Шин Сан Ок гээд Өмнөд Солонгосын нэлээд нэртэй кино продюсор байлаа. Салсан эхнэрийг нь 1978 онд хойд солонгосчууд хулгайлаад Пхеньянд аваачжээ. Сэжиг авсан Шин араас нь Хонконгт очтол өөрөө бас олзлогдоод тийш ачигдсан байна. Тэр үед Хойд Солонгосын залгамжлагчаар тодроод байсан Ким Чэн Ир киноны хорхойтой нэгэн. “Бүх урлагийн дотроос хамгийн чухал нь кино” гэсэн Лениний афоризмыг баримталдаг тэрээр Хойд Солонгосын кино урлагийг шинэ шатанд гаргахаар шийджээ. Гэтэл сайн найруулагч, мундаг продюсор олдохгүй учир мань хоёрыг хулгайлан олзолсон нь тэр.  Мань хүнийг таван жил шоронд суулгаад 1983 онд гэнэт тансаг хүлээн авалтанд авчирч гэнэ. Тэнд жүжигчин эхнэртэйгээ тааралдлаа. Ингээд Ким даргын зөвлөснөөр тэд дахин гэрэлсэн байна.

Эхнэр нөхөр хоёр Ким Чэн Ирийн захиалгаар гурван жилийн дотор 7 кино хийжээ. Японы Гожилла маягийн аварга мангасын тухай кино нь урлагийн утгаараа хамгийн сайн болсон нь. Бусад нь түүхийг гуйвуулсан үзэл суртлын кино. 1952 онд олзлогдсон америк цэрэг Хойд Солонгосын алдартай жүжигчин болсон юм. Тэрээр Шиний кинонуудад харгис америк офицерийн дүрийг ядмагхан гаргасан. Жүжигчний авъяас нь биш, царай нь хэрэг болсон бололтой. Шин эхнэрийнхээ хамт Ким даргын итгэлийг бүрэн авчээ. Өмнөд Солонгост байснаасаа илүү тансаг амьдрах болов. Ингээд 1986 онд олон улсын кино фестивальд орохоор Венн хотод ирэв. Мэдээж анхны бололцоогоор зугтаачихлаа. Хоёул АНУ-д дүрэвлээ. Учир нь эх орон нь тэдний олзлогдсон, хулгайлагдсан түүхд үнэмшдэггүй. Хийсэн киног нь хараад үнэн сэтгэлээсээ хандаж гэж үзсэн байна. Мөнөөх америк “жүжигчин” 2001 онд Мидлан Олбрайтын айлчлалын буянаар суллагдан нутагтаа ирсэн боловч хөөрхий хөгшнийг АНУ-ын төр эх орноосоо уравсанд тооцжээ. Эмгэнэлтэй хувь тавилан. 

Урлаг гэдэг бол аугаа зүйл. Урлаг гэдэг бол эрх чөлөө. Эрх чөлөөнөөс ангид үзэл сурталжсан урлаг ихэнхдээ урлаг болж чаддаггүй. Урлаг үзэл сурталтай байлгүй яахав, эрх баригчдын үзэл суртлын цагаан хоолой болохоор эрх чөлөө нь үгүй болно, эрх чөлөөгүй болохоор урлаг гэсэн утга нь алга болдог. Аугаа авъяас билэг байгаад ч тэр. Лени Рифэншталь бол кино урлагийн түүхэнд гарсан хамгийн сод билэгтний нэг. Нацист намын их хурал, Олимпын тоглолтын тухай хийсэн кино нь жинхэнэ шилээвэр. Эдгээр бүтээлд кино урлагийн түүхэн дахь олон цоо шинэ шийдэл бий. Гэхдээ дайны дараа Рифэншталь Гөббэльсийн хамт буруутсан юм. Германы ард түмнийг мунхруулж хүн төрлөхтний эсрэг гэмт хэрэг үйлдэхэд нь тухирсан гэж. Уг нь тэрээр Эйзенштейний хамт кино урлагийн түүхийн хамгийн сод одоор үлдэх байлаа. Эйзенштейн “Потёмкин”, “Октябрь” гэсэн үзэл суртлын кино хийсээн. Гэхдээ түүх гуйвуулаагүй. Троцкийтэй хэсгийг нь Сталин хассан юм. “Догшин Иван” хэмээх шилээвэр киног нь түүх гуйвуулсангүй гэж Сталин уурсан хааж байсан. III Ричард хаанд аугаа Шекспир шудрага бус хандсаныг нь II Элизабэт хатан хааны шахалт гэж зүгээр л өршөөж үздэг юм.

