Монголын хамгийн их алдаршсан дуунууд
Хамгийн алдартай дуу гэж бодсоноо бичлээ
Рок поп, нийтийн дууны ертөнцийн алдартай уран бүтээлчид, зүтгэлтнүүд ямар нэг дууг шилдэг нь, эсвэл алдартай нь гэж нэрлэхээсээ эрс цааргалдаг болохыг нэлээд хэдэн уулзалтын дараа мэдрэв. Тухайн уран бүтээлийн эзэнтэй аливаа асуудалтай байж болно. Эсвэл сайн найзынхаа бүтээлийг нэрлэхгүй гомдоочхож магад. Хуучны үеэс нэрлэхдээ “тэр ахын маань тэр дуу шилээвэр дээ” гэнэ. Гэтэл тэрийг нь асууж байгаа би сайн мэдэхгүй явдал таарч байв. Мөн нэгэн алдартай дуучин эгч, өөр нэгэн алдартай хамтлагийн 30 жилийн настай дууг нь “мэдэхгүй, сонсоогүй” гэж хариулж байлаа.
Нөгөө талаар би мэргэжилтнүүдтэй уулзахдаа “энэ шүлгийн, аялгууны, эсвэл хөгжмийн найруулгын ийм байдал нь энэ дууг алдаршихад нөлөөлсөн юм” гэх маягийн тайлбар хүлээж байсан. Гэтэл дуу, хөгжим алдаршихыг зөвхөн сонсогчийн “чих” л шийддэг байна. Нэгэн бүтээл гаргаад нэлээд найдлага тавьж байтал огт “ерөөсөө яваагүй” мартагдсан. Гэтэл тоомжиргүйхэн зохиосон аялгуу, хөгжим нь гэнэт их алдаршсан түүхүүд хөгжмийнхний дунд олон ажээ.
-Никитоны “Янаг цэцэг” яагаад алдаршсан юм бол? Хөгжмийн талаас нь тайлбарлах боломжтой юу?
-За одоо мэдэхгүй, хүмүүст их таалагдаад л алдаршсан байх...
Энэ бол мэргэжилтнүүдтэй уулзаад болдог ярианы нэг хэсэг. Хамгийн алдартай дууг тэднээс асуух гэсэн оролдлого маань анхнаасаа шал буруу бодол байсан болж таарав. Тиймээсл дундаж сонсогч, энгийн сонирхогч, караокед орж солгой орилох дуртай, пянз мянз цуглуулах хоббитой надархуу хүн энэ нийтлэлийг бичих ёстой юм байна гэж бодонгуутаа компьютерээ асаасан юм. Та ч бас өөрийн хувилбарыг дэвшүүлэн бичээрэй.
Алдартай гэдгийг
- Эхлээд “Аяыг таа” нэвтрүүлэг шиг эхний 3-10 нотоор тааж чадах болов уу гэсэн байдлаар,
- Газар зүйн байршлаар буюу Монгол орны хаана ч энэ дууг мэдэж магадгүй гэсэн байдлаар,
- Цаг хугацааг гатлан оршсон буюу бүх насныхан мэддэг гэсэн байдлаар тус, тус “шалгарууллаа”. Нэг хамтлаг, дуучны хамгийн алдартай зөвхөн нэг бүтээл нэрлэе гэсэн ч үнэхээр боломжгүй уран бүтээлчид байдаг юм байна. Тийм тохиолдолд “ядаж” хоёрыг нэрлэсэн.
Монголын хамгийн алдартай дуунууд
Энд мэдээж “Монгол Улсын Төрийн дуулал” ямар ч өрсөлдөгчгүй орно. Танихын тулд хамгийн эхний цаннн... гэсэн эгшиг л хангалттай. Эх орондоо байхад үргэлж сонсогддог, сонингүй санагддаг ч хилийн чанадад сонсоход өөрийн эрхгүй босож зогсмоор оргидог гэж олон хүн ярьдаг. Мөн хамгийн эгшиглэнтэй, огшим сонсголонтой үе бол спортын уралдаан тэмцээн. Алтан медаль аваад, гараа зүрхэндээ наагаад, нүд дүүрэн нулимстай далбаагаа харан, төрийн дууллаа даган дуулж байгаа тамирчин хүүгээ, охиноо төсөөлье. Төрийн дууллын үгийн Ц.Дамдинсүрэн, аяыг Б.Дамдинсүрэн, Л.Мөрдорж нар бичжээ.
