авч үзэж болох юм. Тухайлбал, 2014 онд хийсэн нэгэн судалгааныхан 1 хүнд ногдох сарын орлогыг тухайн үеийн үнээрүнэлж, 168,750 төгрөгөөс 393,750 төгрөг бүхий орлоготой өрхүүдийг дундаж давхарга буюу дундаж орлоготой бүлэггэж авч үзсэн байдаг. 

Энэ судалгааны зорилго нь дундаж орлоготой бүлгийн хувийн жингийн болонхүн амын амьжиргаанд гарсан өөрчлөлтийг нэгэн зэрэг судлах явдал байсан тул абсолют ба харьцангуй арга зүйг хоёуланг ашигласан байдаг. Энэ хосломол арга зүй дээрээ тулгуурлан Монголын нийгмийн бүтцийн дараах зураглалыг гаргасан байна. Үүнд: 

  • Хамгийн баян - 0,28%
  • Өндөр орлоготой -      14,39%
  • Дундаж орлоготой -      19,97%
  • Бага орлоготой. - 42,04%
  • Ядуу- 23.33% 

Бас нэг өөр тоон судалгааг авч үзвэл: Монголчуудын 8400 нь хөрөнгөтөн баячууд, 431,700 нь чинээлэг дундчууд, 599,300 нь дундчууд, 1,261,200 нь ядуучууд, 699,900 нь нэн ядуу байсан байна. Өөрөөр хэлбэл, “Монголд 8400 хүн бялхаж амьдарч байгаа бол 699,900 буюу бараг 700,000 хүн өлсгөлөн амьдарч байна. Энэ эгнээ рүү гулсах магадлалтай хүний тоо 1,261,200-д хүрчээ. Энэ бол монголын 10 хүний 7 нь ядуу, нэн ядуу гэсэн дүр зураг юм.” гэсэн эцсийн дүгнэлтийг судлаачид 2015 онд хийсэн бөгөөд энэ судалгааны дүнгийн эх сурвалж нь Монголын засгийн газрын харъяа “Монцамэ” агенлагаас эрхлэн гадаад сурталчилгаанд зориулан хэвлэдэг “Новости Монголии” /2016, Дугаар 11(1043)/ сонинд хэвлэгдсэн байна. 

“Хөгжил Ардчилал” ТББ-аас гаргасан судалгаагаар 2015 оны байдлаар улсын хэмжээнд нийт өрхийн 3.2 хувь нь чинээлэг, 14 хувь нь өндөр орлоготой, 19 хувь нь дунд орлоготой, 42 хувь нь бага орлоготой, 23 хувь нь нэн ядуу өрх эзэлж байна гэжээ. 5-10 жилийн өмнөхтэй харьцуулахад нийгмийн бүтцийн өөрчлөлт, шилжилт ажиглагдаж байгаа ч 2013-2015 оны хооронд бага, дунд орлогтой өрхүүдийн өсөлт төдийлөн ажиглагдахгүй байгаа нь энэ жишээнээс харагдаж байна. Энэ судалгаагаар эдийн засгийн хүндрэлээс хамаарч нэг жил гаруйн хугацаанд 2 сая төгрөгөөс дээш орлогтой өрх 40 хувиар буурсан мэдээлэл гарсан байдаг. Энэ бол эдийн засгийн хямралт байдлаас болоод боломжийн амьдрал руу өнгийж ирсэн олон мянган хүн эргээд унасан, өөрөөр хэлбэл улс орны хэмжээнд өрхийн эдийн засаг түвшин буурсан хэрэг байлаа. 

Манай зарим судлаач, эрдэмтэд орлогын гол эх үүсвэр болсон цалингийн түвшинд гарч буй өөрчлөлтийг судлан дундаж давхаргын төлөвшлийг судлах оролдлогуудыг хийсэн байгаа. 