Манайд түүхийг урлагаар дамжуулж үзэшгүй муухайгаар мушгин гуйвуулсан намтар арай ч гэмээр дэндүү баян. Мэдэхээс ийм бузар хэрэгт оролцоогүй ганц хүн байдаг нь Намдаг гуай. Түүхийг үзэл суртлын зорилгоор мушгиагүй гэдэг утгаараа шүү дээ. Түүх рүү хальтарч ороогүй уран бүтээлчдэд хамаагүй л дээ. Саяхан “Долоон бурхан харавдаггүй” гэдэг кино тэртээ зуугаад жилийн өмнөх түүхийн сэдвийг хөнджээ. Сүүлийн гучаад жил манай кино урлаг түүхийн энэ үеийг дурсахаа болиод мартчихсан учир ингэж хөндсөн нь сайшаалтай. Олон жил гүтгүүлж гүжирдүүлж хорлон сүйтгэгч, алуурчин, эх орноосоо урвагч адгийн шаарын зэрэгт очин хэдэн үеэрээ зүхүүлсэн Данзан, Бодоо, Чагдаржав, Догсом, Лосол нарыг цагаатгасан нь бүр ч олзуурхууштай.

Гэтэл энэ кинонд “уран сайхны” аргаар шинэ хэлмэгдүүлэлт явагджээ. Элбэгдорж Ринчино гэх хувьсгалч Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдоржтой ижил нэртэй байсандаа олзлогдон түүхийн зугаа гаргаж. Нэг сайхан алуурчин. Тэгээд бас хулчгар. Бас тэнэг. Муугаа мэдэхгүй бөөн амбиц. Тагнуул, тавиул, хүний хувьд бол түүнээс адгийн амьтан хүний түүхээс эрээд олдошгүй. Зүв зүгээр байсан монгол хүмүүсийг буудаж алаад л явах юм. Ямар ч шалтгаангүй. Хүн алах хорхойтой юм уу, хаашаа юм? Санаа нь бол одоогийн Ерөнхийлөгч адилхан нэртэй болохоор бас л нэг ийм амьтан байгаа гэсэн “уран сайханч” санааг урнаар шургуулсан юм болов уу даа. Уг нь Доржийн Элбэг гэж нэртэй хүн юм шүү дээ. Оросууд буриад нарыг овогтой болгоход өвөг эцгийнхээ нэрээр Ринчинов гэх болж. Ингээд орос маягаар Элбэг Доржоевич Ринчинов гэсэн нь манайхаар бол Ринчин овогт Доржийн Элбэг.

Ринчино бол улс төрийн бодлоготон, хувьсгалын онолч хүн байсан болохоос ердийн нэг алуурчин дээрэмчин огт биш. 1921 оны түүхэн үйл явдлын хамгийн гол оролцогчийн нэг нь тэр байсан. Унгерн Монголд цөмрөн орж ирээгүй бол өнөөгийн тусгаар тогтносон Монгол улс буй болох нь эргэлзээтэй байх байв гэдэг. Мөн Ринчино байгаагүй бол энэ тусгаар тогтнол ч мөн эргэлзээтэй. Мэдээж түүхийг тэгсэн бол тэгэх байсан гэдэг утгаар тайлбарлаж болдоггүй. Ухаан нь Гитлер багадаа нас барчихсан бол дэлхийн дайн гарахгүй байлаа гэх мэтийн яриа нь илүүтэй утгагүй парадокс тал руугаа явна. Монголын тусгаар тогтнол нь сүлжилдсэн утгатай ба утгагүй олон үйл явдлын нийлбэр юм. Тэр л утгаараа Ринчино тэр сүлжээнд хамгийн гол үүргийн нэгийг гүйцэтгэсэн.