Манай улсын хамгийн алдартай, хүн бүр мэдэх дууны удаах байранд “Маамуу нааш ир”-ийг нэрлэлээ. Хэрэв та хүүхэд байсан л бол энэ дууг заавал мэдэх учиртай гэсэн хошигнолоос өөр олон үг нурших хэрэггүй. Үгийг Ч.Лхамсүрэн, аяыг Л.Лувсаншарав бичжээ. Лувсаншарав гуай нэгэнтээ “энэ Маамуу нааш ир дууны ая нь нэг бөмбөгийг шатны уруу зөөлөн унагаад байгаа юм шиг эхлээд буцаагаад өгсүүлээд явдаг...” хэмээн хуучилж байв.
Үүнээс цаашаа “баараггүй орно” гэсэн үг тохирохгүй. Дуу бүр дээр, ядаж л дугаарлалт дээр санал нийлэхгүй нь тодорхой. Тухайлбал “Ургацын далай” дуу маш алдартай. Гэхдээ багцаалбал 1995 оноос хойш төрсөн залуус тэр болгон даган аялж чадах болов уу? Мөн Vandebo хамтлагийн “Унана” дуу мөн л нэлээд алдартай ч 1970 оноос урагш төрсөн хүмүүсийн чихний хажуугаар өнгөрсөн байх магадлал өндөр.
Өнөө үед амьдарч байгаа, уран бүтээл сонирхон сонсож, үзэж байгаа насыг 15-75 гэж үзвэл 1950- 2009 онд төрсөн хүмүүсийг хамруулж болно. Тэгвэл өнөөдрийн 70 настнууд 1965 онд 15 настай байжээ. Тиймээс багцаагаар 1965-2024 оны хоорондох бүтээлүүдээс шүүж болох боломж харагдана. Эндээс бүх насныхан мэднэ гэж үзсэн алдартай уран бүтээлүүдийг нэрлэе. Доош цувуулж бичсэн нь эвтэйхэн харагдах байх.
Соёл-Эрдэнэ хамтлагийн “Цэнхэр залаа” аялгуу, “Сэтгэлийн жигүүр” дуу.
Инээмсэглэл хамтлагийн “Улаанбаатарын үдэш”, “Алтан хавчаар”.
Бадрууганы “Улаанбаатарын агаар”, “Гэрлэж амжаагүй явна”.
Төмөрийн “Аяны шувууд”, “Нарт тэнгэрийн доор”.
Хонх хамтлагийн “Хонхны дуу”, “Аршаантын 18”,
Харанга хамтлагийн “Толин хул”, “Шүүдэр цэцэг”.
Хурд хамтлагийн “Цэргийн бодол”, “Аавдаа би хайртай.
Цогоогийн “Жирийн монгол охин”.
Камертон хамтлагийн “18 нас”, “Амин нутаг”.
Чингис хаан хамтлагийн “Чингис хаан”, “Нүдэн охин”.
Харш хамтлагийн “Хорвоод амьдрах жаргалтай”.
Айзам хамтлагийн “Дурсамж”, “Итгэл”.
Никитон хамтлагийн “Янаг цэцэг”, “Хос хунгийн дууль”.
Хар тасын “Бүрхэг тэнгэр”.
Хар сарнайн “Шөнийн охин”, “Бүтээнэ сөнөөнө”
Номин талстын “Дурлаж бичсэн шүлэг”, “Намрын хонгор салхи”.
Сүнс хамтлагийн “Чи хуурамч”.
Гайс 666 хамтлагийн“Эмзэгхэн хайр”.
Люмино хамтлагийн “Намайг дагаад цэнгэ”.
Татар хамтлагийн “Бороо”.
Нисванис хатмлагийн “Улаан хэрүүлч”.
Сарантуяагийн “Шинэ жилийн шөнө”. “Мартая”.