Цалин хөлснийхөө хэмжээгээр Монгол Улс дэлхийд нэлээд доогуурт ордог. Өөрөөр хэлбэл, монголчуудын хөдөлмөрийн үнэлэмж дэлхийн бусад улс орнуудаас 3.5 дахин бага гэсэн судалгаа бий. Олон улсын Хөдөлмөрийн Байгууллагаас гаргасан судалгаагаар дэлхийн улс орнууд дахь нэг сарын хөдөлмөрийн хөлс нь дунджаар 1480 доллар байхад манайх 415 доллар байдаг байна.

2016 онд судлаач Д.Цэндийн хийсэн судалгаанаас үзэхэд, улсын хэмжээнд 36.6 мянган аж ахуйн нэгжийн 550 мянган ажилчид нийгмийн даатгал төлжээ. Тэдгээрийн 25.7 мянга буюу 4.8 хувь нь 192 мянган төгрөг хүртэлх цалинтай, 54.6 мянга буюу 9.9 хувь нь 192-300 мянган төгрөгийн цалинтай, 100 мянга буюу 18.2 хувь нь 300-500 мянган төгрөгийн цалинтай, 211.4 мянга буюу 38.3 хувь нь 500-900 мянган төгрөгийн цалинтай, 84.9 мянга буюу 15.4 хувь нь 900 мянгаас нэг сая 300 мянган төгрөгийн цалинтай, 20 мянга буюу 3.6 хувь нь нэг сая 300 мянгаас нэг сая 500 мянган төгрөгийн төгрөгийн цалинтай, 54 мянга буюу 9.8 хувь нь нэг сая 500 мянган төгрөгөөс дээш цалинтай байгааг албаны хүмүүсээс тэрээр тодруулжээ.

Улмаар Улсын бүртгэл, статистикийн газраас гаргасан судалгаанаас харахад 192 мянган төгрөг хүртэлх цалинтай ажиллагчид 2016 оны өмнөх улирлынхаас 2.3 мянгаар, 192-300 мянган төгрөгийн цалинтай ажиллагчид 1.4 мянгаар, 700-900 мянган төгрөгийн цалинтай ажиллагчид 4.8 мянгаар, 900 мянгаас нэг сая 100 мянган төгрөгийн цалинтай ажиллагчид 9.3 мянгаар, нэг сая 100 мянгаас нэг сая 300 мянган төгрөгийн цалинтай ажиллагчид 2.6 мянгаар буурсан боловч, 300-500 мянган төгрөгийн цалинтай ажиллагчид 3.4 мянгаар, 500-700 мянган төгрөгийн цалинтай ажиллагчид 4.6 мянгаар, нэг сая 500 мянган төгрөгөөс дээш цалинтай ажиллагчид 2.9 мянгаар нэмэгдсэн байна.

Ингээд 192 мянга - 700 мянга хүртэлх цалинтай иргэдийн тоо буурч, эсрэгээрээ 700 мянгаас нэг сая 500 мянган төгрөгийн цалинтай иргэдийн тоо нэмэгдсэн нь Монголын эдийн засагт 2016 оны сүүлчээс ажиглагдсан эдийн засгийн сэргэлтийн шинжүүдийн нөлөө гэж үзэх үндэстэй юм. 

Нийт судалгаануудаас үзэж, дүгнэхэд манай хүн ам болон айл өрхийн 37-56 хувийг дундаж болон түүнээс дээш орлоготой гэж тодорхойлож байгаа нь ажиглагдаж байна. Энэ нь “дундчууд”-ыг тодорхойлох арга зүйн ялгаанаас хамаарч байгаас гадна нийгмийн тухайнбүлэг нь шинэ тутам төлөвшин буй давхарга учраас тэдний эзлэх хувийн жин савалгаатай тоо хэвээр байгаа нь давхар нотлогдож байна. 

Тэгэх тусмаа, хэнийг дундаж давхарга гэх вэ? гэсэн асуулт эдийн засагчид, статистикчид, нийгэм судлаачид зэрэг олон салбарынхныэрдэм, судалгааны хамтын ажиллагааг шаардсааар байна. 