Кино уул нь энэ тухай өгүүлэх гээд байгаа юм шиг. МАХН (за яахав МАН) хэрхэн үүсэн буй болж тусгаар тогтнолоо олсон тухай юм уу даа. Тэгвэл түүх ярих гэж байгаа бол МАН хэмээх улс төрийн намыг байгуулсан хүн чинь Ринчино шүү дээ. 1920 оны зун байгуулагдсан МАН бол эх орончдын дугуйлан. Харин 1921 оны 3-р сарын 1-нд Троицкосавскт байгуулагдсан МАН бол хөтөлбөр программтай үзэл сурталтай жинхэнэ улс төрийн нам. Энэ болгоныг зохиож бичиж найруулж уншиж удирдсан хүн нь өөр хэн ч биш, чухам Ринчино юм. Энэ намыг байгуулах тэр хуралд Данзан, Чагдаржав, Чойбалсан, Сүхбаатар гэсэн дөрөв тавхан Гадаад Монголын харъяат суусан. Тэндээс дүрвэгчдийн Засгийн газар байгуулж, тэр Засгийн газар нь Монголд байгаа цагаан цэргийг очиж цохиж өгөөч гэж Зөвлөлт Оросоос гуйж, тэрийг нь Зөвлөлт засгийг төлөөлж Ринчино зөвшөөрсөн нэг иймэрхүү найруулгатай юм болсон.

Ринчино бол мөн Монголын төрийн зүтгэлтэн. Тэрээр 1921-1925 оны хооронд Монголын хувьсгалт цэргийн зөвлөлийн дарга байсан. Энэ нь Монголын төрийг шууд удирдсан гэсэн үг. Одоо ч Хойд Солонгос, Вьетнам, Хятад, Куба улсын жинхэнэ удирдагч нь Цэргийн зөвлөлийн дарга гэсэн албан тушаалтай. Богд нь хаан байсан ч төрийн тэргүүний үүргийг ёс төдий гүйцэтгэж байв. Бодоо Ерөнхий сайд байсан ч тэр үеийн тогтолцоогоор үзэхэд Засаг талаа хариуцсан хамгийн том түшмэл маягтай.

Ринчино бол хувьсгалын томоохон онолч байсан. Буурай оронд максист үзэл суртал бүхий коммунист дэглэм тогтоох хамгийн анхны практик туршилт хийсэн хүн бол Ринчино. Тиймээс ч хөрөнгөт бус хөгжлийн зам гэсэн онолыг боловсруулж түүндээ тулгуурлан Монголын анхны Үндсэн хуулийн эхийг барьж авсан. Намын эхний хэдэн их бага хурлын материалыг Ринчино л бэлддэг байлаа. Тэр өнцгөөс нь үзвэл тэрээр МАН (за яахав МАХН) – ын анхны удирдагч байсан.



Ринчино бол Монгол үндэсний үзэлтэн. Тэрээр Дагуурт болсон нармай Монголын их хурлын гол оролцогч төдийгүй онолын үндсийг нь тавигч байсан. Тус их хурлаас Гадаад явдлын яамны дэд сайдаар томилогдсон нь харц гаралтайн хувьд ихэс язгууртны дээр гарч чадаагүйг л харуулж буй болохоос гол удирдагч нь болж болох байлаа. Том сэхээтэн байсаан. Зүүн социалист хувьсгалын намын гишүүн асан тэрээр хожим большевик намд элссэн юм. Монгол туургатныг нийлүүлж нармай улс байгуулах хүсэл эрмэлзлэл нь сүүлдээ большевизмд хөтлөгдөн Гадаад Монголыг Зөвлөлт Оростой нийлүүлсэн ч болох юм гэсэн үзэл рүү хазайсан.