Ариунаагийн “Чи минь” зэрэг.
Зохиолын гэж нэрлэдэг дуунаас маш их алдаршсан олон дуу бий. Д.Банзрагчийн “Алтан шар зам, Д.Самбуугийн “Үйлсийн сайхан Улаанбаатар”, Ц.Өлзий-Оршихын “Үүлэн цэнхэр хангай”, Г.Түмэндэмбэрэлийн “Туулын урсгал шөнөдөө сайхан”, жүжигчин Б.Дамчаагийн “Дайсны цэргүүд ээ сонсоцгоо” киноны дуу гэх мэт.
Дуу хөгжмийн салбар нь зохиолын ба эстрад гэж үндсэндээ хоёр төрөлд хуваагдана. Зохиолын гэдэг хэсэгт дурдсан дээрх дуунууд нь ХХ зууны дунд үеэс хойш дуулагдаж, алдаршсан хүн бүхний дуртай дуу. Энэ төрлөөр өдгөөч сайн бүтээлүүд төрсөн гарсаар авч сүүлийн хэдэн арванд бүтээгдсэн дуунуудыг “сонсох дургүй” гэх хүмүүс бий болов. Энэ нь “зохиолын дуу” ба дуучид нь өдөр бүр шинээр төрж, хоорондоо төдийлөн ялгарахгүй дуунууд ихэссэнтэй холбоотой. Нөгөө талаар хөдөө, хотын ялгаа, амьдралын хэвшилд суурилсан дуршил байж болох талтай.
Зохиолын дууны дотор цаг хугацаа, орон зайг эзлэн алдаршсан зохиолын дуунууд бий. Үүнд, Д.Намсрайноровын“Дурлан дурлан хайрламаар”, Ч.Бат-Эрдэнийн “Хонхны нулимс”, Э.Төрмандахын “Аархал” С.Жавхлангийн “Зүүдэнд уяатай аав”,”Сартай шөнийн дуу”, Т.Баясгалангийн “Зөвхөн чамдаа”, “Мөнхийн дэргэд ээж минь”, Л.Болдбаатарын “Хилийн заставын хар нүдэн бүсгүй”, Г.Эрдэнэбатын “Тэмээн сүргийн говь”, Ц.Түвшинтөгсийн “Бурхан бумбын орон” гэх зэрэг бүтээлүүдийг итгэлтэйеэ нэрлэж болно.
Нөгөө талаар сайн уран бүтээлийг хойч үе нь дахин давтаж дуулан түгээдэг явдал маш элбэг. Тэр болгонд тухайн цаг хугацааг туулан алдаршин мандаж байна. Нөгөө талаар тэгж л алдаршин мандахуйц шилдэг бүтээлүүд аж. Ийм дуунуудаас нэрлэвэл, “Ургацын далай”, “Аяны шувууд”, “Сэтгэлийн жигүүр”, “Буурал аав”, “Аавдаа”, “Манай гаригийн залуус” гэх мэт. Тэгвэл дахин дуулагдах хүртлээ төдийлөн олон хүн мэддэггүй байсан дуунууд бий. Эдгээрийн дотор Камертоны хожим дуулсан “Амин нутаг”, Dj Naab-ын уран бүтээл болгосон “Монгол-Миний эх орон” зэрэг дуунуудыг нэрлэж болж байна. Үүний тоонд Харангын Лхагваагийн олон жилийн өмнө зохиосон боловч Freezone хамтлагаар илүү олонд хүрсэн “Цасан хаялга” дуу бас багтах байх. Нэрийг нь, тэр байтугай дуучныг ч оноож мэдэхгүй хэр нь сонсох төдийд дагаж аялдаг дуу гэж бий. Тэрийг аялж болохгүй учраас ингээд л үлдээе. Бүр сүүлийн үеийн залуусын дуу, тэдний дуулдаг урсгалын тухай маний үеийнхэн бичих юм хомс байгаа нь хаашдаа цаг хугацаа, насаар түгэн тархаагүй гэсэн үг тул энэ хүргээд дуусгачихлаа.
Munguu
Баяр
DR. ADITY
Билгээ80