Ер нь дундаж давхаргыг тодорхойлох нь хаана ч харилцан адилгүй. Нийтлэлч Баабар нэгэн нийтлэлдээ “гэр хороололд тоосгон байшин барьж амжсан хүмүүсийг дундаж давхарга” хэмээсэн байдаг. Заримдаа дундаж давхарга гэдэгт дээд боловсролын үнэмлэх, ажлын үнэмлэх, жолооны үнэмлэх үзүүлдэг хүмүүсийг ч хамааруулсан л байдаг. Уг нь үүнд нэгдсэн шалгуур ойлголт байх учиртай. 

Урд хөршид маань 10 сая юань буюу гурван тэрбум төгрөгөөс дээш хөрөнгөтэй хүмүүсийг дундаж давхаргад тооцдог юм байна. Өдгөө энэ давхарга Хятадын хүн амын 20 хувьд дөхөж байгаа бөгөөд 2020 он гэхэд 60 хувь давуулах том зорилтыг БНХАУ дэвшүүлээд байна. Эдний дундаж давхаргын нэг хүний өдрийн зарцуулах мөнгө 100 ам.доллар буюу манай мөнгөөр 250.000 орчим төгрөг байхад манайд өдөрт хоёр ам.доллар буюу 5000 орчим төгрөг болохоор байгаа нь “манай дундаж давхаргынхан өдрийн цайнаар өмнөө тавих таваг шөлний л мөнгөтэй өглөө гэрээсээ гардаг хүмүүс” гэсэн дүгнэлтийг хийхэд хүргэж байна гэж манайхан өөрсдийгөө бичиж байна.

Өнөөдөр Монголд эдийн засгийн суурь нь бага орлоготой иргэд болчихоод байгаа талаар Монгол Банкныхан ярьж байна. Монгол Улс төсвийн орлогынхоо бараг 90-ээд хувийг татварын орлогоос бүрдүүлж байгаа. Гэтэл татварын орлого дотор аж ахуйн нэгж, байгууллагын ашгийн болоод хүн амын орлогын татвар ердөө 17 хувийг эзэлдэг. Энэ нь дундаж давхарга маань хангалттай төлөвшиж чадаагүйг харуулж байгаа гол тоон үзүүлэлтийн нэг мөн.

Цаашлаад цалин орлогын хувьд дундаж давхаргад хамааруулж болох ч орон сууцтай болж чадахгүй яваа өрхүүд манайд олон байна. Хэн ч харсан ядуу гэхээргүй энэ хүмүүсийн эгнээг бэхжүүлж, гол нь урагш шат ахиулах нь Монголчууд бидний зорилго байх учиртай. 

Ер нь эдийн засаг, санхүүгийн утгаараа өмсөх, зүүх, идэж уух хэрэгцээгээ хангасан орлоготой, орон сууцтай, машинтай, зохих ёсны хуримтлалтай, материаллаг бус чанарын хувьд боловсролтой, найдвартай ажлын байртай, тогтсон амьдралтай хүмүүсийг дундаж давхаргад авч үзвэл зохино. 

Ийм хүмүүсийн тоог 2030 онд хүн амынхаа 80 хувьд хүргэх зорилтыг “Тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030”-даа бид дэвшүүлээд байгаа. Учир нь дундаж давхаргын хүмүүс нийгмээ чирч яваа Дэлхийн хөгжингүй орнуудын эдийн засгийн хандлагаас харахад ч чинээлэг, боловсролтой, дундаж давхарга улс орны гол суурь нь байж, нийгмийн гол хөдөлгөгч хүч нь болсоор байна.  


Доктор (Ph.D.), Онц Бөгөөд Бүрэн Эрхт Элчин Б.ЭНХМАНДАХ
2017 оны 10-р сарын 04
Улаанбаатар хот