Зартай алан хядагч Яков Блюмкиний тухайд гэвэл тэрээр Ринчиног Москвад татагдан буцсаны хойтон жил Улаанбаатарт Дотоодын хамгаалах газрын сургагч зөвлөхөөр иржээ. Тэрээр энд хэдхэн сар болоод буцсан. Буруутгагдсан гол гэмт хэрэг нь Цэргийн яамны сургагч зөвлөх байсан манайхны Төмөрбаатар жанжин гээд байдаг Щетинкинийг алах ажиллагааг зохион байгуулжээ. Өөрөө эргэж очоод Троцкийн талынх гэж сэжиглэгдэн буудуулсан.

Түүхэн сэдэвт кино, жүжиг, зохиол нь болсон үйл явдалтайгаа яс таарч байх албагүй л дээ. Баримтат урлаг гээд өөр төрөл бий. Гэхдээ уран сайханжиж байгаа нь энэ гээд түүхийг нөгөө талаар нь хөлбөрүүлж гүтгэж гуйвуулж алж болохгүй л дээ. Ялангуяа түүхэн хүн, түүхэн үйл явдал. Германд нацизмын үеийн түүхэн гуйвуулгын киног хорьсон авч ардчилал боогдлоо гэж хэн ч үздэггүй. Зүүн Европын орнууд ч түүхэн гуйвуулгын кинонуудыг бүгдийг нь хорьсон. Хүүхэд залуучуудад буруу ойлголт өгнө, хүмүүжилд нь муугаар нөлөөлнө гэж тайлбарладаг юм билээ. Манайд ихэд алдаршиж байсан Ганс Колосын тухай “Аминаас чухал үйлс”, мөн Болгарын “Километр бүрд” зэрэг кино хаагдсан. Гашуун ч байсан түүх үнэнээрээ сайхан. Түүх бол гоёл чимэглэл биш. Түүх эргэдэггүй учраас засагдах бололцоогүй. Өнгөрсөн юм өнгөрснөөрөө л дуусна. Гэхдээ түүх нь хүн төрлөхтний сургамж авах хамгийн том хичээл. Тиймээс л түүхийг ихэд чухалчлан үздэг. Түүхийн үнэнийг!

Маркс, Ленин, Гитлер, Муссалини, Мао нар бол түүхэнд үлдсэн том онолчид. Том гэдэг нь сайн гэсэн үг биш. Тэр нь тусдаа асуудал. Эдний онолоос болж олон амь нас сүйдсэн. Гэхдээ эд ердийн алуурчин дээрэмчин биш. Уран сайханжиж байна гээд Маркс хүүхэд алаад л, Ленин хүн буудаад л, Гитлер айл шатаагаад л, Мао гардаж хүн дүүжлээд байвал ямархуу мангар харагдах вэ! Ринчино хувьсгалт аллагыг хөхиүлдэг байсан авч эрхбиш сэхээтэн хүн байна ямар ч шалтгаангүй хүн амьтан буудаад явдаггүй байсан байлгүй дээ. Аллагыг бол зохион байгуулж байсаан. Бодоо, Данзан нарыг цааш харуулсан ажиллагаа бол Ринчиногийнх. Гэхдээ Ринчино өөрөө буу барьж очоод Бодоог буудаагүй байлгүй дээ. Худлаа ярина ярина гэхэд баримжаа гэж бас байдаг юм шүү. Бодоог буудах болон буудсан хүмүүсийг нь хөхиүлэн шагнах тушаалд харин Сүхбаатар гарын үсгээ үлдээсэн байдаг юм билээ.

2012.4.30